
Би энэ мөчийг маш удаан хүлээлээ. Хүссэн юм хүзүүгээр татах мэт болж би маргааш гэхэд хүний хань болох гэж байна. Хүүхэд байхын л энэ мөчийг янз бүрээр мөрөөдөж байсан боловч цагаа болоход тэр мөрөөдлөөс минь огт өөрөөр бүх юм эргэв. Би уг нь хайртай хүнтэйгээ л гэрлэнэ гэж мөрөөддөг байсан бол хань болж байгаа энэ хүнийхээ төлөө гал, усанд орно гэж хэлж бол үнэхээр чадахгүй гэдгээ бараг танилцах үедээ л мэдэрсэн. Юм гэж сонин шүү... Хамгийн их хайрлаж, хүсэж, зүүд нойрны минь хан хүү болж байсан тэр хүн маань өдийд юу хийж байгаа бол? Хэрвээ хотод байгаа бол номоо уншаад гэртээ сууж байгаа болов уу эсвэл бидний хамтдаа дандаа ордог, өөрийнх нь хэлдэгээр үхэн үхтлээ эндээс салахгүй гэдэг байсан уушын газартаа шар айраг шимэн улайсхийгээд сурсан зангаараа гар утсаараа оролдоод сууж байгаа болов уу? Хөдөөнөө байгаа бол нисэж байгаа шувуудын жиргээ, салхинд найгах өвсний ганхааг зурж байгаа зургандаа шингээх гээд хамаг ур чадвар, ухаан санаагаа ширгээж байгаа даа. Ямар ч гэсэн тэр намайг өнөөдөр хуримаа хийж байгааг мэдэхгүй байгаа...
"Уучлаарай" гэдэг үгийг хэлэх битгий хэл сонсох ч дургүй сонин хүн шүү. Нэгэнтээ би ажилтай байгаад холбоо барьж чадсангүй гэдгээ хэлэхдээ хэд хэдэн удаа уучлаарай гэсэн чинь миний урдаас өрөмдөх мэт харснаа наад үгээ дахиж битгий хэлээрэй гэхэд нь завгүй байсан ч надтай холбоо барьж байгаарай гэж хэллээ хэмээн ойлгож байв. Гэтэл тэр маань хэнд ч ажил гардаг болохоор заавал ийм зүйлд уучлал гуйх хэрэггүй гэсэн юм билээ. Харин би түүнийг нь ойлголгүй хэд хэдэн удаа уучлаарай гэж хэлсэний дараа тэр: хэрэв уучлал гуйх байсан юм бол бодлогогүй юм хийгээд хэрэггүй гэснээс нь хойш больсон санагдаж байна.
Анх түүнтэй танилцахад л тэр өөрийн гэсэн ертөнцтэй болох нь шууд мэдэгдэж байлаа. Хэдийгээр төгс төгөлдөрийн дээд биш ч гэсэн түүнд эрхэмлэн нандигнах зүйлтэй, тэрнийгээ хэнээс ч нуудаггүй, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг болох нь анзаарагдсан билээ. Жирийн танилийн хүрээнд түүнтэй харилцаж байхаар би тэр үед шийдэж байсан ч нэг л мэдэхэд түүнд уусаж, төд удалгүй хайртай болж гэдгээ мэдэрсэн. Юу хүсэж, бодож байгаагаа зөв илэрхийлж чаддаг тэр занд нь автаад би хайртай болжээ гэдгээ хэлэхэд урдаас минь "намайг хэзээ ч битгий орхиорой" гэсэн нь хайртай гэдэг үгийг хүртэл хамгийн энгийнээр ойлгуулж болдог юм байна гэсэн бодол төрүүлж билээ.
Амьдарч байгаа хэв маягийг нь анзаарах юм бол ямар ч идэвхигүй, бараг уйтгартай гэж хэлмээр санагдах боловч түүний сэтгэлд хүнийг өөрөөсөө илүү хайрлахын утга оршиж байдаг нь тун гайхалтай. Гэтэл надтай маргааш гэрлэж нөхөр минь болох залууд түүнтэй зэрэгцүүлэх юм юу ч байдаггүй. Миний хайртай хүн надтай гэрлэх санал тавихгүй болохоор л би энэ залууд зөвшөөрсөн юм. Мэдээж би асар ихийг алдаж байгаа гэдгээ мэддэг ч 30 нас гарсан намайг үүнээс цааш хүлээвэл юу болохыг хэлж ч мэдэхгүй байна гэж бичиж байтал миний утсанд алсын дуудлага орж ирлээ...
Би уйлахнээ...
ReplyDeleteЧангаас чанга "Би чамдаа хайртай" гэж хэлмээр байна.
ReplyDeleteHurd hamtlagiin duuldag Nulimsaa tevchye duunii orig huvilbar ni iimerhuu utgatai bdg yum bilee. Nileed ertnii duu shig bga yum. It happens anyway!
ReplyDeleteГамбиногийн хамгийн сэтгэл татам бичлэг нь. Үүнтэй хүн болгон санал нийлэх байх. Энд маш нандин мэдрэмжээр дүрслэгдсэн Уянгаагаар дамжуулж өөрийгөө илэрхийлэж байгаа нь үнэхээр мундаг. Би уншаад хэзээ ч уйддаггүй ээ. Би чамдаа хайртай Гамбино.
ReplyDelete