Tuesday, September 25, 2018

***
Боломжийн гэмээр хүүхний жолоодож яваа машинд суулаа. Гайгүй явж байтал нэг найз нь залгадаг юм байна. хоёр гурван үг сольж байснаа гэнэт нөгөөх чинь "чи намайг тоохоо больсон" гэж мэгээд ирлээ шүү. Ямар мэдрэмжгүй яриа вэ??? 
Цаашаа явлаа. Замын цагдаа өөдөөс нь харсаар байтал урсгал сөрөөд орчихвоо. Яах бол гэж бодож байх хооронд гялс гэгч нь нэг баагийтай яриад нөгөө ярьсан баагий нь цагдаатай ярингуут торгууль зүгээр л цаашаа. Муу юмандаа гаргуун гэж. 
Тэд үнэхээр дийлдэхгүй ээ...

Wednesday, September 19, 2018

* * *
Шилтэй нүдэнд ч харагдахааргүй жаахан үсэгтэй юм утсан дээрээ гаргачихаад хянаад өг гэдэг нь Тэдний араншин. Хэвлэж болно, э-мэйлдэж болно. Заавал сорьж байгаа юм шиг жижигхэн үсэгтэй юм нүүрэнд тулгаад шалах л хэцүү. Тэд үүнийгээ мэдэрдэггүй нь бүүр хэцүү. 

Monday, September 17, 2018

Гамбинод тохиолдсон явдал (Украйн-3)


Зуны улирал Украйнд их эрт болдог. Майн баяр болж байхад хүмүүс шорттойгоо гүйлдээд эхлэнэ шүүдээ. Хүүхнүүд бол Мартын 8 байтугай Ёлконоор л шилэн трикотой гүйлддэг гэж байгаа. Нэг удаа Днепр мөрнөөр уруудаад Хар далай орох хүсэлд гэнэт автлаа. Хичээл тараад завтай байсан болохоор нэг өглөө хэдэн оймс, бандага, оо сойзоо үүргэвчиндээ хийж аваад туристын байгууллагын явуулдаг аялалд бүртгүүлээд гараад шидчихлээ. Усан онгоцны билет, хоноглох газар, орон нутгийн судлах музей гээд бүх юм тэр аяллын хөтөлбөрт багтсан гэж байгаа. Тэгээд л хөвөөд л байлаа, хөвөөд л байлаа. Алтан загас, акул, халим Днепр мөрөнд байдаггүй юм шиг байсан лав л надад харагдаагүй. Харин харх нь юмуу ондатр нь юмуу ганц нэг үслэг мэрэгч амьтан усан зогсоолын ойрхон сэлж байдаг юм билээ. Нэг жижигхэн тосгоны зогсоол дээр миний сууж явсан онгоц зогстол тэр онгоцыг дайвалзуулсаар лав 150 кг жинтэй байх гэмээр тарган орос авгай гараад ирлээ. Нөхөр нь бололтой даруухан царайлсан туранхай эр, турьгүй нарийхан бэлхүүстэй орос охин тэр авгайн удирдлага хяналтанд байдаг бололтой. Тийм том атаман авгай л горилга багагүй залдаг эр, дэндүү сайхан төрсөн охин хүүхдээ хянаж байхгүй бол өөр хэн ч хамаандлах билээ. Бүдүүн авгай усан онгоцны тавцан дээр гарсан даруйдаа сийрсэн савнаас талх өөх, ундаа гаргаж ирээд нөхөр, охин хоёроо ид гээд шахаж гарлаа. Хажуугаар нь бас охиноо очсон газраа өөрөөсөө салахгүй байхыг захиж, нөхрөө аль болох удаан уухыг сануулж байв. Би тэдний яриаг үл ойшоон цүнхнээсээ плейрээ гаргах хооронд тэр авгай намайг олоод харчихлаа. Тэгснээ хүүе тэр залуу наашаа ирээд бидэнтэй хамт суугаач гэлээ. Урьсаных нь дагуу хажууд нь суутал ёстой асуултаар булж гарлаа. нэр ус, яс угсаа, нас хүйс, төрсөн нутаг, хаана юунд сурдаг юу юу ч болов. Тэр болгонд хариулсны эцэст нөгөө авгай чинь гэнэт өөрийнхөө удирдлаганд байдаг харьяат албатуудаа дуудаад хэсэг аяархан зөвлөлдөж байснаа хоолойгоо зассанаа: Бид дараагийн зогсоол дээр байдаг тосгонд байдаг найзынхаа охины хуриманд очих гэж явна. Хэрвээ чамайг бидэнтэй хамт тэдний хуриманд очвол манай найзууд ч бас баярлах болно гэж байх юмаа. Надад хэдийгээр сонирхолтой санагдаж байсан ч тэрүүхэн тэндээ нэрэлхэж үзлээ.

Овоо ухаан сууж байгаа Гамбино - 2

номоо орчуулахаас өмнө бас нэг марзан явдал болсон юм. эртээд мартчихсан байж. сая саналаа байна. дуу хууранд дуртайгаараа дундговь аймгийнханаас дутахгүй болохоор нэг удаа дууны тухай ярьдаг зурагтын нэвтрүүлэгт ордог юм байна. эхний удаа ганган байлаа. дараагийн удаа хагас жилийн дараа ортол нөгөө нэвтрүүлгийн ориг хөтлөгч нь манийг хамтарч нэвтрүүлгээ хийе гэсэн санал тавиад, ажилгүй байсан мань уухайн тас шүүрч аваад хийж гарлаа. бараг 2 жил шахуу наасан юм байна. дандаа мэддэг юмаа ярих ч сайхан шүү дээ. амьдралаас зөндөө олон гоё, сайхан юм авсан учраас хааяа бас залуу үедээ өгөх нь зөв биз дээ? иймэрхүү гэгээлэг үгээр өөрийгөө хуурах маягтай додигор байлаа. хагас жил болсоны дараа хүмүүс таньдаг болдог юм билээ. талханд явж байхад танихгүй хүмүүс ирээд хөгжим ярингуут хаашаа явж байснаа мартаад нэг мэдэхэд пияв ууж мууцан сууж байдаг болов. ажилгүй хүн талхныхаа мөнгөөр уух нь тодорхой. дараа нь атаманд хөрөөдүүлж, цавчуулах дөхнө. за худлаа худлаа миний нүүрэн дээр шинэ сорви байхгүй. манайхан бас их явдалтай. ууя гэхээр нь уухгүй явчихвал их зантай гэнэ. уу гэж уулгачихаад араас нь архичин гэнэ. эвгүй байгаа юм шүү. энэ дундаас мэргэн ухаан зарж байж л мултарч сурахыг зөвлөе.    

Кануу зохиол -1

Зиак, эртээд кануу зохиол бичнэ гэж амласанаа гэнэт санаад эхэлж байна.

Нээх их шавар шавхай болсон газраар нэг хүн яваад л байна. Гутал нь гэж авах юмгүй бөөн шавар ла ла ла. (Ийм гуталтай хүн гэрт чинь ирвэл оруулах гээд хэрэггүй. Хаалгандаа хүний гутлын орчимд дахиад нэг дуран суулгавал гутлыг нь харж болно.) Алхаж байгаа нөхөр их туйлдсан болохыг нь харуулахын тулд их удаан хөлийг нь зөөлгөж алхуулахыг найруулагч анхаарах хэрэгтэй. Гэхдээ шал согтсон хүн шиг гуйвуулж алхуулж болохгүй. (Тэгвэл архичины тухай кануу байна гэж үзэгчид бодоод, тэртэй тэргүй гэрт 1-2 архичин байхад бас дахиад архичин байна гээд билетээ буцааж авна барина гэж зовлонтоно). Хориод алхам хийсний дараа дэлгэц дээр кануу зураг авсан продакшны нэр гараад канууны нэр нь гарна (Би канууныхаа нэрийг олоогүй байгаа).

* * *
Тэдний хэдэн төлөөлөгчид цуглаад ярилцаж байх юмаа. Сэдэв нь замын түгжрэл. Тэд түгжирснээ гайхацгаан, ам амандаа шагширалдана. Намайг яваад ортол яаж түгжрэлийг багасгах вэ гэж асуулаа. "Та нар машинаа унахаа л больчих. Тэгвэл түгжирэлд гацахгүй дээ" гэх ухааны юм хэлээд тавьчихав. Замын садаа боллоо хэмээн хэн нэгнийг амныхаа зогоор зүхэцгээж байгаа шиг нь тэднийг өөр нэгэн яг өөрсөд шиг нь зүхэж байгааг ойлгох хэрэгтэй юм даа. Өглөө босоод нэг дөрвөлжин өрөөнөөс гарч нөгөө дөрвөн хананы дунд өдрийг өнгөрөөхийн тулд машин хөлөглөнө гэдэг үнэндээ маяг л юмдаа. 
***

Тэдний нэг төлөөлөгчтэй номын баярт очив. Эртнээс уншихыг хүссэн номоо худалдан авахад нөгөөх маань намайг дагаад авчихав. Уг номыг өмнө нь гадаад хэл дээр уншсан болохоор товч агуулгыг нь нөгөөдөхдөө ярьж өглөө. Гэтэл мань эр "Та надаар юу авахуулчихав даа" гэж авсан. Өөрийн толгойгүй ч юм шиг, эсвэл хэн нэгнийг даруй буруутгахгүй бол сэтгэл ханадаггүй ч юм шиг харамсаад эхэлсэн дээ. Ёстой бүү мэд. 

Sunday, September 16, 2018

***
Тэд юу чаддаг, юу чаддаггүйгээ мэддэггүй. Хэрвээ тэнэг үйлдэл хийвэл тэрнийгээ мэдэхгүй гэдгээр халхалдаг эрдэмтэй. Төрж өссөн газар нь нэг бол 2-3 айлтай үгүй бол 1000 хүрэхгүй өрхөөс бүрддэг учраас сэтгэх хэмжээ нь тэр хэрээрээ жаахан. Тэднийг яаая даа... 

Thursday, September 13, 2018

***
Тэд агаад ийм өөр байдаг юм бэ? Нэг нь 21:00 цагт утасдаад “зүв зүгээр л залгалаа” гэнэ. Маргааш нь энэ тухай хэлэхээр “өө би мэдэхгүй, хүмүүс яриад л байдаг ш дээ” гэсэн юм хэлнэ. Нөгөө нь 22:00 цагт “ажил их байна уу? юу хийж байгаа юм бэ?” гэх ухааны юм асууна. Шөнийн 22:00 цагт хэвийн хүн унтах гэж байдаг. Хүүхдүүд унтаж байх нь ойлгомжтой.
Тэд албаар ингэдэг юм уу эсвэл угаасаа ийм төрчихдөг юм болов уу? Тэдний ийн аашлахыг харахаар инээх ч хэцүү, уурлах ч хэцүү.  

Wednesday, September 12, 2018


АРВААЛЖ
                                                                                                                 Ма Жиан
Эндхийн нар үзэсгэлэнтэй жаргадаг. Өнөөдөр л гэхэд мушгирсан цагаан үүл тэнгэрийн хаяа руу нүүн одохтой зэрэгцэн нар улан туяа цацруулан баруунаа хэвийв. Би зургийн аппаратныхаа дурангаар эргэн тойрноо тольдон суулаа. Дорно зүгт уулс дүнхийж, өмнө хөврөлдөх толгод эв хавгүй сүүдэртэнэ. Сайн зураг авахын тулд улам өөдөө авирах хэрэгтэй юм байна гэж надад бодогдлоо. Төвдийн баруун хязгаар болох устай бол устай, уултай бол уултай Чантаны өндөр уулсын бүсэд би ирээд байгаа билээ. Уг нь зураг авахад сайхан газар юм. Гэвч  хоорондоо огтлолцсон түргэн урсгалт голууд, урд хөндөлдөх уулсаас болоод амархан гэгч нь төөрчихөж мэдэхээр  юм. Намайг толгойн бэлд гарахад нар бараг шингэж байлаа. Бүрэнхийн дунд зогсоод эргэн тойрноо харж байхдаа миний ирсэн зам харанхуйн дунд ууссан байхыг ажиглалаа. Өөдөөс тас харанхуй гүвээ, толгодтой тал цэлийж, нүүдэлчдийн буудал үл үзэгдэнэ. Ийнхүү би дахин нэг шөнө задгай тэнгэрийн доор ододтой ханьсан хонохоор болжээ. Сэвшээ салхи үлээсэн толгойн бэлд суугаад Байнгойноос авсан жигнэмэгээ идэж дуусгалаа. Дараа нь халаасаа уудлан зах дээрээс хумсалсан сарлагийн ааруулаа гарган хүлхэв. Эхэндээ исгэлэн амтагдахаар нь хариугүй нулимах дөхсөн боловч аажмаар ааруул зөөлөрч, сүүний танил амт амтагдах  нь  таатай.  
      Харанхуй нөмрөхийн өмнө салхи улам ширүүсэхэд, би хөнжил пүүгээгээ газар дэвсээд гуталтайгаа ороод хэвтчихэв. Дээшээ харан хэвтэж байхдаа би амьдрал, үхлийн тухай бодлоо. Төвдүүд үхлийг амьдралын нэг үе гэж үздэг болохоор төдийлөн гуньж, гутраад байх зүйл биш гээд огт тоодоггүй. Тэгсэн мөртлөө мөргөлчидсүм хийдийн төв хаалган дээр ирээд тэргүүнээ газарт хүргэн хэдэн цагаар ч хамаагүй сунаж мөргөх нь хачирхалтай. Хүмүүс юунд ингэтлээ шийтгэлээс айна вэ? Хоосон ходоодтой би маш их өлсөж байлаа. Өлөн ходоодонд минь хий хуралдан сүртэй нь аргагүй хүржигнэтэл дуугарна.
      Би өлсгөлөн гэдэснийхээ өвдөлтийг буулгах гэж хажуу тийшээ харж хэвтлээ. Улам хүйтэн болж, би даарч эхлэв. Салхиний чигийг мэдэх гэж өндийн суугаад дорноос өрнө рүү үлээж байгааг тогтоов. Баруун талд гол, цаана нь эзгүй тал байгаа болохоор миний үнэрийг салхиар авсан зэрлэг ноход дорхноо над руу ирэх нь ойлгомжтой. Цүнхнээсээ хутгаа гарган атгаад унтахаар эргэн хэвтэв. Нүдээ дөнгөж анингуут аймшигтай зураг харагдах нь тэр. Зэрлэг сарлагийн сүрэг над руу хуйлран давхиж, золбин нохой үүргэвчийг маань авч зугтав. Чоно араас минь гэтсээр шилэн хүзүүнээс минь чанга зуухад, баахан өлсгөлөн сүнснүүд намайг тойрон эргэлдсээр чих, хамар, гар, хөлнөөс минь лууван идэх мэт шүдээрээ зулгааж гарав.
      Тэгснээ миний бодолд хүүхнүүд, хөхөвчнийхөө бүлээн үнэрийг үнэртүүлсээр ороод ирлээ.
      Би анх ирсэн зүг рүүгээ харж хэвтээд бүдэгхэн гэрэл байхыг олж харав. Гэрэл зургийн аппаратаа гаргаад дурангаар нь тэр зүг харвал майхны оройгоор галын гэрэл сүүмэлзэх ажээ. Хэрвээ яваад очвол тэнд байгаа хүмүүс нэг мухартаа намайг хонуулах байх гэсэн итгэл төрсөн даруй би пүүгээнээсээ сугаран гараад, хам хум боосон болж тэврэн, тэр зүгуулын бэл уруудан алхлаа. Хоёр цаг гаруй явсаны дараа би мөнөөх майхан дээр ирээд хий ханиалган дуу өгч нохой байгаа эсэхийг шалгав. Аз болоход нохой байсангүй. Би майхны амаар зай гарган ороод явчихлаа. Галын дэргэд нэгэн настайвтар эр хөдлөхгүй сууж байх юм. Намайг Төвдөөр мэндчилэн амрыг нь эрэхэд эхэндээ тэр олж харсангүй, бодвол гал руу их удаан ширтсэн бололтой. Тэр намайг гал руу ойртон суухад л Хан үндэстэн болохыг минь мэдэх шиг боллоо. Тэгснээ хаанаас ирсэн болохыг хятадаар асуугаад инээмсэглэв. Би уул, толгодийн гэрэл зураг авч яваагаа, урд шөнө Дува сууринд хоносноо хэллээ. Гэрэл зургийн аппарат гэж юу болохыг мань эр мэддэг гэнэ. Залуудаа хэдэн жил Сера хийд дэх Бурхан багшийн хүрэл дүрийг засахад оролцож байхдаа гадаад, дотоодын  жуулчид гэрэл зураг авч байхыг харсан гэдгээ хөөрлөө.
      Би үүргэвчээ буулгаад майхан доторхийг тойруулан харсан боловч тэнд юу ч байсангүй. Тулгын чулуунууд галд улайжээ. Нүүдэлчид иймэрхүү байдлаар аялдаг нь мэдээжийн хэрэг шүү дээ. Мань эр энд өглөө юм уу эсвэл өчигдөр ирж буусан байх. Би нүдээ арчин идэх юм хайж майхныг дахин тойруулж харцаараа нэгжээд, мөнөөх эрийн дээр нь сууж байгаа хониний нэхий, эмээл, хөнгөн цагаан аяганаас өөр юу ч олж харсангүй. Түүнээс идчихээр юм байгаа эсэхийг асуухад юу ч байхгүй гэлээ. Надад галд гараа ээхээс өөр хийчихээр юм олдсонгүй. Тэр гараа сунган араасаа хэсэг хуурай өвс, бут авч галдаа нэмээд, үргэлжлүүлэн чалчиж гарав. Өлссөнөөсөө болоод түүний яриаг сонсох ч тэнхэл надад байсангүй, түүний үгэнд хааяа нэг бувтнан хариулж суулаа. Миний ухаан балартахыг харсан бололтой мань эр босоод, дээлээ бүслэн майхнаас гарав. Би ч пүүгээгээ дэлгэн дотор нь орж хэвтээд унтахаар нүдээ анив.
      Дөнгөж зүүрмэглэж байтал гадаа жигтэй чимээ гарахыг сонслоо. Зэрлэг адгуус тавхайгаараа газар дэвсээд байх шиг болохоор нь би хутгаа шүүрэн босоод майхны амыг сөхөн харав. Гэтэл мөнөөх эр сарлаг хөтлөн ирж явах юм. Тэгснээ нэг гараараа эврээс нь бариад, нөгөө гараараа амыг нь барьлаа. Сарлаг ч өөрийгөө тавиулах гэж тонгочиж эхлэв. “Туслах уу?” гэж асуутал тэр намайг цаашаа бол гэж гараараа дохиж байх юм. Мундаг чадалтай эр байх нь хэмээн бодож амжаагүй байтал нөгөө сарлагаа угз татан тонгойлгоод, яах ийхийн зуургүй хутгаа бүснээсээ сугалан хүзүү рүү нь зоолоо. Дараа нь малгайгаа авч сарлагийн  цус тосох нь тэрээ. Сарлаг муухай орилон, тонгочно. Удалгүй мань эр барьцаа тавин, сарлагаа үргээж, харанхуй руу гуйван одохыг нь хэсэг харж зогсов. Майхандаа орж ирээд малгай дүүрэн цус над руу сарвайн “Уучих!”гэснээ эргээд сууж байсан нэхийн дээрээ завилан тухлав. Янжуураа тэмтчин асааж, хуруунаасаа дусах цусыг амтархан долоох нь дотор эвгүйцэм.
      Малгайтай цусыг нь аваад би өмнөө тавьж аажмаар дэгдэх уур, хагаран алга болох хөөснүүдийг нь ажиглав. Цус бүлэгнэхийг хүлээх зуур миний нойр хийсэн одож, мөнөөх эртэй ярилцах хүсэл оргиллоо. Тэр өөрийгөө Чиу тосгоны ойролцоох бэлчээр бараадан амьдардаг нүүдэлчин гэж танилцуулав. Зургаан сарын өмнө өөрт байсан бүх сарлаг, хонин сүргээ зарж мөнгө болгоод, Дашлхүмбэ хийдэд өргөжээ. Би түүнийг цаашид яах гэж байгааг нь сонирхтол тэр өөрийгөө Гандирс хайрхан руу очиж, Бурханд мөргөөд Мансаробар нуурын ариун усанд нүглээ угаахаар явж байна гэлээ.
      Түүнийг нэг охинтой гэдгээ хэлэхэд би илүү үгэнд дурлан  хаана байгааг нь асуулаа. Мань эр охиноо хаана байгааг мэдэхгүй байгаа бололтой хариу хэлсэнгүй. Зөвхөн нүд нь хоёр тийшээ хялалзана. Би түүнийг цус уухгүй бол ухаан тавих нь гэмээр болоод ирэхээр нь тамхиа гаргаж сарвайн анхаарлыг нь өөр дээрээ татлаа.
      Энэ жигтэй эрийг яриагаа дуусмагц би Лхасад харсан нэгэн охиныг түүнд хэлэх үү байх уу гэж хэсэг тээнгэлзлээ. Ер нь хэлээд хэрэггүй юм байна гэж эцэст нь шийдсэн юм. Хэрвээ тэр охины тухай нэг л үг цухуйлгачих юм бол мань эр, миний хэл амыг сугалах шахан шалгаах нь ойлгомжтой. Охиныхоо ямархуу янзтай байсныг дуулаад түүний ухаан самуурах ч юм билүү хэн мэдлээ. Тэр надад ийнхүү өгүүлсэн юм:

      “Би хамаг мал, сүргээ зарчихаад Дашлхүмбэ хийд рүү очин, Бурханд мөргөхөөр явсан юм. Тэнд очоод Бурхан багшаас охиныг минь харж хамгаалж явахыг гуйгаад, намайг үхсэнийхээ дараа охинтой минь диваажинд уулзуулж өгөөч гэж зальбирав. Хайлаас уулыг арван есөн удаа гороолоход минь туслаач, дараа нь намайг диваажиндаа аваач гэж би эцэст нь зальбирсан минь хамгийн том алдаа болж билээ...”
      “Би чинь ээжийнхээ мөөмийг арван дөрөв хүртлээ хөхсөн хүн дээ. Ээжийн сүү тэр олон жил татраагүй нь хачирхалтай шүү. Миний аав 1959 оны Төвдийн бослогын үед алагдсан юм. Чиу нутгийн маань бэлчээр ч одоо эзэнгүй болж дээ. Чи тэрүүгээр явахдаа харах болноо. Би арван зургаан настайдаа анх удаагаа ээжтэйгээ энгэр зөрүүлж үзлээ. Бас өөр хүүхнүүдтэй ч Чиу тосгонд баяраар очихдоо амраглаад амждаг байв. Гэхдээ яагаад ч юм бүү мэд би ээжээсээ холдож чаддаггүй байсан юм. Заримдаа ээжийг цөхрөн хашгирахад би юу ч хийж чадахгүй өнгөрөөх үе олон удаа гарч байв. Зайлуул намайг ганцаараа хүн болгосон доо. Аавыг бурхан болсоны дараа тэр зөвхөн намайг гэсээр бусад айл, хунартай ч ойртож буухаа больж билээ. Гэтэл нэг удаа Лхасад байдаг Сера хийдийн хүрэл Бурханыг засварлах ажилд хүн авч байна гэдгийг би дуулаад гэрээсээ, ээжээсээ холдох сайхан боломж гарлаа гэж бодоод Лхас руу гараад гишгэлээ. Манай охин Мядаг тэгэхэд есөн настай байлуу даа. Хэрвээ охин маань өөрийгөө миний ээжээс төрсөн гэдгээ мэдвэл яаж түүнтэй хамт амьдрах байсан бол?”
      “Сэрад байхдаа би зөндөө олон янзын юм сурлаа, гэхдээ өөрийхөө хийсэн нүглээ хэнд ч хэлсэнгүй. Би өдөр болгон ажлаа дуусгаад, сүмийн гол хаалганы өмнө сөхөрч мөргөн нүглээ наминчилдаг байв. Гэхдээ би ээжийнхээ хөхийг үлгэж өссөн болохоор тэнд байхдаа хуруугаа хөхдөг болсон юм.”
      Хэдхэн хоромын өмнө хуруунаасаа урсах цусыг хөхөж байсныг нь санаад би түүнийг ямархуу сувьдаг жаал байсан бол гэж бодлоо. Энэ хачин эр бараан арьстай, арзайн ургасан үсээ дагз руугаа налуулж, ягаан бөсөөр боожээ. Галын улаан гэрэлд духных нь судаснууд гүрвэлзэн тодорно. Ярихдаа гараа занган, нүд рүүгээ унасан үсийг хойш сэгсэрэх нь мангас мэт.
      “Лхасад таван жил болоод миний хийсэн нүгэл ариуссан байх гэж бодон гэрийн зүг явлаа. Мядаг арван дөрөв хүрсэн байв. Би тэндээс охиндоо хэдэн солих хувцас, эсгий гутал аваачиж өгсөн юм. Мядаг өөртөө хувцас оёж өмсдөг болсон байлаа. Заримдаа миний өвөр дээр гарч суугаад үсээ Лхасын хүүхнүүдийн маягаар сүлжүүлдэг байв. Хоёр жилийн дараа гэхэд тэр насанд хүрч, ээжтэйгээ улам адилхан боллоо. Манай нутагт хүүхнүүд үдийн ид халуунаар дээлээ эр хүн шиг сугалдаргалдагийг чи харсан л байх.”
      Би аялж явах зуураа дээлнийхээ энгэрийг тайлсан хүүхнүүдийг харсан гэдгээ хэлж, ээж нь яасаныг асуулаа.
      “Лхасаас намайг ирээд хоёр жил болсоны дараа ээж нас барсан юм. Мядаг надтай малд явахдаа дээлээ сугалдаргалан, нүцгэн хөхөө гаргах нь намайг байж суух аргагүй болгодог байлаа. Нэг өдөр бүүр тэсэхээ байгаад эм хонь барьж аваад дэлэн хөхийг нь хөхөж хүртэл үзэв. Намайг ингэж мундраа хутгаж байхыг Мядаг харчихаад унтахдаа өөрийгөө битүү хулдаж, надаас аль болох хол унтдаг болжээ. Тэр үеэс эхлэн би архи ууж эхэлсэн юм. Хуучин зуршил маань эргэж ирэх нь гэдэг айдаст би автлаа.”
      “Ноднин манай энэ хавиар нэг худалдаачин айлаас, айл хэсэн ирвэсний арьс, хуучны эд зүйлс худалдаж авсаар манайд ирдэг юм байна. Донров гэгч тэр эр овоо боловсролтой, хятадаар гайгүй ярьчихна. Лхасад цалинтай алба хашдаг гэж байсан. Үнэндээ тэр маш муу хүн байв. Тэнгэрт ниргүүлж, тамд төрөөсэй! Зарж байсан бараанууд нь гэхэд хөнгөн цагаан тогоо, хуванцар данх, гэзэгний боолт шүү...”
      “Тэр тэгээд охинд чинь дурлаж орхисон уу?” гэж би түүний яриаг таслав.
      “Би тэр муу хогийг майхандаа хонохыг зөвшөөрсөн даруй гудсаа чирч ирээд охины орны урдуур дэвсэн, тэр шөнөдөө охинтой минь унтчихлаа. Мядагийн зөөлөн гинших нь надад сонсогдсоор байв. Намайг доромжлоод байгаа юм шиг санагдсан ч би охиноо Донровтой гэрлүүлж явуулаад, хуучин унасан нүгэлдээ орох аюулаас ангижирч болмоор санагдлаа. Тэр шөнөөс эхлээд би дахин хуруугаа хөхдөг болов.”
      “Донров манайд хоёр долоо хоног хэртэй боллоо. Мядаг өдөр болгон түүнд мах шарж өгч, дарсаар дайлдаг байв. Буцахынхаа өмнө Донров үсний хавчаар, хуванцар бугуйвчны хамт Мядагт өглөө. Тэр өдөр би бүтэн өдөржин малаа хариулаад майхандаа тэр хоёрыг дураар нь үлдээсэн юм. Ажиглаад байхад Донровын ааш, зан тун тогтворгүй, өдөр ирэх тусам догшрох янз орж байв. Гуч хүрээгүй байж эмэгтэй хүнийг надаас ч дор харааж байх юм. Мядагийг түүнд тэгтлээ их татагдаагүй бол би тэр мууг аль хэдийн гэрээсээ зодоод хөөгөөд явуулчих байсан юм.” Энэ тухай ярьж байхдаа мөнөөх эр нилээн тэвдэж, нүд рүү минь нэвт ширтэв. Сарлагний цус бүлэгнэжээ. Би гараараа бүлэгнэсэн цусыг тэр чигээр нь хамж аваад хоосон малгайг нь эзэнд нь эргүүлэн өгөв. Дараа нь хутгаа гаргаж цусаа хоёр хуваагаад хагасыг нь түүнд барилаа.
      “Донров миний хундага руу тасралтгүй архи хийж байв” гээд мань эр над руу нэг харснаа үргэлжлүүлэв.
      Тэр гэнэт худлаа яриад байгаа юм шиг санагдсан тул би харцаа буулгаж, цус болсон гар руу нь ширтэн суув. Бүлэгнэсэн цусан дээр галын гэрэл гялалзана. Миний хутганы ирэн дээр туссан галын гэрэл өнөөх эрийн нүүрэн дээр туслаа.
      “Донров ч их согтуу байсан биз” гэсээр мөнөөх эр яриагаа үргэлжлүүлэв. “Би түүнээс охиноо хайрлаж, харж явахыг гуйгаад, ганцаараа түүнийг өсгөх амаргүй байсан” гэдгээ хэлсэн юм. Тэр ч бас охиныг минь харж хамгаалж явна гэж тасралтгүй амлаж суув. Намайг тэр “Аав аа” гэж дуудахад би тачигнатал хөхөрсөнөө санаж байна. Мядагийг өөрийнхөө ээжээс төрсөн гэж өөрийнхөө хэнд ч хэлэхгүй гэж бодож явсан зүйлсээ Донровт би ярьжээ. Үүнийг сонсоод Мядаг час хийтэл орилоод намайг худлаа ярьж байна гэж Донровт хэлсэнийг санаж байна. Миний ярьсан зүйлс Донровыг ихэд гайхуулсан бололтой, тэр надад улам их дарс хундагалж байлаа. Нэг мэдэхэд би ухаан тавьжээ. Донровоос охинтойгоо унтья гэж гуйсан бололтой. Донров хэдийгээр надад зөвшөөрсөн ч Мядаг хилэгнэн догширч, намайг хаа таарсан газраа өшиглөж, цохиж гарчээ. Түүнийг ийнхүү дийлдэхгүй болохоор нь Донров барьж аваад “Энэ шөнө эцэгтэйгээ энгэр зөрүүлэхгүй бол би чамайг авч явахгүй ” гэж байж нэг юм номхруулсан бололтой. Ямар ч гэсэн Мядаг нэг ч үг хэлэлгүй миний өвөрт орсон...”
      “Маргааш өглөө нь би Мядагийн дээр сэрлээ. Тэр шөнө олон жилийн турш өөртөө хуримтлагдаад байсан бүх зовлон, тарчлаанаа дэлгэж орхижээ. Эхлээд би өөрийгөө зүүдэлсэн байх гэж бодлоо. Гарч шээгээд, бүрэн сэртлээ гадаа хэсэг зогсов. Эргээд майхандаа ортол Мядаг баглаж тавьсан хувцаснуудынхаа цаагуур нуугдлаа. Би ч тэр даруй гараад морио унаж тал руу давхив. Орой болсон хойно эргээд иртэл Донров, Мядаг хоёр аль хэдийн явсан байлаа.”
      “Тэр жил би Цалад очиж намаржсан юм. Мядаг намайг хэзээ ч дахиж эцгээ гэж үзэхгүй гэдгийг би мэдэж байсан боловч түүнийг олж уулзах хэрэгтэй гэж бодогдоод байв. Цалад ирээд охиноо сурагласан боловч харж мэдэх хүн огт таарсангүй. Явсаар байгаад тэргэнцэрт мухлагийн худалдаачнаас сар гаруйн өмнө арьс ширний худалдаачин эр, залуу эмэгтэйг тэргэн дээрээ аваад явж байсан тухай хэлэхийг сонсов. Шигацэ нутгийн аялагаар ярьдаг тэр эр, нөгөө хүүхнээ хэлэх хэлэхгүй үгээр харааж байсан гэнэ. Үүнийг сонсоод би хэдэн сарлагаа зах дээр зарж гарын бэл хийгээд Шигацэ руу явахаар шийдлээ.”
      “Шигацэд ирээд би охиноо хайж байна гэж хэлэхээс санаа зовоод, Донров гэдэг танилаа сураглаж байна гэж хүмүүсээс асуусаар явав. Донров нэртэнгүүд энд тоолж барамгүй олон ажээ. Би явсаар байгаад арьс, ширний худалдаачин нэг эрээс өөрийнхөө хайж байсан Донровыг төв рүү  тавилга авчирахаар явсан гэсэн там тум сураг гаргав. Бас Шигацэгээс хорь гаруй мод газарт байдаг гэрийг нь заалган алхлаа. Намайг очиход Мядаг тэнд байсангүй, харин Донровын эх нь сууж байлаа. Би түүнд өөрийгөө Мядагийн садангийн хүн байна, гэрээс нь захиа авч ирлээ гэв. Миний үгийг сонсоод шулам шиг царайлсан эмгэн “Чи тэр золигийн зулбасгыг хайж ирээ юу? Би тэрнийг чинь аль хэдийн хөөгөөд явуулсан. Манайхан гадны хүнтэй холилдох дургүй. Аврагч Бодисатхва сүнсийг нь там руу илгээгээсэй” гэлээ.
      “Би буцаж алхсаар Шигацэд ирээд хэдэн өдрийн турш Дашлхүмбэ хийдийн хүрд эргүүлэн гороолохоор болов. Миний уулзсан настайчууд, насаар арай хорь хүрээгүй гэмээр нэгэн охин энэ хавийн бүх болох бүтэхгүй хүмүүстэй хаа сайгүй хурьцаж яваа тухай ам мэдэн чалчицгаахыг ч олж сонслоо. Тэр охиныг гудамжинд амьдарч, мөргөлчидийн өгсөн юмаар хоололдог гэнэ. Хүмүүсийн амнаас түүнийг Чиу нутгаас ирсэн гэх нь дуулджээ. Үе үе ухаан санаа нь орж гараад, бараг нүцгэн шахуу явж харагддаг байсан гэлцэнэ. Гудамжинд хэдэн сар амьдарсаны дараа доод бие нь өмхийрөөд, эрчүүд ч ойртохоо байсан аж. Настайчууд түүнийг өрөвдөхийн хажуугаар эцэг нь гэж ямар өөдгүй хог байдаг бол гэж гайхан дуу алдацгаахыг сонслоо. Тэдний үгнээс би өөрийгөө арчаагүй амьтан, адгийн шаар хэмээн зүхэж эхэлсэн юм. Бүтэн өдөржин би нүглээ наманчилах гэж сунаж мөргөхөөс өөрийг хийхээ болилоо. Хөөрхий охиноо олж авахад минь туслаач гэж олон ч удаа Бурханаас гуйж билээ...”
      Энэ мэт олон зүйлийг мань эр надад ярьсанаас би дээрхийг онцлон авсан юм. Тухайн үед түүний цорын ганц хүсэл “бушуухан үхэж далд орох” байлаа. Хайлаас уулыг гороолж явсан үй олон мөргөлчидийн ихэнх нь давааны бэлд нас эцэслэдэг гэдгийг ч сайн мэдэж байжээ. Үхэхээсээ өмнө хэдий чинээ олон гороо хийнэ, төдий чинээ дээд төрөл авна. Үүнийг бодохоор түүнд амьд, үхсэн эргэж ирэхийн ялгаа үл харагдана.
      Майхны тооноор савсах утааг дагуулан харвал үүр хэдийнээ цайжээ. Миний ходоодонд орсон сарлагийн цус дотор бялууруулан, эхүүн үнэр нь аманд амтагдана. Би ганц ширхэг хатсан сармисны хумс халааснаасаа олоод тэрхүү заваан үнэрийг дарахаар шажигнуулан зажиллаа. Нүдний зовхи хар аяндаа унав. Нөгөө эр сууж байсан нэхийн дээрээ сунайгаад, хөнгөн цагаан сав дэрлэн хажуулж, тарни уншихад түүний амнаас гарах өмхий үнэрээр майхан дорхноо дүүрэв.
     
      Нөгөө эртэй би зэрэгцэн хэвтээд Лхасад байдаг Бархо зах дээр харсан охиноо бодлоо. Төвдийн өндөрлөгт байнга үлээж байдаг салхинд тэр охины дугуй нүүр, цулцгар хацар нь улайсан байж билээ. Үсэнд нь оюу шигтгээтэй зүүлт байсангүй, харин сарлагийн сүүл мэт арзайн сэгсийсэн байв. Нүүр рүүгээ унжих ширэлдсэн үсээ хойш нь болгох санаатай  арагш дэмий л  илнэ. Хэн нэгэн өөрийг нь харж байгааг мэдээд толгойгоо өргөн өөдөөс нь харж инээмсэглэнэ. Мөнөөх хүн зогсоод өөрийг нь хөөж, туун чулуу шүүрэн шидлэхгүй тасралтгүй харах аваас хэлээ гарган өөдөөс нь мэндчилнэ. Нүднийх нь доод зовхи үл мэдэг бүлцийн харагдах боловч амаа том ангайлган инээхэд  нүднээс нь сайхан сэтгэлийг илэрхийлэх туяа цацарна. Энэхүү инээмсэглэл нь зүлэгт талын цэвэр агаар шиг өндөрлөг газрын хүүхнүүдийн инээмсэглэл ажээ. Үй түмэн хүмүүс бужигнасан гудамжны тоос, дуу шуугиан түүнийг тавгүйтүүлэв бололтой. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүнийг үл тооно. Охин ч гэсэн тэднийг үл ойшоон сарлагийн мах зарж байсан лангуун доогуур шурган орлоо. Өршөөл, энэрэл гуйн хэдэн өдөр сараар тасралтгүй мөргөсөөр духан дээгүүр нь нарийхан үрчлээ суужээ. Гудамжаар өөдөө сөргөө холхигсодоос хэн нэг нь түүн рүү өрөвдөн харахыг мэдмэгцээ, охин зүүн хөхөө гарган толгойгоо тонгойлгон хөхөж байснаа дахин инээмсэглэх аж. Аманд нь ордог зүүн хөхнийх нь товч хавдаж сунан цайж харагдана.  Охиныг лангуун доогуур шургахад махны худалдаачны унагаасан өвдөл цөвдөл олж идэхэд бэлэн золбин ноход хөл хавиар нь эргэлдэнэ.

Орчуулсан Гамбино
2016 он




Tuesday, September 11, 2018


ЗҮҮДНИЙ ТАНИЛУУД

      Шар ямаан хилэн хавтастай нүүрэн дээрээ ягаан сарнай ч билүү яргуй цэцгийн дүрстэй хуучин зургийн цомгоо үзээд сууж байх юмаа. Зориулалтын нүхгүй болохоор зургаа цавуудаж наах ёстой байсан биз. Харин би скочоор зургаа тогтоодог байлаа. Яг тэр хэвээрээ зүүдэнд ороод ирлээ дээ...

      ...Хөдөөнөөс хамаатан садангаа ирэхэд хотод амьдардаг хэд нь гэрэл зурагчны газарт хүүхэд, хөгшдөө дагуулан бөөнөөрөө очиж, хамтдаа зургаа авахуулдаг уламжлал байв. Зурганд оролцсон өрхийн тоогоор угаалгаж мөнөөх хөдөөний айлчиндаа өгч явуулна. Нөгөөх нь нутагтаа очоод авахуулсан зургаа жаазандаа хадгалан орсон гарсан хүмүүст хэний хэн тэнд байгаа, энд ажилладаг гэх мэтээр танилцуулна бас бахархана. Тааруухан яваа нэгнээ гоочилдог ч биз.  
      Жаран жилийн өмнө авахуулсан гэр бүлийн зурагт миний дүрс байхгүй, байх ч үндэслэлгүй. Түүнээс арван жилээр наашлахад намайг таньж болох дүрс мэр сэр харагдах болж дөч, гучин жилийн өмнөхөд бүүр ч тодроод ирнэ. Энэ зуур ахмад настнуудын тоо нэг хоёроор цөөрсөөр байх нь гэрэл зургаас анзаарагдана.
      Хорин жилийн өмнө авахуулсан манайханы зурагт өндөр настан гэх хүн бараг үгүй болж тэдний үр хүүхдүүд насанд хүрцгээн, ач зээ гэсэн шинэ бүлэг үүссэн байдаг...

      Цомог доторх зургууд бүгд амьтай мэт хөдөлцгөөнө. Хоорондоо ярилцана. Гэхдээ нэг үйлдэл дахин давтагдахгүйгээрээ ЖИФ дүрснээс ялгаатай. Анхааралтай харвал тухайн үед болсон явдал цааш үргэлжлэх мэт ажээ. Нэг зураг дээр би эргэдэг төмөр сандал түшин зогсож байснаа хэн нэгэн рүү уйлан зүтгэнэ. Орон зай  нь илүү өргөн, урт байсан бол хаашаа ч явж мэдэхээр харагдана. Өөр нэг зураг дээр ээж толгойгоо яльгүй баруун тийш гилжийлгэн дуу дуулах аж. Даанч сонсогдохгүй юм.
      Гэтэл зарим зурагнууд дээрх хүмүүс үзэж байгаа намайг таниад байгаа бололтой өөдөөс гараараа даллаж байх юм. Ялангуяа арвантаваас хорин жилийн өмнө авахуулсан миний зурагнууд надад нэг юм анхааруулж хэлэх гэсэн үү нилээн тэвдэнгүй дохиж харагдана. Тэр үед нас залуу, хөл дээрээ бүрэн зогсож амжаагүй байсан болохоор өнөөдрийн надаас ирээдүйгээ мэдэхээр сандарсан байж магадгүй.
      Миний залуу цагийн зураг л хорин жилийн дараахь өөрийгөө танилаа гэсэн шүү юм бодсоор хуучирсан цомгоо эргүүлж суутал итгэмээргүй юм боллоо.     
      Өнгөрсөн зууны номенклатур албан тушаалтны нийтлэг хэв шинжийн илэрхийлэл болсон каракул захтай пальто, мөн эдээр хийсэн гоголь малгай өмссөн “Тэр” нөгөө хуудсны гэрэл зураг дээрх нэгний анхаарлыг татах гэж ихэд хичээх ажээ. Ахиулаад хартал нөгөө хүн нь гучин таван жилийн өмнөх хар нялхаараа би байх юм.
      Нэг цаг үеийн хоёр хүн бие биенээ маш сайн таниад байхаар нь би саяхан авахуулсан гэр бүлийнхээ зургийг нөгөө хоёр зураг дээрх хүмүүст харуулвал аль аль нь одоо цагийн намайг огт таньсангүй.
      Нөгөө хоёр зурагний өөдөөс бусад хамаатан, садангуудынхаа гучин жилийн өмнө  авахуулсан зурагнуудийг харуултал тэд харилцан биесээ олж харцгаагаад бөөн хөөр болох ажээ...
      Тэдний дунд намайг тоож, таних нэг ч хүнгүй нь харамсмаар.
      Зүүд даанч богинохон юм даа.

      Гамбино
2018 оны 9 дүгээр сар 11      
     


          
       

Saturday, September 8, 2018




ЗҮҮДНИЙ АЯЛАЛ

"Тэр" дэргэдээ ээжийг суулган жолоогоо барин давхина. "Тэр" гэж би аавыгаа хэлж байгаа юм. Гучин жилийн өмнө нас барсан "Тэр" миний зүүдэнд байнга ордоггүй. Арван жилийн өмнө тэнгэрт хальсан ээжтэй цуг эргэж ирэхдээ ямар дэгжин харагдаж байна вэ?
Машины арын суудалд би ганцаараа голлон суужээ. Дэргэд эгч, охин дүү хоёр алга. Өмнөө суугаа хоёрт анхаараад, ардаа хоцорсон тэднийг дахин бодох ч хүсэл төрсөнгүй. Ямар ч бартаагүй хааяа нэг эргэлт төдийхөнтэй замаар бидний машин урагшилна. Дэргэдүүр үүл, манан хөвсийнө. Хаана явж байгаагаа сонирхох хүсэл төрөхгүй нь хачирхалтай.
"Тэр", ээжтэй ам хуурайгүй ярина. Эд уулзаад 10 жил болж байхад ярих юм нь дундардаггүй юм байхдаа. Эсвэл энэ өнгөрсөн хугацаанд уулзаж амжаагүй байсан хэрэг үү?
Гэнэт надад сууж яваа машинаа үзмээр санагдангуут би суудлаасаа хөөрөн нисэж, мөнөөх машинаа гаднаас нь харах нь тэрээ. Үүлэн цэнхэр өнгөтэй, эвхэгддэг дээвэртэй кабриолет аж. Ингэж ниссээр ээж, "Тэр" хоёроосоо төөрчихөж магадгүй гэж бодонгуут би хэний ч тусламжгүй эргээд арын суудалд сууж байх юм.
Үүл манан дундуур давхиж байгаа болохоор тэнгэр бүрхэг, зам дээгүүр явган цас хийснэ. Сүүдэр алга. Гэрэл ч алга. Нүд баясгах өнгө ч алга. Ургамал, модод урсах ус ч алга. Зам дээр таарах ан амьтад, мал сүрэг, жигүүртэн шувууд ч алга. Энэ бүхнийг би ээж, Тэр хоёртой гэнэт учирсандаа баярлаад эхэндээ анзаарсангүй.
Гэнэт замын байдал өөрчлөгдөн асар том барилгын дээгүүр явж байгаа мэт санагдлаа. Энэ бүхэн тархинд төсөөлөгдөж байгаа болохоос нүдний өмнө мөнөөх байдал хэвээрээ. Кабриолет хурдаа хассангүй бас нэмсэнгүй.
Урд суух хоёр, тэдэнтэй хамгийн сүүлд уулзсан цагаас залуухан болжээ. "Тэр" солгой гараараа жолоогоо чанга атгаж, баруун гараараа ээжийн мөрөөр тэврэнэ. "Тэр"-ийг баруун гараараа араагаа атгахад ээж дээр нь гараа тавина. 
...Тэр дөнгөж тавинхоёрхон настайдаа өөд болсон юм. Өвчтэй байхад нь би орхиж яваад эргээд ирэхэд нэгэнт үгүй болсон байж билээ. Турж эцээд нүд хальтирмаар болсон тул би удаан тэсэж чадалгүй гарсандаа одоо болтол харамсаж явдаг. Эмнэлгийн орныхоо хажуу дахь шүүгээн дээр дөрвөлжин шугамтай дэвтэр дээр өөрийнхөө халууныг цаг тутам тэмдэглэж байсан нь амьдралд хайртай байсны илрэл гэлтэй. Эсвэл өөрийгөө анагаах ухаанд зориулаа юу гэмээр. Нямбайлан хусдаг сахал нь өрвийтөл ургаж, цал бууралтсан нь одоо хүртэл санаанд хадаатай ч яг үнэндээ ямар төрхтэй хүн байсныг нь мартчихсан мэт санагдах үе надад гардаг. Гучин жил шүү дээ...
Зам дээр, чанх урд гэнэт хөхөвтөр хувцастай хоёр хүн гараад ирлээ. Юу юугүй мөргөх нь үү гэтэл тэдний нэг нь өлмийгөө хөдөлгөх төдий болоход бидний сууж явсан машин ямар ч эндэгдэлгүй өнгөрөөд явчихав. Юу болсныг мэдэхээр өндийн эргэтэл тэдний гуталнууд нүдний өмнө минь ирэв үү эсвэл би гутлых нь урд хэвтэв үү ёстой ойлгомжгүй үзэгдэл боллоо. Мөнөөх хоёр хүний нэг нь хөлөө 2-3 мм хөдөлгөсөн төдийд осол гарсангүй. Материаллаг ертөнцөд ийм явдал болсон бол энэ хоёр хүн бараг л дайруулчихлаа гэнэ.
Бид гурав цааш давхисаар. Хаашаа явж байгааг урд суугаа хоёр л мэдэх байх.
... Ээжийг өнгөрөхөд би дөч хүрчихээд байсан юм. Зүрх муутай, эмээр өдөр хоногийг давдаг түүнийг өнгөрөхөд болох ёстой юм боллоо гэж бодож билээ. Далан нас гэдэг тоо залуу биш ч бас өндөр нас бишээ. Үзэх ёстойгоо туулчихсан байдаг үе. Надаар заавал хөлдүү газар малтуулна гэж ээж хэлдэг байсан. Тэрэндээ хүрсэн, хүслийг нь ч би биелүүлсэндээ баяртай явдаг...
Ямар ч саадгүй явж байтал гэнэт урд том нүх гараад ирлээ. Хурдтай давхиж явсан үүлэн цэнхэр кабриолет зогсоход дотроос нь би буув. Нүхэн дотор бүсэлхийгээ хүртэл зоогдсон хөвгүүн байх юм. Гараас нь таттал хөдөлдөггүй. Ээж, Тэр хоёр зэрэгцэн зогсоод үл тоосон шинжтэй ярилцсаар. Би халаасаа уудлан гар утсаа гаргаж ирээд 101-105 хүртэлх бүх дугаар руу залгах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Тэр гэтэл халааснаасаа утсаа гаргаад залга гэх шиг дохилоо. Утсан дээр нь дарах тоо байсангүй. Хэд хэдэн товчлуур эвлүүлэх гэж байтал урт, шилбэ, хуруутай хэн ч юм нэг эмэгтэй утас булаацалдаад байх юм.
Энэ зуур би нөгөө хоёроос тусламж гуйхаар хартал надаас залуухан, өндөр, маш дэгжин хувцасласан үзэсгэлэнтэй хос дээшээ хөндийрөх ажээ. Хоёр биенээ тас тэвэрсэн байх юм. Нүхэн доторх хүү доошоо шигдсээр. Ийнхүү шигдсээр сарвайсан гар нь үлдэн улмаар харагдахгүй болох үед өнөөх хоёр ч хөөрөн алга болсон байлаа.
Зүүд угаасаа богинохон...

Гамбино
2018 оны 9 дүгээр сар 8