Saturday, October 15, 2022
ЗҮҮДНИЙ ТАНИЛУУД
Шар ямаан хилэн хавтастай нүүрэн дээрээ ягаан сарнай ч билүү яргуй цэцгийн дүрстэй зургийн хуучин цомгоо үзээд сууж байх юмаа. Зориулалтын нүхгүй болохоор зургаа цавуудаж наах зориулалттай байсан юм. Харин би скочоор зургаа тогтоодог байлаа. Яг тэр хэвээрээ зургийн цомог зүүдэнд ороод ирлээ дээ...
...Хөдөөнөөс хамаатан садангаа ирэхэд хотод амьдардаг хэд нь гэрэл зурагчны газарт хүүхэд, хөгшдөө дагуулан бөөнөөрөө очиж, хамтдаа зургаа авахуулдаг уламжлал байв. Зурганд оролцсон өрхийн тоогоор угаалгаж мөнөөх хөдөөний айлчиндаа өгч явуулна. Нөгөөх нь нутагтаа очоод авахуулсан зургаа жаазандаа хадгалан орсон гарсан хүмүүст хэний хэн тэнд байгаа, энд ажилладаг гэх мэтээр танилцуулна бас бахархана. Тааруухан яваа нэгнээ гоочилдог ч биз.
Жаран жилийн өмнө авахуулсан гэр бүлийн зурагт миний дүрс байхгүй, байх ч үндэслэлгүй. Түүнээс арван жилээр наашлахад намайг таньж болох дүрс мэр сэр харагдана. Дөч, гучин жилийн өмнөхөд бүүр ч тодроод ирнэ. Энэ зуур ахмад настнуудын тоо нэг хоёроор цөөрсөөр байгаа нь гэрэл зургаас анзаарагдана. Хорин жилийн өмнө авахуулсан манайханы зурагт өндөр настан гэх хүн бараг үгүй болж тэдний үр хүүхдүүд насанд хүрцгээн, ач зээ гэсэн шинэ бүлэг үүссэн байдаг...
За зүүдээ үргэлжлүүлье. Хуучин цомог доторх зургууд бүгд амьтай мэт хөдөлцгөөнө. Хоорондоо ярилцана. Гэхдээ нэг үйлдэл дахин давтагдахгүйгээрээ ЖИФ дүрснээс ялгаатай. Анхааралтай харвал тухайн үед болсон явдал цааш үргэлжлэх мэт ажээ. Нэг зураг дээр би эргэдэг төмөр сандал түшин зогсож байснаа хэн нэгэн рүү уйлан зүтгэнэ. Орон зай нь илүү өргөн, урт байсан бол хаашаа ч явж мэдэхээр харагдана. Өөр нэг зураг дээр ээж толгойгоо яльгүй баруун тийш гилжийлгэн дуу дуулах аж. Даанч сонсогдохгүй юм.
Гэтэл зарим зурагнууд дээрх хүмүүс үзэж байгаа намайг таниад байгаа бололтой өөдөөс гараараа даллаж байх юм. Ялангуяа арвантаваас хорин жилийн өмнө авахуулсан миний зурагнууд надад нэг юм анхааруулж хэлэх гэсэн үү нилээн тэвдэнгүй дохиж харагдана. Тэр үед би нас залуу, ухаан мулгуу, хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй байсан болохоор өнөөдрийн надаас ирээдүйгээ мэдэхээр сандарсан байж магадгүй.
Миний залуу цагийн зураг л хорин жилийн дараахь өөрийгөө танилаа гэсэн шүү юм бодсоор хуучирсан цомгоо эргүүлж суутал итгэмээргүй юм боллоо.
Өнгөрсөн зууны номенклатур албан тушаалтны нийтлэг хэв шинжийн илэрхийлэл болсон каракул захтай пальто, мөн эдээр хийсэн гоголь малгай өмссөн аав маань цомгийн нөгөө хуудсны гэрэл зураг дээрх нэгний анхаарлыг татах гэж ихэд хичээх ажээ. Ахиулаад хартал нөгөө хүн нь гучин таван жилийн өмнөх хар нялхаараа би байх юм.
Нэг цаг үеийн хоёр хүн бие биенээ маш сайн таниад байхаар нь би саяхан авахуулсан гэр бүлийнхээ зургийг нөгөө хоёр зураг дээрх хүмүүст харуулвал аль аль нь одоо цагийн намайг огт таньсангүй.
Нөгөө хоёр зурагний өөдөөс бусад хамаатан, садангуудынхаа гучин жилийн өмнө авахуулсан зурагнуудийг харуултал тэд харилцан биесээ олж харцгаагаад бөөн хөөр болох ажээ.
Тэдний дунд намайг тоож, таних нэг ч хүнгүй нь харамсмаар.
Зүүд даанч богинохон юм даа.
Гамбино
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment