
9 сарын 1-ний өдрийг Эрдмийн баяр өөр юуны баяр ч гэдэг байлаа мартаж орхиж. Гэхдээ надад бол 9 сарын 1 ямар ч баяр биш байлаа. Сургуульд ордог жилээ улаан Москвагаас ирээд сургуульд орох юм боллоо. 3 жил гаруй тэнд байсан болохоор монгол хэл мэддэг хэрнээ бусад хүүхдүүдтэй харьцуулах юм бол чанарын хувьд гологдохоор болсон байв. Харин уншиж, бичиж, тоо бодохын хувьд бусдаасаа толгой илүү байлаа. Дөнгөж ирээд зөвлөлтийн сургуульд орох юм болсон чинь орон тоо дууссан гээд авдаггүй ээ. Тэгээд гэрийнхээ хажуугийн сургуульд орох гэсэн чинь хороо хорины харьялал өөр гээд бас авсангүй. Гэхдээ арай зайтай боловч хороо хорины харьяалалд багтдаг сургуульд бүртгүүллээ. Москвагаас ирэхдээ орос формоос авахуулаад бүх ном, үзэг харандаа гэж ганган гэж жигтэйхээн. Хүүхдүүд бор хилэн форм дээр цагаан зах хадаж өмсөөд, бүгд ижил илгэн цүнх бариад ирж байхад би ганцаараа "Ну Погоди" гэсэн зурагтай цүнхтэй лаг байлаа. Багшийгаа эмэгтэй хүн байх юм гэж бодоод баглаа цэцэг тэр үеийн Залуу байгалчдийн станцаас авахуулаад очсон чинь эрэгтэй хүн тэр тусмаа манай хамаатны хүн зогсож байдаг байгаа. Тэгэнгүүт нь нөгөө цэцгээ Оюун ч билүү Агиймаа ч билүү нэг их цэцэг шиг хөөрхөн охинд өгөөд хаясан. Тэр охинд бүр 3 дугаар анги хүртлээ дурлаад сүйд болдог энэ тэр үү.
За тэгээд анхны хичээл орлоо. Цагаан толгой гэдэг номыг эхнээс аваад дуустал уншиж чаддаг болсон хүнд дандаа мэддэг юм заагаад нэг хэсэгтээ бараг вундеркинд шиг байлаа. Математик ч гэсэн бас л мэддэг юм. За ер нь бол 1-3 ангидаа шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг энэ тэр аваад лаг байлаа.
Дунд ангид орлоо. Багш нар солигдож ороод л хөл толгой нь олдохоо болилоо. Дээрээс нь кабинетын системээр хичээллэх юм болж завсарлагаанаар хичээл орох анги руугаа нүүдэл хийдэг ажилтай боллоо. Ахлах анги хүртлээ хичнээн ч ангийн багш үзэв бүр тоогоо алдсан. Багш өөрчлөгдөх болгонд нөгөө хампаантай харилцах аргаа олох гэж бяцхан тархиа начигнатал нь ажиллуулах болж байгаа юм чинь. Тооны төрлийн хичээлүүдэд үнэн харшилтай болж журнал дээр "Т" тавиулахгүйн тулд арын ширээнд суугаад цаас эрээчиж өнгөрөөдөг болов. Аман хичээл дээр бол алж өгнө ш дээ. Заримдаа багшын зааж байгаагаас илүү юм хичээл дээр яриад гайхуулна ш дээ. За тэгээд сургуульд байхад хамгийн сайхан юм бол цонхлох гэдэгтэй бүх хүмүүс санал нэг байх биз ээ. Чамайг эрдмийн их далайд умбаж шумбах хүслээр дүүрэн ирж байхад багш гэж гайхал ирээгүйгээс болоод чи асар их хохирч байна гэж бодож болохгүй. цонхлох бол аз жаргал. Хэрэв цонхтой цаг гарах юм бол сүүлийн цагийн багшаа найрч байгаад нөхөөд оруулж орхивол нэг цагийн өмнө тарна гэдэг бол над шиг амьтанд сайхан хэрэг шүү дээ.
Сургуульд байхад хамгийн тамтай юм бол 11 сарын 7, 5 сарын 1 өдрийн параданд жагсах гэж юм байлаа. Хаа байсан 1917 онд Оросод гарсан төрийн эргэлтийг дунд сургуулийн нусан чавхнууд тэмдэглэж, хөөрцөглөөд л үнэн донгио. Яаж ийж байгаад л тэрэнд орохгүй байх арга бодно ш дээ. Сургуулийн эмч, хэсгийн эмч нар энэ үйлсэд маань багагүй тус хүргэж байлаа.
Хүүхэд насны үерхэл гэж үү??? Өөрийн сургууль, ангийн охидтой найзлана гэдэг бол цус ойртож байгаа хэрэг гэж тооцно. Намайг юу ч гэж худал онгирсон тэр болгоныг гарын алган дээрээ байгаа юм шиг мэддэг охинтой үерхээд ч яах юм билээ. Харин орос сургуулийн охид гэж тэнгэр заяатай охид байнаа. Тэдэнтэй нэг орооцолдоод авах юм бол үерхэлдээ их үнэнч, бас шударга. Ярьж хөөрч байгаа юм нь ч гэсэн арай өөр байдаг байлаа. 8 ангиасаа 10 төгсөөд дээд сургуулийн 2 курс төгстлөө нэг охинтой үерхэж байсан маань санаанд оров байна.
За бүр хадуураад өглөө. 9 сарын 1 бүр 1-10 анги хүртэл өөр өөрийн онцлогтой байлаа. Баяр гэхээсээ илүү там, дарамт, хамаг муу муухай бүхний эхлэл байдаг байлаа ш дээ. 1-р ангид орос форм өмсөөд ирэнгүүт л хичээлийн эрхлэгч гэж нэг гай ийм дүрэмт хувцас өмсүүлэхгүй гэж ирээд л аав ээжийн минь шудрага хөдөлмөрөөрөө олсон цалингаас нь хэдэн төгрөг торгож муухай хийцтэй монгол форм өмсүүлээд л эхлэв. Дунд ангид оронгуутаа би нарийн бор хилэнгээр пиджак оёулаад, захыг нь кнопоор тогтоогоод хичээл тарангуут захаа аваад их догь амьтан явдаг байлаа. Нэг хэсэгтээ пиджакийг маань анзаардаггүй байсан юм шиг байгаа юм. Гэтэл сургуулийн намын үүрийн дарга, хүмүүжлийн эрхлэгч гэж гай хараад нөгөөдөхийг чинь хурааж аваад хэсэг дайсагналцлаа. 9 ангид ордог жил зэгэл ногоон өнгөтэй Монгол форм шинээр өмсөх боллоо. Тэр жил нь манай анги 8 төгсөөд тарж би өөр ангид орж таарлаа. Шинээр орсон ангийн багш нь гэж самбартайгаа ярьдаг тооны багш авгай байв. Тэр жилийн 9 сарын нэгэнд хүүхдүүд нөгөө зэгэл ногоонтойгоо ирж байхад би гэж нэг гар аавынхаа Унгар явахдаа авч ирсэн "Trapper" жинсийг хосоор нь өмсөж очоод нөгөө самбартайгаа ярьдаг авгайг даралтыг нь ихэсгэж харвуулах шахлаа. Нөгөө авгай чинь хичээлийн эрхлэгч гэдэг хөмсгөө зангидсан эрд хэлж тэр нь миний жинсэн якыг хурааж аваад тэр жилийн 9 сарын 1 өдрийг шалдан өнгөрөөж байлаа. Тэр якыг хөмсгөө зангидсан нөхөр 1 дэх өдөр болгон хурааж аваад хагас сайнд өгдөг хэвшил тогтож энэ тэр үү. аргагүй эрхэнд хүчтэний өмнө хүчгүй буруутай болж би тэр тулаанд дийлдсэн л дээ. Харин ардчилалын буянаар хүүхдүүд нэг хэсэг энгийн хувцастай хичээлдээ явдаг болоход би маш их талархаж билээ.
10 ангид ордог 9 сарын 1 өдөр сургууль дээрээ шилээ давсан үстэй, дугуй унаж очоод үсээ засуулж, дугуйгаа тавьж ир гэнгүүт нь тэр чигээрээ 7 хоног хичээл тасалж ирээд бөөн юм болж байлаа. Тэр жилийн 9 сарын 1 өдөр Онон ресторанд пиво ууж байгаад орос хэлний багштай тааралдаад их барцадтай байлаа. За тэгээд бодоод байхад хүүхэд насны минь 9 сарын 1 гэдэг өдөр, ямар ч баяр хөөр байхгүй хамаг шоу тасалдуулсан муу ёрын өдөр байлаа.
Aay yaayaa ta barag surguuli nuraah dohjee kkkkkkkkkkkkkkkk. Goy bnoo Uba min.
ReplyDelete