Tuesday, March 10, 2026

Нэргүй тууж-4

Хувцасны шүүгээнээс хам хум угласан ээжийн гэрийн халаат Гэрэлмаагийн инээдийг хүргэсэн аж. Шүрээ эгч ч бас инээсэн нь үүнээс болсон хэрэг. Би галын өрөө рүүгээ зангаад хувцсаа солихоор нөгөө өрөөндөө орлоо. Гэрийнхээ хувцсыг сольж өмсөөд дуу хураагчаа барин орвол тэр миний сандал дээр суугаад, өөртөө цай аягалан ууж байв. - Энэ нь дээр байна гэснээ хайрцагтай кассетаа надад өгөхөд би тоглууллаа. Орос пянзнаас хуулсан улиг болсон итали дуунууд явна гэж бодож байтал нэрийг нь үл мэдэх хөгжим дуугарах нь тэр. Би: - Чи ийм сонин хөгжим сонсдог юм уу? гэвэл намайг дээрээс доош гүйлгэн харснаа: - Чиний сонсдог хэдхэн нотоо давтдаг дуунуудаас өөр л дөө. Анхааралтай сонсвол чи анзаарна гээд миний хөгжмийг авч хэсэг гүйлгээд тоглуулснаа: - Энэ байна гээд мөрнөөсөө дүүжилсэн даавуун цүнхнээсээ хатуу хавтастай ном гарган дэлгээд: - Бал байвал өгөөч гэв. Би анх удаа ийм дураараа охинтой таарч байгаа минь энэ. Сургууль тарснаас хойш барааг нь хараагүй цүнхээ ханын шүүгээнээс олж, балаа гарган өглөө. Гэрэлмаа нөгөө номныхоо завсраас хуудас цаас гарган хэдэн үг бичсэнээ номоо хаагаад цүнхлэв. Хавтсан дээрх "Сто лет одиночества" гэсэн нэрийг би хараад хоцорлоо. Гэрэлмаа: - Өчигдөр ангийнхаа хүүхдээс авсан юм. Уншчихаад ярьж өгнөө. Тэр хооронд кассетны нэг тал тоглож дуусав. Би: - Нөгөө талыг нь сонсох уу? гэв. Гэрэлмаа: - Би хайж байсан хөгжмөө олсон, хэрэггүй гээд бослоо. - Орж номоо уншлаа юу? - Тэгэхээс... чи их уйтгартай хүүхэд байна гэв. Хөөрхөн охины дэргэд хөвгүүд хөөрч сагсуурдаг бол би, биеэ бариад хөдөлж чадахгүй болчихдог гэмтэй. Миний энэ гажиг занг мэдэхгүй болохоор намайг уйтгартай хүүхэд гэсэн байх. Уйтгартай хүүхэд гэдэг үгэнд эгдүү хөдөлсөнгүй. Түүнээс үгээр илэрхийлэх аргагүй таатай үнэр үе үе хамар шүргэнэ. Гэрэлмаа хаалган дээр очоод гэнэт эргэн: - Танай дээд даврхын эгчийн хүүхэд их сонин. Чи ярьж үзсэн үү гэлээ. - Үгүй. Тэр яадаг гэж? - Манайхыг ирээд удаагүй байхад гадаа таараад чихэр өгсөн чинь "Танай монголд талх таван мянга болно. Өөрөө ид" гэчихээд яваад өгсөн гэснээ гарч одов. Үнэхээр дөчин жилийн дараа талхны үнэ бараг таван мянган төгрөг хүрээд байгаа билээ... харин яагаад "танай монголд" гэсэн юм бол? Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment