Sunday, August 16, 2009

Энд нэг ийм газар байх юм. (Үргэлжлэл)



Өнөөдөр ажлаа хийх гээд сууж байтал архины тухай яриа болоод хэрхэн нэг удаа эрүүлжүүлэхэд амжилттай орсон (эрүүлжүүлэхээс амжилттай оргосон)тухайгаа бичмээр санагдлаа. Хамгийн анхны "Миний дэлгүүр" хаана байсаныг санах хүн бидний дунд байгаа бол хэлнэ үү? Тиймээ, Дэнжийн - 1000 зах явах замд нэг жижигхэн шар дэлгүүр байлаа. Нэг удаа би 2 хампаантайгаа хамт тэндээс 2 шил АПУ-ын цагаан архи авлаа. Хэрэв санаж байгаа бол нэг хэсэг хар хөх дэвсгэр дээр цагаан морь давхиж байгаа зурагтай шошготой архи зардаг байлаа ш дээ. Хальт харвал Finlandia архитай андуурмаар...
За тэрнээс аваад дэлгүүрийн хажууд байдаг нэг хампааныдаа орлоо. Надтай хамт явсан нэг найз маань тахир дутуугийн группэд байдаг, тэгсэн мөртлөө дуу муу дуулаад явдаг одонцор гэж байгаа. Нөгөөдөх маань болохоор (гэрийн эзэн) дунд сургуулийн биеийн тамирын багш залуу байв. Бид 3 эхний шил архиа уулаа, сайхан байнаа, дотор халуун оргиод л ухаан цэлмээд л... гэтэл 2-дахь шил архиа гаргаад уусан чинь нэг л биш ээ. Үнэр, амт гэж авах юм алга. найрка найрка даа бүр БНХАУ-аас гаралтай спиртээр өөрсдөө найруулсан найрка байгаа юм чинь. Бид 3 ийм юм зардаг дэлгүүртэй очиж заргалддаг хэрэг гээд иргэний үүргээ биелүүлэхээр гарлаа. Биеийн тамирын багш бид 2 их дөлгөөн царайлаад зогсож байсан чинь нөгөө группэд байдаг одонцор маань хэрүүл уруулыг үнэхээр чадамгай эхлүүлээд нэг худалдагчыг нь бараг уйлуулаад байж байтал гай болж гаднаас 3 цагдаа ороод ирлээ. Нөгөө уйлан алдаж байсан хүүхэн чинь төрсөн ах нь орж ирсэн юм шиг баярын царай гаргаад мань 3-ыг хэмх ховлоод, нөгөө цагдаа нар чинь тэр дороо радио станцаа шажигнуулж байснаа тэр дороо эрүүлжүүлэхийн машинд хийдэг байна ш дээ. Манай группэд байдаг одонцор хампаан хамаг хэрүүлийг өдчихөөд суга таягаа харуулаад үлддэг гэж байгаа. Нэг их согтоогүй байсан болохоор тайван л байлаа болж өгвөл цагдаагаа найрахсанаатай гэж байгаа. Удалгүй бид 2-ыг ЧД -ийн эрүүлжүүлэх дээр аваад ирлээ. Олон юм ярьсан ч үгүй хамаг хувцас тайлж хураагаад бид 2-ыг салгаад өөр өөр камерт орууллаа. Бараг өглөөгүүр шахуу байсан болохоор олон хүн ч байсангүй. Хараад байсан чинь манай камерыг дутуу цоожилсон юм шиг байнаа. Тэгэнгүүт нь сараалжны завсараар гараа оруулаад цоожыг нь аяархан салгах гээд оролдлоо. Гэтэл харин санасанаас хавьгүй амархан мултардаг байна ш дээ. Тэрхэн үед дараа нь яахыгаа төлөвлөөгүй байсан болохоор шууд гараад л хувцас хадгалдаг өрөө рүү бараг мөлхөн алдаж ороод гартаа тааралдсан нэг өмд, цамц аваад нүдэнд өртсөн шаахайг углаад эрүүлжүүлэхээс гэтэн гарлаа. Гарангуутаа салхи татуулан давхисангүй, намбайтал сайхан алхаж байгаад ЧД-ийн цагдаагийн хэлтэст ороод үүдний хонгилд нь зогсож байсан чинь тэр дороо миний араас 2 цагдаа гарч ирсэнээ зам руу харж хэсэг зогсож байгаад буцаад эрүүлжүүлэх рүү орлоо. Насаараа тэндээ байхад таарсан амьтад шүү...
За тэдний асуудал тэндээ л биз. Миний өмссөн хувцас гэвэл нарийхан ретуз, богино ханцуйтай цамц за за ер нь үзлийн төрхтэй, траншейны баагий шиг юм зогсож байлаа.
Зам дээр гараад гараа өргөсөн чинь такси зогсдоггүй ээ. Аргагүй ш дээ хачин төрхтэй юмнаас чинь айх нь зөв ш дээ. Ашгүй зүс мэдэх 1 хампаан миний мууд дурлаж зогссоноор би хөл залгаж гэртээ харьсан юм даа.

Thursday, August 6, 2009

Энд нэг ийм газар байх юм. (Үргэлжлэл)



(Уншигч авхай та бүхэнд эрүүлжүүлэхийн тухай бичсэн миний өмнөх бичвэрийг энэ бичвэрийг уншихаас өмнө эргэн харахыг зөвлөж байна). Монгол улс зах зээлд орж иргэний гадаад пааспоорттой бүхэн Эрээн, Эрхүүгээс эхлээд энэ дэлхийн гишгэж болох газар бүрт хөлийн мөрөө гаргаж эхэллээ. Тэр нэгэн хөл толгой нь олдохоо байсан үед миний бие өөр хүний гадаад пааспоорт дээр өөрийн зургаа наагаад хилийн дээс алхлаа. Наагуур байдаг Ил боов, Том боовыг улгасаад шууд Чи гаслав улсад буулаа. Гэр орноосоо хол очсон бидний хэдэн Монголчуудын нүдэнд ил задгай Beer ууж байгаа Чэхүүд содон байлгүй яахав дээ. Хүн болж төрсөн юм чинь нөгөөдүүлийн чинь хажууд очоод нэг ширээ дүүрээд суулаа. Нутгаас авч гарсан 4 шил архи, дээрээс нь оросын өртөөнүүд дээрээс орос авгай нараас авсан шагаараа хамт явсан хүмүүсээ амаар нь гартал дайлсан болохоор надад тэнд гаргаад тавьчих архи байсангүй. Харин хэдэн задгай мөнгөөрөө овоо хэдэн пиво аваад суулаа. Гэтэл хамт явсан нэг сожоо нөхөр тугалган бөглөөтэй цагаан архи гаргаад ирлээ. Бас нэг нөхөр орлого олоогүй байж том шилтэй Smirnoff архи гаргадаг юм байна. Бид хэд нөгөө хоёр архийг нь пивоор даруулаад үзэж гарлаа. Дээрээс нь Hanacka ч билүү Чехийн өөрийнх архийг манайхан аваад л дуу дуулалдаад л аймаар юм болж байнаа. Миний ухаан нэг ороод л нэг гараад л. Дотор халуун оргиод л таатай байна гэж жигтэйхэн. Тэгсэн чинь замын хажууд манай 2 нөхөр азарган тахиа зодолдож байгаа юм шиг шороо манаруулаад л хоорондоо үзэж алдлаа. Чехүүд гайхахаасаа илүү айгаад шууд тэндээс тарж байгаа юм чинь. Бид хэд нөгөө 2-оо наадам болж байгаа юм шиг хашгиралдаж улам дэврээгээд л зугаатай гэж. Дараа нь арай гэж салаад байхдаа яагаад зодолдсон шалтгаанаа ярьсан чинь улсын наадамд 5 давж начин болдог гэж нэг нь хэлсэн чинь нөгөөдөх нь 7 давж заан болдог гэж зөвийн зөв юман дээрээс болж манай 2 үзэлцсэн байгаа юм даа. За тэгээд манай 2-ыг ид үзэж байхад нөгөө пивоны газрын хампаан цагдаагаа дуудсан юм байж л дээ. Намайг бас арай бага уусан 1 залуу, 3 хүүхнээс бусдыг нь аваад явлаа. Азаар (нүүрийн буян)-аар баригдалгүй үлдсэн бид хэд үргэлжлүүлэн уухгүй бол тэнгэр хаяасанд тооцно гэх ухааны юм хэлэлцээд тууж гарлаа. Тэгсэн чинь эхлээд нэг хүүхэн маань сууж байсан сандал дээрээ тас явлаа. Эр хүн ухаантай юм болохоороо нөгөө залуу бид 2 арай хийж нөгөөдөхийг чинь сэргээгээд эргээд харсан чинь нөгөө хоёр хүзүхэн зөрөөд тас явжээ. Сэргэсэн хүүхэн босож ирэнгүүтээ эд нар надаас илүү уусан байна би яаж дутдаг юм бэ гэж тунхаглангуутаа гартаа барьсан архиа амандаа хүргээд л эргээд тас явлаа. Нөгөө залуу бид 2 тасарсан 3 хүүхнүүдийг өөрсдөө инерцээрээ сэргэвэл сэргэг гээд энэ ертөнцийн хамгийн ухаантан Сократ, Платонтой адилхан бурж алдаж байнаа.
Гэтэл, гэтэл ч гэж дээ аймаар даарч байдаг байна шүү. Хаана байна вэ гээд харсан чинь бид тавыг гудамжны сандал дээр зэрэгцүүлээд дээш нь харуулж хэвтүүлээд нэг нэг цагаан халаттай хампаан дусал шахаж өгч байнаа. Унтуулж байгаад туршилтанд оруулж байгаа юм уу эсвэл алах гэж байна уу гэж орос хэлээр арай хийж эвлүүлэн асуувал нөгөө хампаанууд чинь үхэх гэж байхад чинь аварч байна, наанаа босолгүй хэвтэж бай гэнээ. Тэгсэн чинь манай гарууд эхнээсээ сэргээд эхэллээ. Тэндхийн эрүүлжүүлэх нь тасраад унасан хүнд дусал, шингэн залгадаг юм байна. Харин манайхан яадаг билээ??? Амь аварсан ачтангуудаа хараад нулимс гарах гэж ч байх шиг. Энэ тэр юм бодож байтал дарга нь бололтой нэг гар баахан юм бичиж байснаа гарын үсгээ зур гэж байнаа. Зурлаа, тэгсэн чинь нөгөө гар чинь хүн болгоноос эрүүлжүүлсэний хөлс 12US$ авна гэх юм. Би дотуур зүүдэг давсган түрийвчнээсээ 12 ногоон буруу харж байж гаргаж өгөөд суулаа. Тэгсэн чинь хамт явж байсан хэдэд байгаа мөнгө нь 12 US$ болох бүү хэл хачин юм болдог байна шүү. Нөгөөдүүл чинь наад мөнгөгүй гаруудаа элчин дээр нь хүргэ гэх шиг боллоо. Тэд нарыг аваад явах гэтэл нөгөөдүүл чинь намайг хамгийн том ахыгаа гэж шаасаар байгаад эрүүлжүүлэхийн машинд суулгалаа. Биднийг элчингийн хашаанд буулгаад нэг нь орсноо жижүүр нь юм уу нэг халх авгайтай уулзууллаа. Нөгөө авгайд маниусын пааспоортыг өгсөн гэж байгаа. Би ч яахав хулхи паастай юм чинь шорон шаасан гэж бодож байтал өө мөнгөө төлсөн нь нааш ир гэж байна. Яваад очсон чинь за чи эд нарын ах нь юмуу гэнээ. Үгүй ээ өнөөдөр уулзаад л хамт архи уулаа гэсэн чинь за чи яв яв гээд элчингийн хашаанаас хөөх нь халаг гаргалаа. Орой болох гээд байдаг вокзал нь хаана байгааг бүү мэд уг нь камера хранение-д ачаагаа хадгалуулсан болохоор санаа зовох ч юм байсангүй, нөгөөдүүлээ хүлээгээд зогсож байсан чинь нэг сожоомтой хүүхэн нь гутлын улнаасаа 50 US$ гаргаж төлсөн гээд хачин үзлийн юм гараад ирлээ. бусдыг нь эрүүлжүүлэхийн машинд суулгаад аваад явлаа. Нөгөө хүүхэн бид 2 гэж үнэн үзэл царайлсан юм вокзал дээр нь очоод нэг булан олж аваад, сонин дэвсэж байгаад нам унтлаа. Хүйтэн шалан дээр өмссөн хувцаснаас өөр хувцасгүй таних хүнгүй 2 гар шөнийг өнгөрөөсөн болоод маргааш нь ачаагаа аваад тус тусын зүг зорьсон билээ. Бурахн бүү үзэгд хүний нутгийн эрүүлжүүлэх үйлчилгээ нь сайхан байсан ч хонох газар олддоггүй хэцүү юм бил ээ хэмээснээр гадаадын эрүүлжүүлэхэд хоносон дурсамж өндөрлөвэй.

Wednesday, August 5, 2009

Угалз


УГАЛЗ


Намрын Нью-Йорк хот надад зуны адаг сарын Алтайн уулсыг өөрийн эрхгүй санагдуулна. Агь гангын үнэрийг өөртөө шингээсэн сэрүүн салхи, сүрлэг Алтайн хөх уулсын өвөрт гараад уран бүтээлээ туурвиж байхад минь нөхөр минь болж, хязгаар нь үл мэдэгдэх хөх тэнгэрт хэдэн цагаар хадаатай мэт элин нисэх тас шувуудыг би сэтгэлдээ хангарьд хэмээн төсөөлж тэдэнтэй зэрэгцэн алсад зэрэглээтэх хөх уулсыг даван нисэх хүслийг төрүүлнэ.
Нью-Йорк хотод түмэн хэлийн хүмүүстэй хутгалдан алхахдаа урт чацтай, тэнгэр баганадам өндөр барилгуудыг нь Алтайн уулсынхаа хавцал мэт санана. 1990-ээд оны эхээр анх энд ирэхэд хүмүүсийнх нь нүдэнд инээд хөөр, аз жаргал, баяр баясгалан тодорч байхыг хараад санаа зовох зүйлгүй амьдарч, ажиллаж болдог ёстой л газар дээрх диваажин гэж энэ байхдаа гэж өөрийн эрхгүй дуу алдмаар болж билээ. Харин намрын тэр нэгэн аймшигт үйл явдлын дараа ирээд айсан, болгоомжилсон, үл итгэсэн, уй гашууд автсан харцыг хүмүүсийнх нүднээс харж байв. Одоо Нью-Йоркын оршин суугчдын харцнаас эв нэгдлийн хүчээр ялан дийлсэн ард түмний бахархал надад мэдрэгдэж байна.
Би зураач хүн. Бүр хүүхэд байхаасаа цаас харандаа нийлүүлж үзсэн харсан, ой толгойдоо буусан бүхнээ дүрслэн буулгадаг байлаа. Тэр бүр хүмүүст олдоод байдаггүй завшаан надад тохиож, миний бүтээлийг НҮБ-ийн байранд хүн төрлөхтний өв болгон хадгалах болсон учраас би энэ аврага хотод ирээд байгаа юм.
Өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан болохоор Нью-Йоркийн зарим нэг дүүргүүдийг мэдэх боловч энэ удаагийнх шиг ингэж олон улсын эзэмшил гэсэн тодотголтой хэсгээр явж байсангүй. Ист ривер голын эрэг дээр зогсож байхад Туул голоо энэ дэлхийн хамгийн их ус гэж боддог байсан хүүхэд нас минь аргагүй дурсагдана.
Удалгүй миний хөтөч болох Монголч эрдэмтэн, том биетэй америк эр, хазгай ч гэсэн монгол хэлээр бидэнд сул цаг байгааг сануулахын ялдамд шар айргаар дайлах хүсэлтэй байгаагаа хэллээ. НҮБ-ийн төв байрны зэргэлдээх кафед бид орж нэг, нэг шар айраг авлаа. Миний хөтөч Монголд өмнө нь хэдэн жил ажиллаж байсан, тэр тусмаа говь нутаг түүнд асар их нууцын өлгий гэж санагддаг тухайгаа хөөрч, Монголд бүх насаараа амьдрах анхны боломж л гардаг юм бол энд байгаа бүхнээ орхин явах хүсэлтэй гэдгээ байн байн өгүүлж байлаа.
Миний бүтээлийг байрлуулах цаг боллоо. Би олон жилийн өмнө, нэгэн хавар говьд явж байхдаа айхтар угалзтай тааралдаж билээ. Өглөөгүүр бүрхэг байсан тэнгэр бага үдийн алдад шаргалтан хүрэнтэж үд дунд гэхэд нар харагдахгүй болтол харанхуйлж тун удалгүй шөнийн түнэр харанхуй мэт болж хэдэн цагийн турш шуурсан юм. Тэр үед би хувьдаа ертөнцийн төгсгөл гэж үүнийг л хэлэх байх гэж бодож байв. Монголын говиос үүсэлтэй угалз хойд Хятадын нутгийг туулж, Солонгосын хойгийг дайран, Япон хүрээд улмаар Номхон далайд замхардаг тухай сонсож байлаа. Тэрхүү алсыг туулан миний нутгийн шороог харийн оронд хүргэдэг угалз өдгөө түүх болон хоцорчээ.
Говь нутагт байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, ой мод цөлжилтийг үндсээр нь устган одоо зөвхөн гэрэл зургийн хальс, миний зурсан зураг дээр л мөнхөрлөө...
Арга хэмжээ, хүлээн авалт олон цаг үргэлжиллээ. Газар газрын нэрийг нь мэдэх бүү хэл зүсийг нь ч хараагүй хүмүүс ирж гар барин баяр хүргэж байв. Хөтөч нөхөр минь ч гэсэн энэ бүхнээс залхсан байдалтай нүүр нь бага зэрэг улайсан харагдана. Энэ их нүргээний хажуугаар угалзын тухай миний бодол тасралтгүй үргэлжилж, хэрэв хэлийг нь мэддэг бол энд хуран цугласан олонд өөрийн мэдэх угалзын хөнөөлийн тухай ярьж, бид энэ бэрхшээлийг хэрхэн ялан гарсан тухай ярьж өгмөөр санагдаж байв.
Гэтэл бүсгүй хүний танил царай, нүдэнд дулаахан инээмсэглэл нүдний өмнө харагдаад бараг тэр дороо олон дунд хутгалдан алга боллоо. Тэр танил царайг харцаараа хайсан боловч дахин олж харсангүй, би ч хажуулах хүнийхээ ярианд анхаарлаа хандуулаад анзаарахаа болилоо...
