Saturday, March 14, 2026
Нэргүй тууж -6
Аравдугаар ангид ордог жил байрны хөвгүүдээс Бурмаа эгчийн хүү, Дамиа гуайн ач хоёр сургуульд орлоо. Бурмаагийн хүүг Бухандай, Дамиа гуайн зээг Данхар гэе. Жинхэнэ нэр нь өөр, би л ингэж өөртөө нэрлэдэг юм. Бид хичээлдээ хамт явдаг. Тэд түрүүлж тараад манай ангид ороод ирдэг. Нүүрэмгий гэж жигтэйхэн. Өнгөрсөн жилийн өмхий үнэр арилсан ч надтай суух хүүхэдгүй болсон болохоор тэд дэргэд сууцгаана.
Данхар аравдугаар ангийн хичээлийг анхааралтай сонсдог бол Бухандай энэ хооронд гэрийн даалгавараа хийнэ. Заримдаа цонх руу нүд цавчилгүй ширтэнэ.
Бидний хооронд болдогтой төстэй яриаг би үеийхэнтэйгээ ярьж байгаагүй.
Нэг удаа Бухандай:
- Дээр асар хүчтэй нэг "ЮМ" байдаг. Нэрийг би мэдэхгүй, гэхдээ хүмүүс тэр хүчтэй "ЮМ"-ны үгийг дамжуулсан хүнийг өөр өөрийнхөө хэлээр "БУРХАН" гэдэг гэлээ. Данхар энэ тухай өмнө нь сонссон бололтой хариу хэлсэнгүй. Бухандай:
- Тэр хүчтэй "ЮМ"-ыг ядрахаар муу хүмүүсийн чадал сэргэн дайн дажин, өвчин тахал гардаг. Би:
- Муу хүмүүсийг устгаж болохгүй юу?
- Тэднийг устгавал уйтгартай болно. Миний яриад байгаа хүчтэй "ЮМ", муу хүмүүсийн хүчийг сулруулах гэж... Данхар яриаг нь таслан:
- Аав намайг анги алгасуулна гэсэн чинь ээж том хүүхдүүд дээрэлхэнэ гээд байгаа. Та анги алгасаж дэвшсэн хүүхэд таних уу? гэхэд Бухандай
- Чи байж бай л даа, би ярьж байна шүү дээ. Тэгээд муу хүмүүсийн хүчийг сулруулах гэж өөрийнхөө цэргүүдийг ирүүлдэг. Тэрнийг нь хүмүүс харь гаригийн хөлөг гээд байдаг юм. Хүчтэй "ЮМ"-анд хүмүүс, гол ус, байгаль дэлхий сонин биш гээд дуугаа хураалаа.
Өөрөөсөө олон дүү хөвгүүдээс тэнгэр, газар шиг тэс өөр яриа сонсох сонирхолтой. Хүний ертөнцөөс ангид, итгэх эсэх нь сонсож байгаа хүнээс шалтгаалах яриагаа Бухандай өчүүхэн ч сэтгэл хөдлөлгүй хүүрнэдэг. Тэр нь улам үнэмшилтэй болгоно.
Данхар миний гараас чангаан:
- Та тэгээд таних уу? Би:
- Ах нь анги улирсан хүүхэд л танихаас дэвшсэн хүүхэд танихгүй. Данхар:
- Би ч гэсэн танихгүй. Улирсан хүүхэд л мэднэ. Бухандай:
- Надтай нэг ангид сурдаг байж улирсан хүүхэд танина гэнээ гээд хөхөрлөө. Данхар:
- Хоёрдугаар орцны Гэрэлмаа эгч энэ жил дахиад есдүгээр ангидаа сурч байгаа гэлээ. Бухандай гайхан:
- Яагаад? Данхар:
- Ес, аравдугаар ангидаа онц сураад, гадаадын сургуульд хуваарь авах юм гэсэн. Бухандай гэнэт:
- Та том болоод Гэрэлмаа эгчтэй суугаач, гоё шүү дээ гэх нь тэрээ. Данхар:
- Би том болоод Гэрэлмаа эгчтэй сууна гээд тохиролцсон гэж нухацтай нь аргагүй хэллээ. Бухандай:
- Ээ чи юу даа? Гэрэлмаа эгч чамайг тоохгүй гэснээ тачигнатал хөхрөв. Түүний инээд Данхарын дургүйг хүргэв. Мань эр нүүрээ улайлган:
- Тоодог болоод намайг том болохоор сууна гэсэн юм, за юу!
- Чамаар тоглож байгаа байхгүй...
- Үгүй тоглоогүй...
Ийнхүү тэдний дуу өндөрсөөд юу юугүй барилцаад авах шинжтэй болохоор нь би дундуур нь орж:
- Гэрэлмаатай суувал юу нь гоё юм бэ гэж асуувал, Данхар:
- Мэдлэгийн төлөө сэтгэлтэй. Би:
- Чи яаж мэдэж байгаа юм бэ?
- Тийм болохоороо есдүгээр ангидаа дахиад сурч байхгүй юу?
- Мэдлэгтэй хүн чамд таалагддаг байх нь, тийм үү? Данхар:
- Тиймээ...
Данхар бид хоёрын яриаг огт тоохгүй явсан Бухандай гарынхаа алгыг харснаа гэнэт:
- Энэ харагдаж байгаа нэг цэгийг сая хуваасны нэг нь манай дэлхий гэвэл ертөнцийн хэмжээ, цаг хугацаатай харьцуулахад бид байхгүйтэй адил. Огт байхгүй дотор өөрсдийгөө байна гэж байгаатай ялгаагүй. Бидний нас бол дэлхийн насаар хэмжигдэнэ. Тэр нь хязгааргүй огторгуйд хугацаа биш... гэснээ уйлж орхилоо.
Сургуулиас гэр хүртэлх гурван минут иймэрхүү өнгөрдөг байлаа.
Үргэлжлэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment