Sunday, March 8, 2026
Нэргүй тууж-1
Манайх гурван давхар, давхар бүртээ гурван айлтай, гурван орцтой байранд аж төрдөг. Гурван орцонд миний үеийн хүүхэд байдаггүй, дүү ч байхгүй. Харин надаас арав орчим насаар эгч охид манайхаас бусад давхарт амьдардаг. Доод давхрын Бурмаа, дээд давхрын Шүрээ хоёр намайг хань татан булаацалддаг. Байрны эгч нар нас биед хүрсэн ч хараахан нөхөрт гараагүй. Нөхөрт гараагүй гэхээр хачин царай муутай биш, тус бүртээ өөрийн гоо үзэсгэлэнтэй.
Намайг хоёрдугаар ангид байхад манай орцоор танихгүй ах нар эргэлддэг боллоо. Харин гуравдугаар ангид ордог жил зуслангаас иртэл эгч нар жирэмсэлцгээжээ. Бурмаа гэдсээ түмбийлгэн гайхуулдаг бол Шүрээ нь хүмүүсээс ичээд шөнө гарч агаар амьсгалдаг болов. Хоёрдугаар орцны Дамиа гуайн Байгаль эгчийг том даргын хүү эргүүлдэг гэлцэнэ. Улаан номертой машинтай ирээд Байгаль эгчийг суулгаад явахтай нь би нэг таарсан юм. Дамиа өвөө залуудаа том дарга байсан болохоор ганц охин нь ч бас даргын хүүтэй суух байх. Гуравдугаар орцны нэрийг нь мэдэхгүй эгч дээр ирдэг хүнийг би хараагүй. Тэр эгчийн ээж их чанга дуутай. Зүгээр ярих, уурлаад загнах хоёр нь ялгахын аргагүй. Ээжийгээ чанга ярьсны дараа тэр эгчийг газар шагайгаад явж байхыг би хэдэн удаа харсан. Бурмаа үе үе огьж харагдана. Жирэмсний хордлого гэхийг нь би сонсоод гайхаж билээ.
Гэнэт надаас 10 насаар дүү дөрвөн хүүхэд дараа жилийн зун төрлөө. Тэд цөмөөрөө хөвгүүд байсан нь гайхмаар. Ээж нар нь хүүхдүүдээ салхилуулж байхад өлгий рүү харах тоолонд унтаж таарна. Хөвгүүд хөлд орсноос хойш ээж аав, эмээ өвөө нь хөтлөөд явдаг болов. Намайг зургаадугаар ангиа төгсдөг хавар тэд нүд эрээлжилтэл гүйлдэж эхэллээ. Яг энэ үед би тэдний нүднээс том болоод юу ч хийхээс буцахгүй "гарууд" манай байранд төржээ гэж бодлоо.
Тэд их өвөрмөц...
Хүүхдүүдээ уйлдаггүйд ээж, эмээ нар нь санаа зовдог тухайгаа манай ээжид ярихыг би сонссон. Миний ээж нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн эмч болохоор багачуудаа үзүүлэх гэсэн хүмүүс манайхаас тасрахгүй.
Дөрвөн хүү гүйж эхэлсэн тэр хавар орцны хана, давхрууд цонхноос өнгө өнгийн гэрэл цацардаг боллоо. Тэдний нүдэнд жирийн хүүхдийн гэгээ бус, үл мэдэгдэх оч гялалзана. Орцны шатаар нэг нь гүйхэд гялалзсан мөр үлдээд тоос болон замхарна. Бурмаагаас төрсөн хүүхэд шөнө бүр ододтой ярилцдаг, Шүрээгийнх салхиар тоглодог. Хоёрдугаар орцны Дамиа гуайн ач хүүг усанд хүрэхэд дусал нь хөгжим болж эгшиглэнэ. Гуравдугаар орцны Насан ахын хүү шувуудтай ярина. Насан ах гэж гуравдугаар орцны чанга эгчийн хүргэн. Хажуугийн байранд байдаг юм. Цэрэгт татагдаж Зүүнбаянд гурван жил болоод халагдаж ирснийх нь дараа нөгөө эгчээс төрсөн хүүхдийн аав нь гэдгийг бид мэдсэн.
Ээж, аав, эмээ, өвөө нар нь багачуудаа унаж гэмтэх вий гэсэндээ араас нь шогшихийг харууштай. Үнэн хэрэгтээ багачууд нөгөөдүүлээ урт наслахыг билэгдэн араасаа гүйлгэж байгааг хэн ч үл мэднэ.
Эгч нар хөвгүүдээ салхилуулахад манай байрыг тойрон оддын тоос дэгдэж, тэнгэрийн хаалга нээгддэг. Хүүхдүүд өөрсдөө мэдэхгүй, өвөө эмээ, аав ээж нар ч анзаарахгүй. Харин би л ганцаараа мэддэг.
Удалгүй хоёрдугаар орцны Дамиа өвөөгийн зээ хүү дүүтэй боллоо. Тэр хүүхэд ахынхаа "албин" шинжийн үргэлжлэл гэдгийг түргэний тэрэг төрөх рүү хөдлөхөд би мэдлээ.
Үргэлжлэл бий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment