Tuesday, July 14, 2009

Аз жаргалын эрэлд (Pursuit of HAPPYNESS)


АЗ ЖАРГАЛ ХААНА БАЙДАГ БОЛООД ТҮҮНИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ ?

(АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ)
Энэхүү зөвлөмжийг бичих болсон шалтгаан нь би өөрийн олон жилийн идэвхитэй эрлийнхээ үр дүнд аз жаргалыг олсон бөгөөд энд хүрэхэд хэдий хугацаа, хичээл зүтгэл, шаардагдсан талаар өгүүлэхийг зорьсон болно. Аз жаргалаа олсон гэдгээ таньж, мэдэхэд зарцуулсан хугацаа маань аз жаргалаа олохоос ч их хугацаа шаардсан болохыг хэлэхгүй байхын аргагүй. Мөн та бидний хооронд аз жаргал гэдгийг үнэлэх үнэлэмж, төсөөлөл харилцан адилгүй байхыг маргах аргагүй гэж бодож байна. За ингээд аз жаргалынхаа эрэлд мордоцгооё...
Нэг. Эрлийн эхлэл.
Аз жаргал гэдэг энэ хоёр үгийг салгаж бичиж болно. Мөн нийлүүлж бичээд Азжаргал гэж хүний нэр ч бас болгох боломжтой. Миний анхны танилцсан Азжаргал одоо 20 нас хүрсэн залуухан эмэгтэй байх ёстой. Хаана явдаг, юу хийдгийг нь мэдэхгүй ч харин түүний ээжийг олох л их амархан болов уу гэж бодож байна. Ээжийг нь олоод уулзвал Азжаргалыг олох боломжтой ч тэр залуу эмэгтэй таныг тэгтэл нь их аз жаргалтай болгох нь юу л бол гэхдээ та очоод үзээрэй, юмыг яаж мэдэх вэ. Харин ээжээс нь Азжаргалыг хаанаас анх олсон талаар асуувал хэлж өгөх нь дамжиггүй бизээ...
Аз жаргалын эрэл хүн төрлөхтөн үүссэн цагаас эхэлсэн гэвэл би лав үнэмшихгүй яагаад гэвэл хүн төрхөлтөн үүсэх тэр үед би байгаагүйгээс гадна намайг төрүүлж өсгөх эцэг эхийн, эцэг эх ч тэнд байгаагүй гэж бодож байна. Хэрэв хүн төрлөхтөн үүссэн яг тэр цагт хэрэв тэдний ядаж нэг нь байсан бол ямар ч гэсэн аз жаргалыг хаанаас эхэлж хайсан, хаана байж болох талаар үр удамдаа заавал хэлсэн байх ёстой бөгөөд түүнийг нь ч бас би мэддэг байх ёстой. Гэтэл би төрөнгүүтээ аз жаргал гэж юу болохыг мэддэгүй байсан болохоор, миний амьдралын эхний үе маш хязгаарлагдмал хүрээнд эргэлдэж байлаа. Тийм ч учраас надаас өмнө болон хойно төрсөн бүх хүмүүс аз жаргал гэж юу болохыг мэддэггүй байсан болохоор тэдний (тэд гэдэгт уншигч та ч бас багтана) хэн нь ч аз жаргалыг хаанаас эрэх ёстойгоо мэдэхгүй байсан гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна.
Аз жаргалын эрэлд гарахын тулд нарт хорвоод заавал мэндэлсэн байх ёстой. Төрөөгүй хүн хэзээ ч аз жаргалын эрэлд гарах ямар ч боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас жирэмсэн эхчүүд хүүхдээ төрөнгүүт дотроо байсан хүнд ачаанаас л салж, төрсөн хүүхдийнхээ хувь заяа, сургууль соёл гэсэн улам хүнд ачааг мөрөн дээрээ үүрэх болно. Зарим эцэг эхчүүд дээр хэлсэнчлэн хүүхдийнхээ хувь заяа гэсэн хүнд ачаа үүрч байгаагаа аз жаргалтай байна гэж үздэг бол тэдний жаргал нь эргээд хүүхдэд нь зовлон болдог. Би л хувьдаа үүнийг 100 % үнэн гэдгийг баталж чадна...
Би анх эхээс төрөнгүүтээ хачин их даарсан болохоор надад дулаан хувцас, өлгий хэрэг болсон байж таараа. Монголчууд төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдлээ гэж хүүхдээ төрөхөөс өмнө аливаа нэг зүйл бэлдэхээс цээрлэдэг (уг нь бэлдсэн байвал дээр л дээ) болохоор надад төрсөн даруйдаа, миний гээд өмсөх хувцас, өлгий энэ тэр байсангүй. Харин намайг нүдээ нээх үед над руу хачин дулаахан харцаар өөдөөс минь харсан залуухан эмэгтэй өвөртөө авахад би хөлдөж үхэх аюулаас аврагдсан юм. Уг нь ч жаахан зөрүүд зан маань хөдлөөд гөжмөөр санагдсан ч бас эхний уулзалтаар хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлмээргүй санагдсаныг хэлье.
Удалгүй бас л нэг аюул над руу заналхийлсэн нь өлсөх гэдэг аймаар зүйл байлаа. Юу юугүй гэдэс ходоод хоорондоо наалдах шахаад ямар нэг аргаар тэр хоосон орон зайг дүүргэх хэрэгтэй болсоноо хамгийн сайн мэддэг аргаараа хэллээ. Намайг хөлдөж үхэх аюулаас аварсан тэр нүдэнд дулаахан эмэгтэй дахиад л зөөлхөн, бас дулаахан гараараа тэврэн өргөж надад мөөмөө миний ам руу дөхүүллээ. Намайг нарт ертөнцөд ирэхээр сонгогдож байх үе, бидэнд зориулсан хичээл дээр хоолыг амаараа иддэг гэж зааж байсаныг мартаагүй байсан болохоор хэр сайн сурагч гэдгээ харуулах гээд тэр мөөмнөөс гарах сүүний амтыг мэдэхгүй мөртлөө хамаг чадлаараа хөхөж гарлаа. Анхандаа бараг юу ч гарахгүй болохоор нь буруу хөхөөд байгаа юм болов уу гэж хэсэг гайхсан ч гэсэн сулруулалгүй хөхсөөр байгаад жаахан чихэрлэг цайвар шингэн гаргаж чадсан нь миний хүн төрлийг олсоос хойш хамгийн анх удаа хийсэн АҮК бүхий үйлдэл байлаа. АҮК нь аж үйлдвэрийн комбинат биш ашигт үйлийн коэффицент гэж ойлгохыг энэ ялдамд сануулья.
Анх удаа хөлс хөдөлмөрөө урсган байж идсэн тэр зоог амттай байсан гэдэгтэй би хэнтэй ч мөрийцөхөд бэлэн байна. Яагаад гэхээр ямар нэгэн хөхтөн амьтаны сүү, тэр бүү хэл шинжлэх ухааны ололт амжилтын дүнд бүтээсэн хуурай сүү бүр ч биш харин намайг тээж төрүүлсэн, намайг анх харсан тэр залуухан үзэсгэлэнтэй эмэгтэйн хайр, элбэрэл хэмээгч агуу амтлагчаар амталсан сүү байлаа.
Танд өгүүлж буй тэр залуухан, үзэсгэлэнтэй эмэгтэйг миний ээж, миний өмгөөлөгч, хамгаалагч, бүх наснаараа надад үнэнч найз охин минь юм байна гэж анхны уулзалтаар мэдсэн билээ...
ЭЭЖ – гэдгийг дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Wikipedia нэвтэрхий толь бичигт: “A mother is a
biological and/or social female parent of an offspring. In the case of a mammal such as a human, the biological mother gestates a fertilized ovum, which is called first an embryo, and then a fetus. This gestation occurs in the mother's uterus from conception until the fetus is sufficiently developed to be born. The mother then goes into labor and gives birth. Once the child is born, the mother produces milk in a process called lactation to feed the child; often the mother's breast milk is the child's sole nourishment for the first year or more of the child's life.
The title mother is often given to a woman other than biological parent, if it is she who fulfills the social role. This is most commonly either an
adoptive mother or a stepmother (the biologically unrelated wife of a child's father). Currently, with advances in reproductive technologies, the function of biological motherhood can be split between the genetic mother (who provides the ovum) and the gestational mother (who carries the pregnancy), and in theory neither might be the social mother (the one who brings up the child).
Mothers have historically fulfilled the primary role in the raising of children, but since the late 20th century, the role of the father in child care has been given greater prominence in most Western countries.
The experience of motherhood varies greatly depending upon location. The organization
Save the Children has ranked the countries of the world, and found that Scandinavian countries are the best places to be a mother, whereas countries in sub-Saharan Africa are the worst.[3] A mother in the bottom 10 countries is over 750 times more likely to die in pregnancy or childbirth, compared to a mother in the top 10 countries, and a mother in the bottom 10 countries is 28 times more likely to see her child die before reaching his or her first birthday.” хэмээн тодорхойлсон байна.

Үүнийг агуу их Монгол хэлнээ хэсэгчлэн хөрвүүлвэл: “Ээж гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн биологийн болон нийгмийн асран хамгаалагч хүмүүн гэдэг нэгэн төрлийн хөхтөн билээ гэж эхлээд нилээн олон зүйлийг нуршсан байна.
Харин ээж гэдэг үгийг Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь дээр “ эх, бөөрөнхий биеийг минь төрүүлсэн ээжийнхээ ачийг яанам бэ...” гэсэн байхыг харж болно.
Би үүнтэй санал нэгдэхгүй. Харин ч ээж гэдгийг энэ олон үг нуршин тодорхойлохоос илүү ганцхан ХАЙР-ЭЛБЭРЭЛ гэж хэлмээр санагддаг.
...Гэдэс цадсаны дараа хэсэг ядарлаа. Энэ ядаргаа миний мэдэрсэн хамгийн анхны, сэтгэл хангалуун ядралт байсан юм. Хожим мэдэхнээ миний сурсан эх хэлэн дээр энэ ядралтыг цадалт гэж нэрлэдэг болохыг мэдсэн юм. Нэгэнт ядарсан болохоор унтаж амрах хэрэгтэй боллоо. Тэр үед би маш их унтдаг байсан юм. Ямартаа л хамаг хийх ажлаа орхиод өдөрт бараг хорь гаруй цаг унтаж байх вэ дээ.
Уг нь унтаад байвал унтаад л байх тэр үед намайг юу сэрээдэг байсан бэ гэвэл бие засах үйлдэл буюу одоогийн хэлээр “00-дох” юм. Хуримтлагдсан хоол тэжээлийг тэр чигээр нь хадгалаад байж болдог юм байх гэсэн миний ойлголтыг анхны “00”-долт тасалдуулсан нь байгал дэлхий дээр оршин сууж буй бүх хүмүүс, амьтдын хийдэг ердийн үйлдэл байсныг би тэрхэн үед мэдээгүй бөгөөд бусдад бүү хэл надад ч таатай бус үнэртэй тэрхүү боловсорч гүйцсэн тэжээлийг гадагшлуулахад нэн таатай болохыг үгээр тайлбарлах аргагүй. Хэрэв байнга завтай байдаг бол хийгээд байж болмоор л ажил юм байна гэдгийг би анхны “00”-долтоос мэдсэн бөгөөд харин хичнээн ч их завтай байгаад нэгэнт боловсорсон хүнс гэдсэнд минь үгүй бол яаж ч хүсээд боломжгүй гэдгийг бас мэдсэн билээ.
Үнэндээ тэр үед надад мэддэг нэг ч монгол үг байсангүй. Ямар ч гэсэн өөрийнхөө мэддэг аргаараа “00”-длоо гэдгээ ээждээ эмээнгүй хэллээ. Ээж миний айж, эмээсэнийг мэдсэн эсэхийг санахгүй байна, харин ямар нэгэн сэжиглэж цамаархсан шинжгүйгээр миний гадагшлуулсан нөгөө эвгүй үнэртэй боловсорч гүйцсэн ялгадсыг ядах юмгүй цэвэрлэж орхисон юм.
Ямар нэгэн түүртэх зүйлгүйгээр энэ бүхнийг хийж байгааг нь хараад би ээжийгээ бүх насаараа энэ ажлыг хийж байгаа юм болов уу гэж бодож байснаа нуух аргагүй. Энэ бүхнийг хийж байхдаа тэр намайг нэг л өвөрмөц, дулаан харцаар харж, энхрийлж, үнэрлэн үнсэж байсан заримдаа таатай ч юм шиг заримдаа залхмаар ч юм шиг эхэндээ санагдаж байсан боловч нэг л мэдэхэд би түүний энэ энхрийлэлгүйгээр байвал би таних хүнгүй энэ хорвоод яаж ганцаараа байх вэ гэдгээс айж эхэллээ.
Энэ хорвоод мэндэлсэн анхны өдөр ийнхүү өндөрлөхөд би ээжийгээ танидаг, тэр надад хайртай, тэр намайг тэжээдэг, харанхуйгаас хамгаалдаг гээд түүний тухай багагүй мэдлэгтэй болсон байв.
Дараа дараагийн өдрүүдэд энэ бүхэн ямар ч өөрчлөлтгүй давтагдаж байтал намайг /уг нь ээж бид хоёрыг/ төрөх эмнэлэгээс гаргах цаг болсон гэж дуулдлаа. Уг нь би төрсөн газраа бүх насаараа байх юм болов уу гэж бодож байсан болохоор бас ч сонин санагдаж байлаа. Анх төрсөн газарт намайг нимгэн даавуун өлгийгөөр өлгийдөж байсан бол түүний гадуур зузаан гэгчийн даавуугаар хийсэн хөнжилөөр ороолоо. Халуун гэж жигтэйхэн, хөдлөхөд зовлонтой, арай гэж л хөлийнхөө үзүүрийг л хөдөлгөж болж байв. Гэнэт намайг нэг өтгөн хоолойтой, урьд нь огт харж байгаагүй хүн тэврэн өргөлөө. Би ээжийгээ олж харах гээд хичнээн их оролдсон боловч нөгөө зузаан өлгийнөөс болоод чөлөөтэй эргэж болохгүй намайг сандаргалаа.
Би ганц чаддаг аргаараа арай гэж танилцаад байсан ээжийгээ дуудлаа. Гэтэл ээжийн дуу хажууханд сонсогдож байна. Ямар ч гэсэн намайг хаяагүй байгааг нь мэдээд сэтгэл амрах гэтэл хачин чанга чимээтэй, сэрүүн газарт намайг авч явлаа. Удалгүй сууж байгаа мөртлөө өөрөө явдаг зүйлд оруулсанаар миний аялал үргэлжилсээр эцэст нь хаана ч юм бүү мэд нэгэн газарт ирсэн нь миний өссөн, цаашид амьдрах гэр маань байлаа.
Төрөх газраас гарахад тосож авсан эрдүү хоолойтой хүн надад ээжтэй минь адилхан хандаж, хайрлаж байсан ч намайг хөхөөрөө хооллодоггүй бас “00”-дсоны дараа цэвэрлэдэггүй байсан ч салхинд гаргах, өвөр дээрээ авч, суух, алхах, гадагшаа салхинд авч гарах гээд намайг аз жаргалтай амьдрах, надад таалагддаг бүхнийг минь бүрдүүлэх гэж маш их хүчээ зарцуулдаг байлаа.
Энд бас нэг сонин зүйлийг хэлэхэд гадагшаа гарах, усанд орох гэдэг хоёр цоо шинэ зүйлс миний амьдралд орж ирсэн юм. Гадагшаа гарах гэдэг нь зузаан хөнжилд өлгийдүүлж, гэрээсээ огт өөр орчинд одох бөгөөд тэнд юм бүхэн сонирхолтой, хачирхалтай байв. Гадаа зугаалахад аймаар бас элэглэмээр зүйлс ч тохиолдох нь элбэг байдаг бол усанд орох нь миний дассан, хуучин орчинтой төстэй байдаг болохоор надад их таалагддаг байлаа.
Гадагшаа гарахад зузаан хөнжилд эхэлж өлгийдөөд эргэж орж ирээд өлгийг тайлж хөнгөлдөг бол усанд ороход бүр эсрэгээрээ, эхлээд миний хамаг өлгий, хувцсыг /хувцас гэхэд хэцүү л юм өмсүүлдэг байсан/ тайлаад, усанд орсоны дараа даарна гэж нэг аюултай юм болохоос хамгаалж ямар ч сонголтгүй дорхноо багадчихдаг цамц өмсүүлээд дээрээс нь өлгийддэг байлаа.
Ер нь би төрсөнөөсөө авхуулаад өлгийдүүлэх дургүй байсан ч намайг миний аав, ээж хоёр миний саналыг харгалзан үзэлгүй өлгийдөн баглаж унтуулдаг байсаныг гайхдаг юм. Яагаад тэгдэг байсныг би 10 гаруй настай болсон хойноо л бүх нялх хүүхдүүдийг баглан өлгийддөг болохыг мэдсэн болохоос ач холбогдлыг нь ердөө л тэвэрч явахад амар байхын тулд өлгийддөг юм байна гэж ойлгож байв.
Төрсөнөөс хойш надад заналхийлж байсан аюул гэвэл, нэгдүгээрт: өлсөх, хоёрдугаарт: хөдөлмөрлөсөний дараа ядрах, гуравдугаарт: усанд орох эсвэл гадагшаа гарахад даарах зэргийг л хэлэх байна. Түүнээс бусад нь гэвэл нөгөө миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байлаа.
Намайг төрөх газраас гарахад манай гэр бүлд аав, ээж хоёроос гадна миний эгч, ах хоёр тосож авсан юм. Тэдний гар нь зөөлхөн, миний нялзрай биеийг өвтгөдөггүй байсан. Эгчийг би жижгээр хувилсан ээж гэхдээ намайг хөхөөрөө хоолохгүй ч хэзээ нэгэн цагт хэн нэг хүүхдийг хөхүүлж хооллоно гэж мэдэж байсан бол ахыг харин аавын дотнын нөхөр нь байгаасай гэж хүсдэг байлаа. Миний хүссэнээр ч тэд хожим сайн нөхөд болцгоосон.
Аав тамхи татна. Тамхины утаа миний хувьд анхандаа муухай санагддаг байсан ч сүүлдээ дасаж заримдаа аавыг тамхи татахгүй бол татахыг гуйдаг байлаа. Аав тамхи татаж байхдаа маш завгүй болж юуг ч юм нэг зүйлд бодлогошрон суудаг байв. Би ч гэсэн тэр үед аав шиг том болж байгаад тамхийг ч татна, татахдаа харин бодлогоширолгүй, хөдөлгөөнтэй татна гэж боддог байсан. Ээж тамхи татдаггүй байсан нь үнэхээр гайхамшигтай. Хэрэв би ээж, эгч хоёрыг амандаа тамхи зуугаад бодлогоширч байгааг төсөөлвөл: за за бүтэхгүй юм байна. Яаж ч төсөөлөх боломжгүй тул болихоор шийдлээ.
Намайг төрсний эхний хэдэн 10 жилд надад хамрын ханиад хүрэхээс өөр ямар нэгэн зовлон байсангүй. Би ч бас аз жаргалын эрэлд гарсангүй. Яагаад гэвэл тэр үед Монголд ирсэн АНУ-ын дуучин энх тайвны төлөө цогтой тэмцэгч Дин Рид хэлэхдээ: Монголд хамгийн аз жаргалтай хүмүүс бол хүүхдүүд юм гээд миний аз жаргалтай гэдгийг надаас түрүүлж мэдээд, надад итгүүлсэн болохоор би эхний битгий хэл бараг 18 нас хүртлээ аз жаргалд умбаж байлаа. Тэгэхээр би л хувьдаа аз жаргалыг 18 нас хүртлээ хайсангүй, хайх ч хэрэг байсангүй.


No comments:

Post a Comment