Sunday, July 12, 2009

Энд нэг ийм газар байх юм аа (дурсамж)




Хүмүүсээ энд нэг ийм газар байх юм аа. Юуны чинь юу гэдэг газар гэж эрүүлжүүлэх байр гэдэг нэртэй цагдаагийн хяналтанд байдаг газар л байхгүй юу. Би тийшээ хэд хэдэн удаа орж үзсэн л дээ. Тэгээд нэг их харамсаад байгаа ч юм биш, бас бахархаад ч байгаа юм биш. Зүгээр л тэнд ороод гарахад ямар байдаг вэ гэдэг ерөнхий хар зургийг хэлэх гэсэн юм. Та нар дунд ч гэсэн эрүүлжүүлэхэд орж үзээгүй хүн байхгүй биз. Гэхдээ орж үзээгүй байх юм бол заавал нэг удаа ороод гараарай, харин ямар байдлаар вэ гэдгээ өөрөө шийднэ биз.

Миний бие эрүүлжүүлэх байранд орохдоо нийт 7 удаа орохдоо СБ дүүргийн эрүүлжүүлэхэд 5, 1 удаа ЧД-ийн эрүүлжүүлэхэд бас 1 удаа Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэхэд морилсон билээ. Гайхуулж хэлэхэд Чехийн эрүүлжүүлэхэд орсон юм байна.

Гэтэл надтай 1 өрөөнд хамт ажилладаг залуу ганцхан БГ дүүргийн эрүүлжүүлэхэд орж үзсэн гээд тун сэтгэл дундуур байх юм. Түүнд өөр дүүргүүдийн эрүүлжүүлэхэд дахин дахин орохын өлзийтэй ерөөлийг өргөн талбия.

Анхны тохиолдол. Багын явдал санагдав байна. Тэр үед би их сургууль хойд ахынд дөнгөж төгсөөд ирсэн ууж, идэх дээр багагүй туршлага хуримтлуулаад байлаа. Орос ах нарын дунд байхдаа талтай стаканы талаас дээгүүр цагаан архийг цалгиулж, халгиулахгүй сайхан татдаг байлаа. Хоюулаа уух юм бол 3 шил архины цаана өлхөн гараад очих газраа саадгүй хүрдэг байжээ. Тэр өдөр надтай хамт уусан нөхөр маань харин архины тал дээр төдийлөн амжилттай суралцаж чадаагүй даруухан нэгэн байсан бололтой. Идэр рестораны 2 давхарт эргэдэг биш хуулдаг тугалган бөглөөтэй цагаан архи 2 шилийг цохиод дахиж дээрээс нь тэнд байсан зүс таних нөхрөөр 1 шил архи авахуулаад овоо сайхан халаад гарах гэж байтал надтай хамт явсан нөхөр маань халахаараа гайгүй хүүхэмсэг нөхөр байжээ. Ямар ч гэсэн тэнд байсан нэг хүүхэн рүү шүлэнгэтэж байснаа гэнэт дургүйг нь хүргээд, нөгөө хүүхэн баахан чанга хашгирсан уу яасан нэг мэдэхэд бид хоёр 3-4 цагдаад ээрүүлээд зогсож байдаг юм байна.

Энэ тохиолдолд миний тархи ёстой Dell брендийн Inspiron шиг ажиллаж аль болох цагдаа нарыг аргадаж байгаад салах гэтэл " Муу эрд халдага дараа" гэгчээр хамт явсан нөхөр маань цагдаагийн өөдөөс арзаганаж байгаад хамтдаа ардаа "Люкс" өрөөтэй УАЗ-469 машинд орлоо. Замдаа надтай хамт явсан хампаан бүх мэддэг хэл дээрх хараалаараа цагдаа нарыг зүхсэн боловч түүний хүслээр болсонгүй харин ч түүнийг цагдаа нар баглаж хүлээд өтгөн, шингэнтэй нь холиод үнэр танар аймаар юм боллоо.

Удалгүй биднийг хотын төвийн 2 давхар орон сууцны подвалд орууллаа. Тэнд уйдсан боловч омогтой хэдэн цагдаа нар ачилгаар ирсэн гаруудыг бүгдийг нь шалдалаад камерт салгаж орууллаа. Намайг 2 хүнтэй камерт орууллаа. Тэр 2 ч хүн орж байгааг мэдэж байгаа шинж алга нам унтаж байна. Би ч гэсэн хувь заяатайгаа эвлэрэн тэдний хажуугаар ороод дэн дун байсан ухаанаа аажмаар тавин зөөлөн бөхөд дарагдав.

Харин өтгөн шингэнтэйгээ холилдсон манай хампаан омогтой хэдэн гарууд дээр орсон бололтой баахан шоглуулж байгаад нам гүм боллоо.

Гэнэт радиогоор төрийн дуулал эгшиглэн эрүүлжүүлэх гэж ялгалгүй эх оронд маань нэгэн шинэ өглөө эхэллээ. Өвгөнтийн бололтой нэг гар хоногийн тооцоогоо шал угааж хийж байх юм аа. Гэтэл нойрмог нүдтэй нэгэн залуухан цагдаа хүрч ирсэнээ биднийг камераас гаргаж хувцсаа ялгаж ав гэдэг юм байна. Анх удаа орж байгаа ч гэсэн амьтны инстинкт гэдэг зүйл хөдөлж тэр дороо хувцсаа олж өмсөөд буцаад камертаа орох гэтэл цаашаа явж бие зас гэнээ.

00 өрөө нь 1-2 шээлтүүр, 1 кранттай байх бөгөөд тэнд байсан бүх эрүүлжүүлэгсэд цоргоноос усыг цангасан амьтад шиг сорж алдаж байнаа. 00-долт дуусангуут биднийг бөөнд нь 1 өрөөнд орууллаа. Тэгсэнээ тэнд байгаа хүмүүсийг мөнгөтэй нь төлбөрөө хийгээд гарч болно, мөнгөгүй нь гэр орон руугаа холбоо барьж төлбөрөө авчруулж болно гэж байх юм.

Гэтэл бас хэдэн хүмүүсийн нэрийг цохон дуудаал тусад нь хорьдог юм байна. Яасан хүмүүс вэ гэтэл захиргааны ч юм уу эрүүгийн хэрэг согтуугаар үйлдсэн үнэн бүтэхгүй хүнд гарууд гэж байх юм аа.
Манай хампааны нөгөө сүр сүлд хэдийн нисэн оджээ. Цагдаа нарыг баахан хараасан, дээрээс нь өтгөн шингэнээ гоожуулсан гээд нөгөөхийг чинь баалсан амьтад тэрүүгээр дүүрэн. Камерийн гарууддаа хүртэл дээрэлхүүлсэн юм шиг байгаа юм. Үүнээс болоод нөгөөдөх маань 2 хүний төлбөр төлөөд гармаар байнаа гээд л төмөр хаалга балбаж гарлаа. Удалгүй биднийг хүргэж ирсэн цагдаа хаалга нээж түүнийг гаргадаг юм байна. Тэр дороо нөгөө цагдаа намайг дуудаж гаргав. Манай нөгөө нөхрийг цагдаа нар баахан хууль, дүрэм яриад сүнс сүлдийг нь зайлуулах шахжээ. Тэр ч хамаг ам шүдээ өгсөөр байгаад эхнэртэйгээ утсаар ярьж саяхан гэрлэсэн сайхан авгай нь тэр дороо нисэн ирж бидний мөнгийг төлөн нөхрөө аван талийн одсон билээ.
Тэр цагаас хойш өтгөн шингэний тухай яриаг нам дарахыг надаас гуйж, найз маань надад өгөөмөр Бурханы дүрийг үзүүлдэг болсон бол, эхнэр нь намайг энэ хорвоогийн хамгийн муу хүн гэж гэж тооцсоор хэдэн жилийг үдсэн боловч тэдний амьдрал 2 тийш болж төгсгөл болсон билээ.

2 comments:

  1. goy bichsen bna Ubaa. Daraagaar n yaaj orsonoo bicheerei kkkkkkkkkkkkk

    ReplyDelete
  2. Tsoktsok chi yasan xynii muud durtai yum be??? Gexdee ax ni zaaval eryyljyylexed orj baisan tuxaigaa bichnee.

    ReplyDelete