Monday, September 17, 2018

Гамбинод тохиолдсон явдал (Украйн-3)


Зуны улирал Украйнд их эрт болдог. Майн баяр болж байхад хүмүүс шорттойгоо гүйлдээд эхлэнэ шүүдээ. Хүүхнүүд бол Мартын 8 байтугай Ёлконоор л шилэн трикотой гүйлддэг гэж байгаа. Нэг удаа Днепр мөрнөөр уруудаад Хар далай орох хүсэлд гэнэт автлаа. Хичээл тараад завтай байсан болохоор нэг өглөө хэдэн оймс, бандага, оо сойзоо үүргэвчиндээ хийж аваад туристын байгууллагын явуулдаг аялалд бүртгүүлээд гараад шидчихлээ. Усан онгоцны билет, хоноглох газар, орон нутгийн судлах музей гээд бүх юм тэр аяллын хөтөлбөрт багтсан гэж байгаа. Тэгээд л хөвөөд л байлаа, хөвөөд л байлаа. Алтан загас, акул, халим Днепр мөрөнд байдаггүй юм шиг байсан лав л надад харагдаагүй. Харин харх нь юмуу ондатр нь юмуу ганц нэг үслэг мэрэгч амьтан усан зогсоолын ойрхон сэлж байдаг юм билээ. Нэг жижигхэн тосгоны зогсоол дээр миний сууж явсан онгоц зогстол тэр онгоцыг дайвалзуулсаар лав 150 кг жинтэй байх гэмээр тарган орос авгай гараад ирлээ. Нөхөр нь бололтой даруухан царайлсан туранхай эр, турьгүй нарийхан бэлхүүстэй орос охин тэр авгайн удирдлага хяналтанд байдаг бололтой. Тийм том атаман авгай л горилга багагүй залдаг эр, дэндүү сайхан төрсөн охин хүүхдээ хянаж байхгүй бол өөр хэн ч хамаандлах билээ. Бүдүүн авгай усан онгоцны тавцан дээр гарсан даруйдаа сийрсэн савнаас талх өөх, ундаа гаргаж ирээд нөхөр, охин хоёроо ид гээд шахаж гарлаа. Хажуугаар нь бас охиноо очсон газраа өөрөөсөө салахгүй байхыг захиж, нөхрөө аль болох удаан уухыг сануулж байв. Би тэдний яриаг үл ойшоон цүнхнээсээ плейрээ гаргах хооронд тэр авгай намайг олоод харчихлаа. Тэгснээ хүүе тэр залуу наашаа ирээд бидэнтэй хамт суугаач гэлээ. Урьсаных нь дагуу хажууд нь суутал ёстой асуултаар булж гарлаа. нэр ус, яс угсаа, нас хүйс, төрсөн нутаг, хаана юунд сурдаг юу юу ч болов. Тэр болгонд хариулсны эцэст нөгөө авгай чинь гэнэт өөрийнхөө удирдлаганд байдаг харьяат албатуудаа дуудаад хэсэг аяархан зөвлөлдөж байснаа хоолойгоо зассанаа: Бид дараагийн зогсоол дээр байдаг тосгонд байдаг найзынхаа охины хуриманд очих гэж явна. Хэрвээ чамайг бидэнтэй хамт тэдний хуриманд очвол манай найзууд ч бас баярлах болно гэж байх юмаа. Надад хэдийгээр сонирхолтой санагдаж байсан ч тэрүүхэн тэндээ нэрэлхэж үзлээ.

No comments:

Post a Comment