Sunday, March 8, 2026
Нэргүй тууж -2
Сүүлийн шалгалтаа өгсний маргааш, байрныхаа гадаа зогсож байтал хүүгээ салхилуулж явсан Бурмаа эгчтэй таарлаа. Тэр хүүгээ надад орхиод, талх аваад ирье гэхэд нь би гайхалтай дөрвийн нэгтэй танилцах болсондоо олзуурхан "хүү чинь л уйлахгүй бол тэг тэг" гэв. Хүү ээжийгээ дагаж уйлсангүй, орцны үүдний вандан сандал захлан суугаад над руу харан бяцхан гараараа хажуудаа цохиход дэргэд нь очиж суулаа. Хүү:
- Бужуулайгийх энэ байрнаасаа нүүхгүй бол том болоод их мундаг хүн болох байсан юм гээд санаа алдав. Би хэнийг хэлснийг таамаглан:
- Бужуулай чинь хэн билээ гэвэл Гуравдугаар орц руу булцгар хуруугаараа зааснаа:
- Найз гэчихээд дуугүй боллоо.
- Нүүнэ гэдгээ чамд хэлсэн юм уу гэж асуутал:
- Хэлээгүй, гэхдээ би мэдэж байна гэв. Хүүгийн яриа сонирхолтой санагдсан болохоор би:
- Найз чинь том болоод мундаг хүн болохоо мэддэг үү гэлээ.
- Мэднэ, даанч аав ээж нь мэддэггүй гэснээ ээжийнхээ явсан зүг рүү харлаа.
Бурмаа эгч харагдсангүй. Дэлгүүр арай хүрээгүй байх.
- Ээж наашаа яараад хариултаа авахаа мартана, харж л байгаарай гэлээ.
Би юм хэлэлгүй хүүг дагуулан ээжийх нь явсан зүг рүү алхлаа. Дэлгүүр хүртлээ Бурмаа эгчтэй тааралгүй явсаар ойртвол Бурмаа эгч дэлгүүрээс яаран гарснаа эргээд орчихов. Хүү рүү харвал тоосон шинжгүй газар ширтэнэ. Би сониучирхан:
- Чи юу харав?
- Шоргоолж... хоолоо зөөж байгаа шоргоолж гэв.
Бурмаа эгч дэлгүүрээс гараад биднийг хараад ирлээ.
- Яарсандаа хариулт мөнгөө мартах шахлаа гэснээ хүүгээ тэврэн өргөх гэтэл миний бяцхан найз:
- Ээж та түрүүлээд яв, бид хоёр араас чинь очно гээд миний хуруунаас барив. Бурмаа эгч над руу асуусан шинжтэй харснаа:
- Та хоёр битгий удаарай гэчихээд урд гаран одлоо.
Би хүүг хөтлөн гэрийн араас нь аяархан явлаа. Хүү байрныхаа барааг харснаа:
- Манай байрнаас нүүсэн айлуудын хүмүүсийн тавилан өөрчлөгдөнө гэх нь тэрээ.
Манайхыг зусланд гарсан хойно Насан ахынх нүүж, оронд нь Гэрэлмаагийх ирсэн байлаа.
Үргэлжлэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment