Tuesday, March 24, 2026

Нэргүй тууж-11

Шүрээ эгчийн хүүг хэдхэн удаан өлгий рүү өнгийж харсныг эс тооцвол ямархуу хүүхэд болохыг тогтож анзаарч байсангүй. Хүү ээжээсээ салдаггүй. Эсвэл би ээжтэйгээ явж байхад нь таардаг байсан биз. Харин таарах болгонд Шүрээ эгч хүүгийнхээ аманд чихэр, боов хийдгийг нь гэнэт саналаа. Тийм болохоор л би ярьж үзээгүй байх. Өнгөрсөн хавар хүүгээ салхилуулж явсан Шүрээ эгчтэй ээж таарч хэдэн үг солиод зөрөх зуураа, хүү нь хажуудаа буусан болжморыг ганц ширвээд амьгүй болгон унагахыг анзаарчээ. Ээж нүдэндээ итгээгүй ч дотор нь эвгүйсэн гэнэ. Хүү нь ээж рүүгээ эргэн инээмсэглэхэд харцанд нь мөснөөс хүйтэн, мэснээс хурц занал анзаарагджээ. Ээж энэ хавийн хэдэн байрны ихэнх хүүхдүүдийг мэднэ. Тэдний харцанд дотор хүйт даалгам, тийм гэхийн аргагүй хорлонтой зүйл байдаггүй аж. Бодоод байтал дээд давхарын Шүрээ эгч, ээжид хүүгээ үзүүлж байсан нь санаанд орсонгүй... Өвлийн амралтын дараа Бухандай, Данхар нартай хичээлээ тараад харьж явтал Данхар: - Гэрэлмаа эгчийн эгч нь ирэнгүүтээ шар хадны эмнэлэгт хэвтсэн. Хүнд битгий хэлээрэй гэсэн гэв. Бухандай: - Чи бид хоёрт хэлчихлээ шүү дээ. - Та хоёр бол миний итгэдэг найз нар. Сүүшигт хэлж болохгүй шүү гэлээ. Сүүшиг гэдэг нь Шүрээ эгчийн хүүг тэд хоорондоо ийн нэрлэдэг ажээ. Миний сониуч зан хөдлөн Данхараас - Яагаад болохгүй гэж? - Тэдний өвөө нь залуудаа олон хүн гардан алж, хөрөнгийг нь хураадаг байсан гэсэн гэхэд Бухандай: - Тийм үү, ямар аймаар юм бэ гэж дуу алдахад Данхар хөмсгөө зангидан: - Тэрнээсээ санаа нь зовоод гэрэлтэйд гадаа гардаггүй, гэрт нь ч хүмүүс бараг ирдэггүй, өөрсдөө ч айлд ордоггүй байхгүй юу хэмээн шивнэв. Үргэлжлэл бий.

Sunday, March 22, 2026

Нэргүй тууж-10

Шалгалтанд ирж магадгүй бодлогуудаа шөнөжин бодож хоносон Гэрэлмаа, үүр цайхтай зэрэгцэн толгойгоо сэргээх санаатай гарчээ. Байраа тойрон алхаж байтал Шүрээ эгчийн хүү өөдөөс иржээ. Гэрэлмаа тэр хүүтэй таарах бүртээ өөрийх нь шар үс нь бостол тавгүйтдэг гэнэ. Явж байсан зүгээ өөрчлөн алхан орц руугаа иртэл нүүрээ угаагүй, нүд нь нуухтсан мөнөөх хүү сахиад зогсож байжээ. Гэрэлмаа түүнийг үл хараач болон өнгөрөх гэтэл нөгөө хүү: - Хичээсэн зүтгэл чинь үргүй өнгөрч, бэлдсэн үйлэндээ унах болтугай гэчихээд яваад өгчээ. Гэрэлмаа гэртээ ороод ээждээ хэлтэл арцаар ариулаад явуулсан ч шалгалтандаа унажээ. Гэтэл өнгөрсөн зун ангийнхаа охинтой явж байтал Шүрээ эгчийн хүүхэд тааралдтал: - Хөгшин хонины насгүй болсон эмгэн чинь хөггүй хөгжим шиг хээр хаягдаасай гэчихээд хамт явсан хүүхэд рүү нь нулимжээ. Удалгүй тэр хүүхдийн эмээг өөд болоход хүний хөлөөс хол хээр хөдөөлүүлсэн нь нөгөө хүүгийн хэлсэнтэй таарчээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө дахиад таартал: - Алсад байдаг алаг нүдтний амь нь тасрахгүй удна даа удна гэчихээд гэртээ оржээ. Гэрэлмаа энэ бүхнийг ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьж дуусаад дахин нэг тамхи авч асаав. - Гэрийхэнд нь хэлье гэхээр ямар ч баримтгүй, үлгэрийн юм ярих болчихоод байх юм. Чи нэг таарвал яриад үзээрэй гэлээ. Гэрэлмаа манайд хөгжим сонсож байгаад гарав. Хэдхэн жилийн дараа Москвагийн их сургуульд сурдаг Гэрэлмаагийн эгч төгсөх жилээ галзуурч хэдэн жил энэ хавиар ганцаараа ярьж явсаар өнгөрч билээ хөөрхий.

Нэргүй тууж-9

Би сэрсэн бол эргэж унтдаггүй. Босоод бүлээн шүршүүрт орж бүрэн сэргэв. Ээжийн бэлдсэн юмыг идчихээд ханын шүүгээнээс гацуур, чимэглэл тоглоомоо гарган бүтэн жилийх нь тоосноос цэвэрлэж байтал утас жингэнэн дуугарахад очоод автал Гэрэлмаа нойрмог дуугаар: - Чи боссон уу? - Боссон, чи босоогүй байгаа юм уу? - Босох гэж байна. Чи юу хийж байна? - Ёлкоо засах гэж байна. - Намайг хүлээж байгаараа хамт засая гэснээ утсаа таслав. Би тодорхойгүй юманд дургүй. Хэзээ ирэхээ хэлээгүй хүнийг хэр удаан хүлээхээ мэдэхгүй учраас тэрүүхэндээ бухимдаж амжлаа. Уржнан зун инээдтэй харагдсанаа санаад хичээл эхлэхэд авахуулсан румын бэлтгэлийн хувцсаа гаргаж өмсөв. Өнгөрсөн удаа Гэрэлмаа манай гал тогооноос хэтрээгүй. Өнөөдөр тэр зочны өрөөнд маань сүлд мод хамт засна гэсэн болохоор тоосыг нь соруулж, шалаа угаалаа. Шалаа угаах ч гэж дээ саяхан бүх өрөөнийхөө хивсэнцэрийг сольж, нэлэнхүйд нь дэвссэн болохоор угаах талбай бага болсон. Ээжид хүн өгсөн энэтхэг хүж гарган асаалаа. Цаг орчмын дараа Гэрэлмаа ирж хамт манай модыг чимэглэв. Өнгөрсөн жил шалгалтандаа бэлдэн нойргүй хоноод шалгалтан дээр унтчихжээ. Орос багш нь шалгалтаа хүндлээгүй энэ тэрээ гэж баахан сүр болсноо "дунд" тавина гэхэд нь тэр есдүгээр ангидаа дахиж суугаад шалгалтаа өгье гэж зөрүүдэлжээ. Багш, сурагчийн маргаан сургуулийн захиргаанд хүрч Гэрэлмаагийн хүссэнээр болсон гэнэ. "Сто лет одиночества" номоо уншсан ч ижил нэртэй олон хүмүүс гардаг болохоор ярихаас төвөгшөөв. Би ч шаардсангүй. Ярьсан бол орос сургуулийн охинтой үерхдэг гэж найз нартаа худлаа сагсуурч болмоор санагдаад өнгөрлөө. Сүлд модоо чимэглээд дөнгөж дуустал Гэрэлмаа: - Өдий том болчихоод мод чимэглэж л байдаг, чи ч нялхаараа байна даа гээд аавын буйдан тээр суух нь тэрээ. - Гэрт ирсэн хүмүүсийн тавьсан мөнгө миний болдог юмаа гээд хэлтэл Гэрэлмаа: - Би ч бас тэгж бодсон юмаа гээд хармаанаасаа гурван төгрөг гарган тавиад: - Уржнан чамд танай дээд давхрын хүүг их хачин гэж ярьсныг санаж байна уу гэлээ. Би тэр тухай мартсан ч урмыг нь хугалмааргүй санагдаад: - Санаж байна, саналгүй яахав гэв. Гэрэлмаа: - Чамд тамхи байна уу гэхэд би ааваас хулуун авсан болгар янжуураа гарган өгч асаалаа. Гэрэлмаа янжуураас хүчтэй сорсноо ханиалгаад надад буцаан өгснийг би шуналтай татав. Гэрэлмаа: - Тэр их аймаар хүүхэд гэхэд би түүн рүү ойртон суув.

Нэргүй тууж-8

Гэрэлмаа яагаад есдүгээр ангидаа дахин суух гэсэн юм бол гэж эхэлсэн миний бодол-асуултууд өнгөрсөн жил тэр хаашаа алга болов, нөгөө номоо уншсан болов уу, хэзээ ярьж өгөх бол гэж тэллээ. Тэлээд зогссонгүй түүний тухай бодол салахаа болив. Гэтэл шинэ жилийн өмнө ангиараа тэнэж яваад гэртээ иртэл ээж: - Гэрэлмаа гэдэг хүүхэд яриарай гэсэн. Дугаар нь наана чинь байгаа гэв. Оройтсон болохоор залгасангүй, Хоолоо идчихээд зурагт хараад сууж байтал коридорт байдаг гэрийн утас жингэнэн дуугарлаа. Очоод автал Гэрэлмаа цаанаас нь: - Уйтгартай жаалаа, утасдахыг чинь оройжин хүлээлээ. Ярих юм байна, гараад ир гэж тушаангуй хэллээ. Надтай эмэгтэй хүүхэд ярьж байгаагүй болохоор аав, ээж хоёроос учиргүй ичлээ. Дээр нь нөгөө "уйтгартай жаал" гэсэн үгэнд нь цухал хөдлөн: - Өнөө шөнө галав юүлчихгүй бол маргааш залгая гэв. Тэгснээ хөөрхөн охинтой уулзмаар санагдаад: - Өглөө уулзая гэж залгая гэснээ залруулав. Гэрэлмаа санаа нь амарсан байдалтай: - За тэгье гээд бид утсаа тасаллаа. Намайг эргэн зурагтныхаа хажууд суутал манай гэрийн утасны бүрэн эрхэт эзэн ээж: - Орой болсон хойно хүүхдээ үзүүлэх гэсэн хүн залгалаа гэж яс хавталзаж суулаа. Хэн ярьж байна гэснээ хариу сонсолгүй унтлагынхаа өрөө рүү явав. Би араас нь: - Магнитофон гуйх гэж л хүүхэд залгалаа гэв. Тэр орой зурагтаар байлдаантай кино гарсангүй... Харин би Наполеоны цэрэг болчихоод 1812 оны дайнд оролцож байна гэж зүүдлэв. Зүүдний эхэнд тулааны талбарын дээгүүр нисдэг морьтой хэд эргэлдэж үй олон хүмүүс тулалдахыг харлаа. Утга учиргүй алалцах хүмүүсийг харах сонирхолгүй санагдсан болохоор Жигжидийн зуслангийн хавьд нисдэг мориноосоо буугаад тулааны талбар чиглэн алхаж байтал өөдөөс ялагдсан франц цэргүүд тосон ирэхэд үл мэдэгдэх шалтгаанаар хоёр цэрэгтэй муудалцаад сэлмээр цавчин унагаллаа. Гэтэл нэг нь гар буугаараа миний ард байсан франц хатагтайг буудтал сүртэй дуу гарч бөөн утаа манан дэгдэхэд би сэрчихлээ. Ээж, аав хоёр ажилдаа гарахдаа хаалгаа чанга хаасан нь миний зүүдтэй давхцсан бололтой.

Saturday, March 14, 2026

Нэргүй тууж-7

"...Таван мянган жил тасралтгүй залбирсны хүчинд хүмүүс нэгэнтэйгээ учирдаг ажээ. Ингэж учирсан хүмүүс эцэг-хүү, эх-охин, ах-эгч-дүүс, амраг хань болцгоож үхэл салгатал холбоотой амьдардаг. Гурван мянган жилийн тасралтгүй залбиралын үрээр хүмүүс ердийн танилууд болон төрцгөөдөг. Тэд хамт сурч, ажиллаж тодорхой хугацааг өнгөрүүлээд хувь тавилангийн эрхээр зам мөрөө хөөцгөөн салдаг. Эргэн уулзах нь ч бий, уулзахгүй ч байж бас болно. Нэг үг солиод өнгөрөх тохиол гурван мянган жилийн залбирал аж. Гудамжинд зөрж өнгөрөх төдий учирсан хүмүүс мянган жилийн залбиралын үр. Зөрж өнгөрөхдөө нэгнийгээ харсан-хараагүй хамаагүй. Эдгээрийн дундаас таван мянган жилийн тасралтгүй залбиралын үрээр үүссэн холбоо хамгийн эмзэг нь. Тэд нэгнийхээ хүслийг хязгаарлаж, өөрийнхөө мөрөөдөлд хүрдэг. Тэд өөрөө хүсээгүй хүүхэд төрүүлээд, хайрын үр гэж өөрсдийгөө хуурдаг. Насан туршдаа хайрлана гэсэн хүнээ нэг мэдэхэд туйлдаа хүртэл үзэн яддаг. Зөрж өнгөрөх төдийгөөр хязгаарлагддаг харьцаа хамгийн амар..." энэ хэдхэн өгүүлбэрийг Данхар гучин жилийн дараа тэмдэглэлийнхээ дэвтэрт бичих болно. Харин өнөөдөр тэр нэгдүгээр ангиас гуравдугаар ангид дэвшин орлоо. Шинэ ангидаа ямархуу байгааг нь хармаар санагдаад худлаа хэлж хичээлээсээ гаран очлоо. Хаалгаар нь нарийхан завсар гарган шагайвал багш нь ангидаа байсангүй. Данхар эхний ширээний ард ном уншин, ангийнхаа хүүхдүүдийг анзаарсан шинжгүй сууснаа намайг хараад гараад ирэв. Санаандгүй байхад нь ирсэнд баярлаж байгаа нь илт. Завсарлагаанаар авсан гөөхийгөө өгтөл голоор нь хоёр хуваагаад талыг нь өвөртлөөд: - Ирсэн чинь зөв боллоо. Таныг манай ангийнхан миний ах гэж бодог гэв. Бишүүрхээд байгаа бололтой. - Гөөхийгөө бүгдийг нь идээч гэвэл - Нөгөөдөхдөө өгье, эсвэл та одоо ангид нь аваачаад өгчих гэв... Гучин жилийн өмнө гөөхий хувааж явсан найзыгаа оршуулсны дараа Бухандай надтай уулзахдаа тэмдэглэлийн дэвтрийг нь өгсөн юм. Данхар юу бодож бичсэнийг бүү мэд. Ямар ч гэсэн эхнэр авалгүй явсаар гучиндолооныхоо жил дээрээ биднийг орхисон билээ. Данхар бид хоёрын хэн хэнийг Гэрэлмаа тоогоогүй. Бодвол бидний хэн хэн маань гурван мянган жил тасралтгүй залбирсан бололтой. Үргэлжлэл бий.

Нэргүй тууж -6

Аравдугаар ангид ордог жил байрны хөвгүүдээс Бурмаа эгчийн хүү, Дамиа гуайн ач хоёр сургуульд орлоо. Бурмаагийн хүүг Бухандай, Дамиа гуайн зээг Данхар гэе. Жинхэнэ нэр нь өөр, би л ингэж өөртөө нэрлэдэг юм. Бид хичээлдээ хамт явдаг. Тэд түрүүлж тараад манай ангид ороод ирдэг. Нүүрэмгий гэж жигтэйхэн. Өнгөрсөн жилийн өмхий үнэр арилсан ч надтай суух хүүхэдгүй болсон болохоор тэд дэргэд сууцгаана. Данхар аравдугаар ангийн хичээлийг анхааралтай сонсдог бол Бухандай энэ хооронд гэрийн даалгавараа хийнэ. Заримдаа цонх руу нүд цавчилгүй ширтэнэ. Бидний хооронд болдогтой төстэй яриаг би үеийхэнтэйгээ ярьж байгаагүй. Нэг удаа Бухандай: - Дээр асар хүчтэй нэг "ЮМ" байдаг. Нэрийг би мэдэхгүй, гэхдээ хүмүүс тэр хүчтэй "ЮМ"-ны үгийг дамжуулсан хүнийг өөр өөрийнхөө хэлээр "БУРХАН" гэдэг гэлээ. Данхар энэ тухай өмнө нь сонссон бололтой хариу хэлсэнгүй. Бухандай: - Тэр хүчтэй "ЮМ"-ыг ядрахаар муу хүмүүсийн чадал сэргэн дайн дажин, өвчин тахал гардаг. Би: - Муу хүмүүсийг устгаж болохгүй юу? - Тэднийг устгавал уйтгартай болно. Миний яриад байгаа хүчтэй "ЮМ", муу хүмүүсийн хүчийг сулруулах гэж... Данхар яриаг нь таслан: - Аав намайг анги алгасуулна гэсэн чинь ээж том хүүхдүүд дээрэлхэнэ гээд байгаа. Та анги алгасаж дэвшсэн хүүхэд таних уу? гэхэд Бухандай - Чи байж бай л даа, би ярьж байна шүү дээ. Тэгээд муу хүмүүсийн хүчийг сулруулах гэж өөрийнхөө цэргүүдийг ирүүлдэг. Тэрнийг нь хүмүүс харь гаригийн хөлөг гээд байдаг юм. Хүчтэй "ЮМ"-анд хүмүүс, гол ус, байгаль дэлхий сонин биш гээд дуугаа хураалаа. Өөрөөсөө олон дүү хөвгүүдээс тэнгэр, газар шиг тэс өөр яриа сонсох сонирхолтой. Хүний ертөнцөөс ангид, итгэх эсэх нь сонсож байгаа хүнээс шалтгаалах яриагаа Бухандай өчүүхэн ч сэтгэл хөдлөлгүй хүүрнэдэг. Тэр нь улам үнэмшилтэй болгоно. Данхар миний гараас чангаан: - Та тэгээд таних уу? Би: - Ах нь анги улирсан хүүхэд л танихаас дэвшсэн хүүхэд танихгүй. Данхар: - Би ч гэсэн танихгүй. Улирсан хүүхэд л мэднэ. Бухандай: - Надтай нэг ангид сурдаг байж улирсан хүүхэд танина гэнээ гээд хөхөрлөө. Данхар: - Хоёрдугаар орцны Гэрэлмаа эгч энэ жил дахиад есдүгээр ангидаа сурч байгаа гэлээ. Бухандай гайхан: - Яагаад? Данхар: - Ес, аравдугаар ангидаа онц сураад, гадаадын сургуульд хуваарь авах юм гэсэн. Бухандай гэнэт: - Та том болоод Гэрэлмаа эгчтэй суугаач, гоё шүү дээ гэх нь тэрээ. Данхар: - Би том болоод Гэрэлмаа эгчтэй сууна гээд тохиролцсон гэж нухацтай нь аргагүй хэллээ. Бухандай: - Ээ чи юу даа? Гэрэлмаа эгч чамайг тоохгүй гэснээ тачигнатал хөхрөв. Түүний инээд Данхарын дургүйг хүргэв. Мань эр нүүрээ улайлган: - Тоодог болоод намайг том болохоор сууна гэсэн юм, за юу! - Чамаар тоглож байгаа байхгүй... - Үгүй тоглоогүй... Ийнхүү тэдний дуу өндөрсөөд юу юугүй барилцаад авах шинжтэй болохоор нь би дундуур нь орж: - Гэрэлмаатай суувал юу нь гоё юм бэ гэж асуувал, Данхар: - Мэдлэгийн төлөө сэтгэлтэй. Би: - Чи яаж мэдэж байгаа юм бэ? - Тийм болохоороо есдүгээр ангидаа дахиад сурч байхгүй юу? - Мэдлэгтэй хүн чамд таалагддаг байх нь, тийм үү? Данхар: - Тиймээ... Данхар бид хоёрын яриаг огт тоохгүй явсан Бухандай гарынхаа алгыг харснаа гэнэт: - Энэ харагдаж байгаа нэг цэгийг сая хуваасны нэг нь манай дэлхий гэвэл ертөнцийн хэмжээ, цаг хугацаатай харьцуулахад бид байхгүйтэй адил. Огт байхгүй дотор өөрсдийгөө байна гэж байгаатай ялгаагүй. Бидний нас бол дэлхийн насаар хэмжигдэнэ. Тэр нь хязгааргүй огторгуйд хугацаа биш... гэснээ уйлж орхилоо. Сургуулиас гэр хүртэлх гурван минут иймэрхүү өнгөрдөг байлаа. Үргэлжлэл бий.

Friday, March 13, 2026

Нэргүй тууж-5

Байрны бацаанууд намар нь цэцэрлэгт явдаг боллоо. Дамиа гуайн зээ охинийг хөлд ороход байрны хана, давхруудын цонхноос өнгө өнгийн гэрэл цацарсангүй. Орцны шатаар гүйхэд тоос болон замхрах гялалзсан мөр үлддэггүй. Харцнаас нь алмай, дүйнгэ байдал анзаарагдана. Харин барьсан бүхэн нь амилан хөдөлж, тавихад нь үхсэн мэт хөшдөг. Золбин ноход жаал охиныг хараад хаа холоос ирж ёс юм шиг гурав тойроод замаа хөөнө. Охин ч хамаатан, садантайгаа таарсан мэт баярлахад нөгөөдүүл нь сүүлээ шарвагануулан эрхэлнэ. Даанч нохойноос айдаг Байгаль эгч охиндоо тэднийг ойртуулахгүй, хөөж тууна. Ноход хэдэн алхам холдоод охин руу эргэн харж мэхийх мэт болоод явдагийг надаас гадна Дамиа гуай анзаарсан болохыг би бүр сүүлд мэдсэн юм. Зуны сүүлээр Шүрээ эгчийнд ТМС-ийн хуваарь авсан холын хамаатных нь хүүхэд суухаар хөдөөнөөс ирлээ. Тэр золиг хичээлдээ явахаас бусдаар гадаа гардаггүй ажээ. Тааралдвал жаахан шогломоор санагдаад болж өгдөггүй. Хичээл эхлээд удаагүй байтал нүд хорсом ханхалдаг зуслангийн модон жорлонгийн үнэр үл мэдэг үнэртдэг байснаа удалгүй манай орцноос, яваандаа байр тэр чигтээ өмхийрлөө. Эмээ, ээж, эгч нар хүч хавсран цэвэрлэгээ хийгээд ямар ч нэмэргүй. Сүүлдээ манай байраар ирдэг зочингүй болов. Хэнийхээс өмхий ханх тавьж байгааг оршин суугчид ил хэлэхгүй ч дор бүрнээ сэжиг, таамаг дэвшүүлцгээнэ. Надаас сэнгэнэх өмхий үнэрээс болоод хамт суух хүүхэд олдохоо болилоо. Чих нь булагтсан хүүхэдтэй тоохгүй суух хэрнээ намайг тойрон дөлцгөөх нь шог санагдана... Анхны цас орж хүйтрэхэд манай байрныхан өмхий үнэрээ дарахаар хамаг цонхнуудаа цэлийтэл дэлгэдэг болов. Үүнээс болж байрны багачууд ханиад, хатгаа тусацгаан зарим нь эмнэлэгт хэвтэцгээв. Бурмаа, Байгаль эгч нар хүүхдүүдээ аван хадмуудынх руугаа дайжицгаалаа. Гэрэлмаа үг хэлгүй алга болов. Угаасаа ч бид их юм ярьдаг биш дээ... Ийнхүү өвлийг өнгөрүүлж хавартай залгахад өмхий үнэртээ бид дасал болж билээ. Сургууль амраад удаагүй байтал үсээ тайруулж, улам өндөр болсон Гэрэлмааг харлаа. Яг тэгэхэд л би манай байрны өмхий үнэр арилсныг мэдсэн юм. Өнгөрсөн хугацаанд өдрийн од шиг харагдсан хөдөөний хүү ч үзэгдэхээ больжээ. Үргэлжлэл бий.