Иш чааваас энэ муу хөгшин бүх насаараа миний төлөө гэж явсаар байгаад намайг бүр нялх хүүхдээс ч энхрий амьтан болгочихож. Заримдаа шатаар ганцаараа буухаас хүртэл айдаг болоод байгааг минь мэддэг болов уу? Аргагүй нүдэнд нь эр хүн болж харагддаг юм байлгүй дээ зайлуул. Дахиад хэдэн жил хамтдаа зүтгэж байгаад энэ багыг тэр докторын зэрэг гэдгээ хамгаалахыг нь харчихвал болоод явчихаж байгаа юм. Анх танилцахын л ажилсаг нь дэндсэн, бас ч гэж тэрүүхэн тэндээ өөрийн гэсэн чанга бодолтой хүүхэн байсан. За тэр царайлаг гэдэг нь уулын цэцэг атаархам сайхан хүүхэн байж билээ. Одоо ч гэсэн залуугийн тэр сайхан нь анзаарагдаад л байдаг юм.
Бид хоёр талаасаа нэг, нэг хүүхэдтэй айл болж билээ. Хүүхдийн ухаан гэж гүйцэгдэхгүй. Хэрвээ хүүхдүүд хоорондоо таарахгүй бол өөрсдөөс нь болж аав, ээж хоёр маань муудалцана гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй ойлгож төрсөн эгч дүүсээс илүү дотно байдаг байж билээ. Муу охин маань арвах таван нас хүртлээ дүүтэй байж үзээгүй болоод ч тэр юм уу хүүг маань эгчийн халамжаар дутаагаагүй. Харин хүү маань анхандаа "хүн чинь дүүтэй болдог болохоос эгчтэй болдог юм уу?" гэж асууж биднийг дундаасаа хүүхэдтэй болох хэрэгтэй юм гэдгийг ойлгуулж билээ. Одоо охин, хүү хоёр маань биднийг танилцаж байсан наснаас ах настай болж, бага хүү маань тэр үеийн бидний насан дээр хүрээд байна. Нээрээ энэ багыг төрөхөд 40 гарсан хүнээс төрж байгаа болохоор туниагүй юм байх болов уу гэж их санаа зовдог байж билээ. Эхийг нь бие давхар болоход хэрэггүй ч юм хийж орхив уу гэж боддог байж билээ. Харин тэгсэн чинь миний энэ муу чинь ёстой хамрын ханиад хүрэлгүй хүн болсон шүү. Ээжийнхээ шазруун дайчин, миний юм боддог занг хуулаад төрсөн юм шиг байгаа юм. Нэг ном бичээд эхлэхээрээ арыг нь харж байж санаа нь амарна. Бүр хоол унд, унтаж амрахаа хүртэл мартана. Нухаж нухаж арай гэж бичиж дуусаад амарч гавьсан юмгүй дараагийнхаа номыг эхлүүлнэ. Би л залуудаа нэг иймэрхүү байсан, гэхдээ өөрөө өөртөө зав гаргаад жилдээ хаа нэгтээ явж болоод байдаг байсан. Гэтэл энэ хүүхэд гэж хүний нас богино, тэрнээс амжиж хийх, бүтээх юм их байна гээд хар багаасаа ширээ тэвэрсээр байгаад гэр бүлгүй, ганц бие амьтан, эмгэн бид хоёртой зууралдсаар таарлаа. Хүний эгч юм болохоороо охин маань дүүгээ хамт ажилладаг аятайхан гэсэн охидуудтайгаа танилцуулах гэхээр шоолж инээсээр байгаад гараад ирдэг гэсэн золиг чинь. Уг нь тэр талаараа намайг дуурайсан бол багагүй л шуугиулах байсанж. Даанч эхийнхээ энэ занг нь авсан юм байлгүй дээ. Төөргөөрөө болог зайлуул...
Муу эмгэн маань миний муухай аашийг яаж тэсэж өдий хүрсэн юм бол доо. Залуу байхдаа амьдрал үзээд алдсан болохоор миний хүнд итгэх итгэл нэг хэсэг бүр алдраад байхгүй болж байсан үе бий. Тэр үед би хүнд итгэх нь битгий хэл өөртөө итгэхгүй болчихоод ямартаа хаалга цоожлохдоо хүртэл хажуудаа хүн зогсоож байгаад дараа нь хэсэг байж байгаад нөгөө хүнэсээ ингэхэд би хаалгаа түгжлүү гэж асуудаг болсон байсан.
Энэ муу хөгшин л намайг амьдрах итгэлтэй, санаа амар нүд аних хэмжээнд хүргэх гэж мөн ч их хичээсэн дээ...
хэрэв мантуухайтай гэрлэвэл би ийм л юм бодох байх...
Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete