Thursday, August 6, 2009

Энд нэг ийм газар байх юм. (Үргэлжлэл)



(Уншигч авхай та бүхэнд эрүүлжүүлэхийн тухай бичсэн миний өмнөх бичвэрийг энэ бичвэрийг уншихаас өмнө эргэн харахыг зөвлөж байна). Монгол улс зах зээлд орж иргэний гадаад пааспоорттой бүхэн Эрээн, Эрхүүгээс эхлээд энэ дэлхийн гишгэж болох газар бүрт хөлийн мөрөө гаргаж эхэллээ. Тэр нэгэн хөл толгой нь олдохоо байсан үед миний бие өөр хүний гадаад пааспоорт дээр өөрийн зургаа наагаад хилийн дээс алхлаа. Наагуур байдаг Ил боов, Том боовыг улгасаад шууд Чи гаслав улсад буулаа. Гэр орноосоо хол очсон бидний хэдэн Монголчуудын нүдэнд ил задгай Beer ууж байгаа Чэхүүд содон байлгүй яахав дээ. Хүн болж төрсөн юм чинь нөгөөдүүлийн чинь хажууд очоод нэг ширээ дүүрээд суулаа. Нутгаас авч гарсан 4 шил архи, дээрээс нь оросын өртөөнүүд дээрээс орос авгай нараас авсан шагаараа хамт явсан хүмүүсээ амаар нь гартал дайлсан болохоор надад тэнд гаргаад тавьчих архи байсангүй. Харин хэдэн задгай мөнгөөрөө овоо хэдэн пиво аваад суулаа. Гэтэл хамт явсан нэг сожоо нөхөр тугалган бөглөөтэй цагаан архи гаргаад ирлээ. Бас нэг нөхөр орлого олоогүй байж том шилтэй Smirnoff архи гаргадаг юм байна. Бид хэд нөгөө хоёр архийг нь пивоор даруулаад үзэж гарлаа. Дээрээс нь Hanacka ч билүү Чехийн өөрийнх архийг манайхан аваад л дуу дуулалдаад л аймаар юм болж байнаа. Миний ухаан нэг ороод л нэг гараад л. Дотор халуун оргиод л таатай байна гэж жигтэйхэн. Тэгсэн чинь замын хажууд манай 2 нөхөр азарган тахиа зодолдож байгаа юм шиг шороо манаруулаад л хоорондоо үзэж алдлаа. Чехүүд гайхахаасаа илүү айгаад шууд тэндээс тарж байгаа юм чинь. Бид хэд нөгөө 2-оо наадам болж байгаа юм шиг хашгиралдаж улам дэврээгээд л зугаатай гэж. Дараа нь арай гэж салаад байхдаа яагаад зодолдсон шалтгаанаа ярьсан чинь улсын наадамд 5 давж начин болдог гэж нэг нь хэлсэн чинь нөгөөдөх нь 7 давж заан болдог гэж зөвийн зөв юман дээрээс болж манай 2 үзэлцсэн байгаа юм даа. За тэгээд манай 2-ыг ид үзэж байхад нөгөө пивоны газрын хампаан цагдаагаа дуудсан юм байж л дээ. Намайг бас арай бага уусан 1 залуу, 3 хүүхнээс бусдыг нь аваад явлаа. Азаар (нүүрийн буян)-аар баригдалгүй үлдсэн бид хэд үргэлжлүүлэн уухгүй бол тэнгэр хаяасанд тооцно гэх ухааны юм хэлэлцээд тууж гарлаа. Тэгсэн чинь эхлээд нэг хүүхэн маань сууж байсан сандал дээрээ тас явлаа. Эр хүн ухаантай юм болохоороо нөгөө залуу бид 2 арай хийж нөгөөдөхийг чинь сэргээгээд эргээд харсан чинь нөгөө хоёр хүзүхэн зөрөөд тас явжээ. Сэргэсэн хүүхэн босож ирэнгүүтээ эд нар надаас илүү уусан байна би яаж дутдаг юм бэ гэж тунхаглангуутаа гартаа барьсан архиа амандаа хүргээд л эргээд тас явлаа. Нөгөө залуу бид 2 тасарсан 3 хүүхнүүдийг өөрсдөө инерцээрээ сэргэвэл сэргэг гээд энэ ертөнцийн хамгийн ухаантан Сократ, Платонтой адилхан бурж алдаж байнаа.
Гэтэл, гэтэл ч гэж дээ аймаар даарч байдаг байна шүү. Хаана байна вэ гээд харсан чинь бид тавыг гудамжны сандал дээр зэрэгцүүлээд дээш нь харуулж хэвтүүлээд нэг нэг цагаан халаттай хампаан дусал шахаж өгч байнаа. Унтуулж байгаад туршилтанд оруулж байгаа юм уу эсвэл алах гэж байна уу гэж орос хэлээр арай хийж эвлүүлэн асуувал нөгөө хампаанууд чинь үхэх гэж байхад чинь аварч байна, наанаа босолгүй хэвтэж бай гэнээ. Тэгсэн чинь манай гарууд эхнээсээ сэргээд эхэллээ. Тэндхийн эрүүлжүүлэх нь тасраад унасан хүнд дусал, шингэн залгадаг юм байна. Харин манайхан яадаг билээ??? Амь аварсан ачтангуудаа хараад нулимс гарах гэж ч байх шиг. Энэ тэр юм бодож байтал дарга нь бололтой нэг гар баахан юм бичиж байснаа гарын үсгээ зур гэж байнаа. Зурлаа, тэгсэн чинь нөгөө гар чинь хүн болгоноос эрүүлжүүлсэний хөлс 12US$ авна гэх юм. Би дотуур зүүдэг давсган түрийвчнээсээ 12 ногоон буруу харж байж гаргаж өгөөд суулаа. Тэгсэн чинь хамт явж байсан хэдэд байгаа мөнгө нь 12 US$ болох бүү хэл хачин юм болдог байна шүү. Нөгөөдүүл чинь наад мөнгөгүй гаруудаа элчин дээр нь хүргэ гэх шиг боллоо. Тэд нарыг аваад явах гэтэл нөгөөдүүл чинь намайг хамгийн том ахыгаа гэж шаасаар байгаад эрүүлжүүлэхийн машинд суулгалаа. Биднийг элчингийн хашаанд буулгаад нэг нь орсноо жижүүр нь юм уу нэг халх авгайтай уулзууллаа. Нөгөө авгайд маниусын пааспоортыг өгсөн гэж байгаа. Би ч яахав хулхи паастай юм чинь шорон шаасан гэж бодож байтал өө мөнгөө төлсөн нь нааш ир гэж байна. Яваад очсон чинь за чи эд нарын ах нь юмуу гэнээ. Үгүй ээ өнөөдөр уулзаад л хамт архи уулаа гэсэн чинь за чи яв яв гээд элчингийн хашаанаас хөөх нь халаг гаргалаа. Орой болох гээд байдаг вокзал нь хаана байгааг бүү мэд уг нь камера хранение-д ачаагаа хадгалуулсан болохоор санаа зовох ч юм байсангүй, нөгөөдүүлээ хүлээгээд зогсож байсан чинь нэг сожоомтой хүүхэн нь гутлын улнаасаа 50 US$ гаргаж төлсөн гээд хачин үзлийн юм гараад ирлээ. бусдыг нь эрүүлжүүлэхийн машинд суулгаад аваад явлаа. Нөгөө хүүхэн бид 2 гэж үнэн үзэл царайлсан юм вокзал дээр нь очоод нэг булан олж аваад, сонин дэвсэж байгаад нам унтлаа. Хүйтэн шалан дээр өмссөн хувцаснаас өөр хувцасгүй таних хүнгүй 2 гар шөнийг өнгөрөөсөн болоод маргааш нь ачаагаа аваад тус тусын зүг зорьсон билээ. Бурахн бүү үзэгд хүний нутгийн эрүүлжүүлэх үйлчилгээ нь сайхан байсан ч хонох газар олддоггүй хэцүү юм бил ээ хэмээснээр гадаадын эрүүлжүүлэхэд хоносон дурсамж өндөрлөвэй.

No comments:

Post a Comment