Saturday, March 14, 2026
Нэргүй тууж-7
"...Таван мянган жил тасралтгүй залбирсны хүчинд хүмүүс нэгэнтэйгээ учирдаг ажээ. Ингэж учирсан хүмүүс эцэг-хүү, эх-охин, ах-эгч-дүүс, амраг хань болцгоож үхэл салгатал холбоотой амьдардаг. Гурван мянган жилийн тасралтгүй залбиралын үрээр хүмүүс ердийн танилууд болон төрцгөөдөг. Тэд хамт сурч, ажиллаж тодорхой хугацааг өнгөрүүлээд хувь тавилангийн эрхээр зам мөрөө хөөцгөөн салдаг. Эргэн уулзах нь ч бий, уулзахгүй ч байж бас болно. Нэг үг солиод өнгөрөх тохиол гурван мянган жилийн залбирал аж. Гудамжинд зөрж өнгөрөх төдий учирсан хүмүүс мянган жилийн залбиралын үр. Зөрж өнгөрөхдөө нэгнийгээ харсан-хараагүй хамаагүй. Эдгээрийн дундаас таван мянган жилийн тасралтгүй залбиралын үрээр үүссэн холбоо хамгийн эмзэг нь. Тэд нэгнийхээ хүслийг хязгаарлаж, өөрийнхөө мөрөөдөлд хүрдэг. Тэд өөрөө хүсээгүй хүүхэд төрүүлээд, хайрын үр гэж өөрсдийгөө хуурдаг. Насан туршдаа хайрлана гэсэн хүнээ нэг мэдэхэд туйлдаа хүртэл үзэн яддаг. Зөрж өнгөрөх төдийгөөр хязгаарлагддаг харьцаа хамгийн амар..." энэ хэдхэн өгүүлбэрийг Данхар гучин жилийн дараа тэмдэглэлийнхээ дэвтэрт бичих болно.
Харин өнөөдөр тэр нэгдүгээр ангиас гуравдугаар ангид дэвшин орлоо. Шинэ ангидаа ямархуу байгааг нь хармаар санагдаад худлаа хэлж хичээлээсээ гаран очлоо. Хаалгаар нь нарийхан завсар гарган шагайвал багш нь ангидаа байсангүй. Данхар эхний ширээний ард ном уншин, ангийнхаа хүүхдүүдийг анзаарсан шинжгүй сууснаа намайг хараад гараад ирэв. Санаандгүй байхад нь ирсэнд баярлаж байгаа нь илт. Завсарлагаанаар авсан гөөхийгөө өгтөл голоор нь хоёр хуваагаад талыг нь өвөртлөөд:
- Ирсэн чинь зөв боллоо. Таныг манай ангийнхан миний ах гэж бодог гэв. Бишүүрхээд байгаа бололтой.
- Гөөхийгөө бүгдийг нь идээч гэвэл
- Нөгөөдөхдөө өгье, эсвэл та одоо ангид нь аваачаад өгчих гэв...
Гучин жилийн өмнө гөөхий хувааж явсан найзыгаа оршуулсны дараа Бухандай надтай уулзахдаа тэмдэглэлийн дэвтрийг нь өгсөн юм. Данхар юу бодож бичсэнийг бүү мэд. Ямар ч гэсэн эхнэр авалгүй явсаар гучиндолооныхоо жил дээрээ биднийг орхисон билээ.
Данхар бид хоёрын хэн хэнийг Гэрэлмаа тоогоогүй. Бодвол бидний хэн хэн маань гурван мянган жил тасралтгүй залбирсан бололтой.
Үргэлжлэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment