Sunday, March 8, 2026

Нэргүй тууж -3

Гэрэлмаа гэж надтай чацуу, орос сургуулийн онц сурлагатан. Надаас өндөр, зэгзгэр охиныг таван жилийн өмнө таньдаг байсан бол цүнхийг нь шүүрч, гэзэгнээс нь зулгаан шоглох байсан даа. Харин одоо... Гэтэл тэр эхэлж яриа өдлөө. Нийлдэг хэдийн маань аав ээж нэг үйлдвэрт ажилладаг. Тэр үйлдвэр нь ажилчдынхаа хүүхдүүдийг амраадаг зусланд нөгөөдүүл маань явж, би хотод ганцаараа үлдээд байлаа. Уг нь намайг хамт явья гэсэн л дээ. Уржнан өөр хүүхдийн нэрээр очтол багш нар нь бүдүүлэг, байр нь тух муутай хамгийн гол нь ариун цэвэр гэж авах юмгүй байсан болохоор дургүй хүрээд яваагүй юм. Ганцаараа үлдсэн би ном уншин, хөгжим сонсож өдрийг өнгөрүүлнэ. Хааяа цонхон дээрээ гиюүрч сууна. Нэг өдөр жижиг өрөөнийхөө цонхыг цэлийтэл дэлгээд, хуучин кассетнуудаа орилуулж байтал Гэрэлмаа цонхон доор ирж зогссоноо: - Хүүе жаалаа, хөгжмөө аваад гараад ир гэв. Иргэний паспортоо авч эр хүн болохоор яваа надад энэ үг эгдүү хүргэж орхив. Мөрөө давсан долгионтой үс, хэрэмнийх шиг хар нүдтэй энхрий охины төрхөнд балмагдсандаа: - Би гадаа гарахгүй гэчихлээ. - Тэгвэл би танайд орлоо гэснээ манай орц руу гүйх нь тэрээ. Гэртээ өмсдөг шарваар, ааваас шилжин ирсэн хуучин цамцаа санаад шүүгээгээ нээн гартаа таарсан хувцсаа хам хум солтол хаалга тогшлоо. Арайхийн өмссөн болоод хаалгаа нээтэл хүүхдээ хөтөлсөн Шүрээ эгч учир битүүлэг инээмсэглээд: - Чи гарахгүй биз дээ? Бид хоёр манай найзынд очоод удахгүй ирнэ, түлхүүрээ танайд орхие гэж дуржигнуулаад шууд эргэлээ. Би араас нь гарч доошоо шагайвал хэн ч харагдсангүй. Шүрээ эгчийн удахгүй гэдэг нь орой болтол ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр би тэднийхнийг иртэл гэртээ хадагдах нь ойлгомжтой. Би буцан орж хаалгаа түгжив. Цонх руу эргэн харвал нөгөө охины бараа алга. Гэтэл хаалга хулчгардуухан тогшлоо. Нээн харвал хүрмээ даашинзаар сольж, гадаад бичигтэй даавуун цүнх үүрсэн дэгжин охин намайг хараад тачигнатал хөхөрч гарлаа. Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment