Saturday, October 15, 2022
ЗҮҮДНИЙ ТАНИЛУУД
Шар ямаан хилэн хавтастай нүүрэн дээрээ ягаан сарнай ч билүү яргуй цэцгийн дүрстэй зургийн хуучин цомгоо үзээд сууж байх юмаа. Зориулалтын нүхгүй болохоор зургаа цавуудаж наах зориулалттай байсан юм. Харин би скочоор зургаа тогтоодог байлаа. Яг тэр хэвээрээ зургийн цомог зүүдэнд ороод ирлээ дээ...
...Хөдөөнөөс хамаатан садангаа ирэхэд хотод амьдардаг хэд нь гэрэл зурагчны газарт хүүхэд, хөгшдөө дагуулан бөөнөөрөө очиж, хамтдаа зургаа авахуулдаг уламжлал байв. Зурганд оролцсон өрхийн тоогоор угаалгаж мөнөөх хөдөөний айлчиндаа өгч явуулна. Нөгөөх нь нутагтаа очоод авахуулсан зургаа жаазандаа хадгалан орсон гарсан хүмүүст хэний хэн тэнд байгаа, энд ажилладаг гэх мэтээр танилцуулна бас бахархана. Тааруухан яваа нэгнээ гоочилдог ч биз.
Жаран жилийн өмнө авахуулсан гэр бүлийн зурагт миний дүрс байхгүй, байх ч үндэслэлгүй. Түүнээс арван жилээр наашлахад намайг таньж болох дүрс мэр сэр харагдана. Дөч, гучин жилийн өмнөхөд бүүр ч тодроод ирнэ. Энэ зуур ахмад настнуудын тоо нэг хоёроор цөөрсөөр байгаа нь гэрэл зургаас анзаарагдана. Хорин жилийн өмнө авахуулсан манайханы зурагт өндөр настан гэх хүн бараг үгүй болж тэдний үр хүүхдүүд насанд хүрцгээн, ач зээ гэсэн шинэ бүлэг үүссэн байдаг...
За зүүдээ үргэлжлүүлье. Хуучин цомог доторх зургууд бүгд амьтай мэт хөдөлцгөөнө. Хоорондоо ярилцана. Гэхдээ нэг үйлдэл дахин давтагдахгүйгээрээ ЖИФ дүрснээс ялгаатай. Анхааралтай харвал тухайн үед болсон явдал цааш үргэлжлэх мэт ажээ. Нэг зураг дээр би эргэдэг төмөр сандал түшин зогсож байснаа хэн нэгэн рүү уйлан зүтгэнэ. Орон зай нь илүү өргөн, урт байсан бол хаашаа ч явж мэдэхээр харагдана. Өөр нэг зураг дээр ээж толгойгоо яльгүй баруун тийш гилжийлгэн дуу дуулах аж. Даанч сонсогдохгүй юм.
Гэтэл зарим зурагнууд дээрх хүмүүс үзэж байгаа намайг таниад байгаа бололтой өөдөөс гараараа даллаж байх юм. Ялангуяа арвантаваас хорин жилийн өмнө авахуулсан миний зурагнууд надад нэг юм анхааруулж хэлэх гэсэн үү нилээн тэвдэнгүй дохиж харагдана. Тэр үед би нас залуу, ухаан мулгуу, хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй байсан болохоор өнөөдрийн надаас ирээдүйгээ мэдэхээр сандарсан байж магадгүй.
Миний залуу цагийн зураг л хорин жилийн дараахь өөрийгөө танилаа гэсэн шүү юм бодсоор хуучирсан цомгоо эргүүлж суутал итгэмээргүй юм боллоо.
Өнгөрсөн зууны номенклатур албан тушаалтны нийтлэг хэв шинжийн илэрхийлэл болсон каракул захтай пальто, мөн эдээр хийсэн гоголь малгай өмссөн аав маань цомгийн нөгөө хуудсны гэрэл зураг дээрх нэгний анхаарлыг татах гэж ихэд хичээх ажээ. Ахиулаад хартал нөгөө хүн нь гучин таван жилийн өмнөх хар нялхаараа би байх юм.
Нэг цаг үеийн хоёр хүн бие биенээ маш сайн таниад байхаар нь би саяхан авахуулсан гэр бүлийнхээ зургийг нөгөө хоёр зураг дээрх хүмүүст харуулвал аль аль нь одоо цагийн намайг огт таньсангүй.
Нөгөө хоёр зурагний өөдөөс бусад хамаатан, садангуудынхаа гучин жилийн өмнө авахуулсан зурагнуудийг харуултал тэд харилцан биесээ олж харцгаагаад бөөн хөөр болох ажээ.
Тэдний дунд намайг тоож, таних нэг ч хүнгүй нь харамсмаар.
Зүүд даанч богинохон юм даа.
Гамбино
Friday, October 14, 2022
ЗҮҮДНИЙ АЯЛАЛ
Аав ээжийг дэргэдээ суулгаад жолоогоо чанга атган давхина. Гучин жилийн өмнө нас барсан аав миний зүүдэнд байнга ордоггүй. Арван жилийн өмнө тэнгэрт хальсан ээжтэй цуг эргэж ирэхдээ ямар дэгжин харагдаж байна вэ?
Машины арын суудалд би ганцаараа голлон суужээ. Дэргэд эгч, охин дүү хоёр алга. Өмнөө суугаа хоёрт анхаараад, ардаа хоцорсон тэднийг дахин бодох ч хүсэл төрсөнгүй. Ямар ч бартаагүй, хааяа нэг эргэлт төдийхөнтэй замаар бидний суусан машин урагшилна. Дэргэдүүр үүл, манан хөвсийнө. Хаана явж байгаагаа сонирхох хүсэл төрөхгүй нь хачирхалтай.
Аав ээж хоёр ам хуурайгүй ярина. Эд уулзаад арван жил болсон байх ёстой, гэтэл ярих юм нь дундардаггүй юм байхдаа. Эсвэл өнгөрсөн хугацаанд уулзаж амжаагүй байсан хэрэг үү?
Гэнэт надад сууж яваа машинаа үзмээр санагдангуут би суудлаасаа хөөрөн нисэж, мөнөөх машинаа гаднаас нь харах нь тэрээ. Үүлэн цэнхэр өнгөтэй, эвхэгддэг дээвэртэй кабриолет аж. Ингэж ниссээр ээж, аав хоёроосоо төөрчихөж магадгүй гэж бодонгуут би хэний ч тусламжгүй эргээд арын суудалд сууж байх юм.
Үүл манан дундуур давхиж байгаа болохоор тэнгэр бүрхэг, зам дээгүүр явган цас хийснэ. Сүүдэр алга. Гэрэл ч алга. Нүд баясгах өнгө ч алга. Ургамал, модод урсах ус ч алга. Зам дээр таарах ан амьтад, мал сүрэг, жигүүртэн шувууд ч алга. Энэ бүхнийг би ээж, аав хоёртойгоо гэнэт учирсандаа баярлаад эхэндээ анзаараагүй юм байна.
Гэнэт замын байдал өөрчлөгдөн асар том барилгын дээвэр дээр явж байгаа мэт санагдлаа. Энэ бүхэн тархинд төсөөлөгдөж байгаа болохоос нүдний өмнө мөнөөх байдал хэвээрээ. Кабриолет хурдаа хассангүй бас нэмсэнгүй.
Урд суух хоёр, тэднийгээ хамгийн сүүлд харсан цагаас улам залуухан болжээ.
... Аав маань дөнгөж тавинхоёрхон настайдаа өөд болсон юм. Эмнэлэгт өвчтэй байхад нь би орхиж яваад, эргээд ирэхэд нэгэнт үгүй болсон байж билээ. Турж эцээд нүд хальтирмаар болсон тул би удаан тэсэж чадалгүй гарсандаа одоо болтол харамсдаг.
Эмнэлэгт байхдаа дөрвөлжин шугамтай дэвтэр дээр өөрийнхөө халууныг цаг тутам графикаар тэмдэглэсэн нь амьдралд хайртай байсны илрэл гэлтэй. Эсвэл өөрийгөө анагаах ухаанд зориулаа юу гэмээр. Нямбайлан хусдаг сахал нь өрвийтөл ургаж, цал бууралтсан нь одоо хүртэл санаанд хадаатай ч яг үнэндээ ямар төрхтэй хүн байсныг нь мартчихсан мэт санагдах үе надад гардаг. Гучин жил шүү дээ...
Зам дээр, чанх урд гэнэт хөхөвтөр хувцастай хоёр хүн гараад ирлээ. Юу юугүй мөргөх нь үү гэтэл тэдний нэг нь өлмийгөө хөдөлгөх төдий болоход бидний сууж явсан машин ямар ч эндэгдэлгүй өнгөрөөд явчихав. Юу болсныг мэдэхээр өндийн эргэтэл тэдний гуталнууд нүдний өмнө минь ирэв үү эсвэл би гутлых нь урд хэвтэв үү ёстой ойлгомжгүй үзэгдэл боллоо. Мөнөөх хоёр хүний нэг нь хөлөө 2-3 мм хөдөлгөсөн төдийд осол гарсангүй. Материаллаг ертөнцөд ийм явдал болсон бол энэ хоёр хүн бараг л дайруулчихлаа гэнэ.
Бид гурав цааш давхисаар. Хаашаа явж байгааг урд суугаа хоёр л мэдэх байх.
... Ээжийг өнгөрөхөд би дөч хүрчихээд байсан юм. Зүрх муутай, эмээр өдөр хоногийг давдаг түүнийг өнгөрөхөд болох ёстой юм боллоо гэж бодож билээ. Далан нас гэдэг тоо залуу биш ч бас өндөр нас бишээ. Үзэх ёстойгоо туулчихсан байдаг үе. Надаар заавал хөлдүү газар “малтуулна” гэж ээж хэлдэг байсан. Тэрэндээ хүрсэн, хүслийг нь ч би биелүүлсэндээ баяртай явдаг...
Ямар ч саадгүй явж байтал гэнэт урд том нүх гараад ирлээ. Хурдтай давхиж явсан үүлэн цэнхэр кабриолет зогсоход дотроос нь би буув. Нүхэн дотор бүсэлхийгээ хүртэл зоогдсон хөвгүүн байх юм. Гараас нь таттал хөдөлдөггүй. Аав, ээж хоёр зэрэгцэн зогсоод тоосон шинжгүй ярилцсаар. Би халааснаасаа утсаа гаргаж 101-105 хүртэлх бүх дугаар руу залгах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Миний бүтэлгүйтэхийг анзаарсан аав халаасаа уудлан утсаа өгч залга гэж дохилоо. Утсан дээр нь дарах тоо байсангүй. Хэд хэдэн товчлуур эвлүүлэх гэж байтал урт, шилбэ, хуруутай хэн ч юм нэг эмэгтэй утас булаацалдаад байх юм.
Энэ зуур би нөгөө хоёроос тусламж гуйхаар хартал надаас залуухан, өндөр, маш дэгжин хувцасласан үзэсгэлэнтэй хос дээшээ хөндийрөх ажээ. Нүхэн доторх хүү доошоо шигдсээр. Ийнхүү шигдсээр сарвайсан гар нь үлдэн улмаар харагдахгүй болох үед өнөөх хоёр ч хөөрөн алга болсон байлаа.
Ийм нэгэн аяллыг зүүдэндээ хийсэн би ч сэрсэн юм.
Гамбино
2018 оны 9 дүгээр сар 8
Saturday, October 8, 2022
ОЖ
Уушийн газарт тамхи татахыг хорьсноор тамхичид бөөгнөрдөг орон зай бий болж, нэр усаа мэдэлцэж амжихгүй ч ганц янжуур улалзуулаад өнгөрөхийн хооронд нэг хоёр хүмүүсийн дунд хүсэл мөрөөдлөөс уйтгар гуниг, төрөхөөс үхэх хүртэлх юмс үзэгдлийг цөөхөн үгээр солилцдог болжээ. Насанд хүрснээ мэдрэх, түүнийгээ бусдад батлан харуулахыг зорьсон хүүхдээрээ шахуу охид, хөвгүүд ихэнхдээ дийлэнх нь байдаг. Гэрийхнийхээ орлогыг хуу хаман ирдэг нэг нь өөрийн дэмжигчидээ дауулаг биелэг загнаж байхад түүнээс дутахгүй гэсэндээ гар утас, өмссөн пүүз, зөөврийн компьютерээ ломбарданд тавьж олсон мөнгөөрөө даржиндуухан тансаглан суух хэсэг бий. Гуч гарсан эрчүүд, бүсгүйчүүд тэдний дэргэд илүү их эрх чөлөө мэдрүүлнэ. Айлын бэр болоогүй, энэ тухай огт боддоггүй нь илт бүсгүйчүүд эрчүүдийн хараа булаах хүслээ тод гэрлийн дор нууж ядан сууцгаадаг. Харин тэдний үеийн залуус дүүмэд охидод сургааль айлдан, үеийнхээ бүсгүйчүүдийг халамжлан, бийлэгжүү эгч нарыг бие хаа, царай зүсээр нь зэрэг дэв тогтооно. Энэ бүхэн хамгийн гэрэл багатай мухар бараадан үнэтэй ундаагаар ширээгээ чимэх завтай бас мөнгөтэй эрчүүдэд ил харагддаг. Тэд нүд хужирлах, боломж гарвал хүрд эргүүлчих санаатай ч ажил хэрэгч уулзалтыг чадварлаг дэглэн нууцлахдаа гаргуун.
Би эдний аль нь ч биш. Халаасандаа захирагдаад шар айрагнаас хэтэрдэггүй. Гэхдээ өөрийгөө архичин гэхэд үгүйсгэдэггүй. Өгөөмөр нэгний хишгийг нэрэлхэлгүй хүртчихдэг, өөрийнхөө өрөөсөнтэй нийлээд хоёр биесээ болгочих чадалтай. Найр тавьсан нэгний ширээнд суугаад босохын хооронд хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад өмнөө сөгнөсөн ундаагаар нь дайлуулчих ядсан ч гэсэн сүйхээтэй л эр. Уушийн газрын эзэн залуутай танилцаад аятайхан сэтгэгдэл төрүүлжээ. Хааяа хэт их биш өр тавьж уучихна. Тэрнийгээ болж өгвөл удаалгүй өгчихдөг учраас нөгөөх нь тэгтлээ татгалзаад байдаггүй. Ер нь бол их бага нь хамаагүй танилтай байх чухал.
Хэн нэгнийг таньдаг байна гэдэг хэдхэн үг сольсон төдийгөөр тодорхойлогддог болжээ. Зарим хүмүүс үл таних нэгэнтэй ширээний ард сууж аяга тагш юм сөгнөснөө ба бэгүй таньдаг гэж сайрхах нь бий. Цаг хугацаа өмнөхөөсөө илүү хурдалдаг эсвэл хүний амьдрал урьдийнхаасаа богиноссон юм уу гэлтэй, насаараа хамт амьдарсан нэгнээ гүйцэд мэдэлгүй үддэг, мэдүүлж амжилгүй явчихдаг болоо юу даа.
Саравчтай малгайнаас салдаггүй тэр зузаан эр дуу шуутай цоглог нөхөр. Халамцахаараа ам нь болж өгдөггүй. Малгайгаа буруу харуулж өмсдөг өндөр залуу эрүүл, согтуу нь мэдэгддэггүй. Гэхдээ ууж харагддаг. Харааны шилтэй арай ахмад эр уух зүйлсээр ширээгээ дүүргэдэг ч бусдыг дайлсаар өөрөө амсалгүй үлддэг. Дээр нь би өөрийгөө нэмэх юм бол энэ дөрвөн этгээд уушийн газрын “тавилгууд”. Бусад нь ихэвчлэн нэг удаа таарсан царайнууд. Нүд хужирлах бүсгүй, ангайтал сонин хууч хөөрөх эр алга. Харих минь.
* * *
- Та оюуны хөдөлмөр эрхэлдэг үү?
- Тийм ээ, би багш хүн.
- Та хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан уу?
- Залуудаа хэдэн жил Заамарт нинжа хийдэг байхдаа мөнгө усаар алт цэвэршүүүлдэг байлаа.
- Та заг, хүйтэн, тэмбүү, гахай хавдар зэрэг нийгмийн халдварт өвчин тусаж байсан уу?
- Гучингурван настайдаа гахай хавдар тусаж байсан.
- Тэгэхээр танаас удаа дараа шинжилгээгээр эр эс чинь хөдөлгөөн удаантай, хоёр салаа сүүлтэй, тоо цөөн байгаа нь тогтоогдсон. Тиймээс танай гэр бүл хүүхэдтэй болохгүй.
- ...
- Та өмнө нь хүүхэдтэй юу?
- Гадаадад амьдардаг нэг хүү бий. Холбоогүй л дээ.
- Тэгвэл ч бас учиртай юм...
* * *
Намар сайхан. Тагтан дээрээ тамхилах бас сайхан. Намар тагтан дээрээ тамхилах бүүр ч сайхан. Би хэрвээ ичээндээ өвөлждөг амьтан байсан бол намрын дунд сар гарангуут хамгийн түрүүнд ичээндээ шургаж, зуны сүүлээр гарахсан гэж хүсдэг. Болж буй үйл явдлуудад савлахгүй, ийм юм болжээ гээд өнгөрнө. Япончууд атомын бөмбөгийн тухай асуултыг дэвэргэлгүй “тийм юм түүхэнд болсон” гэж хариулдаг юм билээ. Гэхдээ тэд цөмийн зэвсгийг хамгийн шийдвэртэй эсэргүүцэгчид.
Өнөөдөр би хажуугийн хүнсний захаас хоолны мах, бага сага ногоо цуглуулах ёстой. Өглөө эрт очвол арай өргөн сонголттой байдаг. Сургуульд байхад хоёр анги доор сурдаг байсан, хажуу байрны Ялалттай хамт явахаар тохиролцсон юм. Ялалтыг мэндэлж байх үед төрөх эмнэлэгт хүйн халдвар гарч, ойролцоо төрсөн арвангурван хүүхдээс тэр ганцаараа амьд үлджээ. Нэр нь ч энэ явдалтай холбоотой. Хүйн халдварын эмчилгээний улмаас ярихдаа хааяа гацаж ээрдэг, үе үе толгойгоо салгалуулдаг хүү байсан тэр нь тавин нас хүрсэн ч хэвээрээ аж. Ялалт бид хоёр өмнө нь нэг бус удаа зах явж байсан. Би авсан хүнсээ түүгээр өргүүлдэггүй, өөрөө үүрээд явдаг. Энэ нь түүнийг багадаа бие султай хүүхэд байснаас болдог юм биш, надад зориулж өөрийнхөө цагийг зориулсаны талархал болгож байгаа хэрэг юм. Ялалт их азтай. Хүйн халдвар туссан бусад хүүхдүүдтэйгээ цуг нас барж эцэг, эхийгээ өнчрүүлээгүй. Он цагийн эрхээр аав нь өөд болсон ч ээжийгээ асарсаар яваа ачлалт хүү нь.
Биднийг хүнсний захаас буцах замд миний утас дуугарлаа. Би утасных нь дугаарыг нэрнийх нь араас “шар айраг” гэж тодотгон хадгалжээ. Бодвол хэзээ нэгэн цагт шар айраг ууж байсан эсвэл уухаар болзсон хүн бололтой. Дуудлагыг нь автал залуу эмэгтэй:
- Сайн байна уу, би таньтай уулзах гэсэн юм гэж шууд тулгалаа. Хэн болохыг нь санахгүй байсан ч би ихэд танимхайран:
- Сайн, сайн байна уу, Оюунжаргалаа гэвэл өөрийх нь нэрийг мэдэж байгаад олзуурхсан бололтой дууных нь өнгө илт сэргэн:
- Таныг өнөөдөр завтай бол би уулзах гэсэн юм. Урд шөнө таныг зүүдэллээ. Тэгээд сэрэнгүүтээ залгаж байгаа юм гэх нь тэрээ.
- Хоёулаа уулзаад юу хийх билээ?
- Би уулзаж байгаад хэлье.
- Чи хэдэн цагийн үед уулзах боломжтой вэ?
- Би 11 цагт ахынхаа хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд 13 цаг гэхэд завтай болно. Тэгээд таны байгаа газарт яваад очье.
- Би тэр үед хотын төв хавиар байна. Хүн хүлээх дургүй шүү.
- За, би таныг удаан хүлээлгэхгүй ээ.
- Чамайг сулрахаас цагийн өмнө хаана байгаагаа хэлье.
- Тэгээрэй, баярлалаа.
Бидний дунд ийм яриа болоод өнгөрлөө. Утсаар ярихдаа нэр усаар нь дуудаад сүрхий байсан болохоор хаана, яаж танилцснаа асуухаас нэрэлхээд чадаагүй юм. Даруй нийтийн сүлжээнээс нэрээр нь хайтал таних хүүхэн гарч ирсэнгүй. Ямар ч гэсэн эмэгтэй хүн болохоор өдрийн үлдсэн хагас аягүйдвэл маргааш өглөө болтол зугаатай байж магадгүй.
Болзсон цаг болтол гадуур тэнэж, хүмүүстэй уулзан хоёр аяга кофе уулаа. Ариун цэврийн өрөөнд орохдоо тольдож амжлаа. Бас хогийн сав бараадан хэдэн ч удаа тамхиллаа. Гэтэл мөнөөх дугаараас залгаж байх юмаа. Өөрийгөө хүндэлж мэддэггүй, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй бүсгүйчүүд болзоо товлочихоод гэнэт ирэхгүй урам хугалах явдал бишгүй гарч байсан болохоор тэдний нэг нь гэж бодлоо. Гэтэл харин залуу эмэгтэй уулзах газраа тодруулж байх юмаа. Ойролцоох газраа заачихаад хүлээлээ. Хүлээх зуураа хажуу дэлгүүрээс цэвэр ус авахаар явлаа. Тооцоогоо хийж байтал мессенжер дуугарав. Дэлгүүрээс гараад үзвэл “би ирчихлээ, та хаана байна” гэжээ. Илгээгчийн профайл зургийг харангуут түрүүний сэртэнт санаа ор мөргүй арилж, уулзахаар зөвшөөрсөндөө харамслаа.
Би түүнтэй таван жилийн өмнө нөгөө уушийн газарт хоёронтоо тааралдсан юм (хожим нь тэр гурав таарсан гэж хэлсэн). Халамцуу явсан болохоор түүнийг дүүгийнхээ охинтой төстэй гэх ухааны юм хэлсэн байх. Ямар ч гэсэн тэгж харагдсаныг санаж байна. Дахиж тааралдахдаа бүр согтуу байсан болохоор юу ярьснаа санах юм алга. Уучихсан явахад үгээр илэрхийлэх боломжгүй элгэмсүү сэтгэгдэл хөндсөн байх эсвэл шар айрагны нөлөөгөөр сэрэлтсэн ч байж магадгүй.
Тэр цагаас хойш маш олон үйл явдал өрнөжээ. Хоёр удаа ажлаа сольж үзлээ. Таагүй уур амьсгалд өөрийгөө залхаан, цалингаас хамаарч амьдрах гэж оронцоглосондоо харуусмаар. Гэтэл дэлхий даяар тахал гарлаа. Толгойтой бүхэн тусаж золгүй зарим нь өнгөрцгөөлөө. Би ч бас туссан. Халуураад хэвтэж байхдаа хөлийг минь хучиж, булшин дээр минь уйлах нойтон сормуустай хүүхэдгүй л байх нь дээ гэсэн бодол бусдад төлөх өр, авлаганаас илүү миний санааг зовоож байсан юм. Гэвч үхсэнгүй, босоод ирсэн. Хөл хорионд байхдаа өөрийгөө давгүй хоол хийдгээ мэдлээ. Аль болох зурагтаас хол байж, номтой ойр байхаар чармайлаа. Тэр тусмаа уран зохиолоос зай барьж улс төр, философи голчлон анхаардаг болов. Уудаг асуудал хөл хорионы үед багассан ч дараа нь бүр ч эрчимжлээ. Бүр хөл толгойгоо алдаж билээ. Иймэрхүү юм бодсоор болзоот газраа иртэл нөгөөх маань харагдсангүй.
Намхан, наснаасаа жаахан харагдах охин дагуулаад явж байхыг таньдаг хүмүүс харвал өлхөн “шар сэмж”-ээр дуудах тул энэ завшааныг ашиглан дутаах гэтэл өөдөөс гараад ирлээ.
- За сайн уу? Уулзалгүй их удлаа шүү.
- Харин тэглээ. Та их сайхан харагдаж байна.
- Уулгүй хэд хонож байгаа юмаа. Ингэхэд чи ямар хэргээр уулзах гэсэн бэ? Би ажил төрөлгүй, хурааж цуглуулсан хөрөнгө зоорь муутай ядсан амьтан шүү дээ.
- Та намайг санхүү гуйна гэж бодсон юм уу?
- Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ.
- Хоёулаа хамт алхая тэгэх үү? Цаашдаа хүйтрээд алхахад тавгүй болно.
- Тэгье, манай хотын хамгийн гоё гудамж эндээс эхлээд драмын театр хүрээд дуусдаг.
Бид алхлаа. Эхлээд би гэр бүлийн амьдралын юу нь сайхан юу нь тааруухан болохыг өөрийнхөө амьдрал, энд тэндээс сонссон үнэн худал нь үл мэдэгдэх жишээнд тулгуурлан ярив. Ээжээсээ бусад гэрийхэнтэйгээ таарамж муутай байдаг тухайгаа тэр чин сэтгэлээсээ өгүүллээ. Дараа нь би үзсэн киногоо ярьж өглөө. Гэхдээ агуулгаас илүү үйл явдлыг нь ярилаа. Охин миний яриаг таслалгүй сонсож явлаа.
Арваад хоногийн өмнө эмэгтэй найзынхаа ажиллуулдаг кафе шопоор дайрч хөлөө амраангаа амны цангаа гарган сууж байлаа. Хажуугийн ширээнд гуч дөнгөж гарч байгаа бололтой хэдэн бүсгүйчүүд хорвоогийн хамаг юмыг ам уралдан ярьцгаана. Үе үе тас тас хийтэл чанга инээлдэнэ. Сэтгэл хөөрсөн хүүхнүүдийн ам хэл гүйцэгддэггүй болохоор би тэднээс болгоомжилдог. Тийм ч учраас анхаарлаа тийш нь хандуулсангүй. Бас царайлаг, гоолиг хүүхэн тэдний дунд харагдаагүй болохоор анхаарая ч гэж бодсонгүй. Гэтэл утас жингэнэн дуугарахад нэг бүсгүй нүднээсээ оч гялалзуулан “аав залгаж байна” гээд гарсан юм. Яг энэ мөчид надад “охинтой байсан ч болоосой” гэсэн бодол харван орж билээ.
- Би чиний зүүдэнд яаж орсон бэ?
- Та надтай юм яриад инээж байсан.
- Бид хоёр юу ярьж байсан юм бол?
- Мэдэхгүй, санахүй байна. Ямар ч гэсэн их хөгжилтэй байсан.
- Шал утгагүй юм. Энүүхэний төлөө надтай уулзах гэсэн хэрэг үү?
- Би бас хэдэн юм асууж болох уу?
- Би хариулж чадахгүй байх доо.
- Та чадна, ганцхан та л чадна.
Их дэлгүүрийн хажуугийн замаар бид зэрэгцэн алхана. Урд нь намайг эмэгтэй хүнтэй хамт явж байхад дэргэдүүр өнгөрөх хүмүүс бүгд биш ч гэсэн цөөнгүй нь ёс юм шиг сонжихыг би хараагүй ч мэдэрдэг. Надаас илүү хамт явсан бүсгүйн царай зүс, үс гэзэг, өмссөн хувцас, зүүсэн чимэг зүүлтийг хардаг байсан юм.
Энэ удаа биднийг тоож харах хүн таарсангүй. Тун таатай мэдрэмж. Хэрээрээ дэгжирхэн богино банзал өмссөн ч хүүхдийн унаган мах нь татраагүй хөлөнд нь зохиогүй ажээ. Иймэрхүү махлаг охид том хөхтэй, тэрнээсээ ичдэг. Тэгээд хэлхгэр хувцас өмсөж тарганаа халхалдаг. Ийм охинтой залуу насыг нь бодож л унтах байх даа. Өлөн залуусын нүд тусахгүй амар юм. Байз байз бид энэ хүмүүст аав, охин хоёроор харагдаад байгаа юм байна. Бусдын нүдэнд аав, охин хоёр үнэндээ бол амрагууд. Даанч голгүй царай муутай юм даа. Ямар бүх насаараа зууралдах биш ердөө л нэг хоёр удаагийн зугаа шүү дээ. Харин санаагаа яаж ойлгуулдаг юм билээ.
- Бренда Спенсер гэдэг охины тухай чи сонсож байсан уу? Охин ч гэж дээ одоо бүүр хөгширсөн л дөө.
- Үгүй ээ юу гэж?
- Далаад онд Америкт болсон явдал л даа. Арванзургаан настай байхад нь үул сарын бэлэг болгож аав нь автомат винтов буу бэлэглэжээ. Тэгтэл нөгөө охин чинь нэг өглөө сэрээд замын эсрэг талд харагдах бага сургууль руу гал нээгээд эхэлжээ. Долоо найман хүүхэд, сургуулийн захиралыг шархдуулаад, нэг хүүхдийг харуултай алсан санагдаж байна.
- Аав нь буруу эрхлүүлсэн байна.
- Хэрэг гарсныг сонссон сэтгүүлчид гэр рүү нь утасдаж яагаад ийм хэрэг хийх болсныг нь асуухад “Би даваа гарагт дургүй” гэж хариулсан гэсэн. Түүний тухай дуу хүртэл байдаг юм.
- Би сонсохгүй ээ. Хоёулаа зөндөө алхлаа, та ядрахгүй байна уу?
- Гайгүй ээ, чи ядарч байна уу?
- Жаахан суумаар байна. Гэхдээ зүгээрээ.
- Энүүхэнд манай найзын ажил байдаг. Юмаа хийгээд бидний ярианд саад болохгүй. Тийшээ очих уу?
- За тэгье.
- Чиний үс ургаад Бренда Спенсер шиг харагдаж байна.
Биднийг ороход Болдоо ширээнийхээ ард суугаад юу ч юм хийж байлаа. Найзууд дундаас Болдоо арай бийлэгжүү нь. Түүнийг шүүгээнд шар айраг, морь сарлаг зоолттой байдаг болохоор ийшээ дагуулж ирсэн юм. Дөнгөж оронгуутаа би Болдоотой харц тулгармагц шүүгээ рүү нь нүд ирмэвэл тэр толгой дохилоо. Охиныг жаахан ч гэсэн халаавал санасандаа хүрч болмоор санагдсан болохоор би охиноос шар айраг уух уу гэж асуув. Үгүй гэвэл шахах байлаа. Азаар охин шахуулсангүй. Гэхдээ хэдэн асуултынхаа хариултыг сонсчихоод дүүгээ сургуулиас нь авахаар явна гэв.
- Та миний насан дээр байхдаа ямар ажил хийдэг байсан бэ?
- Нэг оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Тэнд хар түмэн хүүхнүүд, эрчүүд гарын арван хуруунд багтам цөөн. Гэр бүлгүй залууд тэр чинь зугаа шүү дээ. Бужигнуулдаг л байлаа.
- Тэгвэл та тэндээс эхнэр авна гэж боддог байсан уу?
- Яалаа гэж дээ. Хамт ажилладаг хүмүүс гэрлэвэл “цус ойртолт” болно.
- Түрүүн та гэр бүлийнхээ амьдралд сэтгэл дундуур байдаг гэж ярьсан. Яагаад тэр вэ?
- Нэг хүнтэй бүх насаараа хамт аж төрж, хариуцлага хүлээх хэцүү санагддаг.
- Та яг одоо миний байгаа насан дээр, миний оронд байсан бол юу хийх вэ?
- Ёстой энэ тухай бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан секс хийж үзнэ. Сарын тэмдэг гэж юу болох, эрэгтэй хүнд дурлах, жирэмслэх, хүүхэд төрүүлэх гээд олон юм үзэх байх.
- Хүүхдээ аавгүй өсгөж үзэх үү?
- Чи ямар хэцүү асуулт асуудаг хүүхэд вэ? Чи хэрвээ миний насан дээр миний оронд байвал ямар байх тухай бодож үзсэн үү?
- Ямар ч гэсэн танаас өөр байх болов уу? Гэхдээ таны одоо байгаагаас дордуулахгүй.
- Та өөрөөсөө айдаг уу?
Юу ч хийж магадгүй учраас өөрөөсөө айх үе надад бий, гэхдээ би бардам зандаа хөтлөгдөн:
- Тэнэг юм шиг өөрөөсөө айна гэж юу байхав дээ гэсэн боловч охин миний хариултанд итгээгүй нь илт.
- Ер нь бол энэ тухай бодож байгаагүй юм байна. Маргааш сануулаарай бодож байгаад хариулая.
- За тэгвэл дахиад нэг юм асууя. Та хүнтэй гэр бүл болохыг таатай үздэггүй юм байна. Гэтэл уулзаж учирдаг хүүхнүүдийн чинь нэг танаас хүүхэдтэй болчихвол яах вэ?
Охины хээ хуар болсон хар дотоож огтор банзлых нь доороос цухуйна. Эм юм гэсэндээ бас хээтэй дотоож өмсдөг байх нь. Эзэн нь ичихгүй байхад би нүдээ нуухгүй ээ. Далдуур өөрийгөө харуулж ч байгаа юм билүү.
- Чи сая юу гэсэн бэ?
- Таны уулздаг хүүхнүүдийн нэг танаас хүүхэдтэй болчихвол яах вэ?
- Одоо тийм юм болохгүй ээ.
- Залуу байхад чинь тийм явдал болсон бол яах вэ?
- Дахиад жаахан бодож үзье. Ямар ч гэсэн тэр хүүхдийн аав нь гэдгээ мэдүүлэх байсан болов уу. За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Миний хэзээ ч төсөөлж байгаагүй юм асуугаад байна.
- Та биологийн эцэг гэдгээ л мэдүүлэх юм байна. Аав бол яав ч биш.
- Чиний шар айраг дуусаж байна уу? Дахиад задлах уу?
- Зүгээр баярлалаа. Намайг төрөөд удаагүй байхад аав маань нас барсан гэлцдэг юм билээ. Амьдралын жамаар ээж хүнтэй суусан. Би аав, эцэг хоёрын ялгааг сайн мэддэг. Тэр хүн намайг сургуулиас авч байсан удаагүй. Эцэг, эхийн хуралд очиж байгаагүй. Сургууль төгсөлтийн тайлан тоглолтыг ирж үзээгүй.
Тэнэгийг тэнгэр ивээж заяасан ганц хүү маань ээжтэйгээ хамт багадаа гадаадад гарсан болохоор би ч бас энэ охины ярьж байгаа зүйлсийг биеэрээ туулж үзээгүй юм байна. Тэглээ гээд элдэв юм бодож шаналж байсангүй. Японд өөрийгөө түрээслэдэг үйлчилгээ байдаг гэсэн. Надад лав түрээсийн “хүүхэд” хэрэггүй. Түрээсийн хүнээс сэтгэл гарах уу гэдэг эргэлзээтэй. Магадгүй бүх юманд чин сэтгэлээсээ ханддаг бол гарах байх. Энэ охин хэд хоногийн өмнөх “охинтой байсан ч болоосой” гэсэн хүслийг минь асаах нь байна. Байз, тэр хүслийг асааж огт болохгүй, тэгэх л юм бол нөгөөх маань бүтэхээ болино.
- Чи миний уншиж байгаа номын баатар шиг ийм хүнд асуултуудыг ямар ч сэтгэл хөдлөлгүй тавилаа.
- Тийм үү? Би ингэсгээд явья. Та намайг гаргаад өгөөч гэж хэлэхдээ охин утасныхаа цагийг хяламхийн харав.
Болдоогийн өрөөнөөс бид гарлаа. Намрын сүүлчийн нарлаг өдрүүдийн нэг өндөрлөх дөхжээ. Нар таатай ээнэ. Тамхиа асаатал охин:
- Надаа нэгийг өгөөч гэлээ. Тамхийг нь асааж өгөөд гэнэт манж үг хэлмээр санагдан ам нээх гэтэл:
- Би нэг юм танаас гуйя. Та яг одоо хариулах гээд хэрэггүй. Сайн бодоорой.
- Ээ би ч дээ мөнгө, төгрөг муутай хүн шүү дээ. Дээр нь “үл бүтэх” хүн болохыг чи сая мэдсэн.
- Мөнгө огт хамаагүй. Та асуулт болгонд чин үнэнгээсээ хариулсан. Та оёдлын үйлдвэрт хамт ажилладаг байсан хүүхнүүдээ санадаг уу?
- За бараг үгүй дээ. Олон жил өнгөрч. Одоо харвал танихгүй биз.
- Та ингээд л үнэнээ хэлчихлээ. Охин ингэж хэлснээ татаж байсан тамхиа дуусгалгүй хаяж, хоолойгоо зассанаа:
- Би тэр эмэгтэйчүүдийн нэгнээс нь төрсөн. Тэгээд таныг “аав аа” гэж дуудаж байж болох уу гэж гуйх гэсэн юм.
Энэ үед чих шуугиж, нүд бүрэлзэн, тархи дүйрлээ гэж бусад зохиолчид бичих байсан биз. Харин би тэгсэнгүй. Элгээ дэвтээж явах, эцсийн замд нулимс дуслуулан үдэх надад маш их дутагдаж явсан хүн өөрөө хүрээд ирлээ. Би олон юм бодсонгүй:
- Заавал маргаашийг хүлээх хэрэггүй. Би чамайг охиноо гэж үзэх болно.
Түрүүхэн намайг эзэгнээд байсан чивэлт бодол сарнин алга болжээ. Хэдий жижигхэн биетэй ч хорь гарсан охиныг олны хөл дунд үнсэхээс ичиж байх юм. Охин гэнэт:
- Би явлаа гэснээ араас нь түгдрэн:
- Ааваа, баяртай гэв. Би:
- Маргааш уулзая даа...
“Охин” гэдэг үг миний амнаас гарсангүй. Их эмзэг үг ажээ. Өөрийг нь охин гэж дуудах надад эвгүй байгааг тэр мэдэрсэн бололтой жижигхэн гараараа далалсаар алхан одлоо.
Гамбино
2022 оны 10 дугаар сарын 2
Tuesday, August 23, 2022
ҮНСЭЛТ
Үнсэлт хэдэн янз байдгийг судлаачид тогтоосон байдаг биз. Харин одоогоос 40 гаруйхан жилийн өмнө хүүхэд байхдаа “үнсэлт” эцэг, эх хүүхдүүдийн дунд, эсвэл амраг хосуудын хөнжил дотор өрнөдөг үйл хэмээн боддог байлаа. Соцреалист дэлгэцийн бүтээлүүдэд эмэгтэйгийнхээ духан дээр үнэрлэх эсвэл наалинхай харцаар хайр дурлалыг голдуу илэрхийлнэ. Иймэрхүү “бүрхэг” зүйлс гарах болгонд ухаан суусан хүүхдүүдийн ам гэнэт цанган суудлаасаа ховхорч ус уухаар явдаг байсан бол, эцэг эхчүүд нь огт өөр юм хийгээд эхэлдэг байлаа.
1986 онд Ленинград, Бостон хотуудын хооронд зохион байгуулсан телегүүр нэвтрүүлгээр Зөвлөлтийн нэгэн оролцогч эмэгтэй “Секс у нас есть, у нас нет рекламы!” хэмээснээр энэ сэдэв арай нээлттэй болсон юм.
Гэвчиг энэхүү үнэ цэнэтэй эрхэм зүйл цагийн аяс дулаарахтай зэрэгцэн мөн чанараа алдсан мэт...
Одоогоос 10 шахуу жилийн өмнө танил маань 50 нас хүрч биднийг зоогийн газарт урьж баахан ууцгаалаа. Уусан ундаандаа хөөрсөн бид тамхилцгаах зуураа дүрсгүйтэхээр шийдэцгээж тэнд байсан эмэгтэйчүүдээс хамгийн тод өнгөтэй уруулын будгийг нь гуйж аваад уруул амандаа нялцгаав. Дараа нь төрсөн өдрийн эзэнд ээлж дараалан мэнд хүргэцгээхдээ хацар, дух, хүзүү, цамцны зах гээд хаа таарсан газраа уруулын будагны мөр үлдээцгээлээ.
Зочдоос хэн ч түүнд энэ тухай хэлсэнгүй, мань эр анзаарсан эсэхийг бүү мэд. Түүнийг ариун цэврийн өрөө рүү явах замд таарсан танихгүй хүмүүс жоготой жуумалзаж байсан ч тэр тоогоогүй юм. Харин толинд өөрийгөө харангуутаа нулимсаа гартал хөхөрч гарав.
Хэдэн хормын дараа тэр нүдэндээ нулимс тунаруулсаар ирлээ. Удтал баахан дуугүй сууж байснаа:
- Намайг үнссэн, үнсээгүй хамаагүй та нарыгаа би бүгдийг нь үнсье. Одоо миний ээлж гэж хэлээд ирсэн бүх зочдыг нэг нэгээр нь зүрхнийхээ гүнээс ундарсан асар их талархал, хайраар үнэрлэж билээ.
***
Гэтэл өмнөд хөршийн 19 настай Шиао Юү хэмээгч охин, дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлж байхыг хөрш нь харжээ. Хараад зогссонгүй таарсан болгондоо хөөрхий охиныг элдвээр ярьж, ээж, аавыг нь ичгүүртэй байдалд оруулсан гэнэ.
Охин эцэг эхийнхээ цорын ганц итгэл найдвар нь байв. Харин өөрт нь гар хүрэхээс ч зүрхшээдэг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлснээс болж зовлонт охин хамгийн ойрын хүмүүсийнхээ итгэл, нэр нүүрийг баржээ. Үнэндээ тэр ямар буруутай юм бэ?
Харамсалтай нь охин хөршийнхөө тараасан ховоос болж амиа егүүтгэжээ.
***
Бусдын дамшиглалыг хайр хүндэтгэл болгон хардаг нэгэн байхад, чин сэтгэлийн илэрхийлэлийг хов болгон цаддаг өөр нэгэн бас байх аж.
Та аль нь вэ?
2022.08.24
Monday, August 15, 2022
БӨӨС
Хэдхэн хоногийн өмнө Коов “БНМАУ-ын 4 яамны үзлэгт нэр өрх, нэг хүн бэлтгэх үүрэг” гэсэн 1963 оны баримт бичиг нүүр хуудсандаа оруулсаныг манайхан уншсан байх. Тэрхүү хуучны баримт бичгийг уншихад Б.Цэнддоо ахын бичсэн “Соёлын довтолгоо Хоньчиноос барилгачин” ном санаанд орохын зэрэгцээ “бас л ядмаг байж дээ” гэсэн бодол төрсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт автобусаар явж байгаад урд суудалд суусан дажгүй охины үсэнд хуурс үүрлэсэнийг хараад гэнэт санаж энэ тухайгаа сэрэмжлүүлэг болгон бяцхан “сарказм” нэмээд постоллоо. Ихэнх хүмүүс энгийнээр хүлээн авч байна. Зарим ахмад хүмүүс “дүү минь битгий хадуур” гэсэн бол нөгөө хэсэг нь “ах дүүгийн харилцаагаа таслана” гэжээ. Эмзэг хүмүүсийг ойлгоноо. Болно, бололгүй яахав, та бүхний сонголтыг би хүндэлнэ. Харин би юу постлохоо өөрөө мэдье.
Хуурстсан охиныг ийм тийм гэж гоочлохгүй. Зүгээр л бидний ахуйн соёл ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст өрнөсөн соёлын довтолгооны нөлөөг 1950-1980 оныхон хангалттай хүртсэн, үр шим нь өнөөдөр ч гэсэн байгаа.
Нэг сонин тохиолдолоо хуваалцмаар санагдлаа. Зах зээлд дөнгөж ороод байхад садангийн хүн шар өвчин тусдаг юм байна. Бөөс залгиулвал сайн гэж хаанаас ч сонссон юм намайг бөөс олж ир гээд явууллаа. Далай ээж захын хажуугаар явж байтал траншейны хоёр хүүхэдтэй тааралдаад “бөөс байна уу” гэсэн чинь ичээд, инээлдээд сүйд боллоо. Мянган төгрөг харуулаад нүдээ ирмэсэн чинь “байна” гэхгүй мөртлөө бараадаад дагаад байх юм. Хэсэг байж байтал арай нүүрэмгий нь ирснээ “ахаа, манай найзад байгаа гэнээ” гэхээр нь хармаанд байсан пеницилиний шил өгөөд орц руу оруулчихлаа. Удалгүй хоёр хүү гарч ирээд 1000 төгрөгөө авч, нас биед хүрсэн хоёр бөөстэй пеницилиний шилийг өгснөө “дахиад хэрэг болвол хэлээрэй” гэснээ пижигнэтэл гүйлдэн алга болсон юм. Тэртээ 30 гаруй жилийн өмнө бөөс эргэн ирсэн жишээ юмдаа.
Бөөс ор мөргүй устаагүй байх л даа. Цэцэрлэгт, бага ангид байхад багш ариун цэврийн үзлэг хийж, бидний үс толгойг ухдаг байсан. Гэхдээ бөөс олддоггүй байлаа. Одоо ч гэсэн багш нар шалгадаг хэвээрээ байх...
Одоо гэснээс хатагтай Лхагвадулам эгчээс өөр залуу үед гоо зүйн соёл олгох ажил эрхэлдэг хүмүүс байдаг юм уу? Соёлын тухай “сэртэл” сэнхрүүлэх шидтэй С.Баясгалан багшийн номнууд бараг харагдахгүй болжээ. Долгион, Батжав гээд ах нар хэрхэн соёлтой амьдрах тухай бишгүй ярьж байна. Хэдий наргиан ч гэсэн долоо хоног бүрийн пүрэв гарагт бөөнөөрөө хумсаа авдаг соёл бий болсон.
Энэ мэт ахуйн соёлтой холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцдаг юм бол? Эрүүл мэндийн яам уу эсвэл соёлын яам уу? Уг нь хэн нэгэн баагийд үүрүүлэлгүй хувь хүн өөрөө хариуцвал дээр л дээ. Гэхдээ бас нэг юмыг баалаад суух нь зугаатай хахахаха.
Ном мом орчуулж суухынхаа оронд хажуудахынхаа үс гэзгийг хардаг болоё. Өрөөлийг хэлэлтгүй өөрийнхөө үсэн бүрхүүлтэй гадаргууг ч бас анзаарч байя. Та нар ч бас ажиглаж байгаарай
Гамбино
2022 оны наймдугаар сарын 16
Saturday, August 6, 2022
Жаргалын тухай
Ердөө саяхан ФБ-ийн найз нарын маань нэг “Осоржамаа та 2 шиг жаргалтай хүмүүс Монголд алга” гэжээ. Маш их баярлалаа.
Осоржамааг би танихгүй. Нүүр тулан уулзаж байгаагүй учраас түүнийг хэрхэн жаргал цэнгэлээ эдэлдэгийг сайн мэдэхгүй.
Миний хувьд гэвэл эрдэмтэн мэргэд, гүн ухаантнууд, шашны тэргүүнүүд, яруу найрагчид зэрэг хүмүүсийн зааж сургасан, заримых нь хүчээр тулгасан заавар жоруудыг залхуугийн улмаас гүйцэд уншиж байсангүй. Нэгэнт гүйцэд уншаагүй болохоор дагаж мөрдөхгүй нь лавтай.
Чухамдаа бол амьдралаас олон юм шаардахаа больчихвол жаргал өөрөө хүрээд ирдэг ажээ. Надад нэгээс олон жилийн настай хоёр жинс, бараг арван жил орчим болж байгаа, хүзүү нь сунаж, өнгөө гээсэн хоёр гурван фудболк, ул нь салахаар өөрөө цавуудаад наачихдаг хуучин гутал, флип-флоп шаахай байдаг. Эднийгээ өмсөхөд сэтгэл ханаад явчихдаг. Жаргал шүү дээ.
Дуу хөгжим, пянзаар хувь заяагаа холбосон Чин-Пун-Дан (эдгээр этгээдүүдийн нэрийн эхний үе “Н” үсэгтэй учраас онцлов. Бусад найзууд нэр дурьдсангүй гэж гоморхох хэрэгггүй) гэсэн найзуудтай. Энэ найзуудтай уулзахаар пиов, виски гэсэн ундаанууд дагалддаг. Жаргал шүү дээ.
Пянз гэж сайхан зугаа бий. Дээрээс нь CD, кассетнууд нэмэгдээд ирлээ. Тэртээ 1970-80 он шиг сонсчихоод буцааж өгнө гэдэг зүйл үгүй болжээ. Оронд нь худалдаж аваад сэтгэлийн таашаал эдлэнэ. Мэдээж мөнгөөр худалдаж авна. Гэвч тоолдог хэдэн цаасаа үзсэн ядаж байгаа юм шиг үрэн таран хийчихдэг хүн зээлээр пянз авч өрөнд орно. Пянз (таашаал)-ны өр бол ариун өр. Жаргал л даа.
Сайхан ч тэр саар ч тэр хөгжим сонсох жаргал. Гол нь өөрийнхөө сэтгэл санааны төлөвийг мэдэрч, түүндээ тохируулвал жинхэнэ жаргал. Хэдэн жилийн өмнө зохиолын дуу “пүү, паа” гэж маягладаг байлаа. Зохиолын дууг зовлонгоо эдэлсэн хөгжмийн зохиолч, үйлээ үзсэн яруу найрагч, за тэгээд уучин, хөгжимчин гээд олуулаа хийдэг. Тэдний хөдөлмөр, цагийг хүндлээд хүлцэн тэвчихэд л нөгөө “пүү, паа” гэдэг өвчин эдгэрч байгаа юм. Бусдын үйл хэргийг шүүмжлэх өвчнөөсөө салах нь жаргал юм даа.
Хүнд чулууг уулын оройд арай хийн гаргатал нөгөөх нь буцаж доошоо өнхрөөд, тэрнийгээ дахин дахин уулын орой руу гаргах гэж нажидаа барсан Сизиф гэгчийн тухай эртний грекийн домог байдаг. Тэр хүнд чулуугаар эрх мэдэл (эд хөрөнгө, дарангуйлал бла бла баахан хогийн зүйлс энд орно)-д шунан дурлах хүслийг төлөөлүүлж үзье. Нөгөө ертөнц рүү одохдоо чирээд явахгүй зүйлсэд цаг хугацаа, хүч чадал, оюун бодлоо зориулахгүй байхад л нөгөө жаргал чинь амтагдаад эхэлж байгаа юм даа.
Байгаль эх биднийг өндөр-нам, өргөн-нарийн, хүнд-хөнгөн, хар-цагаан-ногоон гээд дахин давтагдахааргүй бүтээсэн. Өөртэйгээ адилхан хүмүүсийн гадаад байдалд атаархах эсвэл доромжлох нь зүрх сэтгэлд зовлон үүсгэдэг. Тэр зовлонгоо хаях нь тийм ч гарзтай биш. тэгээд л жаргаад явчихаж байгаа юм даа...
За ингээд бичээд байвал бичээд байна. Тэгээд ч баахан шал худлаа бичлээ, итгэвэл итгэнэ биз хаясан ч болно.
Гамбино
2022.08.07
Subscribe to:
Posts (Atom)