... Кеннедийн нисэх онгоцны буудалд ачаагаа өгчихөөд хүлээлгийн танхимд сууж байхдаа хүлээн авалтын үед харагдсан тэр бүсгүй санаанд минь тодорлоо. Би тэр бүсгүйг хэн байж болох вэ гэж бодсоор байсан боловч тэр гэж нэр өгч чадахгүй л байлаа. Удалгүй миний нислэгийн цаг болж онгоцонд суух цаг боллоо. Хүзүүвчээр дамжин аврага хөлөгт орон суудлаа эзлэхийн далимд 2 хувийн виски авчирж өгөхийг үйлчлэгчээс хүсэв. Нүүрэнд нь хэзээ ч уурлаж байгаагүй болов уу гэж бодогдмоор инээмсэглэл өлгийдүүлсэн хүүхэд төрхтэй үйлчлэгч бүсгүй миний хүсэлтийг нь дор нь биелүүлэв. Би онгоц газраас тасрах тэр торгон агшинд төрдөг мэдрэмжээ дарахын тулд заавал виски уудаг зуршилтай болоод удаж байгаа билээ. Энэ удаа ч гэсэн вискиний мод амтагдсан амтыг мэдрэхийг хүссэнгүй шууд уулаа.
Гүйлтийн замаар онгоц аажмаар хурдаа аван давхисаар эцэстээ чих шуугитал хурдалж газраас тасарлаа. Яг энэ мөчид НҮБ-ийн байран болсон хүлээн авалт дээр надад харагдаад алга болсон бүсгүйн нэр санаанд минь аянга мэт цахилан орж ирлээ.
...Намайг хүүхэд байхад манайх, миний бүх насаараа амьдарсан шинэ хороололд шинэ байран нүүн ирлээ. Удалгүй манай хөрш хаалганд хоёр охинтой айл орлоо. Тэдний хоёр охин надаас эгч, том нь бүр олон эгч харин бага охин нь 5-6 насны зөрүүтэй л байсан байх. Зүүн нүдэн доороо эрхий дарам хоёр мэнгэтэй, сурагчын дүрэмт хувцсаар гоёосон тэр эгчийг би Дөлгөөн эгч гэж дуудахаасаа илүү Төги гэж дууддаг байлаа.
Нэг удаа манай аав, ээж хоёр өглөө эрт ажилтай болоод үүдний хонгилд хэн нь намайг цэцэрлэгт хүргэж өгөх вэ гэдэг талаар багахан хэмжээний маргаан тэдний дунд өрнөлөө. Ээж:- Замд чинь цэцэрлэг байдаг юм чинь чи хүргээд өгчих. Аав:
- Хариуцлагатаны хуралд ганц удаа асуудал оруулах гээд бөөн ажилтай байна. Ер нь би л дандаа цэцэрлэгт хүргэж өгч, авдаг ш дээ. Миний хөгшин хүүгээ энэ удаа л хүргээд өгчих гэсэн яриа тэдний дунд болж байлаа. Гэтэл хөрш айлын хаалганы түгжээ торхийн нээгдэж, хоёр салаа гэзэгнийхээ нэгэнд нь тууз зүүсэн Төги:
- Би хүргээд өгөх үү? Одоо би сүүнд явлаа, эрт очихгүй бол дараалал нь их болчихдог гээд наснаасаа их өгүүллээ. Ээж:
- Чи аль цэцэрлэгт явдагийг нь мэдэх юм уу? Наад хүүхэд чинь орос цэцэрлэгт явдаг, бас дээр нь их эрх хүүхэд ш дээ гэвэл. Төги:
- Зүгээр ээ. Би өөрөөр нь заалгаад явчих нь гэв. Аав:
- За тэгвэл миний дүү манай хүүг хүргээд өгөөрэй, ах нь орой дүүдээ чихэр өгнө гээд тэр 2 яваад өглөө. Би Төги эгчийг хувцсаа өмсөөд хаалгаа түгжих хооронд халууцаж орхив. Тэгээд малгайгаа газар хаяад, ороолтоо тайлах гэж байтал Төги эгч:
- Хүүш чи чинь яасан со хүүхэд вэ? Гадаа гарах гэж байж малгайгаа газар хаяад болохгүй ш дээ гэснээ миний малгайг өмсүүлэв.
Бид хоёрыг гадаа гарахад намар оройн элч муутай өглөөний нар Богд уулын орой дээгүүр дөнгөж цухуйж байв. Орцноос гарах замдаа би өрөөсөн бээлийгээ хаяажээ. Энэ тухайгаа гадаа гарангуутаа мэдлээ. Төги:
- Ээ яасан баларсан жаал вэ? Алив наад гараа гээд халуу дүүгсэн гараараа миний гарын атгаад бид хамтдаа манай цэцэрлэг рүү гүйх, алхах хослуулан явлаа. Ямар ч гэсэн тэр өдөр бид хоёр цэцэрлэг хаалга барихын өмнөхөн амжиж очлоо. Харин орой нь аав намайг цэцэрлэгээс намайг авах гэж ирээд бээлийгээ гээснийг мэдээд:
- Яаж ч яарч байсан гээсэн юм аа авч бай гэж хэлж билээ. Биднийг гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэж байтал Төги хаалгаа нээснээ:
- Ах аа! Энэ танай хүүгийн бээлий, би уг нь гэртээ эргэж ирээд олж аваад буцаад цэцэрлэг дээр очоод өгөх гэсэн чинь манаач нь загнаад оруулаагүй. Тэгээд сая та 2 ирж явахыг цонхоороо хараад өгөх гэсэн юм гээд өөрөө бээлийгээ гээсэн юм шиг гэмшсэн царай гаргав. Аав:
- Өө баярлалаа миний дүү. Бид 2 бээлийгээ гээгээд гэртээ орвол ээждээ бангадуулах байлаа ш дээ. Май ах нь дүүгээ шагнаж байгаа юм гээд 5 ширхэг 30-ийн чихэр өглөө. Төги өвдөгөөрөө үл ялиг бөхийгөөд:
- Баярлалаа ах аа. Дараа хэрвээ цэцэрлэгт өгөх хэрэг гарвал надад хэлээрэй, манай хичээл үдээс хойш ордог болохоор өглөө би завтай байдаг гэснээ аавын өгсөн чихэрнээс нэгийг задлаад миний аманд хийгээд:
- Сайхан амраарай гэснээ гэртээ орлоо.

Намайг 5 дугаар ангид орох үед Төги эгч 10 ангид сурч байв. Тэр үед Төги эгчээс гэрийн даалгавар асуух гэж ирсэн юм гээд ах хүүхдүүд шатан дээр зогсдог болоод байлаа. Тэдний гар, хөл гэж өтсөн байснаас ялгаагүй энд тэндгүй ханан дээр “ Т+Г=ЯТОЛ” гэсэн бичгүүдийг эрээчиж орхидог байв.
Нэг өдөр манай давхарын ханан дээр Т+М=гэснээ сум шаасан зүрхний зургийг улаан тосон будгаар бичсэн байлаа. Намайг энэ бүхнийг харсаар шатаар өгсөж байхад Төги эгчийн том эгч нь:
- Би чам шиг байхдаа орцоор харчууд шавуулаад, ханаараа дүүрэн өөрийнхөө нэрийг сараачуулаад байгаагүй. Ичихэд яадаг юм бэ гээд хангинаж өгч байнаа. Төги эгч огт тоосон шинжгүй харин ч баяр болсон байдалтай хариуд нь:
- Аргагүй ш дээ чиний ааш адсага, бас царай муутай юм чинь гэж ажиггүй хэлчихээд нөгөө бичгүүдийг дуртай дургүй арилгахчаан болж байснаа намайг хараад нүдээ нэг ирмэснээ:
- Үнэн тээ гэв. Би дотроо үнэн гэдэгтэй нь эвлэрч байсан ч хөмсгөө зангидан зогсох том эгчээс нь айгаад юу ч дуугаралгүй хажуугаар нь гарлаа. Том эгч нь:
- Одоо үеийнхээ харчуудтай арзагнахгүй бүр нялх хүүхэдтэй маяглах чинь дутаа юу гэснээ алив хувингаа, халуун ус аваад ирье гэж хэлэх нь сонсогдлоо.
Эгч дүү хоёрын орцны хана угаах дуу удтал сонсогдсоор байгаад удалгүй нам гүм боллоо. Би тэднийг гэртээ ороод удаагүй байхад хаалгаа аяархан нээгээд давхарынхаа хонгилд гараад цэв цэвэрхэн болсон ханыг хэсэг харж зогслоо. Ханаар сараачсан бичгүүдийг арилгахаар Төги эгч дээр ирж уулздаг байсан ах нар дахиж хэзээ ч ирэхгүй юм шиг, орой болохоор орцонд тоглодог гитарын дууг би хэзээ ч сонсохгүй юм шиг санагдлаа. Намайг ийнхүү ганцаараа зогсож байтал Төги эгч миний дэргэд сэмээрхэн ирснээ:
- Би чамд нэг нууц юм үзүүлэх үү гэлээ. Би толгой дохитол тэр намайг нэг давхар дээшээ дагуулж гараад, шатны модон бариулын хажуу тал дээр хурц үзүүртэй хутгаар цэвэрхэн нь аргагүй зорж бичсэн “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэсэн бичгийг уншуулаад:
- Энийг зөвхөн хоёр л хүн мэддэг байсан, одоо чи мэддэг боллоо. Өөр хэн ч мэдэхгүй, манай ээж, аав ч мэдэхгүй, эгч бүр ч мэдэхгүй, би өөрөө мэддэгээсээ ч айдаг гэж хэлснээ миний толгойг илээд хүнд хэлвэл 2-лаа балрана шүү гэснээ шатаар доош уруудлаа.

Хавар. Богинохон мөртлөө ид шидтэй энэ үг урин дулааны элч болон ирж удалгүй зунтай залгалаа. Төгсөх ангийн сурагчид сүүлийн удаа сурагч хувцасаар гоёцгоон охид яг нялх монос мэт харагдана. Төги эгч аравдугаар ангиа төгслөө. Нэг удаа Төги эгчийн аав Энх гуай манайд орж ирээд аавтай уулзах зуураа:
-Миний бага охин 10 төгслөө. Одоо яаж ийж байгаад гадаадад сургуульд явуулаад төгсгөж орхивол болох нь тэр. Өөрийг чинь хариуцлагатай ажил хийдэг болохоор манай охины сургуульд нэр дээр нь нэг хуваарь олгуулж болох болов уу гэж бодогдлоо. Аав:
- Манайхан олон жил айл аймаг явсан улс энэ зэргийн юм бололгүй яахав дээ. Харин ямар сургуульд явах санаатай байгаа юм бол?
- Сүүлийн үед тооцоолон бодох электрон машин гэдэг юм их дуулдаад байх болж. Тэгээд хөгшин бид хоёр ярьж байгаад энэ талын сургууль бараадуулах санаатай, өөрөө ч бас иймэрхүү үг дуулгаад байх юм. Аав:
- Би маргааш МУИС-ын захиралтай нэг яриад үзье, тэднийх л энэ тал дээр ирээдүйд багшлах хүмүүс бэлдэх гээд байгаа гэснээр тэдний яриа өндөрллөө. Удалгүй улсын шалгалт дуусаж, хүүхдүүд хуваариа аваад конкурсдэж гарлаа. Төги эгч хичээл номноос толгой өөд татахгүй байгаа бололтой огт харагдахгүй байв. Манайх ч зусланд гарлаа.

Намар болж айлууд зуслангаас ороод гудамж талбай эргэн эзэд нь болох хүүхдүүдийн дуугаар хангинаж эхлэв. Яг энэ үед Төги эгчийг сургуульд гаргаж өгөх юм боллоо. Том эгчийнх нь нөхөр гэж санчигнаасаа бууралтаж яваа ч наснаасаа залуу харагдах бор ах хадмуудтайгаа байхаас илүү хүүхдүүд бидэнтэй үеийн юм шиг найзлан заримдаа бидний санамсаргүй хэлсэн үгэнд хүүхэд мэт хөөрөн баясахад нь бид ч гэсэн даган хөхрөлдөж байв. Галт тэрэгний буудал руу явах цаг болоход нь амжиж ирсэн манай ээж Төги эгчийг олноос салгаад 10 рубль, өндөр үнэтийн ууттай юм өгөөд сайн явахыг ерөөж байв. Энэ үед Төги эгчийн харц тэнд цугласан хүүхдүүдийн голд зогсох, намхан бор хүү рүү байн байн чиглэж байлаа. Төги эгч манай ээжээс холдоод над руу ирээд:
-Миний дүү сайн сураарай. Тэгээд сургуулиа төгсөөд эгч шигээ ингээд олон хүмүүсээр үдүүлээд гадаадад сураарай гэснээ миний чихэнд:
-Нөгөө нууцаа хүнд хэлж болноо. Яагаад гэвэл тэр нууцын эзэн бид хоёр нэг сургуульд сурах болсон. Тэгээд бид заавал гэрлэнэ, бас чам шиг хөөрхөн хүүтэй болно гэж шивнээд духан дээр минь үнслээ. Төги эгчийг гаргаж өгөх гэж хүмүүс орцоор уруудах үед би харин дээд давхартаа гараад шатны бариул дээрх “ БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэсэн үгийг хамгаалж байх сахиулсан тэнгэр боллоо гэж бодож билээ.

...Миний нисэж яваа онгоц бүхэл бүтэн Америк тивийн дээгүүр зогсолтгүй ниссээр Номхон Далайг гатлан Токиод ирж буулаа. Би зочид буудалд орж замын тоосноос салангуутаа утас авч өөрийнхөө хөтөч рүү залгалаа. Удалгүй миний хөтчийн баргил дуу сонсогдов. Би хүлээн авалтанд ирсэн зочдын нэрсийн жагсаалтанд Дөлгөөн гэдэг хүний нэр байгаа эсэх хэрэв байгаа бол хаана юу хийдэг болохыг нь тодруулж өгөхийг гуйлаа. Гэтэл утасны нөгөө үзүүрт миний хөтөчийн:
-Yes, I see the Dolgoon in the name list.She is the Managing Director of Apple corporation. If you want to I can deliver you the contact address гэх сонсогдлоо.


2009 оны 8 сарын 6. 11:30



Rock Rock Rock

Багын явдал санагдав байна. Хүүхэд байхад атаманууд банзан гитараа бариад доорхи дууг орцоор нэг хадаадаг байлаа. хэрэв сүр ая зохиогоод өгөх юм бол дажгүй Hard Rock болж магадгүй.

Батсүмбэрийн орой дээрээс
Баруун тийшээ харах юм бол
Багын байсан колонийн сургууль
Байсан байрандаа дүнхийж байна.
Шавар дүнзэн байшинд суугаад
Засрана гэвэл гонжийн жоо
Заяа байгаад гарах юм бол
Заавал чамайг ална даа.
Урдаа байгаа хоёр цагдааг
Ална уу байна уу миний дур
Ардаа байгаа хоёр хүүхнийг
Шаана уу байна уу миний дур.
Байцаа голдуу хоолыг чинь ээ
Түүхий голдуу идлээ дээ
Банзал голдуу охидуудыг чинь
Босоо голдуу шаалаа даа.

За нэг иймэрхүү л байна.

Monday, August 3, 2009

Өнөөдөр...


Өнөөдөр, өнөөдөр ч гэж дээ сүүлийн хэд хоног өөрөө өөртэйгээ баахан хэрэлдлээ. Сонин юм байна шүү. Нэг Гамбино гарч ирээд л намайг учир зүггүй дуртай үгээрээ хэлээд л байх юмаа. Тэнгэр газрын савсалганд над шиг муу, муухай амьтан байхгүй л гэнэ, хүүхнүүдийн хормойг сөхөх дуртай л гэнэ, архийг аягаар бус авдараар уудаг л гэнэ, хүссэн бүхнээ авахын тулд юугаа ч хайрладаггүй л гэнэ... За тэгээд сонсоод байсан чинь нарт хорвоо дээр яах гэж амьд явж байгаагаа ч мэдэх ээ болитол хараан зүхэх юм аа. Баахан загнуулсан би өөрийгөө нээрээ л хүний адаг юм байна гэж итгээд шидмэс бариад урд уул руу алхмаар санагдаж байна шүү.

Тэгсэн чинь бас намайг өмөөрөөд бас нэг Гамбино гараад ирлээ. Намайг хараан зүхээд байсан Гамбино руу чинь ёстой галт сумаар харвах шиг болж байнаа. Архи уувал ууж л байг эртхэн үхэж чи амрана, авгай хүүхэн эргүүлж л байг чамд амар байх цаг их байх гарна, хүссэн бүхнээ авч л байг илүү гарсаныг нь чамд заавал өгөх хүн гээд намайг өмөөрч байх юмаа. Гол нь намайг өмөөрөөд байсан Гамбино нь их зальтай нөхөр байлаа. Хаана нь дуугаа өндөрсгөж сүрдүүлэх вэ эсвэл хаана нь нөгөө ууртай хараадаг Гамбиног аргадах вэ гэдгээ бүхэл бүтэн 1000 хүнтэй найрал хөгжмийн оркестр удирдаж байгаа юм шиг чадамгай үзүүлсээр байгаад хараадаг Гамбино-оос надтай эвлэрэх тухай бичгэн баталгаа гаргуулж аваад ирж байна шүү. Хорвоо гэж яалтай ч билээ дээ...