Tuesday, August 23, 2022

ҮНСЭЛТ Үнсэлт хэдэн янз байдгийг судлаачид тогтоосон байдаг биз. Харин одоогоос 40 гаруйхан жилийн өмнө хүүхэд байхдаа “үнсэлт” эцэг, эх хүүхдүүдийн дунд, эсвэл амраг хосуудын хөнжил дотор өрнөдөг үйл хэмээн боддог байлаа. Соцреалист дэлгэцийн бүтээлүүдэд эмэгтэйгийнхээ духан дээр үнэрлэх эсвэл наалинхай харцаар хайр дурлалыг голдуу илэрхийлнэ. Иймэрхүү “бүрхэг” зүйлс гарах болгонд ухаан суусан хүүхдүүдийн ам гэнэт цанган суудлаасаа ховхорч ус уухаар явдаг байсан бол, эцэг эхчүүд нь огт өөр юм хийгээд эхэлдэг байлаа. 1986 онд Ленинград, Бостон хотуудын хооронд зохион байгуулсан телегүүр нэвтрүүлгээр Зөвлөлтийн нэгэн оролцогч эмэгтэй “Секс у нас есть, у нас нет рекламы!” хэмээснээр энэ сэдэв арай нээлттэй болсон юм. Гэвчиг энэхүү үнэ цэнэтэй эрхэм зүйл цагийн аяс дулаарахтай зэрэгцэн мөн чанараа алдсан мэт... Одоогоос 10 шахуу жилийн өмнө танил маань 50 нас хүрч биднийг зоогийн газарт урьж баахан ууцгаалаа. Уусан ундаандаа хөөрсөн бид тамхилцгаах зуураа дүрсгүйтэхээр шийдэцгээж тэнд байсан эмэгтэйчүүдээс хамгийн тод өнгөтэй уруулын будгийг нь гуйж аваад уруул амандаа нялцгаав. Дараа нь төрсөн өдрийн эзэнд ээлж дараалан мэнд хүргэцгээхдээ хацар, дух, хүзүү, цамцны зах гээд хаа таарсан газраа уруулын будагны мөр үлдээцгээлээ. Зочдоос хэн ч түүнд энэ тухай хэлсэнгүй, мань эр анзаарсан эсэхийг бүү мэд. Түүнийг ариун цэврийн өрөө рүү явах замд таарсан танихгүй хүмүүс жоготой жуумалзаж байсан ч тэр тоогоогүй юм. Харин толинд өөрийгөө харангуутаа нулимсаа гартал хөхөрч гарав. Хэдэн хормын дараа тэр нүдэндээ нулимс тунаруулсаар ирлээ. Удтал баахан дуугүй сууж байснаа: - Намайг үнссэн, үнсээгүй хамаагүй та нарыгаа би бүгдийг нь үнсье. Одоо миний ээлж гэж хэлээд ирсэн бүх зочдыг нэг нэгээр нь зүрхнийхээ гүнээс ундарсан асар их талархал, хайраар үнэрлэж билээ. *** Гэтэл өмнөд хөршийн 19 настай Шиао Юү хэмээгч охин, дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлж байхыг хөрш нь харжээ. Хараад зогссонгүй таарсан болгондоо хөөрхий охиныг элдвээр ярьж, ээж, аавыг нь ичгүүртэй байдалд оруулсан гэнэ. Охин эцэг эхийнхээ цорын ганц итгэл найдвар нь байв. Харин өөрт нь гар хүрэхээс ч зүрхшээдэг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлснээс болж зовлонт охин хамгийн ойрын хүмүүсийнхээ итгэл, нэр нүүрийг баржээ. Үнэндээ тэр ямар буруутай юм бэ? Харамсалтай нь охин хөршийнхөө тараасан ховоос болж амиа егүүтгэжээ. *** Бусдын дамшиглалыг хайр хүндэтгэл болгон хардаг нэгэн байхад, чин сэтгэлийн илэрхийлэлийг хов болгон цаддаг өөр нэгэн бас байх аж. Та аль нь вэ? 2022.08.24

Monday, August 15, 2022

БӨӨС Хэдхэн хоногийн өмнө Коов “БНМАУ-ын 4 яамны үзлэгт нэр өрх, нэг хүн бэлтгэх үүрэг” гэсэн 1963 оны баримт бичиг нүүр хуудсандаа оруулсаныг манайхан уншсан байх. Тэрхүү хуучны баримт бичгийг уншихад Б.Цэнддоо ахын бичсэн “Соёлын довтолгоо Хоньчиноос барилгачин” ном санаанд орохын зэрэгцээ “бас л ядмаг байж дээ” гэсэн бодол төрсөн юм. Өнгөрсөн долоо хоногт автобусаар явж байгаад урд суудалд суусан дажгүй охины үсэнд хуурс үүрлэсэнийг хараад гэнэт санаж энэ тухайгаа сэрэмжлүүлэг болгон бяцхан “сарказм” нэмээд постоллоо. Ихэнх хүмүүс энгийнээр хүлээн авч байна. Зарим ахмад хүмүүс “дүү минь битгий хадуур” гэсэн бол нөгөө хэсэг нь “ах дүүгийн харилцаагаа таслана” гэжээ. Эмзэг хүмүүсийг ойлгоноо. Болно, бололгүй яахав, та бүхний сонголтыг би хүндэлнэ. Харин би юу постлохоо өөрөө мэдье. Хуурстсан охиныг ийм тийм гэж гоочлохгүй. Зүгээр л бидний ахуйн соёл ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст өрнөсөн соёлын довтолгооны нөлөөг 1950-1980 оныхон хангалттай хүртсэн, үр шим нь өнөөдөр ч гэсэн байгаа. Нэг сонин тохиолдолоо хуваалцмаар санагдлаа. Зах зээлд дөнгөж ороод байхад садангийн хүн шар өвчин тусдаг юм байна. Бөөс залгиулвал сайн гэж хаанаас ч сонссон юм намайг бөөс олж ир гээд явууллаа. Далай ээж захын хажуугаар явж байтал траншейны хоёр хүүхэдтэй тааралдаад “бөөс байна уу” гэсэн чинь ичээд, инээлдээд сүйд боллоо. Мянган төгрөг харуулаад нүдээ ирмэсэн чинь “байна” гэхгүй мөртлөө бараадаад дагаад байх юм. Хэсэг байж байтал арай нүүрэмгий нь ирснээ “ахаа, манай найзад байгаа гэнээ” гэхээр нь хармаанд байсан пеницилиний шил өгөөд орц руу оруулчихлаа. Удалгүй хоёр хүү гарч ирээд 1000 төгрөгөө авч, нас биед хүрсэн хоёр бөөстэй пеницилиний шилийг өгснөө “дахиад хэрэг болвол хэлээрэй” гэснээ пижигнэтэл гүйлдэн алга болсон юм. Тэртээ 30 гаруй жилийн өмнө бөөс эргэн ирсэн жишээ юмдаа. Бөөс ор мөргүй устаагүй байх л даа. Цэцэрлэгт, бага ангид байхад багш ариун цэврийн үзлэг хийж, бидний үс толгойг ухдаг байсан. Гэхдээ бөөс олддоггүй байлаа. Одоо ч гэсэн багш нар шалгадаг хэвээрээ байх... Одоо гэснээс хатагтай Лхагвадулам эгчээс өөр залуу үед гоо зүйн соёл олгох ажил эрхэлдэг хүмүүс байдаг юм уу? Соёлын тухай “сэртэл” сэнхрүүлэх шидтэй С.Баясгалан багшийн номнууд бараг харагдахгүй болжээ. Долгион, Батжав гээд ах нар хэрхэн соёлтой амьдрах тухай бишгүй ярьж байна. Хэдий наргиан ч гэсэн долоо хоног бүрийн пүрэв гарагт бөөнөөрөө хумсаа авдаг соёл бий болсон. Энэ мэт ахуйн соёлтой холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцдаг юм бол? Эрүүл мэндийн яам уу эсвэл соёлын яам уу? Уг нь хэн нэгэн баагийд үүрүүлэлгүй хувь хүн өөрөө хариуцвал дээр л дээ. Гэхдээ бас нэг юмыг баалаад суух нь зугаатай хахахаха. Ном мом орчуулж суухынхаа оронд хажуудахынхаа үс гэзгийг хардаг болоё. Өрөөлийг хэлэлтгүй өөрийнхөө үсэн бүрхүүлтэй гадаргууг ч бас анзаарч байя. Та нар ч бас ажиглаж байгаарай Гамбино 2022 оны наймдугаар сарын 16

Saturday, August 6, 2022

Жаргалын тухай

Ердөө саяхан ФБ-ийн найз нарын маань нэг “Осоржамаа та 2 шиг жаргалтай хүмүүс Монголд алга” гэжээ. Маш их баярлалаа. Осоржамааг би танихгүй. Нүүр тулан уулзаж байгаагүй учраас түүнийг хэрхэн жаргал цэнгэлээ эдэлдэгийг сайн мэдэхгүй. Миний хувьд гэвэл эрдэмтэн мэргэд, гүн ухаантнууд, шашны тэргүүнүүд, яруу найрагчид зэрэг хүмүүсийн зааж сургасан, заримых нь хүчээр тулгасан заавар жоруудыг залхуугийн улмаас гүйцэд уншиж байсангүй. Нэгэнт гүйцэд уншаагүй болохоор дагаж мөрдөхгүй нь лавтай. Чухамдаа бол амьдралаас олон юм шаардахаа больчихвол жаргал өөрөө хүрээд ирдэг ажээ. Надад нэгээс олон жилийн настай хоёр жинс, бараг арван жил орчим болж байгаа, хүзүү нь сунаж, өнгөө гээсэн хоёр гурван фудболк, ул нь салахаар өөрөө цавуудаад наачихдаг хуучин гутал, флип-флоп шаахай байдаг. Эднийгээ өмсөхөд сэтгэл ханаад явчихдаг. Жаргал шүү дээ. Дуу хөгжим, пянзаар хувь заяагаа холбосон Чин-Пун-Дан (эдгээр этгээдүүдийн нэрийн эхний үе “Н” үсэгтэй учраас онцлов. Бусад найзууд нэр дурьдсангүй гэж гоморхох хэрэгггүй) гэсэн найзуудтай. Энэ найзуудтай уулзахаар пиов, виски гэсэн ундаанууд дагалддаг. Жаргал шүү дээ. Пянз гэж сайхан зугаа бий. Дээрээс нь CD, кассетнууд нэмэгдээд ирлээ. Тэртээ 1970-80 он шиг сонсчихоод буцааж өгнө гэдэг зүйл үгүй болжээ. Оронд нь худалдаж аваад сэтгэлийн таашаал эдлэнэ. Мэдээж мөнгөөр худалдаж авна. Гэвч тоолдог хэдэн цаасаа үзсэн ядаж байгаа юм шиг үрэн таран хийчихдэг хүн зээлээр пянз авч өрөнд орно. Пянз (таашаал)-ны өр бол ариун өр. Жаргал л даа. Сайхан ч тэр саар ч тэр хөгжим сонсох жаргал. Гол нь өөрийнхөө сэтгэл санааны төлөвийг мэдэрч, түүндээ тохируулвал жинхэнэ жаргал. Хэдэн жилийн өмнө зохиолын дуу “пүү, паа” гэж маягладаг байлаа. Зохиолын дууг зовлонгоо эдэлсэн хөгжмийн зохиолч, үйлээ үзсэн яруу найрагч, за тэгээд уучин, хөгжимчин гээд олуулаа хийдэг. Тэдний хөдөлмөр, цагийг хүндлээд хүлцэн тэвчихэд л нөгөө “пүү, паа” гэдэг өвчин эдгэрч байгаа юм. Бусдын үйл хэргийг шүүмжлэх өвчнөөсөө салах нь жаргал юм даа. Хүнд чулууг уулын оройд арай хийн гаргатал нөгөөх нь буцаж доошоо өнхрөөд, тэрнийгээ дахин дахин уулын орой руу гаргах гэж нажидаа барсан Сизиф гэгчийн тухай эртний грекийн домог байдаг. Тэр хүнд чулуугаар эрх мэдэл (эд хөрөнгө, дарангуйлал бла бла баахан хогийн зүйлс энд орно)-д шунан дурлах хүслийг төлөөлүүлж үзье. Нөгөө ертөнц рүү одохдоо чирээд явахгүй зүйлсэд цаг хугацаа, хүч чадал, оюун бодлоо зориулахгүй байхад л нөгөө жаргал чинь амтагдаад эхэлж байгаа юм даа. Байгаль эх биднийг өндөр-нам, өргөн-нарийн, хүнд-хөнгөн, хар-цагаан-ногоон гээд дахин давтагдахааргүй бүтээсэн. Өөртэйгээ адилхан хүмүүсийн гадаад байдалд атаархах эсвэл доромжлох нь зүрх сэтгэлд зовлон үүсгэдэг. Тэр зовлонгоо хаях нь тийм ч гарзтай биш. тэгээд л жаргаад явчихаж байгаа юм даа... За ингээд бичээд байвал бичээд байна. Тэгээд ч баахан шал худлаа бичлээ, итгэвэл итгэнэ биз хаясан ч болно. Гамбино 2022.08.07