Friday, June 16, 2023

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Халзан Лиг төрүүлсний дараа Ли Ланий толгой өвддөг болжээ. Талбайдаа тонголзох тариачин эмэгтэйчүүд шиг алчуураар толгойгоо боогоод явдаг байсан ээжийгээ, халзан Ли хааяа нэг санадаг билээ. Дүлий дүмбэ эхэлсэн өвчин нь яваандаа янгинатал хатгуулах болж олон жилийн турш хөөрхий эмэгтэйн нулимсыг хичнээн ч шөнө барсаныг бид мэдэхгүй. Заримдаа тэр толгойгоо хуруугаараа тогшдог байлаа. Сүүл рүүгээ сүмийн харанга дэлдэх мэт чанга дуугарган толгойгоо балбадаг болсон юм. Нөхрөө алдсаны дараа халзан Лигийн ээж солиорчээ. Гэсэн боловч аажмаар илааршин, ичихээс өөр шаналал үлдсэнгүй. Шинэ төрсөн халзан Ли, нялх биетэй эх хоёрыг асрахаар хөдөөнөөс эмээ нь ирлээ.Торгоны үйлдвэрээс гурван сарын эхийн чөлөө Ли Ланд өгөхөд тэр гэрээсээ нэг ч удаа цухуйсангүй. Хэн нэгэнтэй харц тулахаас эмээж цонхондоо ч дөхөж очиж зүрхэлсэнгүй. Гурван сарын дараа Ли Лан ажилдаа эргэн орох боллоо. Том тогоо дүүрэн буцалж буй тос руу амьдаараа түлхүүлэх гэсэн мэт хаалган дээр гарахаар ирэхэд хамаг бие нь салгалан чичирч, нүүр нь өгөр даан цайсан байв. Өөрт нь ямар ч сонголт байгаагүй болохоор гадаа гарангуутаа толгойгоо бөхийлгөн, цээжээ хавчин гудамжаар яаран алхлаа. Дэргэдэх байшиндаа наалдах шахан алхахдаа, хажуугаар нь зөрөх хүмүүс зүүгээр хатгах мэт харж байгаа хэмээн өөрийгөө улам шаналгана. Таньдаг хүн нэрээр нь дуудахыг сонсоод буудуулсан юм шиг газар унаталаа навтасхийнэ. Яаж явж торгоны үйлдвэрт хүрэхийг тэнгэр л мэдэх байх. Гэртээ хэрхэн эргэж ирэхийг хэн ч үл таана. Түүнийг дуугаа хурааснаас хойш энэ айлыг нам гүм эзэгнэж, төрсөн эх, төрүүлсэн хүүтэйгээ ч цөөн үгээр, намуухан хоолойгоор ярих болжээ. Халзан Ли ч дөнгөж төрөөд хотынхныхоо амны зугаа нь боллоо. Эмээ нь түүнийг аваад салхилах зуур хүмүүс тэдний зүг чичлэн “жорлонд хүүхнүүдийн бөгс харах гэж яваад, живж үхсэн хүний хүүхэд” хэмээн их багагүй хэл амаа билүүдэцгээнэ. Ямар ч хамаагүй хүүхдийг ийнхүү тэр хэрэгт хутгах нь огт авцалдахгүй аж. Гэсэн ч тэд бяцхан хүүг эцэгтэйгээ “нэг тэрэгний дугуй шиг адил”хүн болно гэж хамаатуулах нь хачирхалтай. Халзан Лигийн эмээ энэ бүхнийг нүүрээ хувхай цайлган байж сонсоод дахиж ач хүүгээ салхинд авч гарахаа байлаа. Бяцхан ач хүүгээ нар, салхи үзэг гэсэндээ эмээ нь цонхны тавцан дээр аваачихад тэдний дэргэдүүр зөрсөн хэн боловч даруй зайлан одох ажээ. Үүнээс болж Ли хөвгүүний улаа бутарсан, цулцагар хацар, харанхуй өрөөнд өдөр шөнийг өнгөрүүлсэнээс болж, хатангиршиж, шаргалтав. Эр нөхөр нь ичгүүртэйгээр нас барсаны дараа Ли Лан толгой өөд татаж хүний нүүр рүү эгцэлж харсангүй, дуу алдан уйлсан ч үгүй, тасралтгүй өвдөх толгой нь хааяа нэг часхийхэд л зүүд нойрондоо шүдээ хавирдаг боллоо. Хааяа хүүгээ тэврэхдээ өлөн цагаан царай, нимгэн уруулыг нь хараад өөрийнхөө хувь заяанд гашуудан уйлна. Тэр байтугай өдрийн цагаар хүүгээ авч салхинд ч гардаггүй байв. Жилийн дараанаас л Ли Лан тэргэл сарны гэрэлд хүүгээ авч салхилдаг болжээ. Толгойгоо тонгойлгон хүүгийнхээ хацарт нүүрээ наагаад, хар хурдаараа байшингийн ёроолоор түргэн түргэн алхсаар хүмүүсийн хөлийн чимээ дуулдахгүй болсныг баттай мэдмэгцээ алхаагаа удаашруулан, сарны гэрэлд хүүгийнхээ нүүрийг харж шөнийн сэрүүн агаар цээж дүүрэн амьсгална. Эзгүй гүүрэн дээрээс голын урсгалд тольдох сарны туяа ширтэх нь түүнд таатай ажээ. Толгойгоо өргөхөд нь голын дэргэдэх модод гүн нойрсох мэт хөдөлгөөнгүй агаад мөчир юу нь голын ус мэт намуухан савлаж харагдана. Шөнийн харанхуйд гэрэлт цохнууд нааш цааш сүлжилдэн нисэх нь олон хөгт хөгжмийн эгшиг мэт санагдуулах нь гайхамшигтай. Ли Лан хүүгээ баруун гартаа тэврээд, зүүн гараараа гүүрэн доогуур урсах гол, тэнгэрт гэрэлтэх сар, дэгдэн нисэлдэх гэрэлт цохнуудыг заан “Энэ бол голын ус, тэд бол модод, дээр саран гэрэлтэж байна, дэргэд гэрэлт цохнууд ниснэ...” гээд таатай нь аргагүй гүн амьсгаа авсанаа “Шөнө юутай сайхан билээ” хэмээн дуу алдана. Тэр цагаас хойш хотын бусад хөвгүүдийг дуг нойрондоо дугжирx байхад, нарны гэрлээс дайжих болсон халзан Ли, шөнө болгон сарны туяанд гудамжаар хэсүүчилдэг болжээ. Нэгэнтээ шөнө орой болсон хойно сарны туяанд цэлийх талыг хязгааргүй мэт санасан Ли Лан, хотын өмнө захад байрлах дааман хаалга хүртэл алхсанаа ч анзаарсангүй. Сарны гэрэлд анир чимээгүй дүнсийх байшингууд, гудамжинд тэр хэдийнээ дасал болж, мөнхүү саран авхайн гэрэлд цэлийх талын гоо үзэсгэлэнг биширэв. Гартаа тэвэрсэн бяцхан хөвгүүн нь өргөн талыг хараад хулгана мэт нарийхан хоолойгоор шулганана. Олон жилийн дараа төрөлх Лю хотыхоо тэргүүн баян нь болсон халзан Ли, задгай сансарт нисэхээр шийдэж, нүдээ анин өөрийгөө тойрог замд чөлөөтэй хальж байгаагаар төсөөлөн байх ахуйд хүүхэд насных нь энэхүү дурсмаж эргэн санагдах нь гайхамшигтай. Эх дэлхийнхээ сүрдмээр хирнээ үзэсгэлэнтэй байдлыг төсөөлөн суухад, эх нь түүнийг тэвэрсээр хотын өмнөд хаалган дээр ирж, сарны гэрэлд цэлийх шөнийн талыг харуулсантай адил санагдана. Ли хөвгүүний нүдний өмнүүр Оросын сансрын хөлөг нисэн өнгөрөх шиг болов. Тэр нэгэн шөнө халзан Ли ээжээсээ гудамж, байшин, тэнгэр, тал гэж юу болохыг мэдэж авчээ. Хоёр ой арай хүрээгүй байсан ч халзан Ли хорвоо ертөнц хэмээгч хичнээн хурц, таатай болохыг ойлгожээ. Нэгэн шөнө Ли Лан хүүгээ дагуулан сарны гэрэлд зугаалж яваад Сун Фанпиний гэр бүлтэй таарчээ. Эзгүй гудамжинд хүүгээ хөтлөн алхаж байхад нэгэн гэр бүл чанга дуугаар ярилцан өөдөөс нь ирж явахыг харав. Өндөр Сун Фанпин өөрийн хүү, халзан Лигээс нэг нас ах Сун Ганий гараас нь хөтлөн явж байхад, эхнэр нь гартаа сагстай юм бариад, шөнийн нам гүмийг эвдэн ярилцан алхана. Сун Фанпиний хоолойг сонсоод Ли Лан гэнэт толгойгоо өргөтөл, баас шээсэнд тэр чигтээ хутгалдсан талийгч нөхрийг нь үүрсээр ирсэн эр болохыг танилаа. Тэр үед Ли Лан хаалга налан алмайран зогсож байсан ч өөрийгөө төдийгүй үхсэн нөхрийг нь худгийн усаар булхан цэвэрлэсэн тэр залуугийн дуу хоолойг мартахааргүй тогтоожээ. Өдгөө тэр толгойгоо өргөн мөнөөх эрийг хараад нүд нь гялбах шиг болов. Гэтэл түүнийг харах зуур мань эр дуугаа намсган эхнэртээ нэгийг шивнэлээ. Ли Лан ч толгойгоо дахин нугдайлгаад харсан зүг рүүгээ жирийлгэн одов. Ли Лан хүүгээ дагуулан харанхуй шөнөөр зугаалж байхдаа хоёр удаа Сун Фанпинтэй таарсан юм. Эхний удаа тэр гэр бүлээрээ байсан бол дараагийн удаа гав ганцаараа явж байлаа. Хоёр дахь удаагаа таараад мань эр аврага биеэрээ ээж, хүү хоёрын замыг хаав. Тэрээр том, ширүүн алгаараа хүүгийн толгойг илээд “Хүү чинь тун эцэнхий юм. Чи хүүгээ аль болох нартай байхад салхинд гарга. Нар гэдэг чинь тэр чигээрээ амин дэм шүү дээ” гэжээ. Хөөрхий муу Ли Лан толгой өргөж түүнийг харж зүрхэлсэнгүй. Хүүгээ тэвэрсэн чигтээ салгалан чичрэхэд халзан Ли газар хөдлөлтийн төвд байгаа мэт чичигнэж байв. Сун Фанпин нэгэнтээ инээмсэглээд тэдний дэргэдүүр өнгөрөн одлоо. Тэр нэгэн шөнө Ли Лан гэрийн зүг яаран зүтгээгүй ч сартай шөнийн тэнгэр түүнд таатай байсангүй. Шүдээ хавирах дуу нь ч урьдынхаас өөр сонсогдож байлаа. Яагаад гэвэл түүний толгой өвдөөгүй билээ. Халзан Лиг гурван нас хүрэхэд эмээ нь төрөлх хот руугаа буцжээ. Тэр үед хөвүүн хөлд ороод байсан ч маш туранхай, бүр нялх үеэсээ ч эцэнхий байлаа.Ли Ланий толгойн өвчин үе үе сэдэрдэг байсан ч үргэлж бөхийж явдаг байсан нь арай дээрдэв. Эмээгээ буцсанаас хойш халзан Ли өдрийн цагаар гадагшаа гарах болжээ. Ли Лан зах руу явахдаа хүүгээ дагуулж явна. Ээжийгээ толгой бөхийлгөн түргэн алхахад халзан Ли хормойноос нь атгаад хөлд нь орооцолдон чаргууцалдна. Тухайн үед хүмүүс тэднийг шоолж чичлэхээ больж, тоож харахаа байсан хэдий ч Ли Лан хүмүүсийн харцыг нуруунд нь зоосон жад мэт сэтгэсээр авай. Хоёр сар болоод л халзан Лигийн турь муутай ээж дэлгүүрээс дөчин жин цагаан будаа авдаг билээ. Ээж нь өөртөө хүндэдсэн ачаа нуруун дээрээ үүрэн сажлахад араас нь чирэгдэн явах аргагүй болдог учраас халзан Ли нэг жаргах шиг болно. Ли Ланийг ачаандаа түүртэн алхахад амьсгаа нь давхцаж, зүүд нойрондоо шүдээ хавирч байна уу гэлтэй дуугарна. Хэд алхсанаа хэсэг зогсоно, дахин хэд гишгээд түр амсхийхэд нь халзан Ли эргэн тойрноо анхааралтай хардаг байсан юм. Намрын нэг өдөр Ли Лан будаа аваад буцах замдаа түр амсхийн, хөлсөө арчих санаатай ууттай будаагаа газарт буулгатал өндөр нуруутай Сун Фанпин тэдэн дээр ирээд хүчирхэг гараараа ууттай будааг нь газраас өргөлөө. Ли Лан гайхан дээшээ хартал мөнөөх эр малийтал инээмсэглээд “Би гэрт чинь хүргээд өгье” гэх нь тэрээ. Дөчин жин будаа Сун Фанпинд хоосон сагс шиг хөнгөхөн ажээ. Солгой гараараа халзан Лиг сэвхийтэл нь өргөж мөрөн дээрээ суулгаад “миний духнаас бариарай” гэв. Халзан Ли хорвоо дэлхийг ийм өндрөөс хэзээ ч харж байгаагүй билээ. Өмнө нь тэр бүхнийг дээшээ өлийж хардаг байсан бол одоо анх удаа дэргэдүүрээ өнгөрөгсөдийг дээрээс нь харлаа.Сун Фанпиний мөрөн дээр гарсан цагаасаа хойш тэр гижигдүүлсэн мэт тасралтгүй хөхөрч гарав. Бие хаа тэгш энэ эр,Ли Ланий ууттай будааг нэг гартаа бариад, хүүг нь мөрөн дээрээ суулгаад гудамж уруудан алхахдаа хонх мэт хоолойгоор ярьж явлаа. Дэргэд нь Ли Лан толгой бөгтийлгөн өгөр даасан царайнаасаа хүйтэн хөлсөө цувуулан алхана. Өөрийг нь хүмүүс гөлийтөл хараад элэглэн шоолж байгаа гэж бодсондоо газрын гаваар ороход ч бэлэн байлаа. Гудамж уруудах замдаа Сун Фанпин түүнээс юм асуухад нэг бол толгой дохиж, үгүй бол сэгсрэх төдийгөөр хариулахын хажуугаар шүдээ тачигнуулан хавирах нь яршигтай. Тэд ийн явсаар Ли Ланий гэрий үүдэнд ирцгээлээ. Сун Фанпин халзан Лиг газар буулгаад, ууттай будааг нь будааных нь саванд юүллээ. Энэ зуур мань эр гурван жилийн өмнө харсан орны бүтээлэг рүү хяламхийж амжив. Мөнөөх “ХОС АЗ ЖАРГАЛ” ханз хэдийн гандаж, хатгамал нь гунджээ. Тэднийхээс гарахынхаа өмнө тэрээр өөрийнхөө нэрийг Сун Фанпин, дунд сургуулийн багш гээд хэрвээ тусламж хэрэгтэй бол нэрэлхэлгүй хэлээрэй гэж захилаа. Түүнийг явсаны дараа Ли Лан анх удаа хүүгээ ганцааранг нь гадаа тоглуулахаар үлдээж, юу ч юм хийхээр өрөөндөө өөрийгөө түгжив. Харанхуй болж халзан Лиг хаалга налан нам унтах хүртэл тэндээсээ гарсангүй. Халзан Лиг таван ой хүрч байхадСун Фанпиний эхнэр өвчний улмаас нас барсаныг тэр саналаа. Уйтай мэдээг дуулаад Ли Лан нар шингэж, саран гартал шүдээ тачигнуулан цонхны дэргэд зогссон юм. Дараа нь тэр хүүгээ хөтлөн шөнийн саран доор Сун Фанпиний гэр рүү аядуухан алхав. Ли Лан дотогшоо орж зүрхэлсэнгүй, оронд нь модны ард нуугдан, доторх хүмүүсийн сууж босохыг бүдэг гэрэлд харж зогслоо. Өрөөний голд тавьсан авс харагдана. Халзан Ли эхийнхээ хормойноос зууран, шүдээ хавирахыг нь сонсоно. Тэр дээр мэлтийх саран, жирвэлзэх ододыг харахаар толгойгоо өргөөд, эхийнхээ уйлан, нулимсаа гараараа арчихыг хараад “Ээж ээ, та уйлаад байгаа юм уу” гэж асуув. Ли Лан толгой дохиод “Манай гэр бүлийг аврагчийн дотны хүн нас эцэслэжээ” гэв. Тэр хэсэг зогсож байснаа хүүгийнхээ гараас хөтлөн гэр рүүгээ аяархан явж одлоо. Маргааш нь тэр ажлаасаа ирээд, цаасан зоос, ембүүнүүд хийхээр ширээнээ суув. Баахан зоос, ембүү хийгээд цагаан утас нийтгэн тэднийгээ хэлхэв. Хажууд нь суух халзан Лид ээжийх нь цаас хайчлан нугалж ембүү хийх нь маш сонирхолтой байлаа. Хийсэн цаасан ембүүнүүд дээрээ ээж нь “АЛТ” эсвэл “МӨНГӨ”гэж дурайтал бичнэ. Ээж нь “АЛТ” гэсэн бичигтэй цаасан ембүү харуулаад “хэзээ нэгэн цагт үүгээр ордон ч худалдаж авдаг байлаа” гэв. Халзан Ли “МӨНГӨ” гэсэн бичигтэй ембүү рүү заагаад “тэгвэл үүгээр юу худалдаж авч болох вэ?” гэж асуув. Ли Лан “бас л ордон худалдаж авч болно, гэхдээ арай жижигхэн байх болов уу” хэмээр хариуллаа. Ширээн дээр ирийтэл өрсөн “алт”, “мөнгөн” ембүүнүүдийг халзан Ли тоолж, хэдэн байшин худалдаж авахаа тооцов. Мань эр дөнгөж тоолж сурч байсан болохоор цаасан ембүүнүүдийг нэг нэгээр нь тооллоо. Даанч арав хүртэл тоолж сурсан тул арав хүрээд дахин нэгээс эхлэх нь хөөрхийлөлтэй. Ширээн дээр цаасан ембүүнүүд нэмэгдэх тусам хүү хөлсөө гарган ажилласан ч хэд болохыг нь мэдэж чадсангүй. Тэгсэн ч гэсэн халзан Ли тоолохоо зогсоосонгүй, үргэлжлүүлэн тоолсоор ээжийгээ инээлгэж орхилоо. Ли Лан цаасан ембүүгээр ширээгээ дүүргэчихээд үргэлжүүлэн цаасаар зоос хийж эхлэв. Эхлээд тэр цаасаа дугуй хайчлаад дунд нь нүх гаргана. Дараа нь дээр нь хэдэн шугам татаад ханз үсэгнүүд бичлээ. Цаасаар зоос хийх нь ембүү урлахаас хэцүү юм шиг халзан Лид санагджээ. “Ээж ээ, нэг цаасан зоосоор хэдэн байшин авч болох вэ? Бүхэл бүтэн гудамж авч хүрэх үү?” гэж тэр тэсэлгүй асуулаа. Ээж нь нийтгэсэн утсанд цаасан зоос хэлхэнгээ “Үүгээр ганц нэг өмсөх хувцас л авч хүрэх байх” гэв. Халзан Ли духаа атируулан байж, яахаараа хувцас ордноос үнэтэй байдаг юм бол гэж бодож гарлаа. Түүнийг харсан Ли Лан арван хэлхээ зоос ч нэг ембүүний үнэ хүрэхгүй гэж тайлбарлав. Энэ тайлбарыг сонсоод халзан Ли бүүр ч гайхаж хоцорлоо. “Хэрэв нэг ембүүтэй арван хэлхээ зоос тэнцдэггүй юм бол ямар юмаа хийж та энэ олон зооснуудыг хийнэ вэ?” гэж асуув. “Эдгээр зоос, ембүүнүүдийг нарт хорвоод үрэхгүй, насан зүг болсоны дараа хэрэглэдэг юм” гэж Ли Лан хэллээ.Насан зүгболох гэдэг үгийг сонсоод халзан Ли дагжин чичрэв, дараа нь гадаа харанхуй болсоныг хараад дахин нэг удаа чичирлээ. “Ээж ээ, энэ мөнгө тэгвэл хэн гэдэг талийгаачид хэрэгтэй юм бэ?” гэв. Ли Лан хийж байснаа орхиод “Манай гэр бүлийг аврагчийн дотны хүнд хэрэгтэй юмаа” гэлээ. Сун Фанпиний эхнэрийг хөдөөлүүлэх өдөр Ли Лан өөрийн хийсэн хэлхээтэй цаасан зоос, ембүүнүүдээ сагсанд хийж нэг гартаа бариад нөгөө гараараа халзан Лиг хөтлөн гудамжинд гарч оршуулгын цуваа ирэхийг хүлээжээ. Олны өмнө эхийгээ анх удаа толгой өргөн зогссон тэр өглөөг халзан Ли байнга санаж явдаг юм. Тэднийг ийнхүү зогсож байхад хажуугаар нь өнгөрсөн таньдаг хүмүүс сагс руу нь шагайн харж байв. Нэг хүн хэлхээтэй цаасан ембүү, зоосноос нь татаж үзээд ур хийцийг нь магтахын ялдамд “Танайхнаас хэн нэгэн нас бараа юу?” гэж асуулаа. Ли Лан хариуд нь “Үгүй ээ, манайхаас бишээ...” гэж толгой бөхийлгөн намуухан өгүүлэв. Оршуулганд арав гаруй хүмүүс оролцжээ. Авс ачсан тэрэгний дугуй овон товонтой зам дээр хяхтнан өнхөрнө. Тэрэгний араас цагаан бөсөөр толгойгоо ороож, бэлхүүсээрээ бүсэлсэн арав гаруй хүмүүс цуварч, гингэнэлдэн уйлалдахыг халзан Ли харж зогслоо. Тэдэн дунд нэг удаа мөрөн дээрээ суулган хорвоо ертөнцийг өндрөөс харуулсан Сун Фанпин байхыг хараад тэр таньсан юм. Сун Фанпинтай зэрэгцэн Сун Ган алхана. Тэд явсаар манай хоёртой зэрэгцэж ирээд түр зогсох зуур Сун Фанпин, Ли Лан руу эргэн толгой дохив. Сун Ган ч бас эцгийгээ даган халзан Ли рүү толгой мэхийн ёслов. Ли Лан хүүгээ хөтлөн оршуулгын цувааны ард орон Лю хотын чулуун замаар аажуухан алхсаар хөдөөгийн шороон замд орлоо. Халзан Ли эхийнхээ хамт уй гашууд автсан цувааны араас удтал явсаар саяхан ухсан булшны нүхэн дээр ирэв. Шарилтай авсыгнүх рүү аажуухан буулгахад гингэнэсэн уйлаан цурхираан боллоо. Булшны нүхийг шороогоор дүүргэтэл Ли Лан сагсаа барьсан хэвээр харж байв. Сун Фанпин эргэн Ли Ланийг чиглэн ирж, нулимс дүүрсэн нүдийг нь ширтэн гар дахь сагсыг нь авахад цурхирааны дуу намжиж, гингэнээн болжээ. Дараа нь тэр булш руу эргэн очоод цаасан ембүү, зооснуудыг дээр нь өрснөө шүдэнз асаан шатаав. Цаасан баялаг дүрэлзэн асахад, гингэнэх дуу цурхираан болж өрнөлөө. Өөртөө тохиосон аз жаргалгүй амьдралыг эргэн санасан ээж нь тэдэнтэй нэгдэн зүрх нь шаналсан мэт уйлахыг халзан Ли харж зогсов. Оршуулгын дараа мөнөөх цуваа хотын зүг асар удаан алхав. Ли Лан нэг гартаа хоосон сагс, нөгөө гартаа хүүгээ хөтөлсөөр цувааны сүүлд даган явна. Харин эхэнд алхах Сун Фанпин байн байн эх, хүү хоёрыг эргэн харж байлаа. Цуваа явсаар Ли Ланий гудамжинд ойртоход Сун Фанпин зогсож Ли Ланийг хүүтэй нь хүлээж байгаад ирэхэд нь “Талийгаачийг маань дурсан манайд ирж дүүпүү зооглоорой” гэв. Ли Лан бишүүрхэнгүй толгой сэгсэрээд, хүүгээ хөтлөн гэрийн зүг алхан одлоо. Хагас өдөржин алхаж ядарсан халзан Ли, дэр толгой нийлэв үү үгүй юу нам унтжээ. Ли Лан ганцаар суун цонхоор ширтэнэ. Харуй бүрий болох үед тэдний хаалгыг хэн нэг нь тогшлоо. Ли Лан хоосон мөрөөдлөөсөө сэрэн хаалга нээтэл, үүдэн дээр нь Сун Фанпин зогсож байх нь тэр. Түүний гэнэтийн зочлолт Ли Ланийг сандралд автуулах нь тэрээ. Мань эрийн гарт сагс байхыг анзаарсангүй, ёсыг бодож гэртээ урихыг ч мартжээ. Харин сурсан зангаараа толгойгоо мэхийлгэв. Сун Фанпинийг авчирсан хоолоо сагснаасаа гаргаж, гарт нь атгуулахад л дүүпүүтэй хоол өгч байгааг анзаарчээ. Сун Фанпиний өгсөн хоолыг тэр ичингүйрэн аваад өөрийн аягалав. Дараа нь хоолны савыг нь цэвэр усаар зайлаад эгүүлэн өгөхөд гар нь салгалж эхэллээ. Сун Фанпин сав суулгаа сагсандаа хийгээд явахаар эргэтэл Ли Лан дахиад л тонголзох нь тэр. Бүүр хойно Сун Фанпиний хөлийн чимээ сонсогдохоо байхад тэр түүнийг гэртээ урьж оруулаагүй болохоо гэнэт саналаа. Түүнийг толгойгоо өндийлгөхөд бэлэвсэн эр хэдийн явжээ.

Sunday, February 19, 2023

“FTW”1 Намайг хүмүүс орк гэцгээдэг. Үүнийгээ би хаана ч нуухгүй. Намайг орк болгосон энэ хотод би ирээд арваад жил болжээ. Энэ хугацаанд би гэр орныг минь өөд татаад явдаг ажилсаг эхнэр, хэзээ ч юм тусыг нь үзэх хүүхдүүдтэй боллоо. Дажгүй царайлаг дээр нь бие хаа, нуруу туруу ч гайгүй хүүхэнтэй танилцаж НУА-аа олоод авлаа. За тэгээд сольж өмсөх дээл хувцас, ээлжилж унах унаатай болсон. Өвлийн идшээ өөрийнхөө сүргээс таслаад амьтнаас царай алдахгүй идчихдэг гэхээр ихэрхээд байдаг юмнуудаас илүүгээ мэдэрч л явна даа. Хамгийн гол нь тэр подхийсэн мөнгө олдог бизнестэй болоод удаагүй ч хотын уугуул хүмүүсээс дөнгүүр амьжиргаатай болсон билээ. Хэдхэн хоногийн өмнө хааяа учирдаг эмэгтэй маань гадаадаас ирлээ. Нисэхээс тосч аваад гэрт нь оруулж өгтөл архи, цаг, саравчтай малгай бэлэглэсэн. Зурагтных нь тавиур дээр байсан DVD нь гуйтал “формат таарахгүй” гэсэн ч авчихлаа. Нөгөөхөө гэртээ авч ирээд үзэх гэтэл манай тоглуулагч дээр гардаггүй ээ. Хүн хараас сураглавал арай сүүлд гарсан загварын тоглуулагчийн формат таардаг гэж дууллаа. Гэвч миний асуусан хүмүүст тэр нь байдаггүй. Уг нь тэр киног эзэнтэй нь хамт үзвэл догь юм даа. Пэрэнлэй ийн бодолдоо умбан хэвтэж байгаад гэрээсээ гарахаар орноосоо болслоо. Адуу мал, сүү сааль гэхгүй болохоор өдөржин унтсан ч болдог нь хотод амьдрах нэг сайхан тал. Саяхан наадам өнгөрч тэдний хотхон эль хуль. Дээр нь айлууд зуслан эсвэл нутаг руугаа явцгааж замын түгжрээ эрс багасчээ. Пэрэнлэй эхнэр, хүүхдүүдээ аваад нутаг руугаа явмаар байгаа ч залуу амрагтайгаа тухтай уулзах таатай цагийг хүлээн хойшлуулаад байгаа юм. Азаар эхнэр нь зэргэлдээ сумых болохоор “явна барина” гэж шахаж шаардах нь гайгүй. Гар нүүрээ угааж, энд тэнд сөрвийн цухуйсан хэдхэн үсээ чимхүүрээр зулгаалаа. Хувцсаа өмсөөд гарах гэтэл эхнэр нь: - Чи оройтох уу? - Сайн мэдэхгүй байна. Юу гэж? - Удахгүй ирэх бол боов, боорцог дөхүүлээрэй л гэх гэсэн юм. - Би ирэхдээ чам руу залгая, чи сануулаарай. Ажил юу болж байна нэг эргээд ирье гэсэн яриа боллоо. Орцных нь цахилгаан шатыг засаж байгаа бололтой ажилласангүй. Нэг буцаж орох гэснээ шатаар уруудлаа. Дээд давхарт нь амьдардаг бүсгүй шатны тавцан дээр тааралдаж хүлээж байгаад өнгөрүүллээ. Бүсгүйгээс ялгарах тансаг үнэр хамар шүргэх төдий болов. Энэ байр ашиглалтанд дөнгөж ороход Пэрэнлэйгийхтэй нэг өдөр, бараг зэрэг нүүж ирсэн билээ. Цахилгаан шат нь ашиглалтад ороогүй байсан болохоор Пэрэнлэй эхнэртэйгээ тавилгаа оруулах гэж баахан мундраа хутгасан юм. Хөрш бүсгүй нүүлгэлтийн компанийн залууст хүлээлтийн мөнгө төлчихөөд тэдний тавилгаас эхнэртэй нь дамжлан гэрт нь оруулж өгөөд гарсан. Удалгүй нүүлгэлтийн залуус тэдний тавилгыг зөөлцсөнийг бодоход тэр дахиж мөнгө төлсөн нь ойлгомжтой. Пэрэнлэйгийн эхнэр үүнд нь саймширч идэшний үеэр мах чаначихаад гэртээ урихад, бүсгүй орж ирснээ цай амссан болоод “... орой 18:00 цагаас хойш хоол иддэггүй” гэснээ орон сууцанд элдэв хурц, таагүй үнэр гаргах нь бусдын тайван байдлыг алдуулдаг гэснээ явчихаж билээ. Иймэрхүү их зантай, янтгар юмнуудад угаасаа дургүйг хэлэх үү, тэр өдрөөс хойш энэ хүүхэнтэй дуугарахаа болиод байгаа юм. Таван давхраас буун орцныхоо үүдэнд иртэл түсхийсэн чимээ гарган өөдөөс нь нэг хүн мөргөчих шахан зөрлөө. Цахилгаан шатны өмнө ирснээ “п...а” дуудан хараагаад, юу ч юм үглэн өгсөхийг нь харвал гурван давхрын омогтой залуу ажээ. Хоёр жилийн өмнө хүйт тачигнахын өмнөхөн, Пэрэнлэйгийхэнийг эзгүйд галын өрөөний тосгуурын уян хоолой задарч, доод давхрууд руугаа ус алдсан юм. Эхнэр нь хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар дөнгөж гарсны дараа хоолой задарсан бололтой. Анх удаа ус алдахыг үзээд сандарсан ч биз, хаагуур нь яаж хаахаа мэдэхгүй ч байсан биз. Дээр нь тэр их ус, уурнаас хүүхэд айж уйлахад тэрнийгээ аргадах, Пэрэнлэй рүү залгаж дуулгах гээд цаг алдсан нь ойлгомжтой. Контор руу утасдаж слесарь дууддаг гэдгийг эхнэр, нөхөр хоёрын хэн нь ч мэддэггүй байсан юм. Азаар хажуу айлын эмэгтэй слесарь дуудаж, хүүхдийг нь гэртээ оруулжээ. Слесарийг явсны дараа Пэрэнлэйг эхнэртэйгээ ус шавхаж байтал эхлээд яг доод айлын эр ирлээ. Хэсэг харж зогсож байснаа утсаа гарган хэдэн зураг үзүүлснээ “төлбөр ... төгрөг болно, дуусаад орж үзээрэй” гэснээ яваад өгөв. Түүнтэй зөрөн гурван давхрын залуу ирээд “цам харайх” шахлаа. Пэрэнлэй тэсэлгүй өөдөөс нь уцаарлатал, ах зах хүн байна чинээ тоохгүй барилцаад авсан юм. Боолтонд бараг орж байхад эхнэр нь орцоор нэг “хүн аллаа, цагдаа, цагдаа...” гэж хашгирч, уруудаж явсан доод давхарын залуу ирж салгаж билээ. “Адилхан хөдөөнөөс ирсэн орк байж нэгэндээ уур омгоо гаргаад хариугүй эр дээ. Дээд давхрын ярвагар хүүхэн ганц үг хэлээд нам болгох байх” гэж бодсоор тэр орцноосоо гарлаа. Орцноос гарангуут маналзсан халуун угтан авлаа. Пэрэнлэй гэртээ буцаж ордог ч юм билүү гэж нэгэнтээ бодсноо хотын төв орохоор шийдэн хэдхэн алхмын цаана байсан машин дээрээ очиж хаалга, цонхнуудыг нь нээн зогслоо. Монгол эрчүүд хүлэг морио дээдэлдэгийн адил тэр машинд хачин их дуртай. Өмч хувьчлалаар аавынхаа авсан навсайсан УАЗ-469 машиныг шил, толиор додомдож янзлаад, тэрнийгээ алс аймгийн айлчинд ханасан үнээр худалджээ. Машин зарсан мөнгөөрөө өмнөхөөсөө арай дөнгүүр машин аваад улам нүд гялбам болгоод худалдсан эзэнд нь буцаагаад зарсан удаатай. Тэр явдлаас хойш гялалзсан болгоныг юу ч байсан хамаагүй цуглуулах болжээ. Арваад жил ийнхүү амьдарч байтал гаднаас машины зориулалттай чимэглэлүүд орж ирэх болсноор унаагаа гангалан худалдах арга нь хумигджээ. Пэрэнлэйгийн одоо унаж байгаа “Prius” тэр үеийг бодвол даруухан ч гялгар ажээ. Нэг янжуур яарамгүй татаад машиндаа ороход доторх халсан агаар хэдийнээ сарнижээ. Хоолойг нь сэрвэгнуулж ханиалгуулаад байдаг учраас Пэрэнлэй агаар сэрүүцүүлэгч ажиллуулах дургүй. Бүх цонхнуудаа дэлгээд салхи татуулан давхихыг дээр үздэг. Гэвч хот л бол хот. Хэдийгээр хөл хөдөлгөөн татарсан ч гэрлэн дохио, уулзварууд дээр машинууд овоорсон хэвээр аж. Эгнээ байраа эзлээд дөнгөж зогстол хажуугийн машины нээлттэй цонхоор, дүрсгүй нь илт жаахан хүү усан буугаар түүнийг шүршиж орхилоо. Пэрэнлэй: - Наад хүүхэд чинь усаар шүршээд байна, болиулаач! гэвэл ээж нь бололтой дэгжин эмэгтэй: - Таныг сэрүүцлүүллээ шүү дээ гэж эелдэг хэллээ. - Хамаг хувцас баллаад орхилоо шүү дээ гэж дуугаа өндөрсгөтөл: - Олигтой ч юм өмссөн юм шиг гэж хажуудах хүндээ хэлэх нь дуулдах төдий болсноо машиныхаа бүх цонхыг хааж орхив. Аливаа маргааныг түрүүлж дуусгах нь ялагдал мэт санагддаг тул энэ удаа Пэрэнлэй ялчих шиг боллоо. Үүндээ урамшин дохиогоо тасралтгүй орилуултал хүүхний талын цонх нээгдэж цаанаас нь өөрөөс нь биеэрхүү эр: - Одоо больчихооч гэж намуун боловч дотор зарсхийлгэм өнгөөр хэлснээ цонхоо хааж орхив. Энэ удаа түүнд навс ялагдах шиг болоод явлаа. Пэрэнлэй тамхи гарган асаах гэснээ “машинд тамхи татвал муухай үнэртэй болдог” гэж хаанаас ч юм уншиж байснаа санаад болилоо. Хөгжмөө асаавал “Сайн сайн байна уу миний нийслэл, сайн сайн байна уу та...” гэсэн дуу явж байх нь тохуурхал гэлтэй. Гэвч ая хөнгөн дууг тэр дуустал нь сонслоо. Утсанд нь мессеж ирсэн дохио жингэнэв. Пэрэнлэй жолооны ард утсаа оролдохоо болиод хэдэн сар болж байгаа учраас анхаарсангүй. Тэр чигээрээ явсаар ажилчдаа бүртгэж, ажилд хуваарилдаг байр руугаа явлаа. Хотын төвөөс холгүй орших гэр хорооллын хашаа, байшингаа тэр “ар халхын төв оффис” гэж нэрлэх дуртай. Түүнийг ирэхэд ажилчид нь багаж хэрэгсэлээ аваад гарцгаасан байлаа. Байшинг нь цэвэрлэж, хашааг нь хардаг сахиул айлын эмэгтэйгээс асуувал “сүүлийн гурав хоног ажилчид нь ирээгүй” гэх нь тэр. Утсаа гарган үзтэл ажилчдыг ахалдаг залуу “та өнөөдөр ирэх үү? ажил захиалаагүй байна. бид тарлаа” гэсэн мессеж ирүүлсэн нь сэжиг төрүүлэв. Пэрэнлэй яаран залгах гэснээ больж “NO” гээд хариу явууллаа. Пэрэнлэй шилэн барилгуудын гадна фасад цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын өндөр, шилэн барилгууд бараг нэг дор шахуу байдаг болохоор нэгнийх нь дэргэд очиход л хүмүүсээ олчих тул төв рүү зүглэхээр шийдлээ. Сэлмэн байшингийн ойролцоох зогсоолд машинаа тавиад, сүүдэр даган алхаж өндөр барилгуудыг алсаас ажиглахаар гудамжны сандал дээр тухлан тамхи асаалаа... Энэ бизнесийн санааг тэр сэтгээгүй. Хэн нэгнээс өвлөөгүй, худалдаж ч аваагүй. Хотод ирчихээд амьдрах аргаа олохгүй, “Зар мэдээ” сонины хаягаар ажил хайж очсон анхны тохиолдолоо тэр мартдаггүй юм. Гудамжны цагаан утсаар хэд хэдэн удаа ярьж, гайгүй харагдсан хүмүүсээс зам асуусаар очтол өөрийх нь үеийн нэг залуу тосож аваад цахилгаан шатаар хамгийн дээд давхарт гаргахад ажиллах хүсэл нь бөхөөд явчихлаа. Явган шатаар барилгын дээвэр дээр гартал юу юугүй салхи аваад хийсчих шиг болов. Нөгөө залуу өөрөөсөө арай ах залууд хүргэж өгөөд алга болчихлоо. Уулзсан эр нэр ус, нас, гэрийн хаягийг тэмдэглэж авангуут нөгөө залуу баахан олс, дэгээ авчран Пэрэнлэйд зүүгээд дээврийн ирмэг дээр зогсоов. Доошоо харахаас айдас төрнө. Гэхдээ айгаагүй царайлан олсоор буух гэж байтал хувинтай ус олсны хаанаас ч юм дэгээгээр тогтоолоо. Нэг гарт нь шил угаагч бариулав. Тэрний дараа доош нь буулгалаа. Арай гэж нэг цонх угаатал, хажууд нь цонх угааж байсан эр “болоогүй байна, сайн угаа” гэх нь дуулдав. Эхнээс нь дахин угаавал арай дээр болох шиг санагдлаа. Тэр өдөр чухам хэдэн цаг агаарт дүүжлэгдэж, хичнээн цонх угааснаа санадаггүй юм. Орой тарахад тэднийг ахлаж байсан эр гучин мянган төгрөг өгснөө “маргааш эрт ирээрэй” гэлээ. Хэдийгээр өндрөөс дүүжлэгдэх зүрх үхмээр ч орой мөнгө авах нь таатай тул өглөөний нартай уралдан босож ажилдаа ирсээр зуныг дуусгаж намар болгожээ. Хамт ажиллаж байсан залуусын ихэнх нь оюутнууд тул сургуульдаа орцгоолоо. Өөртэй нь адил оюутан бишүүд нь бутран алга болцгоов. Тэднийг ахалж байсан эр Пэрэнлэйг уг компанийн эзэнтэй танилцуулаа. Хөдөөнөөс эхнэрээ дагуулж ирснийг нь мэдээд цаадах нь тэр намар, өвөлдөө зуслангийн байраа сахиулахаар болжээ. Хэдэн модон амбаар харуулах байх гэсэн Пэрэнлэйгийн төсөөллийг эзний ордон гэмээр зуслангийн байшин үгүй хийлээ. Эзэн эр эхнэр хүүхдээ аваад ихэвчлэн баасан гарагт ирж, ням гарагийн орой буцдаг. Тэднийг ирэхийн өмнө байрыг нь уурын зуух галлан халаах, хүүхдүүдийх нь буулгасан гэр орныг нь цэгцлэх, шал савирыг нь угаах зэргийг Пэрэнлэй эхнэрийн хамт хийнэ. Ирснийх нь дараа тав тухыг нь ханган, ёстой байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нам гүм оршино. Пэрэнлэйгийхний энэ байдал эзний сэтгэлд яв цав нийцэж хавраас жолоочоо болгон нарийн нандин юмаа даатгадаг болжээ. Гэвч өдрийн ихэнхийг хүн хүлээж өнгөрүүлэх нь тусгүй санагдан, арай хөдөлгөөнтэй ажил хийх хүсэлтэй байгаагаа Пэрэнлэй эзэнд хэлж шилэн барилгын угаалга хийдэг бригад ахлах болсон юм. Эхэндээ захиалгаар очиж үйлчилдэг байсан бол яваандаа өөрсдөө өндөр шилэн барилгуудын эздэд санал тавьж, жилээр гэрээ байгуулах болжээ. Энэ мэт санаачлага гаргасан нь эзны орлогыг өсгөсөн юм. Шинэ өргүүр хэрэгтэй гэж шалсаар байгаад өөрөө хоёр өргүүр Эрээнээс олж ирлээ. Улиралын чанартай ажлаа байнгын болгосонд нь эзэн талархаж Пэрэнлэйгийн гэр бүлд байр, машин өгч нэр дээр нь шилжүүлжээ. Жилийн дараанаас Пэрэнлэйд үе үе “бяр” амтагдсан мэдрэмж төрөх боллоо. Хүмүүсийг нас харгалзахгүй “ЧИ” –ээр дуудаж, өөрөөс нь дөнгүүр харагдсан хүмүүсийг “өгөр гуйлгачин” хэмээн цоллох болсон юм... Жил хагасын дараа нутгаасаа хоёр найзаа дуудаж авчраад, өөрөө ажилд авч тун удалгүй нэг нэг бригад ахлуулав. Тэр тухайгаа яаран эзэндээ хэлсэнгүй. Нөгөөдүүлийнхээ олсон орлогыг өөртөө үлдээх болов. Овоо хуримтлалтай болохын хэрээр бусдын төлөө ажил хийх утгагүй санагдаж эхэллээ. Найзуудаа энд суурьшуулахыг тэр хүссэнгүй, ирэх зун ирүүлэхээр боллоо. Хүйтэн болохын өмнө хэдэн төгрөг халаасанд хийж өгөөд буцаахын өмнөхөн өөрийнхөө нэр дээр аж ахуйн нэгж байгуулав. Эзнийхээ компанийн нэрээр байгуулсан гэрээгээ өөрийн компанийн нэр рүү шилжүүлж амжлаа. Шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа саналаараа халагдаж, өмнөх байраа томруулж амжив. Пэрэнлэй ингэж эзэн болсон юм. Тамхиа татаж дуусаад хотын төвөөс холгүй орших, хоорондоо зайтай шилэн барилгууд руу очихоор явлаа. Гэтэл “бүх төрлийн зурагт, DVD тоглуулагч засна. 8889...” гэсэн зар нүдний буланд торох нь тэрээ. Залгавал хэдэнтээ дуудуулж байгаад “манайх үдийн цайндаа орж байна. Эргээд залгая” гэснээ тасалж орхив. Өглөөнөөс хойш бүтэлгүйтэл салахгүй дагаад байгаа мэт санагдсан тул багадаа цээжилсэн хэдэн мөр тарниа уншиж үзлээ. Уг нь бол аргаа барсан хүний хийдэл л дээ. Эхний шилэн барилга дээр хүмүүс байсангүй. Харин дараагийн барилгын шилэн ханыг хэдэн хүн угааж байх нь харагдлаа. Ойрхон сул зогсоол таармагц машинаа тавиад алхав. Дөхөөд өөрийх нь хэрэг болгон Эрээнээс аваад энд бөөн юм болж байж шалгуулсан өргүүр дээр зүсийг нь үзээгүй хүмүүс ажиллаж байлаа. Зайдуухан суугаад ажиглавал ноднин нутгаасаа дуудаж ажиллуулсан хоёрын нэг сүрхий удирдах ажээ. Хотод ирснээ хэлээгүй байж ажлыг нь хариуцаад хийж байгаа нь нэг л сэжигтэй санагдаад явчихлаа. Гэтэл ажлаа хариуцуулсан залуу цаанаас гарч ирээд нутгийн найзыг нь буланд аваачин хэдэн төгрөг гарган өгөх нь тэр. Пэрэнлэй сууж байсан газраасаа гарч тэднийг чиглэн алхлаа. Нөгөө хоёр мөнгөө далд хийхээсээ өмнө Пэрэнлэйг харав. Тэвдэж байгаа нь илт ажээ. Түрүүнээс хойш өөрийг нь огшоогоод байсан зүйл сад тавин тэсэрч, баахан орилж байснаа нөгөөдүүлийнхээ гар дахь мөнгийг булаан авлаа. Ядаж байхад утас нь гэнэт чөлөөгүй жингэнэж байгаад таг болов... Нэг мэдэхэд Пэрэнлэйгийн гар салгалж, зүрх нь дэлсчихсэн машиндаа сууж байв. Нөгөө хоёрынхоо өмнө буруутай ч юм шиг, эсвэл жилийн өмнө орхиж явсан эзнийхээ өмнө алдаа гаргасан мэт санагдана. Тамхи татаж жаахан тайвшраад утсаа үзвэл зурагт засварын газраас залгажээ. Өнөөдөр тийшээ очих хүсэл төрсөнгүй. Мөнгөө аваад шууд харихаар явлаа. Ажлаа дуусгаад аз нь хаясан хоёр ирэх ёстой... * * * Пэрэнлэй хараажаар хүнсний захын өнгөө алдсан махыг, нутгийн малын мах гэж авчирсан найз, итгэл хүлээлгэж ажлаа хариуцуулсан залуу хоёрын биеэ хамгаалсан яриаг өчигдөр оройжин залхатлаа сонсжээ. Гэрт нь зэрэг ороод ирэхээр нь тэсэлгүй нэг нэг алгадаад авсан нь тайвширахад их нэмэр болсон юм. Өөрийнхөө алдаж байсан мөнгийг олсон, нүднээс далдуур мэхлэгч нарыг таньсан, өдөржин барилгын шил угаасан хүмүүсийнхээ хөлсийг өгч өгөөмөр загнасан гээд олон юм ганцхан орой болж өнгөрчээ. Өглөө эрт сэрэхэд өчигдрийн доромжлуулсан мэт дарамт мөрөн дээрээс нь авчихсан мэт хөнгөрсөн байлаа. Нууцаар учирдаг хүүхнийхээ гэрээс авсан DVD-г аваад хамт үзэх санаа төрөв. Өнгөлөг харагддаг хувцсаа өмсөөд гэрээсээ гарлаа. Эхнэртээ нутаг явахад бэлдээрэй гэж хэдэн төгрөг өгөхөө мартсангүй. Өнөөдөр дэлгүүр хоршоо хэсээд завгүй байх биз. Цахилгаан шат нь ажиллаж байлаа. Эрт гарсан болохоор машин нь наранд халж амжаагүй сэрүү татна. Машиндаа суугаад өчигдрийн зурагт, DVD засварын газар руу залгатал тэр дор нь утсаа авлаа. - Байна уу, зурагт засвар уу? - Тийм байна. Та ямар зурагт засуулах вэ? гэсэн уриалагахан дуу гарав. - Би зурагт засуулахгүй. Манай DVD тоглуулагч FTW формат танихгүй байгаа юм. Янзалж болох уу? - Юу ч болсон та авч ирээд үзүүлэхгүй юу даа. - Засаж болох бол тэгье. Ингэсгээд очлоо гээд утсаа тасаллаа. Пэрэнлэй залхууралгүй гэртээ буцаж ороод DVD тоглуулагчаа авч машиндаа хийлээ. Өдрийн халуун шатахаас өмнө засуулчихвал амраг хүүхэнтэйгээ уулзана гэж бодоход өөрийн эрхгүй яарна. Ийнхүү бодолдоо умбан явсаар уулзвар дээр байраа эзэлж амжилгүй хүүхний гэрийн зүг эргэлт рүү орлоо. Үүнийгээ ч төдийлөн буруутгасангүй. Тэр чигээрээ явсаар дөхөж очоод залгалаа. Хэд дуудуулсны эцэст хүүхэн утсаа авч нойрмог дуугаар: - Байна уу, хэн бэ? - Пэрэнлэй байна. Чи миний дугаарыг хадгалаагүй юм уу? - Хадгалсан, сая л харалгүй авлаа. - Чи өнөөдөр юу хийх вэ? - Уг нь гарах ажил байдаг. Гэтэл цагийн зөрүү гардаггүй. Шөнө шар шувуу шиг унтахгүй, өдөр үүрэглээд байна. - Би танай хажууханд явж байна. Хамт хоолонд орох уу? - За тэгье. Би гялс нүүр амаа янзлаад гарлаа. Нөгөө газраа хүлээж байгаарай... Амраг хүүхний “гялс” гэдэг үгийг цаг хагас гэж ойлгоход болно. Түүнийг хүлээх зуураа Пэрэнлэй машинаа угаалгаж амжлаа. Тэгэхгүй бол “үнэр танар, пүү паа” гээд сүйд болдог билээ. * * * Урнаа эгч дүү гурван эмэгтэйн дундахь нь. * * * Бүсгүй гарч ирэнгүүтээ хүн хүлээлгэсэнээ юман чинээ бодохгүй шууд хажууд нь суув. Пэрэнлэй: - За хаашаа явах вэ? - Юм аваачиж өгөх хүн маань утсаа салгажээ. Чи хоолонд орьё гэсэн биз дээ? - Тэгнээ, төв рүү орцгооё. Би бас замаараа нэг газраар орох ёстой. - Чи миний DVD-г үзсэн үү? - Үзээгүй. Манай тоглуулагч дээр гарахгүй байсан. Энийгээ засварт өгчихөөд дараа нь хамт хоол идье гэсээр тэд төв зам руу орлоо. Бүсгүй замдаа байсан газрынхаа тухай дуржигнуулан ярина. Тэр нь хувцас, гутал, цүнх. Авч чадаагүй харамсалтай холилдох ажээ. Хажуугаар өнгөрөх хүүхнүүдийн хувцас хунарыг ч зүгээр өнгөрүүлэхгүй аж. Нэг бол гоё сайхныг нь гайхсан үгүй бол зохиогүй таараагүйг нь гоочилсон шинжтэй. Тэд ийнхүү явсаар зурагт засварт ирлээ. Пэрэнлэй гэрийнхээ тоглуулагчийг үзүүлтэл засварчин залуу хэд тойруулж үзсэнээ “энэ хамгийн сүүлийн загварын тоглуулагч. Монголд орж ирээгүй хувь хүмүүс өөрийнхөө хэрэгцээнд зориулж авч ирсэнтэй таарсан” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Пэрэнлэй бүсгүйн хамт тэндээс гарч хажууханд байх зоогийн газарт орлоо. Бүсгүй эд зүйлсээрээ гайхуулж, элдэг дэлбэг дайлуулах дуртай. Тэгээд ч монголд цөөхөн айлд байдаг DVD тоглуулагчтай хүн болж харагдах гэсэндээ кинотой дискээ Пэрэнлэйгээс буцаан авчээ. Түүний энэ занг сайн мэддэг Пэрэнлэй өгөөмөр аашлахыг харин ч нэг үзүүлэх шиг болдог. Тэр хоёрыг тансаглан цэнгэж байтал хажууханд нь ганцаараа хооллож байсан залуу ширээ рүү нь хэдэн удаа харахыг Пэрэнлэй анзаарчээ. Амраг хүүхнийг нь таньдаг юм болов уу гэхэд үгүй шинжтэй. Нөгөө залуу тооцоогоо хийчихээд тэднийг чиглэн ирлээ. Залуу: - Сайн байцгаана уу, таны энэ дискийг сонирхож болох уу? гэхэд бүсгүй дээрээс нь доош нь нэг сонжин харснаа: - Тэг л дээ гэв. Залуу DVD-г нь нилээн няхуур үзэв. Хэсэг бодол боллоо. Тэгснээ нэгийг сэдэв бололтой хоолойгоо засаад: - Би японд сурч байхдаа нэг тоглуулагч авсан юм. Гэтэл тэр маань зөвхөн “FTW” формат уншдаг юм байна. Авч ирсэн хэдхэн киногоо үзсээр байгаад цээжилчихлээ. Та хоёр энийгээ надад прокатлахгүй биз. Би маргааш буцаагаад өгье гэв. Бүсгүй нэн ихэмсэгээр: - Прокатлахгүй ээ. Өөрсдөө үзнэ. - Энэ төрлийн СД, тоглуулагчтайгаа одоохондоо манайд ховор байгаа. Та хоёр надаас өөр киногоор сольж үзэж болно шүү. Пэрэнлэй: - Манай тоглуулагч дээр гарахгүй байсан, тийм учиртай байж. - Тэгвэл хамт үзье л дээ. Манайх ойрхон гэлээ. Пэрэнлэй: - Бид хоёр хоолоо идээд орхие. Тэгээд шийдье гэхэд залуу үзэж байсан дискээ орхиод захын ширээнд очин суув. Бүсгүй: - Чи нээрээ танихгүй айлд очих гээд байгаа юм уу? - Тэгье л дээ хоёулаа хамт очиж үзье. - Гаж донтон байвал яана? - Би энэ зэргийн амьтныг ганц цохиод л унагаана. - Би жаахан санаа зовоод байна, таньдаг хүн таарвал яах юм бэ? - Үхсэн хэн л тааралдав гэж. Харсаар байхад номын цагаан солио туссан амьтан байна шүү дээ. - Чи л өөрөө мэд. - Би өнөөдөр чамтай энэ киног үзнэ гэж төлөвлөөд байсан юм. - Тэгвэл очье, гэхдээ пдуусангуут нь шууд харина шүү. - Тохирлоо... * * * Зоогийн газарт танилцсан залуугийх холгүй ажээ. Залуу замаараа ус, ундаа, жимс авлаа. Эхнэртэйгээ хоёулахнаа амьдардаг бололтой. Одоогоор сувилалд явсан гэнэ. Нэг ханаар нь дүүрэн гадаад хэл дээр бичсэн номнууд өрөөстэй бол нөгөө хананд нь асар том дэлгэцтэй зурагт, гэрийн театр байрлуулж, дэргэд нь маш олон “FTW” . Бас өрөөнийхөө буланд эвийг нь олоод ажлын жижигхэн ширээ тавьсан харагдана. Уул, морьний зураг байсангүй. Чингис хааны эш хөрөг ч залаагүй аж. Ханандаа үс сахалдаа баригдсан залуухан эрийн даавуун дээр буулгасан ганцхан зураг өлгөжээ. Буйдан, зөөлөн сандал, сэтгүүлийн ширээгүй цаанаа нэг зайтай, цэлгэр харагдана. Пэрэнлэй итали загварын хамгийн үнэтэй тавилгаар гэрээ тохижуулсан ч бусад зүйлстэй нь зохицолгүй харагддаг. Түмпэн шиг том мөнгөн аяга, хэзээ хэрэглэж байсан нь тодорхойгүй ханаар дүүрэн тогтоосон янз бүрийн хутга, жаднууд. Хэн ч тоглодоггүй моринхуур... Бүсгүй ч ялгаагүй гэр орноосоо хол, түрээсийн байранд амьдардаг болохоор арчилж, торддоггүй. Тэрнийгээ ажил их, завгүй гэдгээр халхалдаг... Залуу хамт ирсэн зочдоо олбог дэвсэн суулгаад ус буцалгахаар цахилгаан данхаа залгалаа. Нөгөө өрөөнөөсөө эвхдэг жижиг ширээ авчирч өмнө нь дэлгэж тавиад дээр нь жижигхэн тавагтай самар тавилаа. Ус буцлахад залуу: - Кофе, цай? гэж асуув. Хоолны дараа нойр нь хүрдэг Пэрэнлэй кофе гэсэн бол бүсгүй ногоон цай ууя гэлээ. Ханын тавиур дээр эрийтэл өрсөн “FTW” дискнүүдээ “хэдхэн” гэж хэлсэн энэ залуу их даруухан эр бололтой. Зочиддоо кофе, ногоон цай, өөртөө буцалсан ус аягалсан залуу жижиг ширээн дээр тавьснаа тоглуулагчаа асааж тэдний дискийг шургууллаа. Мөнөөх “FTW” дискний дүрс, дуу нь үзэж байгаа хүнийг киноны үйл явдлын цөмд нь оруулах шидтэй ажээ. Хоёр цаг үргэлжилдэг кино хэлийг нь мэдэхгүй бол залхмаар байдаг бол энэ удаа тэгсэнгүй. Хэдийгээр хурц үйл явдалгүй ч нэг мэдэхэд дууслаа. Гэрийн эзэн зочдоосоо юу уухыг нь асуухад Пэрэнлэй: - Ойрд ингэж тухтай кино үзсэнгүй. Би нэг юманд гараад ирье гэхэд бүсгүй: - Чи машинаа яах юм бэ? хэмээн асуулаа. Пэрэнлэй: - Чи жолооддог биз дээ? гэж асуултыг нь асуултаар хариулаад гарахад бүсгүй сормуусаа дэрвэлзүүлэн мөрөө хавчсаар хоцров. Залуу тоглуулагчаасаа дискийг нь гарган хайрцганд хийгээд бүсгүйд өгснөө: - Танай хүнийг шал дэмий гаргалаа. Манайд “нэг юм” байгаа л даа. - Уг нь ингэдэггүй юмсан, кино их таалагдсан юм болов уу? Хоёулаа танилцаж байх уу? - Юу ч болсон гарсан хүн маань ирэг дээ гэснээ залуу компьютерийнхээ ард суулаа. Удалгүй хаалга тогшиход залуу очиж нээгээд хаалган дээрх хонхны товчийг зааснаа: - Чихэвч зүүчихсэн байхад тогших сонсогддоггүй юм. Тэгээд энийг зориуд суулгасан гэвэл Пэрэнлэй: - Өө мэдсэнгүй л дээ гээд шаахайгаа тайлаад зочны өрөөнд орж эвхдэг жижиг ширээний дээд талд гаран суугаад: - За танилцая, намайг Пэрэнлэй гэдэг. Энэ миний найз Урнаа гээд уутнаас лаазтай гурван шар айраг гаргаж тавив. - Оргих. - Оргихоо энэ хэдийг хөргөгчиндөө хийчих, бүлээсчихнэ гээд үлдсэн ууттай шар айргаа өглөө. Пэрэнлэй: - За нутаг ус хаанахых вэ? Оргих: - Хотод төрж, өссөн болохоор хотых л гэх байхдаа. - Би энүүхэн Сэлэнгийх, манай Урнаа наран мандах Дорнодын хүн. Бид хотод ирээд овоо хэдэн жил болжээ гэснээ шар айрагнуудыг задлан нөгөө хоёрынхоо өмнө тавилаа. Урнаа: - За танилцсаны төлөө гээд шар айргаа өргөн тулгалаа. Пэрэнлэй: - Оргих маань ингэхэд юу хийдэг вэ? - “Хикикомори”* гэх үү дээ. Гэрээсээ гаралгүй ажил хийдэг. - Би шилэн барилгууд угаадаг ажил хийдэг. Зун жаахан махийж хэдэн төгрөгтэй болоод намраас хавар болтол таг суудаг гэвэл Урнаа: - Хикикомори гэхээр яг юу хийдэг вэ? гэж сониучирхав. Оргих: - Ямар нэг байгууллагад хамаарахгүй. Ажлын цагт баригдахгүй. Бага сага юм бичнэ, орчуулна бас уншина. Урнаа: - Залуу хүнд уйтгартай биш үү? - Гадаа гараад баясах юм ховорджээ. Хүмүүсийн чанар нүдний өмнө улам олиггүй болж байна. Та өөрөө юу хийдэг вэ? - Би бизнес менежментээр магистарт сурч байгаа. Өмнө нь гоо сайхны барааны дэлгүүрт худалдааны зөвлөх хийдэг байсан. Оргих яригч авчран асааж, утастайгаа холбон сонгодог хөгжим тоглууллаа. Пэрэнлэй яригч руу эргүүрээ зааснаа: - Энэ хөгжмийн яг юу нь гоё байдаг юм бэ? - Цөөн хэдэн нотоор тархи хүчиндээд байдаггүй болохоор сайхан санагддаг юм. Танд таалагдахгүй бол сольчих уу? - Харин тэгээч, жаахан уйтгартай юм. Оргих утсаа оролдож байгаад арай хурдтай гадаад дуу тавилаа. Нөгөө хоёр ч илт сэргэлээ. Тэд эхний шар айргаа бараг зэрэг дуусгалаа. Урнаа хөргөгчөөс өөртөө бас нөгөө хоёрт шар айраг авчран сууснаа: - Энэ дискнүүд овоо үнэтэй юм билээ. Намайг урд сурч байхад нэг өрөөнд хамт амьдардаг байсан герман охин энийг өгсөн юм. Тэр их сонин охин байсан. Ганцхан цагаан палаажтай. Цуу ямбуу билүү даалимба гэдэг билүү даавуугаар оёсон. Угаасаар байгаад ханцуйны үзүүр нь шарлачихсан. Тэгээд тэрнийгээ ямар ч арга хэмжээ болсон өмсдөг гээд инээхэд Пэрэнлэй дэмжин тачигнатал хөхөрч байснаа: - Гэр орон нь боломжгүй айлын хүүхэд юм байлгүй дээ. Урнаа үргэлжлүүлэн: - Өвөл, зуны амралтаар гэртээ харилгүй бүр хөдөөний тосгонуудаар тэнэж яваад ирдэг. Оргих: - Хичээл дээр үзсэн юмаа харж явдаг байх л даа. Урнаа: - Бэлэн музей байхад тэнд л үзнэ биз. Пэрэнлэй: - За тэр герман хүүхэн яах вэ, нэг барьцгаая. Тэд тулган ууцгаалаа. Дэргэд нь рок дуу дараалан тачигнана. Урнаа утсаа оролдоно. Завилан сууж байсан Пэрэнлэй босож хөлийн чилээ гаргангаа хананд өлгөсөн сахалтай эрийн зурагны дэргэд очоод: - Энэ хүний зураг хааяа нэг тааралддаг юм. Хувьсгалч билүү? гэж асуухад Урнаа: - Че Гевара шүү дээ. Мэддэггүй юм уу? гэснээ үргэлжүүлэн утсаа оролдов. - Тиймээ. Че Гевара аргентин хүн. Кубад хувьсгал хийхэд оролцож явсан. Сангийн сайд нь болсон. Амьддаа коммунизмыг дэмжигч, капитализмыг үзэн ядагч байлаа. Нас барсныхаа дараа сэргэлэн хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болсон доо. Пэрэнлэй: - Шөнийн дэлгүүрийн эзэд унтаж байхдаа хүртэл мөнгө олоод сайхан шүү гэхэд Урнаа: - Хоногийн хориндөрвөн цаг мөнгө олж байдаг бол гоё уу? гэж асууснаа хариул хүлээлгүй утас руугаа оров. - Өдөр нь олсон ашгаараа шөнө нь шоудаад, шөнө олсон мөнгөөрөө өдөр нь зовлогоо жаргаана даа. Тийм ээ гэхэд нь Урнаа утаснаасаа нүд салгалгүй: - Чи ч тэгнэ дээ гэсэн бол Оргих: - Энэтхэгийн мэдээллийн технологийн компаниуд америкт салбараа нээж өдөр шөнөгүй мөнгө олдог болсон гэж нилээн дээр уншиж байсан юм гэв. Урнаа: - Тэгж томоор хөдөлж чадахгүй ч гэсэн шөнийн дэлгүүр ажиллуулвал жаахан ч болов ашигтай л даа. Оргих: - Та магистраа ямар сэдвээр хамгаалах вэ? Урнаа утсаа тавиад: - “2000 оноос хойш нүүдэлчдийн амьдралд гарсан өөрчлөлт” гэсэн сэдвээр хамгаална. Оргих: - Нэг талаас нүдэнд ил харагддаг ч нөгөө талаас уламжлалт сэтгэлгээт хүмүүст асар удаан явагддаг процесс юм даа гэж хэлээд ширээнийхээ нүднээс “цахим” тамхи гарган хэд хүчтэй сорон утааг нь үлээв. Пэрэнлэй: - Наадахыг чинь хүний биед муу гэлцдэг юм билээ. Би ямартай ч энийгээ татсаар дуусна даа. Тамхиа хаана татах вэ? Орцонд татах уу? Оргих: - Тагтан дээр гараад татчих. Би ч бас хааяа татдаг. Зарим хүмүүс үнэрт нь тавгүйтээд байдаг болохоор саяханаас ийм тамхи татдаг болоод байгаа юм гээд тагт руу заахад Пэрэнлэй яаран гарав. Урнаа: - Та хоёрын энэ ярианаас миний сэдэв шууд харагдлаа. Хэрэглээнд гарсан өөрчлөлтөөс илүү сэтгэлгээний өөрчлөлтийг олох төвөгтэй юм гээд лаазтай шар айрагнаасаа балгав. Оргих дөнгөж толгой дохих төдий болоод шар айргаа шимээд: - Анхааралтай ажиглавал хаанаас ч сэдэв чинь харагдана. Даанч бид ажиглах, сэтгэх, бодохоосоо залхуураад, юм л бол бэлэн зүйлс “copy, paste” хийхээр яардаг болж. Заримдаа аминд орох үе бий. Дандаа “copy, paste” хийгээд байвал тархи хатангирших байх гэж хэлээд дуусахад Пэрэнлэй орж ирээд утсаа ухах Урнаагийн хажууд суулаа. Энэ үед Оргихын утас дуугарахад тэр авснаа гараараа амаа дарж байгаад: - Сайн байна, би хүмүүстэй уулзаж байна. Дуусаад залгая гэлээ. Пэрэнлэй: - Наад хүнд чинь чиний тусламж хэрэгтэй байсан бол яана? Оргих: - Та нартай амьд харилцаатай байх нь надад илүү чухал байна. Пэрэнлэй: - Хүмүүс нэг их худлаа тэгдэг юм. Харин өөрөө тэдний нэг биш бололтой гэснээ шар айрга дуустал нь балгаж, лаазыг нь базаад: - Алив Урнаа чи арай залуугаараа хөргөгчнөөс нөгөө хэдийгээ аваад ирээч гэхэд бүсгүй утаснаасаа нүд салгахгүй явсаар үлдсэн ууттай шар айрагнууд авч ирлээ. Урнаа: - Дахиж битгий хүн зараад байгаарай гэж хэлээд хошуу цорвойлгов. Пэрэнлэй уруул дээр нь шоп хийтэл үнслээ. Тэд ийнхүү ууцгааж байтал Пэрэнлэй: - Одоо монгол дуу сонсоё. Хэлийг нь мэдэхгүй орилсон юм удаан сонсвол толгой өвдөх нь байна гэхэд Оргих нэг ч үг хэлэлгүй дууг зогсоож утаснаасаа дуу сонгохоор тонгойсон бол Урнаа: - Зүгээр л байна ш дээ, өдий болтол ийм дуу сонсож сурахгүй хаагуур явдаг байнаа гэснээ хи хи хи гэж инээн аальгүйтэн Оргих руу харав. Оргих: - Энэ монгол дууг хятдын алдартай дуучин дуулсан бичлэг. Тэрбум илүү хүмүүсээс шалгарсан болохоор арай илүү санагддаг юм гээд тоглууллаа. Ээж, аавын тухай дуу тоглож дуустал тэдний хэн нь ч дуугарсангүй. Нам гүмийг эвдэн Оргих: - Болохгүй байгаа зүйлсийг өөрчлөхөд урлаг чухал үүрэгтэй. Гэхдээ дуулж, жүжиглэдэгүүд нь биш зохиож, найруулж, зурдаг хүмүүсийг эрхэмлэх ёстой юм даа гэлээ. Урнаа: - Та энд ингэж цэцэрхэж суухаар ямар нэг юм хийвэл дээргүй юу гэснээ шар айрагнаасаа нэг том балгаад тавилаа. Бүсгүй анх орж ирснээ бодвол илүү нүүр хагарсан бололтой дууны өнгө өөртэй итгэлтэй болсон байв. Оргих: - Өндөр хөгжилтэй улсууд, гурваас таван настай хүүхдүүдэд заавал сонсгодог сонгодог хөгжмийн хэдэн бүтээлүүд байдаг юм байна. Тэднийг эмхэтгэж хэвлэмэл ном болгох уу эсвэл цахим ном болгох уу гэдгээ шийдэж ядаад сууж байна даа гэхэд Пэрэнлэй: - Дээр үед хүүхэд байхдаа хотод ирсэн юм. Зурагтаар кино үзнэ гэж бодож ирснийг нь яана. Гэтэл нэг орос дарга нь нас бараад хэд хоног тэр уйтгартай хөгжим зурагтаар гараад ганц ч байлдаантай кино үзүүлээгүй шүү. Гэтэл одоо жаахан хүүхдүүд тэрнийг сонсдог хэрэг үү? Оргих: - Сонсноо. Бүр ээжийнхээ гэдсэнд байхад нь сонсговол бүүр сайн гэдэг юм билээ. Урнаа: - Чи өөрөө сонсдог байсан уу? Оргих: - Намайг бага байхад аав маань бичлэгтэй хуурцаг тоглуулдаг байсан. Тэр үед санаанд үлдсэн аялгуу, эгшиг том болсны дараа дорхноо сэргэдэг юм билээ. Урнаа: - Тэгсэн ч гэсэн та одоогийн хүүхдүүдэд тэр хөгжмөө сонс гэж тулгаж болохгүй. Пэрэнлэй: - Яг үнэн, бидэнд өөрийн гэсэн сайхан дуу хөгжим байдаг шүү дээ. Оргих: - Мэдээж хэрэг байгаа. Гэхдээ олон зуун жилийн түүхийн шалгуурыг даван гарсан бүтээлүүдийг сонсож өссөн хүүхдүүд, бидний дийлэнх шиг нийтийн сүлжээгээр сүржигнэх, асуудлыг тунгаан бодолгүй сэвэх, хэн нэгнийг бусдын үгээр дүгнэх үйлдлүүд гаргадаггүй гэж сонссон. Урнаа: - Тэгэлгүй яахын, тэд чинь гадаад хүүхдүүд шүү дээ. Оргих: - Бидний хүүхдүүд ч тэднээс ялгаагүй гэж хэлээд хөргөгчийхөө хөлдөөгчнөөс гадаад шошготой сархад гарган: - Энэ арай хатуудах уу гэж асуухад нөгөөдүүл нь өөдөөс нь харснаа маасайн инээмсэглэв. Пэрэнлэй: - Яасан миний авчирсан юм гологдоод байна уу гэлээ. Оргих: - Гологдоогүй, багадлаа гэхэд Пэрэнлэй: - Дахиад аваад ирэх бяр байгаа шүү дээ гээд өндийхөд Урнаа хойш нь татаж суулгаад: - Чи согтчихсон юмуу хаашаа юм гээд түүн рүү ширэв татснаа Оргих руу инээмсэглэв. Пэрэнлэй шинэ танилынхаа гэрт байгаагаа санаж амаа татлаа. Оргих: - Угаасаа уух юм байхад гарах хэрэггүй дээ гэснээ ууттай мөс гарган вискиний гурван хундаганд хийгээд дээрээс нь лонхтойгоосоо нэмлээ. Оргихийн хундагалсан хэмжээ Пэрэнлэйд багадсан бололтой: - Томхон юманд хийчих арга алга уу гэхэд нь Оргих арай том шилэн аяганд хийж дээрээс нь хэдхэн дусал нэмээд нөгөө хоёртоо өгч өөрөө нэгийг нь барив. Энэ удаа тэд ямар нэг сүртэй ерөөл хэлсэнгүй. Пэрэнлэй аягатайгаа нэг мөсөн уусан бол Урнаа уруул хүргэх төдий болоод ярвайв. Оргих өөртөө хийсэн сархадынхаа талыг нь уугаад гурван хундагаа сэргээв. Урнаа зурагтны удирдлага оролдож байснаа Оргихоос асаачих уу гэж харцаараа асуувал цаадах нь толгой дохилоо. Зурагтаар дуу хуур явна. Пэрэнлэйд юу гарч байгаа нь хамаагүй байгаа бололтой. Урнаа дуу алгасахгүй дагаж дуулахыг нь харвал овоо мэддэг болох нь илт ажээ. Үүнээс улиг болсон Оргих хэсэг харж байснаа: - Мундаг дуулах юмаа хэмээн ёжлох, егөөдөхийн хооронд хэлэхийг анзаарсангүй толгой дохин дуулсаар байв. Хэдэн дууны дараа Урнаагийн хоолой сааралтан өнгө алдаж эхэллээ. Гэвч тэр мэдэх сөхөөгүй дуулна. Ашгүй зурагтаар гарч байсан тоглолт дуусаж зар сурталчилгаа явлаа. Урнааг суваг сольтол гай болж өөр дуучны клип таарлаа. Урнаа дундаас нь даган дуулах нь тэрээ. Ашгүй нэг юм дуусахад нь Оргих: - Одоо хүнд хэрэгтэй юм үзье гэхэд Урнаа дуртай дургүй суваг солиод: - Танай эхнэр их зовдог байхаа гэлээ. Оргих: - Яагаад? Урнаа: - Ийм сайхан дуу явж байхад та сонсгодоггүй унтраадаг биз... Пэрэнлэй: - Бас дуулуулдаггүй ч байж мэднэ гэж хошуу нэмэрлэв. Оргих: - Тэр ч бас сүртэй сонсдоггүй юмаа гэлээ. Зурагтаар нэгэн дэгжин эрхэм хотын соёл, хотын хөгжим хэмээн ярих аж. Чих амрах шиг боллоо. Пэрэнлэй түүний яриаг сонсож байснаа гэнэт: - Би энэ хүнд дургүй. Хүмүүсийг хот, хөдөөгийх гэж шууд хэлэхгүй ч илт ялгаж, дургүй хүргээд байдаг юм. Юугаараа дээр болчихоод тэгж гийгүүлээд байдаг юм муу гөлөг гэв. Урнаа түүнийг дэмжин толгой дохиод: - Хотод анх ирж байхад охидууд нь “хувцаслалтын зоримог шийдэл” гэлцэхээр нь өөрийгөө их ганган байна гэж боддог байлаа. Гэтэл нийлээд муу хэлцгээж байсан байгаа юм даа. Одоо бид хоёрыг явахаар чи ч гэсэн бас тэгэх үү? хэмээн агсагнах аядаад амсаж тавьсан хатуу ундаагаа дуустал нь татлаа. Пэрэнлэй өөртөө бас Урнаагийн хундага руу гадаад архинаас ирмэгийг нь тултал хийгээд ууснаа: - Ганц энэ ч гэлтгүй хотынхон угаасаа зэвүүн. Зурагтаа унтраа хэмээн тушаалаа. Гэвч түүний үгээр Оргих зурагтаа унтраасангүй, Пэрэнлэй ч дахиж тушаасангүй. Харин утсаа шүүрэн авснаа нэг дугаар руу залгаад: - Хөгшөөн, би ерөөсөө компаниа хоёр тэрбум төгрөгөөр зараад, хүүгээ гадаадад сургуульд явуулая гэж бодлоо. Тэгвэл чамд ямар санагдаж байна гэх зэргээр хориод минут ярилаа. Ярих, ярихдаа бүр утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад бүгдэд сонсогдохоор ярив. Урнаа хамаг анхаараалаа Пэрэнлэйгийн ярьж байгаа юманд төвлөрүүлжээ. Оргих тэднийг орхин тагтан дээрээ гарлаа. Нар таатай шарна. “Дахин хэдэн өдөр ингэж халвал хаа сайгүй ган болно. Тэр үед хүмүүсийн анхаарал сулрана. Гэтэл дараа нь үер бууна. Тэр үед бүгдээрээ амаа барьцгаана” гэж түүнийг бодож байтал гэрээс нь тамхины утаа үнэртлээ. Эргэн хартал нөгөө хоёр зэрэг баагиулцгаах аж. Оргих: - Хүүе ээ, та хоёр гэрт тамхи баагиулахгүй ээ. Нэг бол тагтан дээр эсвэл бүр гараад татаж болно шүү дээ. Урнаа: - Сүртэй ш дээ... Пэрэнлэй: - За мэдлээ мэдлээ, юун олон юм ярьдаг лагай вэ? гэснээ тэд татаад дуусаж байсан тамхиа унтраацгаалаа. * * * Нар нилээн хэвийжээ. Ууж байсан сархад дуусч Пэрэнлэй, Урнаа хоёр явцгаажээ. Зурагтаар цуврал кино гарч байхад нь Оргих унтраагаад эвхдэг жижиг ширээгээ цэвэрлэж, хураан, усанд орж сэрүүцэх гэж байтал хаалга тогшин, хонх тасралтгүй дуугарлаа. Нээтэл үүдэн дээр нь нөгөө хоёр зогсож байв. Пэрэнлэй хонхны товчийг дарж байгаагаа таг мартсан бололтой. Урнаа түрүүхэн гарсан хэрнээ: - Сайн уу, бид танайхыг зорьж Зайсангийн амнаас зайрантан шиг морилж ирлээ гэж аальгүйтэв. Пэрэнлэй нөгөө гартаа дотор нь хэдэн лааз шар айраг хийсэн гялгар уут барьжээ. Тэднийг эргэж ирсэнд дургүйцэж байгаагаа Оргих илт харуулсан ч нөгөөдүүл мэдэж байгаа шинж алга. Мэдсэн ч авч хэлэлцсэнгүй шууд зүтгэсээр гэрт нь орж хоймор тухаллаа. Оргих хураасан эвхдэг, жижиг ширээгээ буцаан авчирч дэлгэтэл Пэрэнлэй: - Гарсан даруй ширээгээ хураачихдаг, хотынхон ийм өөдгүй гэж хэлээд амжихад Урнаа: - Харин тийм, зурагтаа ч унтраачихаж хэмээн дэмжив. Ширээ хураах нь өөдгүй үйлдэл болдогийг Оргих ойлгосонгүй. Тэд шар айргаа задлан ууцгаалаа. Урнаа зурагтын удирдлага авч асаан хэд хэдэн суваг сольсон ч ихэнхээр нь мэдээллийн хөтөлбөр гарч байсан тул дагаж дуулах боломж гарсангүй тэгсгээд орхилоо. Хотын төвийн хуучны барилгыг нурааж оронд нь шинэ байшин барихаар болсон тухай мэдээлэл явахыг үзээд Пэрэнлэй алга ташин баясах аядаад задалсан шар айргаа дуусгалгүй хана налан суугаагаараа хурхирч гарав. Урнаа сүүмийсэн нүдээр зурагт харж байснаа: - Би багадаа хар, цагаан зурагтаар ганцхан үндэсний телевиз үздэг байлаа гэснээ санаа алдлаа. Оргих: - Намайг бага байхад айл болгон хар цагаан зурагттай байсан. Долоо хоногийн хэдхэн өдөр, тогтоосон хэдхэн цагийн үндэсний телевиз үздэг байж дээ гэтэл Урнаа: - Би тэгвэл шинэ мянган гараад дөрөв, таван жилийн дараа тэгж үздэг байсан гээд бод доо хэмээн пал хийтэл хэллээ. Түүний энэ үг Оргихийг мэл гайхуулж орхив. Бид ардчилал, зах зээлд ороод арвандөрөв таван жил өнгөрч байхад хүүхдүүддээ хар цагаан зурагтаар ганцхан үндэсний суваг үзүүлж өсгөсөн эцэг, эхдээ гомд доо гэж хичнээн хэлмээр санагдсан ч тэр дуугарсангүй. Хэлсэн ч хөлчүү хүүхэн ойлгох нь юу л бол гэж бодоод Урнааг хартал Пэрэнлэйгийн өвдгийг дэрлэн унтаж байлаа. Тэдний ийнхүү унтсаар хэзээ сэрэхийг үл мэдэх Оргих нүүрээ норгон сэргээд, ажлынхаа ширээг эзэгнэн суув. Гамбино 2022 оны XI сарын 18 1FTW гэдэг нь WTF гэсэн товчлолын урвуу юм.

Saturday, October 15, 2022

ЗҮҮДНИЙ ТАНИЛУУД Шар ямаан хилэн хавтастай нүүрэн дээрээ ягаан сарнай ч билүү яргуй цэцгийн дүрстэй зургийн хуучин цомгоо үзээд сууж байх юмаа. Зориулалтын нүхгүй болохоор зургаа цавуудаж наах зориулалттай байсан юм. Харин би скочоор зургаа тогтоодог байлаа. Яг тэр хэвээрээ зургийн цомог зүүдэнд ороод ирлээ дээ... ...Хөдөөнөөс хамаатан садангаа ирэхэд хотод амьдардаг хэд нь гэрэл зурагчны газарт хүүхэд, хөгшдөө дагуулан бөөнөөрөө очиж, хамтдаа зургаа авахуулдаг уламжлал байв. Зурганд оролцсон өрхийн тоогоор угаалгаж мөнөөх хөдөөний айлчиндаа өгч явуулна. Нөгөөх нь нутагтаа очоод авахуулсан зургаа жаазандаа хадгалан орсон гарсан хүмүүст хэний хэн тэнд байгаа, энд ажилладаг гэх мэтээр танилцуулна бас бахархана. Тааруухан яваа нэгнээ гоочилдог ч биз. Жаран жилийн өмнө авахуулсан гэр бүлийн зурагт миний дүрс байхгүй, байх ч үндэслэлгүй. Түүнээс арван жилээр наашлахад намайг таньж болох дүрс мэр сэр харагдана. Дөч, гучин жилийн өмнөхөд бүүр ч тодроод ирнэ. Энэ зуур ахмад настнуудын тоо нэг хоёроор цөөрсөөр байгаа нь гэрэл зургаас анзаарагдана. Хорин жилийн өмнө авахуулсан манайханы зурагт өндөр настан гэх хүн бараг үгүй болж тэдний үр хүүхдүүд насанд хүрцгээн, ач зээ гэсэн шинэ бүлэг үүссэн байдаг... За зүүдээ үргэлжлүүлье. Хуучин цомог доторх зургууд бүгд амьтай мэт хөдөлцгөөнө. Хоорондоо ярилцана. Гэхдээ нэг үйлдэл дахин давтагдахгүйгээрээ ЖИФ дүрснээс ялгаатай. Анхааралтай харвал тухайн үед болсон явдал цааш үргэлжлэх мэт ажээ. Нэг зураг дээр би эргэдэг төмөр сандал түшин зогсож байснаа хэн нэгэн рүү уйлан зүтгэнэ. Орон зай нь илүү өргөн, урт байсан бол хаашаа ч явж мэдэхээр харагдана. Өөр нэг зураг дээр ээж толгойгоо яльгүй баруун тийш гилжийлгэн дуу дуулах аж. Даанч сонсогдохгүй юм. Гэтэл зарим зурагнууд дээрх хүмүүс үзэж байгаа намайг таниад байгаа бололтой өөдөөс гараараа даллаж байх юм. Ялангуяа арвантаваас хорин жилийн өмнө авахуулсан миний зурагнууд надад нэг юм анхааруулж хэлэх гэсэн үү нилээн тэвдэнгүй дохиж харагдана. Тэр үед би нас залуу, ухаан мулгуу, хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй байсан болохоор өнөөдрийн надаас ирээдүйгээ мэдэхээр сандарсан байж магадгүй. Миний залуу цагийн зураг л хорин жилийн дараахь өөрийгөө танилаа гэсэн шүү юм бодсоор хуучирсан цомгоо эргүүлж суутал итгэмээргүй юм боллоо. Өнгөрсөн зууны номенклатур албан тушаалтны нийтлэг хэв шинжийн илэрхийлэл болсон каракул захтай пальто, мөн эдээр хийсэн гоголь малгай өмссөн аав маань цомгийн нөгөө хуудсны гэрэл зураг дээрх нэгний анхаарлыг татах гэж ихэд хичээх ажээ. Ахиулаад хартал нөгөө хүн нь гучин таван жилийн өмнөх хар нялхаараа би байх юм. Нэг цаг үеийн хоёр хүн бие биенээ маш сайн таниад байхаар нь би саяхан авахуулсан гэр бүлийнхээ зургийг нөгөө хоёр зураг дээрх хүмүүст харуулвал аль аль нь одоо цагийн намайг огт таньсангүй. Нөгөө хоёр зурагний өөдөөс бусад хамаатан, садангуудынхаа гучин жилийн өмнө авахуулсан зурагнуудийг харуултал тэд харилцан биесээ олж харцгаагаад бөөн хөөр болох ажээ. Тэдний дунд намайг тоож, таних нэг ч хүнгүй нь харамсмаар. Зүүд даанч богинохон юм даа. Гамбино

Friday, October 14, 2022

ЗҮҮДНИЙ АЯЛАЛ Аав ээжийг дэргэдээ суулгаад жолоогоо чанга атган давхина. Гучин жилийн өмнө нас барсан аав миний зүүдэнд байнга ордоггүй. Арван жилийн өмнө тэнгэрт хальсан ээжтэй цуг эргэж ирэхдээ ямар дэгжин харагдаж байна вэ? Машины арын суудалд би ганцаараа голлон суужээ. Дэргэд эгч, охин дүү хоёр алга. Өмнөө суугаа хоёрт анхаараад, ардаа хоцорсон тэднийг дахин бодох ч хүсэл төрсөнгүй. Ямар ч бартаагүй, хааяа нэг эргэлт төдийхөнтэй замаар бидний суусан машин урагшилна. Дэргэдүүр үүл, манан хөвсийнө. Хаана явж байгаагаа сонирхох хүсэл төрөхгүй нь хачирхалтай. Аав ээж хоёр ам хуурайгүй ярина. Эд уулзаад арван жил болсон байх ёстой, гэтэл ярих юм нь дундардаггүй юм байхдаа. Эсвэл өнгөрсөн хугацаанд уулзаж амжаагүй байсан хэрэг үү? Гэнэт надад сууж яваа машинаа үзмээр санагдангуут би суудлаасаа хөөрөн нисэж, мөнөөх машинаа гаднаас нь харах нь тэрээ. Үүлэн цэнхэр өнгөтэй, эвхэгддэг дээвэртэй кабриолет аж. Ингэж ниссээр ээж, аав хоёроосоо төөрчихөж магадгүй гэж бодонгуут би хэний ч тусламжгүй эргээд арын суудалд сууж байх юм. Үүл манан дундуур давхиж байгаа болохоор тэнгэр бүрхэг, зам дээгүүр явган цас хийснэ. Сүүдэр алга. Гэрэл ч алга. Нүд баясгах өнгө ч алга. Ургамал, модод урсах ус ч алга. Зам дээр таарах ан амьтад, мал сүрэг, жигүүртэн шувууд ч алга. Энэ бүхнийг би ээж, аав хоёртойгоо гэнэт учирсандаа баярлаад эхэндээ анзаараагүй юм байна. Гэнэт замын байдал өөрчлөгдөн асар том барилгын дээвэр дээр явж байгаа мэт санагдлаа. Энэ бүхэн тархинд төсөөлөгдөж байгаа болохоос нүдний өмнө мөнөөх байдал хэвээрээ. Кабриолет хурдаа хассангүй бас нэмсэнгүй. Урд суух хоёр, тэднийгээ хамгийн сүүлд харсан цагаас улам залуухан болжээ. ... Аав маань дөнгөж тавинхоёрхон настайдаа өөд болсон юм. Эмнэлэгт өвчтэй байхад нь би орхиж яваад, эргээд ирэхэд нэгэнт үгүй болсон байж билээ. Турж эцээд нүд хальтирмаар болсон тул би удаан тэсэж чадалгүй гарсандаа одоо болтол харамсдаг. Эмнэлэгт байхдаа дөрвөлжин шугамтай дэвтэр дээр өөрийнхөө халууныг цаг тутам графикаар тэмдэглэсэн нь амьдралд хайртай байсны илрэл гэлтэй. Эсвэл өөрийгөө анагаах ухаанд зориулаа юу гэмээр. Нямбайлан хусдаг сахал нь өрвийтөл ургаж, цал бууралтсан нь одоо хүртэл санаанд хадаатай ч яг үнэндээ ямар төрхтэй хүн байсныг нь мартчихсан мэт санагдах үе надад гардаг. Гучин жил шүү дээ... Зам дээр, чанх урд гэнэт хөхөвтөр хувцастай хоёр хүн гараад ирлээ. Юу юугүй мөргөх нь үү гэтэл тэдний нэг нь өлмийгөө хөдөлгөх төдий болоход бидний сууж явсан машин ямар ч эндэгдэлгүй өнгөрөөд явчихав. Юу болсныг мэдэхээр өндийн эргэтэл тэдний гуталнууд нүдний өмнө минь ирэв үү эсвэл би гутлых нь урд хэвтэв үү ёстой ойлгомжгүй үзэгдэл боллоо. Мөнөөх хоёр хүний нэг нь хөлөө 2-3 мм хөдөлгөсөн төдийд осол гарсангүй. Материаллаг ертөнцөд ийм явдал болсон бол энэ хоёр хүн бараг л дайруулчихлаа гэнэ. Бид гурав цааш давхисаар. Хаашаа явж байгааг урд суугаа хоёр л мэдэх байх. ... Ээжийг өнгөрөхөд би дөч хүрчихээд байсан юм. Зүрх муутай, эмээр өдөр хоногийг давдаг түүнийг өнгөрөхөд болох ёстой юм боллоо гэж бодож билээ. Далан нас гэдэг тоо залуу биш ч бас өндөр нас бишээ. Үзэх ёстойгоо туулчихсан байдаг үе. Надаар заавал хөлдүү газар “малтуулна” гэж ээж хэлдэг байсан. Тэрэндээ хүрсэн, хүслийг нь ч би биелүүлсэндээ баяртай явдаг... Ямар ч саадгүй явж байтал гэнэт урд том нүх гараад ирлээ. Хурдтай давхиж явсан үүлэн цэнхэр кабриолет зогсоход дотроос нь би буув. Нүхэн дотор бүсэлхийгээ хүртэл зоогдсон хөвгүүн байх юм. Гараас нь таттал хөдөлдөггүй. Аав, ээж хоёр зэрэгцэн зогсоод тоосон шинжгүй ярилцсаар. Би халааснаасаа утсаа гаргаж 101-105 хүртэлх бүх дугаар руу залгах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Миний бүтэлгүйтэхийг анзаарсан аав халаасаа уудлан утсаа өгч залга гэж дохилоо. Утсан дээр нь дарах тоо байсангүй. Хэд хэдэн товчлуур эвлүүлэх гэж байтал урт, шилбэ, хуруутай хэн ч юм нэг эмэгтэй утас булаацалдаад байх юм. Энэ зуур би нөгөө хоёроос тусламж гуйхаар хартал надаас залуухан, өндөр, маш дэгжин хувцасласан үзэсгэлэнтэй хос дээшээ хөндийрөх ажээ. Нүхэн доторх хүү доошоо шигдсээр. Ийнхүү шигдсээр сарвайсан гар нь үлдэн улмаар харагдахгүй болох үед өнөөх хоёр ч хөөрөн алга болсон байлаа. Ийм нэгэн аяллыг зүүдэндээ хийсэн би ч сэрсэн юм. Гамбино 2018 оны 9 дүгээр сар 8

Saturday, October 8, 2022

ОЖ Уушийн газарт тамхи татахыг хорьсноор тамхичид бөөгнөрдөг орон зай бий болж, нэр усаа мэдэлцэж амжихгүй ч ганц янжуур улалзуулаад өнгөрөхийн хооронд нэг хоёр хүмүүсийн дунд хүсэл мөрөөдлөөс уйтгар гуниг, төрөхөөс үхэх хүртэлх юмс үзэгдлийг цөөхөн үгээр солилцдог болжээ. Насанд хүрснээ мэдрэх, түүнийгээ бусдад батлан харуулахыг зорьсон хүүхдээрээ шахуу охид, хөвгүүд ихэнхдээ дийлэнх нь байдаг. Гэрийхнийхээ орлогыг хуу хаман ирдэг нэг нь өөрийн дэмжигчидээ дауулаг биелэг загнаж байхад түүнээс дутахгүй гэсэндээ гар утас, өмссөн пүүз, зөөврийн компьютерээ ломбарданд тавьж олсон мөнгөөрөө даржиндуухан тансаглан суух хэсэг бий. Гуч гарсан эрчүүд, бүсгүйчүүд тэдний дэргэд илүү их эрх чөлөө мэдрүүлнэ. Айлын бэр болоогүй, энэ тухай огт боддоггүй нь илт бүсгүйчүүд эрчүүдийн хараа булаах хүслээ тод гэрлийн дор нууж ядан сууцгаадаг. Харин тэдний үеийн залуус дүүмэд охидод сургааль айлдан, үеийнхээ бүсгүйчүүдийг халамжлан, бийлэгжүү эгч нарыг бие хаа, царай зүсээр нь зэрэг дэв тогтооно. Энэ бүхэн хамгийн гэрэл багатай мухар бараадан үнэтэй ундаагаар ширээгээ чимэх завтай бас мөнгөтэй эрчүүдэд ил харагддаг. Тэд нүд хужирлах, боломж гарвал хүрд эргүүлчих санаатай ч ажил хэрэгч уулзалтыг чадварлаг дэглэн нууцлахдаа гаргуун. Би эдний аль нь ч биш. Халаасандаа захирагдаад шар айрагнаас хэтэрдэггүй. Гэхдээ өөрийгөө архичин гэхэд үгүйсгэдэггүй. Өгөөмөр нэгний хишгийг нэрэлхэлгүй хүртчихдэг, өөрийнхөө өрөөсөнтэй нийлээд хоёр биесээ болгочих чадалтай. Найр тавьсан нэгний ширээнд суугаад босохын хооронд хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад өмнөө сөгнөсөн ундаагаар нь дайлуулчих ядсан ч гэсэн сүйхээтэй л эр. Уушийн газрын эзэн залуутай танилцаад аятайхан сэтгэгдэл төрүүлжээ. Хааяа хэт их биш өр тавьж уучихна. Тэрнийгээ болж өгвөл удаалгүй өгчихдөг учраас нөгөөх нь тэгтлээ татгалзаад байдаггүй. Ер нь бол их бага нь хамаагүй танилтай байх чухал. Хэн нэгнийг таньдаг байна гэдэг хэдхэн үг сольсон төдийгөөр тодорхойлогддог болжээ. Зарим хүмүүс үл таних нэгэнтэй ширээний ард сууж аяга тагш юм сөгнөснөө ба бэгүй таньдаг гэж сайрхах нь бий. Цаг хугацаа өмнөхөөсөө илүү хурдалдаг эсвэл хүний амьдрал урьдийнхаасаа богиноссон юм уу гэлтэй, насаараа хамт амьдарсан нэгнээ гүйцэд мэдэлгүй үддэг, мэдүүлж амжилгүй явчихдаг болоо юу даа. Саравчтай малгайнаас салдаггүй тэр зузаан эр дуу шуутай цоглог нөхөр. Халамцахаараа ам нь болж өгдөггүй. Малгайгаа буруу харуулж өмсдөг өндөр залуу эрүүл, согтуу нь мэдэгддэггүй. Гэхдээ ууж харагддаг. Харааны шилтэй арай ахмад эр уух зүйлсээр ширээгээ дүүргэдэг ч бусдыг дайлсаар өөрөө амсалгүй үлддэг. Дээр нь би өөрийгөө нэмэх юм бол энэ дөрвөн этгээд уушийн газрын “тавилгууд”. Бусад нь ихэвчлэн нэг удаа таарсан царайнууд. Нүд хужирлах бүсгүй, ангайтал сонин хууч хөөрөх эр алга. Харих минь. * * * - Та оюуны хөдөлмөр эрхэлдэг үү? - Тийм ээ, би багш хүн. - Та хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан уу? - Залуудаа хэдэн жил Заамарт нинжа хийдэг байхдаа мөнгө усаар алт цэвэршүүүлдэг байлаа. - Та заг, хүйтэн, тэмбүү, гахай хавдар зэрэг нийгмийн халдварт өвчин тусаж байсан уу? - Гучингурван настайдаа гахай хавдар тусаж байсан. - Тэгэхээр танаас удаа дараа шинжилгээгээр эр эс чинь хөдөлгөөн удаантай, хоёр салаа сүүлтэй, тоо цөөн байгаа нь тогтоогдсон. Тиймээс танай гэр бүл хүүхэдтэй болохгүй. - ... - Та өмнө нь хүүхэдтэй юу? - Гадаадад амьдардаг нэг хүү бий. Холбоогүй л дээ. - Тэгвэл ч бас учиртай юм... * * * Намар сайхан. Тагтан дээрээ тамхилах бас сайхан. Намар тагтан дээрээ тамхилах бүүр ч сайхан. Би хэрвээ ичээндээ өвөлждөг амьтан байсан бол намрын дунд сар гарангуут хамгийн түрүүнд ичээндээ шургаж, зуны сүүлээр гарахсан гэж хүсдэг. Болж буй үйл явдлуудад савлахгүй, ийм юм болжээ гээд өнгөрнө. Япончууд атомын бөмбөгийн тухай асуултыг дэвэргэлгүй “тийм юм түүхэнд болсон” гэж хариулдаг юм билээ. Гэхдээ тэд цөмийн зэвсгийг хамгийн шийдвэртэй эсэргүүцэгчид. Өнөөдөр би хажуугийн хүнсний захаас хоолны мах, бага сага ногоо цуглуулах ёстой. Өглөө эрт очвол арай өргөн сонголттой байдаг. Сургуульд байхад хоёр анги доор сурдаг байсан, хажуу байрны Ялалттай хамт явахаар тохиролцсон юм. Ялалтыг мэндэлж байх үед төрөх эмнэлэгт хүйн халдвар гарч, ойролцоо төрсөн арвангурван хүүхдээс тэр ганцаараа амьд үлджээ. Нэр нь ч энэ явдалтай холбоотой. Хүйн халдварын эмчилгээний улмаас ярихдаа хааяа гацаж ээрдэг, үе үе толгойгоо салгалуулдаг хүү байсан тэр нь тавин нас хүрсэн ч хэвээрээ аж. Ялалт бид хоёр өмнө нь нэг бус удаа зах явж байсан. Би авсан хүнсээ түүгээр өргүүлдэггүй, өөрөө үүрээд явдаг. Энэ нь түүнийг багадаа бие султай хүүхэд байснаас болдог юм биш, надад зориулж өөрийнхөө цагийг зориулсаны талархал болгож байгаа хэрэг юм. Ялалт их азтай. Хүйн халдвар туссан бусад хүүхдүүдтэйгээ цуг нас барж эцэг, эхийгээ өнчрүүлээгүй. Он цагийн эрхээр аав нь өөд болсон ч ээжийгээ асарсаар яваа ачлалт хүү нь. Биднийг хүнсний захаас буцах замд миний утас дуугарлаа. Би утасных нь дугаарыг нэрнийх нь араас “шар айраг” гэж тодотгон хадгалжээ. Бодвол хэзээ нэгэн цагт шар айраг ууж байсан эсвэл уухаар болзсон хүн бололтой. Дуудлагыг нь автал залуу эмэгтэй: - Сайн байна уу, би таньтай уулзах гэсэн юм гэж шууд тулгалаа. Хэн болохыг нь санахгүй байсан ч би ихэд танимхайран: - Сайн, сайн байна уу, Оюунжаргалаа гэвэл өөрийх нь нэрийг мэдэж байгаад олзуурхсан бололтой дууных нь өнгө илт сэргэн: - Таныг өнөөдөр завтай бол би уулзах гэсэн юм. Урд шөнө таныг зүүдэллээ. Тэгээд сэрэнгүүтээ залгаж байгаа юм гэх нь тэрээ. - Хоёулаа уулзаад юу хийх билээ? - Би уулзаж байгаад хэлье. - Чи хэдэн цагийн үед уулзах боломжтой вэ? - Би 11 цагт ахынхаа хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд 13 цаг гэхэд завтай болно. Тэгээд таны байгаа газарт яваад очье. - Би тэр үед хотын төв хавиар байна. Хүн хүлээх дургүй шүү. - За, би таныг удаан хүлээлгэхгүй ээ. - Чамайг сулрахаас цагийн өмнө хаана байгаагаа хэлье. - Тэгээрэй, баярлалаа. Бидний дунд ийм яриа болоод өнгөрлөө. Утсаар ярихдаа нэр усаар нь дуудаад сүрхий байсан болохоор хаана, яаж танилцснаа асуухаас нэрэлхээд чадаагүй юм. Даруй нийтийн сүлжээнээс нэрээр нь хайтал таних хүүхэн гарч ирсэнгүй. Ямар ч гэсэн эмэгтэй хүн болохоор өдрийн үлдсэн хагас аягүйдвэл маргааш өглөө болтол зугаатай байж магадгүй. Болзсон цаг болтол гадуур тэнэж, хүмүүстэй уулзан хоёр аяга кофе уулаа. Ариун цэврийн өрөөнд орохдоо тольдож амжлаа. Бас хогийн сав бараадан хэдэн ч удаа тамхиллаа. Гэтэл мөнөөх дугаараас залгаж байх юмаа. Өөрийгөө хүндэлж мэддэггүй, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй бүсгүйчүүд болзоо товлочихоод гэнэт ирэхгүй урам хугалах явдал бишгүй гарч байсан болохоор тэдний нэг нь гэж бодлоо. Гэтэл харин залуу эмэгтэй уулзах газраа тодруулж байх юмаа. Ойролцоох газраа заачихаад хүлээлээ. Хүлээх зуураа хажуу дэлгүүрээс цэвэр ус авахаар явлаа. Тооцоогоо хийж байтал мессенжер дуугарав. Дэлгүүрээс гараад үзвэл “би ирчихлээ, та хаана байна” гэжээ. Илгээгчийн профайл зургийг харангуут түрүүний сэртэнт санаа ор мөргүй арилж, уулзахаар зөвшөөрсөндөө харамслаа. Би түүнтэй таван жилийн өмнө нөгөө уушийн газарт хоёронтоо тааралдсан юм (хожим нь тэр гурав таарсан гэж хэлсэн). Халамцуу явсан болохоор түүнийг дүүгийнхээ охинтой төстэй гэх ухааны юм хэлсэн байх. Ямар ч гэсэн тэгж харагдсаныг санаж байна. Дахиж тааралдахдаа бүр согтуу байсан болохоор юу ярьснаа санах юм алга. Уучихсан явахад үгээр илэрхийлэх боломжгүй элгэмсүү сэтгэгдэл хөндсөн байх эсвэл шар айрагны нөлөөгөөр сэрэлтсэн ч байж магадгүй. Тэр цагаас хойш маш олон үйл явдал өрнөжээ. Хоёр удаа ажлаа сольж үзлээ. Таагүй уур амьсгалд өөрийгөө залхаан, цалингаас хамаарч амьдрах гэж оронцоглосондоо харуусмаар. Гэтэл дэлхий даяар тахал гарлаа. Толгойтой бүхэн тусаж золгүй зарим нь өнгөрцгөөлөө. Би ч бас туссан. Халуураад хэвтэж байхдаа хөлийг минь хучиж, булшин дээр минь уйлах нойтон сормуустай хүүхэдгүй л байх нь дээ гэсэн бодол бусдад төлөх өр, авлаганаас илүү миний санааг зовоож байсан юм. Гэвч үхсэнгүй, босоод ирсэн. Хөл хорионд байхдаа өөрийгөө давгүй хоол хийдгээ мэдлээ. Аль болох зурагтаас хол байж, номтой ойр байхаар чармайлаа. Тэр тусмаа уран зохиолоос зай барьж улс төр, философи голчлон анхаардаг болов. Уудаг асуудал хөл хорионы үед багассан ч дараа нь бүр ч эрчимжлээ. Бүр хөл толгойгоо алдаж билээ. Иймэрхүү юм бодсоор болзоот газраа иртэл нөгөөх маань харагдсангүй. Намхан, наснаасаа жаахан харагдах охин дагуулаад явж байхыг таньдаг хүмүүс харвал өлхөн “шар сэмж”-ээр дуудах тул энэ завшааныг ашиглан дутаах гэтэл өөдөөс гараад ирлээ. - За сайн уу? Уулзалгүй их удлаа шүү. - Харин тэглээ. Та их сайхан харагдаж байна. - Уулгүй хэд хонож байгаа юмаа. Ингэхэд чи ямар хэргээр уулзах гэсэн бэ? Би ажил төрөлгүй, хурааж цуглуулсан хөрөнгө зоорь муутай ядсан амьтан шүү дээ. - Та намайг санхүү гуйна гэж бодсон юм уу? - Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. - Хоёулаа хамт алхая тэгэх үү? Цаашдаа хүйтрээд алхахад тавгүй болно. - Тэгье, манай хотын хамгийн гоё гудамж эндээс эхлээд драмын театр хүрээд дуусдаг. Бид алхлаа. Эхлээд би гэр бүлийн амьдралын юу нь сайхан юу нь тааруухан болохыг өөрийнхөө амьдрал, энд тэндээс сонссон үнэн худал нь үл мэдэгдэх жишээнд тулгуурлан ярив. Ээжээсээ бусад гэрийхэнтэйгээ таарамж муутай байдаг тухайгаа тэр чин сэтгэлээсээ өгүүллээ. Дараа нь би үзсэн киногоо ярьж өглөө. Гэхдээ агуулгаас илүү үйл явдлыг нь ярилаа. Охин миний яриаг таслалгүй сонсож явлаа. Арваад хоногийн өмнө эмэгтэй найзынхаа ажиллуулдаг кафе шопоор дайрч хөлөө амраангаа амны цангаа гарган сууж байлаа. Хажуугийн ширээнд гуч дөнгөж гарч байгаа бололтой хэдэн бүсгүйчүүд хорвоогийн хамаг юмыг ам уралдан ярьцгаана. Үе үе тас тас хийтэл чанга инээлдэнэ. Сэтгэл хөөрсөн хүүхнүүдийн ам хэл гүйцэгддэггүй болохоор би тэднээс болгоомжилдог. Тийм ч учраас анхаарлаа тийш нь хандуулсангүй. Бас царайлаг, гоолиг хүүхэн тэдний дунд харагдаагүй болохоор анхаарая ч гэж бодсонгүй. Гэтэл утас жингэнэн дуугарахад нэг бүсгүй нүднээсээ оч гялалзуулан “аав залгаж байна” гээд гарсан юм. Яг энэ мөчид надад “охинтой байсан ч болоосой” гэсэн бодол харван орж билээ. - Би чиний зүүдэнд яаж орсон бэ? - Та надтай юм яриад инээж байсан. - Бид хоёр юу ярьж байсан юм бол? - Мэдэхгүй, санахүй байна. Ямар ч гэсэн их хөгжилтэй байсан. - Шал утгагүй юм. Энүүхэний төлөө надтай уулзах гэсэн хэрэг үү? - Би бас хэдэн юм асууж болох уу? - Би хариулж чадахгүй байх доо. - Та чадна, ганцхан та л чадна. Их дэлгүүрийн хажуугийн замаар бид зэрэгцэн алхана. Урд нь намайг эмэгтэй хүнтэй хамт явж байхад дэргэдүүр өнгөрөх хүмүүс бүгд биш ч гэсэн цөөнгүй нь ёс юм шиг сонжихыг би хараагүй ч мэдэрдэг. Надаас илүү хамт явсан бүсгүйн царай зүс, үс гэзэг, өмссөн хувцас, зүүсэн чимэг зүүлтийг хардаг байсан юм. Энэ удаа биднийг тоож харах хүн таарсангүй. Тун таатай мэдрэмж. Хэрээрээ дэгжирхэн богино банзал өмссөн ч хүүхдийн унаган мах нь татраагүй хөлөнд нь зохиогүй ажээ. Иймэрхүү махлаг охид том хөхтэй, тэрнээсээ ичдэг. Тэгээд хэлхгэр хувцас өмсөж тарганаа халхалдаг. Ийм охинтой залуу насыг нь бодож л унтах байх даа. Өлөн залуусын нүд тусахгүй амар юм. Байз байз бид энэ хүмүүст аав, охин хоёроор харагдаад байгаа юм байна. Бусдын нүдэнд аав, охин хоёр үнэндээ бол амрагууд. Даанч голгүй царай муутай юм даа. Ямар бүх насаараа зууралдах биш ердөө л нэг хоёр удаагийн зугаа шүү дээ. Харин санаагаа яаж ойлгуулдаг юм билээ. - Бренда Спенсер гэдэг охины тухай чи сонсож байсан уу? Охин ч гэж дээ одоо бүүр хөгширсөн л дөө. - Үгүй ээ юу гэж? - Далаад онд Америкт болсон явдал л даа. Арванзургаан настай байхад нь үул сарын бэлэг болгож аав нь автомат винтов буу бэлэглэжээ. Тэгтэл нөгөө охин чинь нэг өглөө сэрээд замын эсрэг талд харагдах бага сургууль руу гал нээгээд эхэлжээ. Долоо найман хүүхэд, сургуулийн захиралыг шархдуулаад, нэг хүүхдийг харуултай алсан санагдаж байна. - Аав нь буруу эрхлүүлсэн байна. - Хэрэг гарсныг сонссон сэтгүүлчид гэр рүү нь утасдаж яагаад ийм хэрэг хийх болсныг нь асуухад “Би даваа гарагт дургүй” гэж хариулсан гэсэн. Түүний тухай дуу хүртэл байдаг юм. - Би сонсохгүй ээ. Хоёулаа зөндөө алхлаа, та ядрахгүй байна уу? - Гайгүй ээ, чи ядарч байна уу? - Жаахан суумаар байна. Гэхдээ зүгээрээ. - Энүүхэнд манай найзын ажил байдаг. Юмаа хийгээд бидний ярианд саад болохгүй. Тийшээ очих уу? - За тэгье. - Чиний үс ургаад Бренда Спенсер шиг харагдаж байна. Биднийг ороход Болдоо ширээнийхээ ард суугаад юу ч юм хийж байлаа. Найзууд дундаас Болдоо арай бийлэгжүү нь. Түүнийг шүүгээнд шар айраг, морь сарлаг зоолттой байдаг болохоор ийшээ дагуулж ирсэн юм. Дөнгөж оронгуутаа би Болдоотой харц тулгармагц шүүгээ рүү нь нүд ирмэвэл тэр толгой дохилоо. Охиныг жаахан ч гэсэн халаавал санасандаа хүрч болмоор санагдсан болохоор би охиноос шар айраг уух уу гэж асуув. Үгүй гэвэл шахах байлаа. Азаар охин шахуулсангүй. Гэхдээ хэдэн асуултынхаа хариултыг сонсчихоод дүүгээ сургуулиас нь авахаар явна гэв. - Та миний насан дээр байхдаа ямар ажил хийдэг байсан бэ? - Нэг оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Тэнд хар түмэн хүүхнүүд, эрчүүд гарын арван хуруунд багтам цөөн. Гэр бүлгүй залууд тэр чинь зугаа шүү дээ. Бужигнуулдаг л байлаа. - Тэгвэл та тэндээс эхнэр авна гэж боддог байсан уу? - Яалаа гэж дээ. Хамт ажилладаг хүмүүс гэрлэвэл “цус ойртолт” болно. - Түрүүн та гэр бүлийнхээ амьдралд сэтгэл дундуур байдаг гэж ярьсан. Яагаад тэр вэ? - Нэг хүнтэй бүх насаараа хамт аж төрж, хариуцлага хүлээх хэцүү санагддаг. - Та яг одоо миний байгаа насан дээр, миний оронд байсан бол юу хийх вэ? - Ёстой энэ тухай бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан секс хийж үзнэ. Сарын тэмдэг гэж юу болох, эрэгтэй хүнд дурлах, жирэмслэх, хүүхэд төрүүлэх гээд олон юм үзэх байх. - Хүүхдээ аавгүй өсгөж үзэх үү? - Чи ямар хэцүү асуулт асуудаг хүүхэд вэ? Чи хэрвээ миний насан дээр миний оронд байвал ямар байх тухай бодож үзсэн үү? - Ямар ч гэсэн танаас өөр байх болов уу? Гэхдээ таны одоо байгаагаас дордуулахгүй. - Та өөрөөсөө айдаг уу? Юу ч хийж магадгүй учраас өөрөөсөө айх үе надад бий, гэхдээ би бардам зандаа хөтлөгдөн: - Тэнэг юм шиг өөрөөсөө айна гэж юу байхав дээ гэсэн боловч охин миний хариултанд итгээгүй нь илт. - Ер нь бол энэ тухай бодож байгаагүй юм байна. Маргааш сануулаарай бодож байгаад хариулая. - За тэгвэл дахиад нэг юм асууя. Та хүнтэй гэр бүл болохыг таатай үздэггүй юм байна. Гэтэл уулзаж учирдаг хүүхнүүдийн чинь нэг танаас хүүхэдтэй болчихвол яах вэ? Охины хээ хуар болсон хар дотоож огтор банзлых нь доороос цухуйна. Эм юм гэсэндээ бас хээтэй дотоож өмсдөг байх нь. Эзэн нь ичихгүй байхад би нүдээ нуухгүй ээ. Далдуур өөрийгөө харуулж ч байгаа юм билүү. - Чи сая юу гэсэн бэ? - Таны уулздаг хүүхнүүдийн нэг танаас хүүхэдтэй болчихвол яах вэ? - Одоо тийм юм болохгүй ээ. - Залуу байхад чинь тийм явдал болсон бол яах вэ? - Дахиад жаахан бодож үзье. Ямар ч гэсэн тэр хүүхдийн аав нь гэдгээ мэдүүлэх байсан болов уу. За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Миний хэзээ ч төсөөлж байгаагүй юм асуугаад байна. - Та биологийн эцэг гэдгээ л мэдүүлэх юм байна. Аав бол яав ч биш. - Чиний шар айраг дуусаж байна уу? Дахиад задлах уу? - Зүгээр баярлалаа. Намайг төрөөд удаагүй байхад аав маань нас барсан гэлцдэг юм билээ. Амьдралын жамаар ээж хүнтэй суусан. Би аав, эцэг хоёрын ялгааг сайн мэддэг. Тэр хүн намайг сургуулиас авч байсан удаагүй. Эцэг, эхийн хуралд очиж байгаагүй. Сургууль төгсөлтийн тайлан тоглолтыг ирж үзээгүй. Тэнэгийг тэнгэр ивээж заяасан ганц хүү маань ээжтэйгээ хамт багадаа гадаадад гарсан болохоор би ч бас энэ охины ярьж байгаа зүйлсийг биеэрээ туулж үзээгүй юм байна. Тэглээ гээд элдэв юм бодож шаналж байсангүй. Японд өөрийгөө түрээслэдэг үйлчилгээ байдаг гэсэн. Надад лав түрээсийн “хүүхэд” хэрэггүй. Түрээсийн хүнээс сэтгэл гарах уу гэдэг эргэлзээтэй. Магадгүй бүх юманд чин сэтгэлээсээ ханддаг бол гарах байх. Энэ охин хэд хоногийн өмнөх “охинтой байсан ч болоосой” гэсэн хүслийг минь асаах нь байна. Байз, тэр хүслийг асааж огт болохгүй, тэгэх л юм бол нөгөөх маань бүтэхээ болино. - Чи миний уншиж байгаа номын баатар шиг ийм хүнд асуултуудыг ямар ч сэтгэл хөдлөлгүй тавилаа. - Тийм үү? Би ингэсгээд явья. Та намайг гаргаад өгөөч гэж хэлэхдээ охин утасныхаа цагийг хяламхийн харав. Болдоогийн өрөөнөөс бид гарлаа. Намрын сүүлчийн нарлаг өдрүүдийн нэг өндөрлөх дөхжээ. Нар таатай ээнэ. Тамхиа асаатал охин: - Надаа нэгийг өгөөч гэлээ. Тамхийг нь асааж өгөөд гэнэт манж үг хэлмээр санагдан ам нээх гэтэл: - Би нэг юм танаас гуйя. Та яг одоо хариулах гээд хэрэггүй. Сайн бодоорой. - Ээ би ч дээ мөнгө, төгрөг муутай хүн шүү дээ. Дээр нь “үл бүтэх” хүн болохыг чи сая мэдсэн. - Мөнгө огт хамаагүй. Та асуулт болгонд чин үнэнгээсээ хариулсан. Та оёдлын үйлдвэрт хамт ажилладаг байсан хүүхнүүдээ санадаг уу? - За бараг үгүй дээ. Олон жил өнгөрч. Одоо харвал танихгүй биз. - Та ингээд л үнэнээ хэлчихлээ. Охин ингэж хэлснээ татаж байсан тамхиа дуусгалгүй хаяж, хоолойгоо зассанаа: - Би тэр эмэгтэйчүүдийн нэгнээс нь төрсөн. Тэгээд таныг “аав аа” гэж дуудаж байж болох уу гэж гуйх гэсэн юм. Энэ үед чих шуугиж, нүд бүрэлзэн, тархи дүйрлээ гэж бусад зохиолчид бичих байсан биз. Харин би тэгсэнгүй. Элгээ дэвтээж явах, эцсийн замд нулимс дуслуулан үдэх надад маш их дутагдаж явсан хүн өөрөө хүрээд ирлээ. Би олон юм бодсонгүй: - Заавал маргаашийг хүлээх хэрэггүй. Би чамайг охиноо гэж үзэх болно. Түрүүхэн намайг эзэгнээд байсан чивэлт бодол сарнин алга болжээ. Хэдий жижигхэн биетэй ч хорь гарсан охиныг олны хөл дунд үнсэхээс ичиж байх юм. Охин гэнэт: - Би явлаа гэснээ араас нь түгдрэн: - Ааваа, баяртай гэв. Би: - Маргааш уулзая даа... “Охин” гэдэг үг миний амнаас гарсангүй. Их эмзэг үг ажээ. Өөрийг нь охин гэж дуудах надад эвгүй байгааг тэр мэдэрсэн бололтой жижигхэн гараараа далалсаар алхан одлоо. Гамбино 2022 оны 10 дугаар сарын 2

Tuesday, August 23, 2022

ҮНСЭЛТ Үнсэлт хэдэн янз байдгийг судлаачид тогтоосон байдаг биз. Харин одоогоос 40 гаруйхан жилийн өмнө хүүхэд байхдаа “үнсэлт” эцэг, эх хүүхдүүдийн дунд, эсвэл амраг хосуудын хөнжил дотор өрнөдөг үйл хэмээн боддог байлаа. Соцреалист дэлгэцийн бүтээлүүдэд эмэгтэйгийнхээ духан дээр үнэрлэх эсвэл наалинхай харцаар хайр дурлалыг голдуу илэрхийлнэ. Иймэрхүү “бүрхэг” зүйлс гарах болгонд ухаан суусан хүүхдүүдийн ам гэнэт цанган суудлаасаа ховхорч ус уухаар явдаг байсан бол, эцэг эхчүүд нь огт өөр юм хийгээд эхэлдэг байлаа. 1986 онд Ленинград, Бостон хотуудын хооронд зохион байгуулсан телегүүр нэвтрүүлгээр Зөвлөлтийн нэгэн оролцогч эмэгтэй “Секс у нас есть, у нас нет рекламы!” хэмээснээр энэ сэдэв арай нээлттэй болсон юм. Гэвчиг энэхүү үнэ цэнэтэй эрхэм зүйл цагийн аяс дулаарахтай зэрэгцэн мөн чанараа алдсан мэт... Одоогоос 10 шахуу жилийн өмнө танил маань 50 нас хүрч биднийг зоогийн газарт урьж баахан ууцгаалаа. Уусан ундаандаа хөөрсөн бид тамхилцгаах зуураа дүрсгүйтэхээр шийдэцгээж тэнд байсан эмэгтэйчүүдээс хамгийн тод өнгөтэй уруулын будгийг нь гуйж аваад уруул амандаа нялцгаав. Дараа нь төрсөн өдрийн эзэнд ээлж дараалан мэнд хүргэцгээхдээ хацар, дух, хүзүү, цамцны зах гээд хаа таарсан газраа уруулын будагны мөр үлдээцгээлээ. Зочдоос хэн ч түүнд энэ тухай хэлсэнгүй, мань эр анзаарсан эсэхийг бүү мэд. Түүнийг ариун цэврийн өрөө рүү явах замд таарсан танихгүй хүмүүс жоготой жуумалзаж байсан ч тэр тоогоогүй юм. Харин толинд өөрийгөө харангуутаа нулимсаа гартал хөхөрч гарав. Хэдэн хормын дараа тэр нүдэндээ нулимс тунаруулсаар ирлээ. Удтал баахан дуугүй сууж байснаа: - Намайг үнссэн, үнсээгүй хамаагүй та нарыгаа би бүгдийг нь үнсье. Одоо миний ээлж гэж хэлээд ирсэн бүх зочдыг нэг нэгээр нь зүрхнийхээ гүнээс ундарсан асар их талархал, хайраар үнэрлэж билээ. *** Гэтэл өмнөд хөршийн 19 настай Шиао Юү хэмээгч охин, дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлж байхыг хөрш нь харжээ. Хараад зогссонгүй таарсан болгондоо хөөрхий охиныг элдвээр ярьж, ээж, аавыг нь ичгүүртэй байдалд оруулсан гэнэ. Охин эцэг эхийнхээ цорын ганц итгэл найдвар нь байв. Харин өөрт нь гар хүрэхээс ч зүрхшээдэг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлснээс болж зовлонт охин хамгийн ойрын хүмүүсийнхээ итгэл, нэр нүүрийг баржээ. Үнэндээ тэр ямар буруутай юм бэ? Харамсалтай нь охин хөршийнхөө тараасан ховоос болж амиа егүүтгэжээ. *** Бусдын дамшиглалыг хайр хүндэтгэл болгон хардаг нэгэн байхад, чин сэтгэлийн илэрхийлэлийг хов болгон цаддаг өөр нэгэн бас байх аж. Та аль нь вэ? 2022.08.24

Monday, August 15, 2022

БӨӨС Хэдхэн хоногийн өмнө Коов “БНМАУ-ын 4 яамны үзлэгт нэр өрх, нэг хүн бэлтгэх үүрэг” гэсэн 1963 оны баримт бичиг нүүр хуудсандаа оруулсаныг манайхан уншсан байх. Тэрхүү хуучны баримт бичгийг уншихад Б.Цэнддоо ахын бичсэн “Соёлын довтолгоо Хоньчиноос барилгачин” ном санаанд орохын зэрэгцээ “бас л ядмаг байж дээ” гэсэн бодол төрсөн юм. Өнгөрсөн долоо хоногт автобусаар явж байгаад урд суудалд суусан дажгүй охины үсэнд хуурс үүрлэсэнийг хараад гэнэт санаж энэ тухайгаа сэрэмжлүүлэг болгон бяцхан “сарказм” нэмээд постоллоо. Ихэнх хүмүүс энгийнээр хүлээн авч байна. Зарим ахмад хүмүүс “дүү минь битгий хадуур” гэсэн бол нөгөө хэсэг нь “ах дүүгийн харилцаагаа таслана” гэжээ. Эмзэг хүмүүсийг ойлгоноо. Болно, бололгүй яахав, та бүхний сонголтыг би хүндэлнэ. Харин би юу постлохоо өөрөө мэдье. Хуурстсан охиныг ийм тийм гэж гоочлохгүй. Зүгээр л бидний ахуйн соёл ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст өрнөсөн соёлын довтолгооны нөлөөг 1950-1980 оныхон хангалттай хүртсэн, үр шим нь өнөөдөр ч гэсэн байгаа. Нэг сонин тохиолдолоо хуваалцмаар санагдлаа. Зах зээлд дөнгөж ороод байхад садангийн хүн шар өвчин тусдаг юм байна. Бөөс залгиулвал сайн гэж хаанаас ч сонссон юм намайг бөөс олж ир гээд явууллаа. Далай ээж захын хажуугаар явж байтал траншейны хоёр хүүхэдтэй тааралдаад “бөөс байна уу” гэсэн чинь ичээд, инээлдээд сүйд боллоо. Мянган төгрөг харуулаад нүдээ ирмэсэн чинь “байна” гэхгүй мөртлөө бараадаад дагаад байх юм. Хэсэг байж байтал арай нүүрэмгий нь ирснээ “ахаа, манай найзад байгаа гэнээ” гэхээр нь хармаанд байсан пеницилиний шил өгөөд орц руу оруулчихлаа. Удалгүй хоёр хүү гарч ирээд 1000 төгрөгөө авч, нас биед хүрсэн хоёр бөөстэй пеницилиний шилийг өгснөө “дахиад хэрэг болвол хэлээрэй” гэснээ пижигнэтэл гүйлдэн алга болсон юм. Тэртээ 30 гаруй жилийн өмнө бөөс эргэн ирсэн жишээ юмдаа. Бөөс ор мөргүй устаагүй байх л даа. Цэцэрлэгт, бага ангид байхад багш ариун цэврийн үзлэг хийж, бидний үс толгойг ухдаг байсан. Гэхдээ бөөс олддоггүй байлаа. Одоо ч гэсэн багш нар шалгадаг хэвээрээ байх... Одоо гэснээс хатагтай Лхагвадулам эгчээс өөр залуу үед гоо зүйн соёл олгох ажил эрхэлдэг хүмүүс байдаг юм уу? Соёлын тухай “сэртэл” сэнхрүүлэх шидтэй С.Баясгалан багшийн номнууд бараг харагдахгүй болжээ. Долгион, Батжав гээд ах нар хэрхэн соёлтой амьдрах тухай бишгүй ярьж байна. Хэдий наргиан ч гэсэн долоо хоног бүрийн пүрэв гарагт бөөнөөрөө хумсаа авдаг соёл бий болсон. Энэ мэт ахуйн соёлтой холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцдаг юм бол? Эрүүл мэндийн яам уу эсвэл соёлын яам уу? Уг нь хэн нэгэн баагийд үүрүүлэлгүй хувь хүн өөрөө хариуцвал дээр л дээ. Гэхдээ бас нэг юмыг баалаад суух нь зугаатай хахахаха. Ном мом орчуулж суухынхаа оронд хажуудахынхаа үс гэзгийг хардаг болоё. Өрөөлийг хэлэлтгүй өөрийнхөө үсэн бүрхүүлтэй гадаргууг ч бас анзаарч байя. Та нар ч бас ажиглаж байгаарай Гамбино 2022 оны наймдугаар сарын 16