Friday, March 13, 2026
Нэргүй тууж-5
Байрны бацаанууд намар нь цэцэрлэгт явдаг боллоо. Дамиа гуайн зээ охинийг хөлд ороход байрны хана, давхруудын цонхноос өнгө өнгийн гэрэл цацарсангүй. Орцны шатаар гүйхэд тоос болон замхрах гялалзсан мөр үлддэггүй. Харцнаас нь алмай, дүйнгэ байдал анзаарагдана. Харин барьсан бүхэн нь амилан хөдөлж, тавихад нь үхсэн мэт хөшдөг. Золбин ноход жаал охиныг хараад хаа холоос ирж ёс юм шиг гурав тойроод замаа хөөнө. Охин ч хамаатан, садантайгаа таарсан мэт баярлахад нөгөөдүүл нь сүүлээ шарвагануулан эрхэлнэ. Даанч нохойноос айдаг Байгаль эгч охиндоо тэднийг ойртуулахгүй, хөөж тууна. Ноход хэдэн алхам холдоод охин руу эргэн харж мэхийх мэт болоод явдагийг надаас гадна Дамиа гуай анзаарсан болохыг би бүр сүүлд мэдсэн юм.
Зуны сүүлээр Шүрээ эгчийнд ТМС-ийн хуваарь авсан холын хамаатных нь хүүхэд суухаар хөдөөнөөс ирлээ. Тэр золиг хичээлдээ явахаас бусдаар гадаа гардаггүй ажээ. Тааралдвал жаахан шогломоор санагдаад болж өгдөггүй.
Хичээл эхлээд удаагүй байтал нүд хорсом ханхалдаг зуслангийн модон жорлонгийн үнэр үл мэдэг үнэртдэг байснаа удалгүй манай орцноос, яваандаа байр тэр чигтээ өмхийрлөө. Эмээ, ээж, эгч нар хүч хавсран цэвэрлэгээ хийгээд ямар ч нэмэргүй. Сүүлдээ манай байраар ирдэг зочингүй болов.
Хэнийхээс өмхий ханх тавьж байгааг оршин суугчид ил хэлэхгүй ч дор бүрнээ сэжиг, таамаг дэвшүүлцгээнэ. Надаас сэнгэнэх өмхий үнэрээс болоод хамт суух хүүхэд олдохоо болилоо. Чих нь булагтсан хүүхэдтэй тоохгүй суух хэрнээ намайг тойрон дөлцгөөх нь шог санагдана...
Анхны цас орж хүйтрэхэд манай байрныхан өмхий үнэрээ дарахаар хамаг цонхнуудаа цэлийтэл дэлгэдэг болов. Үүнээс болж байрны багачууд ханиад, хатгаа тусацгаан зарим нь эмнэлэгт хэвтэцгээв. Бурмаа, Байгаль эгч нар хүүхдүүдээ аван хадмуудынх руугаа дайжицгаалаа. Гэрэлмаа үг хэлгүй алга болов. Угаасаа ч бид их юм ярьдаг биш дээ...
Ийнхүү өвлийг өнгөрүүлж хавартай залгахад өмхий үнэртээ бид дасал болж билээ.
Сургууль амраад удаагүй байтал үсээ тайруулж, улам өндөр болсон Гэрэлмааг харлаа. Яг тэгэхэд л би манай байрны өмхий үнэр арилсныг мэдсэн юм. Өнгөрсөн хугацаанд өдрийн од шиг харагдсан хөдөөний хүү ч үзэгдэхээ больжээ.
Үргэлжлэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment