ЗҮҮДНИЙ АЯЛАЛ
"Тэр" дэргэдээ ээжийг суулган жолоогоо барин давхина. "Тэр" гэж би аавыгаа хэлж байгаа юм. Гучин жилийн өмнө нас барсан "Тэр" миний
зүүдэнд байнга ордоггүй. Арван жилийн өмнө тэнгэрт хальсан ээжтэй цуг эргэж
ирэхдээ ямар дэгжин харагдаж байна вэ?
Машины арын суудалд би ганцаараа голлон суужээ. Дэргэд
эгч, охин дүү хоёр алга. Өмнөө суугаа хоёрт анхаараад, ардаа хоцорсон тэднийг дахин
бодох ч хүсэл төрсөнгүй. Ямар ч бартаагүй хааяа нэг эргэлт төдийхөнтэй замаар
бидний машин урагшилна. Дэргэдүүр үүл, манан хөвсийнө. Хаана явж байгаагаа
сонирхох хүсэл төрөхгүй нь хачирхалтай.
"Тэр", ээжтэй ам хуурайгүй ярина. Эд уулзаад 10 жил болж байхад
ярих юм нь дундардаггүй юм байхдаа. Эсвэл энэ өнгөрсөн хугацаанд уулзаж
амжаагүй байсан хэрэг үү?
Гэнэт надад сууж яваа машинаа үзмээр санагдангуут би
суудлаасаа хөөрөн нисэж, мөнөөх машинаа гаднаас нь харах нь тэрээ. Үүлэн цэнхэр
өнгөтэй, эвхэгддэг дээвэртэй кабриолет аж. Ингэж ниссээр ээж, "Тэр" хоёроосоо
төөрчихөж магадгүй гэж бодонгуут би хэний ч тусламжгүй эргээд арын суудалд сууж
байх юм.
Үүл манан дундуур давхиж байгаа болохоор тэнгэр бүрхэг,
зам дээгүүр явган цас хийснэ. Сүүдэр алга. Гэрэл ч алга. Нүд баясгах өнгө ч
алга. Ургамал, модод урсах ус ч алга. Зам дээр таарах ан амьтад, мал сүрэг,
жигүүртэн шувууд ч алга. Энэ бүхнийг би ээж, Тэр хоёртой гэнэт учирсандаа
баярлаад эхэндээ анзаарсангүй.
Гэнэт замын байдал өөрчлөгдөн асар том барилгын дээгүүр
явж байгаа мэт санагдлаа. Энэ бүхэн тархинд төсөөлөгдөж байгаа болохоос нүдний
өмнө мөнөөх байдал хэвээрээ. Кабриолет хурдаа хассангүй бас нэмсэнгүй.
Урд суух хоёр, тэдэнтэй хамгийн сүүлд уулзсан цагаас
залуухан болжээ. "Тэр" солгой гараараа жолоогоо чанга атгаж, баруун гараараа ээжийн мөрөөр тэврэнэ. "Тэр"-ийг баруун гараараа араагаа атгахад ээж дээр нь гараа тавина.
...Тэр дөнгөж тавинхоёрхон настайдаа өөд болсон юм. Өвчтэй
байхад нь би орхиж яваад эргээд ирэхэд нэгэнт үгүй болсон байж билээ. Турж
эцээд нүд хальтирмаар болсон тул би удаан тэсэж чадалгүй гарсандаа одоо болтол
харамсаж явдаг. Эмнэлгийн орныхоо хажуу дахь шүүгээн дээр дөрвөлжин шугамтай
дэвтэр дээр өөрийнхөө халууныг цаг тутам тэмдэглэж байсан нь амьдралд хайртай
байсны илрэл гэлтэй. Эсвэл өөрийгөө анагаах ухаанд зориулаа юу гэмээр.
Нямбайлан хусдаг сахал нь өрвийтөл ургаж, цал бууралтсан нь одоо хүртэл санаанд
хадаатай ч яг үнэндээ ямар төрхтэй хүн байсныг нь мартчихсан мэт санагдах үе
надад гардаг. Гучин жил шүү дээ...
Зам дээр, чанх урд гэнэт хөхөвтөр хувцастай хоёр хүн
гараад ирлээ. Юу юугүй мөргөх нь үү гэтэл тэдний нэг нь өлмийгөө хөдөлгөх төдий
болоход бидний сууж явсан машин ямар ч эндэгдэлгүй өнгөрөөд явчихав. Юу болсныг
мэдэхээр өндийн эргэтэл тэдний гуталнууд нүдний өмнө минь ирэв үү эсвэл би
гутлых нь урд хэвтэв үү ёстой ойлгомжгүй үзэгдэл боллоо. Мөнөөх хоёр хүний нэг
нь хөлөө 2-3 мм хөдөлгөсөн төдийд осол гарсангүй. Материаллаг ертөнцөд ийм
явдал болсон бол энэ хоёр хүн бараг л дайруулчихлаа гэнэ.
Бид гурав цааш давхисаар. Хаашаа явж байгааг урд суугаа
хоёр л мэдэх байх.
... Ээжийг өнгөрөхөд би дөч хүрчихээд байсан юм. Зүрх
муутай, эмээр өдөр хоногийг давдаг түүнийг өнгөрөхөд болох ёстой юм боллоо гэж
бодож билээ. Далан нас гэдэг тоо залуу биш ч бас өндөр нас бишээ. Үзэх ёстойгоо
туулчихсан байдаг үе. Надаар заавал хөлдүү газар малтуулна гэж ээж хэлдэг
байсан. Тэрэндээ хүрсэн, хүслийг нь ч би биелүүлсэндээ баяртай явдаг...
Ямар ч саадгүй явж байтал гэнэт урд том нүх гараад ирлээ.
Хурдтай давхиж явсан үүлэн цэнхэр кабриолет зогсоход дотроос нь би буув. Нүхэн
дотор бүсэлхийгээ хүртэл зоогдсон хөвгүүн байх юм. Гараас нь таттал
хөдөлдөггүй. Ээж, Тэр хоёр зэрэгцэн зогсоод үл тоосон шинжтэй ярилцсаар. Би
халаасаа уудлан гар утсаа гаргаж ирээд 101-105 хүртэлх бүх дугаар руу залгах
гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Тэр гэтэл халааснаасаа утсаа гаргаад залга
гэх шиг дохилоо. Утсан дээр нь дарах тоо байсангүй. Хэд хэдэн товчлуур эвлүүлэх
гэж байтал урт, шилбэ, хуруутай хэн ч юм нэг эмэгтэй утас булаацалдаад байх юм.
Энэ зуур би нөгөө хоёроос тусламж гуйхаар хартал надаас
залуухан, өндөр, маш дэгжин хувцасласан үзэсгэлэнтэй хос дээшээ хөндийрөх ажээ. Хоёр биенээ тас тэвэрсэн байх юм. Нүхэн доторх хүү доошоо шигдсээр. Ийнхүү шигдсээр сарвайсан гар нь үлдэн улмаар
харагдахгүй болох үед өнөөх хоёр ч хөөрөн алга болсон байлаа.
Зүүд угаасаа богинохон...
Гамбино
2018 оны
9 дүгээр сар 8
No comments:
Post a Comment