Monday, October 19, 2009

АС/DC аврага акулууд



Энэ хэдэн үл бүтэх царай зүстэй этгээдүүд бол нөгөө миний өглөө босонгуутаа үхтэл нь чарлуулдаг АС/ДС гэж байгаа. Тархиных нь эд, эсүүд зохиолын дуунд бүүвэйлэгдсээр байгаад ямар ч үрчлээсгүй болсон хүмүүс эдний дууг сонсонгуутаа царцаа ногоон онгоцоор би нисэхдээ бөөлждөг шиг болдог юм. Тэгж байхыг хараад "... Иш хөөрхий, ийм дуу сонсолгүй нарт хорвоод хаагуур явж байсан юм бол доо..." гэсэн бодол миний толгойд харван орж ирдэгийг нуух юун билээ.
Шотландад төрсөн ах дүү Ангус, Малколм Янг нар 1973 онд Австралийн Сидней хотод уг хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тэд анхны тоглолтоо 1973 оны шинэ жилийн орой Сидней хотын Чикуерс клубт Дейв Эванс, Ларри ван Криедет, Коллин Бургис нарын бүрэлдэхүүнтэй тоглосон ажээ. Гэвч удалгүй гоцлол дуучин Дейв Эвансын ур чадвар, гадаад төрх хэви метал рок урсгалын анхдагч нүүр царайг илэрхийлж чадахгүй байгааг ах дүү нар анзаараад түүнийг Бон Скотоор сольсон нь тэдний хөгжил цэцэглэлт, мандан бадралыг илүү хурдасгажээ. Дэйв Эванс хамтлагаа шууд орхилгүй анхны менежерээр ажиллах болсон байна. Та бүхэн зураг дээрх ногоон шоорттой, зангиа зүүсэн хачин царайтай хүнийг харж байгаа байх (харахгүй байгаа бол өөрийнхөө бэлгийн мэлмийг сохорсонд тооцно биз). Энэ бол нөгөө гайхал Ангус Янг бөгөөд энэ зурган дээр тэр өөрийн тайзныхаа имижийг ид бүрдүүлээд байгаагаар зогсож байна. Түүний энэ хувцаслалтыг трөсөн эгч нь зөвлөсөн гэдэг юм билээ. (Харин монгол эгч нар бол дүүгээ тайзан дээр гоонж моонж, торгон дээл мээл гээд үнэн хачин юмтай гаргах байх) Сургуулийн хүүхдийн формоор тайзан дээр гангардаг энэ эр заримдаа хүн аалз, Зорро, Суперманы хувцас өмсөхөөс гадна ихэнх амьд тоглолтууд дээрээ Jack дууг дуулах үед гаагаа тайлж үзүүлдэг билээ. 1974-1977 онд Бон Скот хамтлагт гоцлон дуулах үед TNT (ой, ой, ой гэж эхэлдэг дуутай) цомог гаргасан бөгөөд гадаадад уг цомог нь High Voltage нэрээр тархсан билээ. Мөн тэр үеэс хойш одоо хүртэл хамтлагийн бөмбөрчнөөр тоглож байгаа Фил Радд нэг гишүүн нь болжээ. 1976 онд Атлантик рекордстай байгуулсан гэрээний дагуу АС/ДС Европын орнуудаах аялан тоглолт хийж эхэлсэн бөгөөд энэ үед тэд задгай стадионд тоглох асар их туршлага хуримтлуулж Блак Саббат, Кисс, Аэросмитээс дутахгүй хамтлаг болж чаджээ. 1977-1980 онуудыг АС/ДС дэлхийд өөрийгөө таниулах үе боллоо. Асар богинохон хугацаанд тэд Dirty deeds Done Dirt Cheap, Jailbreak, let There Be Rock зэрэг цомгуудыг гаргажээ. Харамсалтай нь хамтлагийн гоцлол дуучин Бон Скот 1980 оны 2 сарын 19 өдөр архины хордлогоор А.Киннаэр гэгчийн машинд нас баржээ. АС/ДС-ийн уй гашуу удаан үргэлжилсэнгүй. Тэд хамтлагтаа Брайн Жонсоныг гоцлол дуучнаар авангуутаа талийгаач Бон Скотын дурсгалд зориулан Back in Black (Эргэн гашуудацгаая) цомогийг гаргав. Мэдээж нэр алдарт хүрсэн дуучны хэмжээнд хүртэл дуулна гэдэг бол Б.Жонсоны хувьд хэцүү байсан биз гэвч тэр тун богино хугацаанд АС/ДС-ийн шүтэн бишрэгч нарын хайрыг татаж чадсан юм. За тэгээд АС/ДС шиг хамтлагийн цомгуудыг ирийтэл нь бичнэ гэвэл би тэднийг үл хүндэтгэсэн хэрэг болох бөгөөд та бүхэнд Thunderstrike, Dirty Deeds Done Dirt Cheap, Who Made Who, Highway to Hell, Hell's Bell зэрэг дуунуудыг сонсоорой гэж хэлмээр байна. Хэрэв сонсоод ойлгохгүй бол 36-24-36* утсаар залгаад талийгаач Бон Скотын сүнсээс асуугаад үзээрэй, тэр нэг юм хэлэх байх.
* 36-24-36 Dirty Deeds Done Dirt Cheap -дуун дээр энэ утсаар над руу залга би чамд хэлээд өгье гэж хэлдэг юм.

1 comment: