Tuesday, March 10, 2026

Нэргүй тууж-4

Хувцасны шүүгээнээс хам хум угласан ээжийн гэрийн халаат Гэрэлмаагийн инээдийг хүргэсэн аж. Шүрээ эгч ч бас инээсэн нь үүнээс болсон хэрэг. Би галын өрөө рүүгээ зангаад хувцсаа солихоор нөгөө өрөөндөө орлоо. Гэрийнхээ хувцсыг сольж өмсөөд дуу хураагчаа барин орвол тэр миний сандал дээр суугаад, өөртөө цай аягалан ууж байв. - Энэ нь дээр байна гэснээ хайрцагтай кассетаа надад өгөхөд би тоглууллаа. Орос пянзнаас хуулсан улиг болсон итали дуунууд явна гэж бодож байтал нэрийг нь үл мэдэх хөгжим дуугарах нь тэр. Би: - Чи ийм сонин хөгжим сонсдог юм уу? гэвэл намайг дээрээс доош гүйлгэн харснаа: - Чиний сонсдог хэдхэн нотоо давтдаг дуунуудаас өөр л дөө. Анхааралтай сонсвол чи анзаарна гээд миний хөгжмийг авч хэсэг гүйлгээд тоглуулснаа: - Энэ байна гээд мөрнөөсөө дүүжилсэн даавуун цүнхнээсээ хатуу хавтастай ном гарган дэлгээд: - Бал байвал өгөөч гэв. Би анх удаа ийм дураараа охинтой таарч байгаа минь энэ. Сургууль тарснаас хойш барааг нь хараагүй цүнхээ ханын шүүгээнээс олж, балаа гарган өглөө. Гэрэлмаа нөгөө номныхоо завсраас хуудас цаас гарган хэдэн үг бичсэнээ номоо хаагаад цүнхлэв. Хавтсан дээрх "Сто лет одиночества" гэсэн нэрийг би хараад хоцорлоо. Гэрэлмаа: - Өчигдөр ангийнхаа хүүхдээс авсан юм. Уншчихаад ярьж өгнөө. Тэр хооронд кассетны нэг тал тоглож дуусав. Би: - Нөгөө талыг нь сонсох уу? гэв. Гэрэлмаа: - Би хайж байсан хөгжмөө олсон, хэрэггүй гээд бослоо. - Орж номоо уншлаа юу? - Тэгэхээс... чи их уйтгартай хүүхэд байна гэв. Хөөрхөн охины дэргэд хөвгүүд хөөрч сагсуурдаг бол би, биеэ бариад хөдөлж чадахгүй болчихдог гэмтэй. Миний энэ гажиг занг мэдэхгүй болохоор намайг уйтгартай хүүхэд гэсэн байх. Уйтгартай хүүхэд гэдэг үгэнд эгдүү хөдөлсөнгүй. Түүнээс үгээр илэрхийлэх аргагүй таатай үнэр үе үе хамар шүргэнэ. Гэрэлмаа хаалган дээр очоод гэнэт эргэн: - Танай дээд даврхын эгчийн хүүхэд их сонин. Чи ярьж үзсэн үү гэлээ. - Үгүй. Тэр яадаг гэж? - Манайхыг ирээд удаагүй байхад гадаа таараад чихэр өгсөн чинь "Танай монголд талх таван мянга болно. Өөрөө ид" гэчихээд яваад өгсөн гэснээ гарч одов. Үнэхээр дөчин жилийн дараа талхны үнэ бараг таван мянган төгрөг хүрээд байгаа билээ... харин яагаад "танай монголд" гэсэн юм бол? Үргэлжлэл бий.

Sunday, March 8, 2026

Нэргүй тууж -3

Гэрэлмаа гэж надтай чацуу, орос сургуулийн онц сурлагатан. Надаас өндөр, зэгзгэр охиныг таван жилийн өмнө таньдаг байсан бол цүнхийг нь шүүрч, гэзэгнээс нь зулгаан шоглох байсан даа. Харин одоо... Гэтэл тэр эхэлж яриа өдлөө. Нийлдэг хэдийн маань аав ээж нэг үйлдвэрт ажилладаг. Тэр үйлдвэр нь ажилчдынхаа хүүхдүүдийг амраадаг зусланд нөгөөдүүл маань явж, би хотод ганцаараа үлдээд байлаа. Уг нь намайг хамт явья гэсэн л дээ. Уржнан өөр хүүхдийн нэрээр очтол багш нар нь бүдүүлэг, байр нь тух муутай хамгийн гол нь ариун цэвэр гэж авах юмгүй байсан болохоор дургүй хүрээд яваагүй юм. Ганцаараа үлдсэн би ном уншин, хөгжим сонсож өдрийг өнгөрүүлнэ. Хааяа цонхон дээрээ гиюүрч сууна. Нэг өдөр жижиг өрөөнийхөө цонхыг цэлийтэл дэлгээд, хуучин кассетнуудаа орилуулж байтал Гэрэлмаа цонхон доор ирж зогссоноо: - Хүүе жаалаа, хөгжмөө аваад гараад ир гэв. Иргэний паспортоо авч эр хүн болохоор яваа надад энэ үг эгдүү хүргэж орхив. Мөрөө давсан долгионтой үс, хэрэмнийх шиг хар нүдтэй энхрий охины төрхөнд балмагдсандаа: - Би гадаа гарахгүй гэчихлээ. - Тэгвэл би танайд орлоо гэснээ манай орц руу гүйх нь тэрээ. Гэртээ өмсдөг шарваар, ааваас шилжин ирсэн хуучин цамцаа санаад шүүгээгээ нээн гартаа таарсан хувцсаа хам хум солтол хаалга тогшлоо. Арайхийн өмссөн болоод хаалгаа нээтэл хүүхдээ хөтөлсөн Шүрээ эгч учир битүүлэг инээмсэглээд: - Чи гарахгүй биз дээ? Бид хоёр манай найзынд очоод удахгүй ирнэ, түлхүүрээ танайд орхие гэж дуржигнуулаад шууд эргэлээ. Би араас нь гарч доошоо шагайвал хэн ч харагдсангүй. Шүрээ эгчийн удахгүй гэдэг нь орой болтол ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр би тэднийхнийг иртэл гэртээ хадагдах нь ойлгомжтой. Би буцан орж хаалгаа түгжив. Цонх руу эргэн харвал нөгөө охины бараа алга. Гэтэл хаалга хулчгардуухан тогшлоо. Нээн харвал хүрмээ даашинзаар сольж, гадаад бичигтэй даавуун цүнх үүрсэн дэгжин охин намайг хараад тачигнатал хөхөрч гарлаа. Үргэлжлэл бий

Нэргүй тууж -2

Сүүлийн шалгалтаа өгсний маргааш, байрныхаа гадаа зогсож байтал хүүгээ салхилуулж явсан Бурмаа эгчтэй таарлаа. Тэр хүүгээ надад орхиод, талх аваад ирье гэхэд нь би гайхалтай дөрвийн нэгтэй танилцах болсондоо олзуурхан "хүү чинь л уйлахгүй бол тэг тэг" гэв. Хүү ээжийгээ дагаж уйлсангүй, орцны үүдний вандан сандал захлан суугаад над руу харан бяцхан гараараа хажуудаа цохиход дэргэд нь очиж суулаа. Хүү: - Бужуулайгийх энэ байрнаасаа нүүхгүй бол том болоод их мундаг хүн болох байсан юм гээд санаа алдав. Би хэнийг хэлснийг таамаглан: - Бужуулай чинь хэн билээ гэвэл Гуравдугаар орц руу булцгар хуруугаараа зааснаа: - Найз гэчихээд дуугүй боллоо. - Нүүнэ гэдгээ чамд хэлсэн юм уу гэж асуутал: - Хэлээгүй, гэхдээ би мэдэж байна гэв. Хүүгийн яриа сонирхолтой санагдсан болохоор би: - Найз чинь том болоод мундаг хүн болохоо мэддэг үү гэлээ. - Мэднэ, даанч аав ээж нь мэддэггүй гэснээ ээжийнхээ явсан зүг рүү харлаа. Бурмаа эгч харагдсангүй. Дэлгүүр арай хүрээгүй байх. - Ээж наашаа яараад хариултаа авахаа мартана, харж л байгаарай гэлээ. Би юм хэлэлгүй хүүг дагуулан ээжийх нь явсан зүг рүү алхлаа. Дэлгүүр хүртлээ Бурмаа эгчтэй тааралгүй явсаар ойртвол Бурмаа эгч дэлгүүрээс яаран гарснаа эргээд орчихов. Хүү рүү харвал тоосон шинжгүй газар ширтэнэ. Би сониучирхан: - Чи юу харав? - Шоргоолж... хоолоо зөөж байгаа шоргоолж гэв. Бурмаа эгч дэлгүүрээс гараад биднийг хараад ирлээ. - Яарсандаа хариулт мөнгөө мартах шахлаа гэснээ хүүгээ тэврэн өргөх гэтэл миний бяцхан найз: - Ээж та түрүүлээд яв, бид хоёр араас чинь очно гээд миний хуруунаас барив. Бурмаа эгч над руу асуусан шинжтэй харснаа: - Та хоёр битгий удаарай гэчихээд урд гаран одлоо. Би хүүг хөтлөн гэрийн араас нь аяархан явлаа. Хүү байрныхаа барааг харснаа: - Манай байрнаас нүүсэн айлуудын хүмүүсийн тавилан өөрчлөгдөнө гэх нь тэрээ. Манайхыг зусланд гарсан хойно Насан ахынх нүүж, оронд нь Гэрэлмаагийх ирсэн байлаа. Үргэлжлэл бий.

Нэргүй тууж-1

Манайх гурван давхар, давхар бүртээ гурван айлтай, гурван орцтой байранд аж төрдөг. Гурван орцонд миний үеийн хүүхэд байдаггүй, дүү ч байхгүй. Харин надаас арав орчим насаар эгч охид манайхаас бусад давхарт амьдардаг. Доод давхрын Бурмаа, дээд давхрын Шүрээ хоёр намайг хань татан булаацалддаг. Байрны эгч нар нас биед хүрсэн ч хараахан нөхөрт гараагүй. Нөхөрт гараагүй гэхээр хачин царай муутай биш, тус бүртээ өөрийн гоо үзэсгэлэнтэй. Намайг хоёрдугаар ангид байхад манай орцоор танихгүй ах нар эргэлддэг боллоо. Харин гуравдугаар ангид ордог жил зуслангаас иртэл эгч нар жирэмсэлцгээжээ. Бурмаа гэдсээ түмбийлгэн гайхуулдаг бол Шүрээ нь хүмүүсээс ичээд шөнө гарч агаар амьсгалдаг болов. Хоёрдугаар орцны Дамиа гуайн Байгаль эгчийг том даргын хүү эргүүлдэг гэлцэнэ. Улаан номертой машинтай ирээд Байгаль эгчийг суулгаад явахтай нь би нэг таарсан юм. Дамиа өвөө залуудаа том дарга байсан болохоор ганц охин нь ч бас даргын хүүтэй суух байх. Гуравдугаар орцны нэрийг нь мэдэхгүй эгч дээр ирдэг хүнийг би хараагүй. Тэр эгчийн ээж их чанга дуутай. Зүгээр ярих, уурлаад загнах хоёр нь ялгахын аргагүй. Ээжийгээ чанга ярьсны дараа тэр эгчийг газар шагайгаад явж байхыг би хэдэн удаа харсан. Бурмаа үе үе огьж харагдана. Жирэмсний хордлого гэхийг нь би сонсоод гайхаж билээ. Гэнэт надаас 10 насаар дүү дөрвөн хүүхэд дараа жилийн зун төрлөө. Тэд цөмөөрөө хөвгүүд байсан нь гайхмаар. Ээж нар нь хүүхдүүдээ салхилуулж байхад өлгий рүү харах тоолонд унтаж таарна. Хөвгүүд хөлд орсноос хойш ээж аав, эмээ өвөө нь хөтлөөд явдаг болов. Намайг зургаадугаар ангиа төгсдөг хавар тэд нүд эрээлжилтэл гүйлдэж эхэллээ. Яг энэ үед би тэдний нүднээс том болоод юу ч хийхээс буцахгүй "гарууд" манай байранд төржээ гэж бодлоо. Тэд их өвөрмөц... Хүүхдүүдээ уйлдаггүйд ээж, эмээ нар нь санаа зовдог тухайгаа манай ээжид ярихыг би сонссон. Миний ээж нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн эмч болохоор багачуудаа үзүүлэх гэсэн хүмүүс манайхаас тасрахгүй. Дөрвөн хүү гүйж эхэлсэн тэр хавар орцны хана, давхрууд цонхноос өнгө өнгийн гэрэл цацардаг боллоо. Тэдний нүдэнд жирийн хүүхдийн гэгээ бус, үл мэдэгдэх оч гялалзана. Орцны шатаар нэг нь гүйхэд гялалзсан мөр үлдээд тоос болон замхарна. Бурмаагаас төрсөн хүүхэд шөнө бүр ододтой ярилцдаг, Шүрээгийнх салхиар тоглодог. Хоёрдугаар орцны Дамиа гуайн ач хүүг усанд хүрэхэд дусал нь хөгжим болж эгшиглэнэ. Гуравдугаар орцны Насан ахын хүү шувуудтай ярина. Насан ах гэж гуравдугаар орцны чанга эгчийн хүргэн. Хажуугийн байранд байдаг юм. Цэрэгт татагдаж Зүүнбаянд гурван жил болоод халагдаж ирснийх нь дараа нөгөө эгчээс төрсөн хүүхдийн аав нь гэдгийг бид мэдсэн. Ээж, аав, эмээ, өвөө нар нь багачуудаа унаж гэмтэх вий гэсэндээ араас нь шогшихийг харууштай. Үнэн хэрэгтээ багачууд нөгөөдүүлээ урт наслахыг билэгдэн араасаа гүйлгэж байгааг хэн ч үл мэднэ. Эгч нар хөвгүүдээ салхилуулахад манай байрыг тойрон оддын тоос дэгдэж, тэнгэрийн хаалга нээгддэг. Хүүхдүүд өөрсдөө мэдэхгүй, өвөө эмээ, аав ээж нар ч анзаарахгүй. Харин би л ганцаараа мэддэг. Удалгүй хоёрдугаар орцны Дамиа өвөөгийн зээ хүү дүүтэй боллоо. Тэр хүүхэд ахынхаа "албин" шинжийн үргэлжлэл гэдгийг түргэний тэрэг төрөх рүү хөдлөхөд би мэдлээ. Үргэлжлэл бий.

Thursday, August 1, 2024

би бичихгүй байж чадахгүй

Архинаас гараад яг 2 жил болдогийн даваан дээр атаархсан амьтсын хэл амны бай болдог юм байжээ. ямар нэгэн өө, нээнтэг олдохгүй тохиолдолд бузрын бузар бөгсний асуудалтай холбодог нь угаасаа жам. хэрэв би төрд ажилладаг байсан бол намайг ЖДҮ, БЗС за тэгээд боломжтой бүхнээс мөнгө идсэн гэж гүтгэх нь тодорхой. тиймээс би сул дорой байж болохгүй, хийгээгүй хэргийнхээ төлөө сл дорой байх нь ч зохисгүй. энэ үед явах нэг нь явна биз, үлдэх нь нэг ч үлдэг. юу ч болсон энэ хэл ам дарагдана, тэр үед би хэргийг сэргээнэ, асуудлыг шийднэ. түүндээ ч ялна.