Friday, October 2, 2009

Эрчүүд 40 насандаа



10 дугаар сард эрчүүдийн тухай голлон бичихээр шийдлээ. Бичих бичихдээ 40 шүргэн алдаж байгаа эрчүүдийг гол сэдвээ болгохоор сэтгэл шуудраад байна. 40 настай эрчүүдийн амьдралын хэв маяг төлөвшилөө олж хэрийн сингл хүүхнүүдийг багтаах зайгүй мэт гаднаасаа харагддаг ч дотоод сэтгэл рүү нь өнгийвөл нэг байтугай нэг хэсэг сингл болон дабль болсон эсрэг хүйстнүүдээ багтаах чадалтай асар том контайнер болсон байдаг. Мэдээжийн хэрэг тэд 20 болон 30 настангуудын дэргэд үзэж, харсан юмаар илүү байдаг болохоор тэднийг ямар нэгэн онцгой юмаар л сэтгэлийг татахгүй бол тэр болгон юмыг соргог хүлээн авахдаа удаан байдаг талтай. Ажил мэргэжлийн хувьд дадлагажин өөртөө итгэх итгэл нь өндөрсөж тухайн хийж буй ажлыг өөрөөс нь илүү сайн хийдэг хүнгүй гэсэн бодолтой бөгөөд энэ нь хэт даамжирвал бие тоолт болох ба хэрэв илүү их хөөргөх юм бол хэнхэглэлт болдог. Хэнхэг туссан 40 настнууд орцны даргаас авахуулаад БОНЗ-ын гишүүн, сургуулийн эцэг эхийн зөвлөл зэрэг цалин өгдөггүй орон тоон дээр сайн дураараа ажиллах асар их хүсэлтэй болдог нь өөрийгөө байгаа гэдгийг бусдад харуулах өргөн боломж гэж үздэгээс үүсэлтэй. 1-2 декадын өмнөх шигээ алиа зугаад хөл алдан гүйхгүй ч гэсэн гарсан боломжыг алдалгүй ашиглаж чаддаг байдал нь тэдний нэг онцлог. Хэрэв бага залуу байх үед нь сэтгэл зүрхэнд нь дурлалын гал хүчтэй л асаагаагүй бол өөрийнхээ үеийн эмэгтэйчүүдэд хандах сонирхолгүй байх бөгөөд эрт гэрлэсэн 40 настнууд нь эхнэрээ өөрийнхөө ээж үү эсвэл эгч үү гэдгийг ялгах чадвар нь нам унасан байдаг. Харин хожуу эсвэл давтан гэрлэсэн буюу залуу эхнэртэй 40 настнуудын хувьд эхнэр нь түүнийг бусдад гайхуулах нэг хэрэгсэл болдог. 40 настай эрчүүдийн дурлалд авталт нь 20 настнуудаас эмзэг байдаг нь хачирхалтай. Ялангуяа өөрөөс нь 10-аас илүү насаар зөрүүтэй залуу хүүхнүүдэд сэтгэлийн жолоо алдсан тохиолдолд тэднийг тогтооход маш хэцүү. Зарим "сохорсон" 40 настанууд сэтгэл санаанд илэрсэн өөрчлөлтийг бие физиологид өөрчлөлт гарч байна хэмээн сэтгэх тохиолдол элбэг тохиолддог. Энэ насны хүмүүсийн бас нэг онцлог нь өөрөөс дүү эрчүүдээр "ТА" гэж дуудуулахдаа дуртай байдгийн адил өөрөөсөө олон дүү эмэгтэйчүүдээр "ЧИ" гэж нэрлүүлэхдээ талархалтай ханддагт оршино. 40 настануудын өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэн өндөр хэмжээнд хүрсэн байдаг бөгөөд ямар ч насны хүмүүстэй тэр тусмаа хүүхнүүдтэй өөрөө хүсвэл маш олон төрлийн сэдвээр ярилцах туршлагатай байдаг. Хэзээ сайн сонсогч байх, хэзээ сайн уран илтгэгч байх вэ гэдгээ тэд маш сайн мэдэрдэг. Хувцаслалтын хувьд хэт их загвар хөөцөлдөхгүй ч үнэтэй, чанартай бренд хувцсаар дэгжирхэх бөгөөд чамин хийцтэй цаг, цүнх, түрийвч, тэлээ, чагтан товч, зангианы хавчааруудыг өөрийнхөө нийгэм эзэлж буй байр сууриа илэрхийлэх хэрэгсэл гэж итгэдэг. Үнэн хэрэгтэй дээрх зүйлс нь түүний эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагч, түншүүдэд төдийлөн ач холбогдолгүй бөгөөд унасан машин, өмссөн хувцас, түрийвчний нимгэн зузаан байх эсэх нь эмэгтэйчүүдэд сонирхолгүй байдаг. Зарим үед тэднээс хүний санаанд оромгүй үйлдлүүд гарч болзошгүй бөгөөд гаргасан үйлдэлдээ тэд огт буруугүй байдаг нь цохон тэмдэглүүштэй сайн чанар билээ. Тэдний оюун санаанд өөрийгөө төгс эр хүн гэдэг бодол байнга хадаатай орших ба бодит байдал дээр тэднийг төгс эр хүн болгож хардаг эсрэг хүйстний тоо төдийлөн олон байдаггүй нь харамсалтай.

3 comments:

  1. sain uu hairt mini
    bie taaruu bgaa bolohoor oligtoi yum bichij chadahgyi bna. daraa zaaval bichnee. 40 garsan erchyyd ee gej.

    ReplyDelete
  2. 20, 30, 40,40,40,40 .... 50, 60, 70, 80, 90 gedeg deeree l yavaa yum biz dee.

    ReplyDelete
  3. 40, 40,40, гээд л дарж байна ш дээ.

    ReplyDelete