Monday, November 23, 2020


 

ТОКИОГ АВАРСАН АВАРГА МЭЛХИЙ

Катагириг гэртээ ирэхэд өрөөнд нь асар том аварга мэлхий хүлээж байлаа. Хойд сарвуун дээрээ босоод зогсвол элбэг хоёр метр хүрэхээр лужир ажээ. Метр жаран санжаас хэтрэхээргүй биетэй туранхай Катагари түүний энэ лужир биеийн сүрэнд эрхгүй дарагдана.

-          Намайг зүгээр л “Мэлхий” гэхэд болно тэр чанга итгэлтэй өнгөөр хэлэв.

      Катагири хаалганыхаа хажууд мэл гайхан дуугарч чадахгүй хөшиж орхилоо.

-          Битгий ай. Би чамайг яах ч үгүй. Зүгээр орж ирээд хаалгаа хаачих, гуйж байна.

      Баруун гартаа цүнх, солгойдоо шинэ ногоо, лаазалсан загастай уут барьсан Катагири хөдөлж ч зүрхэлсэнгүй.

-          Катагири ноёнтоон, хаалгаа хаагаад, гутлаа тайл,  алив бушуулж үз.

      Өөрийнхөө нэрийг сонсоод Катагири гэнэт сэхээ орж ууттай хүнсээ шалан дээр тавиад баруун сугандаа цүнхээ хавчуулсан хэвээр гутлаа тайллаа. Хоолны ширээний нөгөө талд суу гэж мэлхийг зангах төдийд тэр сууж орхив.

-       Таныг эзгүйд гэрт чинь орж ирсэндээ эхлээд уучлалт гуйя. Намайг энд сууж байгааг хараад цочирдож байгааг чинь би мэдэж байна. Даанч надад өөр сонголт алга. Цай ууцгаах уу? Таныг удахгүй ирнэ гэж бодоод би ус буцалгаад хүлээж байсан юм.

Катагири сугандаа цүнхээ тас хавчсан хэвээр суув. Надаар нэг нь дамшиглаж байна даа. Намайг зугаагаа болгох гэж энэ том мэлхийг баг өмссөн байж таарна гэж энэхэн зуур бодож амжив. Гэсэн хэрнээ данханд цай хандлах зуураа амандаа тасралтгүй дуу аялан аяглах агаад үе мөчнийх нь хөдөлгөөнүүд жинхэнэ мэлхийнээс огт ялгагдахгүй нь хачирхалтай. Мэлхий ногоон цай аягалж Катагиригийн өмнө тавиад өөртөө бас нэгийг хийлээ.

Мэлхий цайнаасаа оочингоо:

-           За тайвширав уу? хэмээн асуув.

Катагири даанч хариу хэлж чадсангүй.

-          Катагири ноёнтоон, таньтай уулзана гэдгээ урьдчилж дуулгах ёстой гэдгээ би мэдэж байна л даа. Бусдын өмчид халдаж болохгүй гэдгийг би сайн мэднэ. Аварга том мэлхий гэрийн эзнийг хүлээгээд сууж байхыг харсан захын хүн мэгдэн сандрах нь ойлгомжтой. Гэхдээ надад танайх руу яаралтай ирэх хэрэг гарсан юм. Тэгэхээр намайг өршөөж үзээрэй.

-          Яаралтай хэрэг гарсан гэнээ хэмээн Катагири эцсийн бүлэгт арайхийн асуулаа.

-          Үнэхээр тэгсэн юм. Үгүй бол би танай гэрт хэрхэн дураараа орох билээ? Тиймэрхүү ёс бус зан миний амьдралын хэв маягт зохидоггүй. 

-          Тэр хэрэг чинь миний ажил төрөлтэй холбоотой юу?

-         Тийм байж болно бас үгүй ч байж мэднэ. Эсвэл үгүй ч байж болно бас тийм ч байж мэднэ гэж хэлэхдээ мэлхий толгойгоо хажуу тийш болгов.

Ямартай ч биеэ барих хэрэгтэй гэж Катагири бодонгуутаа:

-          Тамхи татвал дургүйцэхгүй биз дээ? хэмээн асуугаад авав.

-          Ёстой дургүйцэхгүй. Яалаа гэж дургүйцэх билээ. энэ чинь таны гэр шүү дээ. Хүссэнээрээ тамхиа тат, ууж, ид. Би тамхи татдаггүй гэхдээ өрхийн тэргүүн гэртээ тамхи татахад өөрийн дургүйцлээ тулгана гэдэг байж болшгүй зүйл гэж хэлэхдээ мэлхий инээмсэглэв.

Катагири хүрэмнийхээ халааснаас хайрцаг тамхи гаргаж нэгийг сугалан амандаа зуугаад шүдэнз зурлаа. Тамхи асааж байхдаа гар нь салгалж байхыг анзаараад амжив. Өөдөөс нь харж суусан Мэлхий үйлдэл бүрийг нь салгахгүй ширтэх ажээ.

-          Та завшаанаар ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой юу гэж Катагири зориг гарган асууж орхилоо.

-          Хахахахаха ноён Катагири та гайхамшигтай хошин шогийн мэдрэмжтэй юм гэж хэлэхдээ тэр хоорондоо холбоотой сарвуугаараа ташаагаа алгадав.

-          Тэдэнд чадварлаг хүн хүч дутагдаг байж болох юм, гэхдээ ямар нь Мэлхий хөлсөлж бохир ажлаа хийлгэх билээ дээ? Инээдтэй байдалд өөрсдөө орох байлгүй дээ.

-          За яахав тийм байж, хэрвээ та зээлийнхээ эргэн төлөлтийн талаар ярилцах гэж ирсэн бол цагаа дэмий үрж байна. Надад тийм шийдвэр гаргах эрх мэдэл байдаггүй. Манай дарга нар л тийм асуудлыг шийддэг. Би тэдний хэлснийг нь биелүүлдэг хүн. Тэгэхээр би танд ямар ч тусламж үзүүлж чадахгүй.

Мэлхий хоорондоо холбоотой нэг сарвуугаа өөд нь өргөөд:

-          Больж үз дээ ноён Катагири, би тэр зэргийн өчүүхэн зүйлийн төлөө ирээгүй. Би таныг Токиогийн үнэт цаасны банкны Шинжуку салбарын зээлийн хэлтсийн даргын туслах гэдгийг маш сайн мэднэ. Миний тантай уулзах гэж ирсэн зорилго бол зээлийн төлөлттэй огт хамаагүй. Би энд Токио хотыг сүйрлээс аврах гэж ирсэн.

Катагири аймшигтай шог үйлдлийн эзэн болчихгүй гэсэндээ өрөөнд нь нууц камер байрлуулсан эсэхийг харцаараа шалгалаа. Гэвч тэнд камер байсангүй. Өрөө нь ямар нэг юм нуугаад байхааргүй хариугүй жижигхэн л дээ.

-          Дэмий дээ, энэ өрөөнд бид хоёроос өөр хэн ч байхгүй. Намайг галзуу эсвэл өөрийгөө зүүдэлж байна гэж бодож байгааг чинь би мэдэж байна, гэхдээ би галзуураагүй та ч бас зүүдлээгүй. Энэ бүхэн бодит үйл явдал гэж Мэлхийг хэлэхэд Катагири:

-          Үнэнийг хэлэхэд ноён Мэлхий...

-          Намайг ёсорхолгүй зүгээр л Мэлхий гэхэд болно гэж хэлэхдээ тэр дахин холбоотой сарвуугаа өөд нь өргөлөө.

-          Үнэнийг хэлэхэд Мэлхий би энд юу болоод байгааг ойлгохгүй байна. Танд итгэхгүйдээ байгаа юм биш гэхдээ би нөхцөл байдлыг яг таг тогтоон барьж чадахгүй нь. Хэрвээ ганц хоёрын зэрэг юм асуувал болох уу?

-          Тэг тэг, бололгүй яахав. Харилцан ойлголцол хамгийн чухал шүү дээ.  Зарим хүмүүс “Ойлголцол” бол бидний үл ойлголцолын нийлбэр гэлцдэг. Би ч энэ үзлийг тун сонирхолтой гэж үздэг ч яг одоо харилцан буулт хийх цаг зав тун хомс байгаад сэтгэл их зовж байна. Бидэнд харилцан ойлголцолд хамгийн боломжтой богино замаар хүрэх нь илүү үр дүнтэй болох гээд байна. Тийм болохоор та надаас хүссэн бүх асуултаа асууж болно.

-          Тэгэхээр та жинхэнэ мэлхий мөн үү?

-          Тиймээ, тэгэлгүй яахав. Жинхэнэ мэлхий гэж намайг хэлнэ. Би ямар нэг хэцүү боловсруулалтын дүнд бий болсон бүтээгдэхүүн, зүйрлүүлсэн биет эсвэл дуураймал үгүй бол зэрэмдэглэсэн юмуу шинэ төрлийн аль нь ч биш ердийн нэг л мэлхий. Би вааглаж үзүүлэх үү? гэж асууснаа мань мэлхий толгойгоо арагш нь гэдийлгээд төвөнх хоолойгоо гүрэлзүүлснээ:

-          Ваа аа ааг, ваа аа ааг хэмээн асар чангаар вааглахад хананд өглөсөн жаазтай зураг далийж орхилоо.

Хямдхан байрнуудын хана хир нимгэн байдгийг Катагири сайн мэддэг тул тэр даруй:

-          Одоо болно болно! Хангалттай. Та үнэхээр асуултгүй мэлхий юм байна гэлээ.

-          Тэгэхээр намайг бүхэн бүтэн мэлхийнүүдийн нийлбэр гэж болно. Тэглээ гээд энэ нь намайг мэлхий биш гэх баримт болохгүй. Хэрвээ хэн нэг хүн намайг мэлхий биш гэвэл тэр хүн ойгүй муухай худалч этгээд болно гэсэн үг. Тиймэрхүү юмнуудыг би тас татаж хаяхад бэлэн байна.

Катагири толгой дохив. Тайвширахын тулд аягатай цайгаа авч балгаад:

-          Та түрүүн Токио хотыг сүйрлээс аврана гэх шиг болсон байхаа? гэхүйд Мэлхий:

-          Би яг наадахыг чинь хэлсэн.

-          Тэгээд ямархуу сүйрлээс аврах юм бэ?

-          Газар хөдлөлтөөс гэж хэлэхдээ Мэлхий дуугаа намсгалаа.

Катагири амаа ангайлган Мэлхий рүү таг гөлрөв. Мэлхий харин юу ч хэлэлгүй Катагириг ширтлээ. Тэд хоёр биесээ ийнхүү хэсэг гөлөрцгөөв. Мэлхий тэгснээ эхэлж ам нээлээ.

-          Газар хөдлөлт асар хүчтэй байна. Хоёрдугаар сарын 18 өдрийн өглөөний найм хагаст болно гэхээр гурав хоногийн дараа гэсэн үг. Өнгөрсөн сард Кобе хотод болсноос бүр илүү хүчтэй газар хөдлөлт гээд бод. Ид ачааллын үетэй давхцах болохоор зуун тавин мянга орчим хүмүүс хот хоорондын галт тэрэгнүүд зам төмрөөсөө гарах, машинтайгаа онхолдох, мөргүүлэх, гүүрэн замаас унасан хурдан галт тэргэнд дарагдах, метроны нурангид булагдах, шатахууны машины дэлбэрэлтэнд өртөх амь эрсдэнэ. Байшин барилгууд хэлбэрээ алдсаар нуранги болон хувирахад оршин суугчид нь гарч амжилгүй дарагдацгаана. Хаа сайгүй түймэр дүрэлзэн, замын сүлжээ сүйрэхэд түргэн тусламж, галын машинууд ямар ч хэрэггүй болж хүмүүс үхлээ хүлээн хэвтэцгээнэ. Зуун тавин мянга илүү хүмүүс шүү дээ! Жинхэнэ там болно. Хотжилт гэгч хичнээн аюултай зүйл болохыг тэгэхэд л хүмүүс ойлгоцгооно. Газар хөдлөлтийн төв нь Шинжуку дүүргийн захиргааны барилгатай тун ойр байх юм гэж хэлээд Мэлхий толгойгоо алгуурхан дохилоо.   

-           Шинжуку дүүргийн захиргааны барилгатай ойрхон гэнээ?

-          Бүр тодруулбал Токиогийн үнэт цаасны банкны Шинжуку салбарын яг дор байх болно.

Таг дуугүй болцгоолоо.

-          Та энэ газар хөдлөлтийг зогсоохоор төлөвлөж байгаа хэрэг үү?

-          Яг тийм. Наадахыг чинь би хийх болно. Чухамдаа гэвэл та, бид хоёр Токиогийн үнэт цаасны банкны Шинжуку салбарын дор орж Өттэй үхлийн тулаан хийнэ.

Банкны зээлийн хэлтсийн ажилтны хувьд Катагири өөрийн гэсэн арга барилаар олон тулаанд оролцож үзсэн хүн. Их сургуулиа төгсөн энэ банкинд ажилд орсноос хойш бүхэл бүтэн арван зургаан жилийн турш өдөр болгон тулалдаж байгаа нэгэн. Нэг үгээр хэлбэл тэр тийм ч их нэр хүндтэй биш зээлийн буцаан төлөлт хариуцсан ажилтан. Түүнэс бусад бүх ажилтнууд ахиухан зээл олгохын төлөө чармайцгаана. Ялангуяа эдийн засгийн “хөөсрөлт”-тэй давхацвал бүр нүдээ ч өгөхөөс буцахгүй болно. Тухайн үед мөнгө ямар ч их байсан юм газар эсвэл үнэт цаас байхад зээлийн эдийн засагчаас хүссэн хэмжээгээрээ зээл авна мөн зээлийн эдийн засагч хэр их хэмжээний зээл олгоно төдий хэмжээгээр нэр хүнд өсдөг байлаа. Зарим зээл их ярвигтай, банкиндаа эргэж төлөгддөггүй “усанд хаясан чулуу” шиг алга болчихдог гэмтэй. Катагири иймэрхүү явдалтай асуудал хариуцаж ажилладаг хүн дээ. Эдийн засгийн “хөөсрөлт” үгүй болоход түүний ажил овоорох шиг болдог. Эхлээд хувьцааны үнэ унахад дагаад газрын үнэ хямдраад ирэхэд барьцаалсан бүхэн анхлдагч шинж чанараа алдана. Тэвчээрээ барсан дарга нь энэ үед “Бушуухан явж зээлдэгч нараас байгаа бүхнийг нь авч ир” гэж уурсах нь бий.

Шинжукугийн зэргэлдээх Кабукичо толгой эргэм хүчирхийллийн тогтоцтойгоороо онцлогтой: эртнээс якудза нар, Солонгосын геондал, Хятадын триадынхантай хамтран зэвсэг, хар тамхины наймаа сүнгэнүүлцгээж, асар их мөнгө нүдэнд харагдахгүйгээр нэг мухраас нөгөө рүү шилжихэд хүмүүс ч мөн яндангаас савсах утаа мэт алга болцгооно. Өр барагдуулах ажлаар Катагири өөрийг нь ална тална гэсэн дээрэмчидтэй хичнээн удаа нүүр тулж байсан ч айж балгдсан нь үгүй. Банкны нэг муу ажилтныг аллаа гээд ямар утга байхав дээ? Алмаар байгаа бол ална л биз. Зодмоор санагдвал зодно биз яахав дээ. Эхнэр хүүхэдгүй, эцэг эх нь өнгөрөөд удсан, хоёр дүү нь коллежоо төгсөөд хүнтэй суугаад холбоо тасарсан тэр банкны өр барагдуулагч хийхэд яг тохирсон хүн. Алууллаа гэхэд хэнд ч муу юм болохгүй тэр битгий хэл Катагири ч өөрчлөгдөхгүй.

Дээрэмчдийн дунд ороод Катагири айж мэгддэггүй. Тиймдээ тун удалгүй нөгөөдүүлдээ дажгүй эр гэж тооцогдох болжээ. Дажгүй бол дажгүй л биз гэтэл одоо тэр юу ч ухаарах сөхөөгүй болжээ. Энэ мэлхий ямар дэмий юмаа чалчаад байна вэ? Ядаж байхад Өт ч гэж байх шиг.

-          Өт гэдэг чинь хэн билээ? гэж тэр бага зэрэг балмагдан асуулаа.

-          Өг газар дор амьдардаг юм. Маш том өт. Түүнийг уурлахад газар хөдлөлт болдог. Яг одоо тэр хачин муухай ууртай уурлаж байна хэмээн Мэлхий хариу барив.

-          Тэр юу боллоо гэж уурлаад байгаа юм бэ?

-          Ёстой мэдэх юм алга. Манантсан толгойдоо Өт чухам юу бодож байдгийг хэн ч мэдэхгүй. Тун цөөн хүн түүнийг харсан гэлцдэг. Тэр голдуу унтаж байдаг юм. Сэрэхгүй удаан унтах түүнд таатай байдаг бололтой. Газар дор харанхуй, дулаан орчинд хэдэн арван жилээр унтдаг. Тэгж удаан унтахаар нүд нь ширгэж, тархи нь цэлцэгнүүр болон хувирсан гээд бодоод үз. Түүний тухай намайг юу боддог вэ гэж асуувал тэр лав юу ч бодохгүй, зүгээр хэвтээд алсаас ирэх чичиргээ, чимээ бүрийг мэдэрч биедээ шингээн хадгалдаг гэж бодож байна. Гэтэл ямар нэгэн химийн урвалыг хүлээн авмагцаа уур хилэн болгон буцаан хариулдаг биз. Яагаад ингэж аашидагийг нь надад мэдэх юм алга. Тайлбарлаж ч чадахгүй юм.

Энэ бүхнийг өгүүлж дуусаад Мэлхий чимээгүй болж Катагириг ажиглан суулаа. Тэгснээ гэнэт:

-          Гэхдээ намайг битгий буруугаар ойлгоорой гэж гуйя. Хувьдаа би өттэй дайснууд биш юм шүү. Бас түүнийг биелсэн албин гэж үздэггүй. Тэглээ гээд түүнтэй анд бололцохгүй, дэлхий ертөнц дээр түүний оршин байгаа нь буруу ч юм биш. Дэлхий өөрөө янз бүрийн хэлбэр хэмжээтэй халааснуудтай асар том дах шүү дээ. Гэхдээ яг одоо бол өтийг анхаарахгүй орхиж болохгүй байдал үүсээд байна. Олон жилийн турш дотроо шингээж, хадгалж үлдсэн асар их үзэн ядалтаар зүрх сэтгэл, бие мах бодь нь урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр хорджээ. Хамгийн тусгүй нь өнгөрсөн сард болсон Кобегийн газар хөдлөлт түүний гүн нойрыг сэрээж орхисон явдал байгаа юм. Түүний уур хилэн дүрэлзэн бадарч Токио хотын дор газар хөдлөлт болгохоор шийдсэн. Би юу ярьж байгаагаа сайн мэднээ, ноён Катагири. Би сайхан нөхөрлөдөг хорхой шавьж найз нараасаа газар хөдлөлт хэзээ, ямар хүчтэй болох тухай найдвартай мэдээлэл авсан юм.

Мэлхий ядарсандаа амаа жимийн дуугүй болж дугариг нүдээ анив.

-          Өөрийн чинь хэлснээр бол та бид хоёр хамтдаа газар доор орж Өттэй тулалдан газар хөдлөлтийг зогсоох юм байна тийм үү? хэмээн Катагириг асуухад Мэлхий:

-          Яг тийм гэж хариуллаа.

Катагири аягатай цайгаа авснаа буцааж тавиад:

-          Би одоо болтол нэг зүйл ойлгохгүй байна. Яагаад заавал надтай хамт явахаар шийдсэн юм бэ? гэж асуухад Мэлхий түүний нүд рүү эгц ширтэж байгаад:

-          Ноён Катагири би таныг цаг үргэлж гүнээ хүндэтгэж явдаг. Та өнгөрсөн арванзургаан жилийн турш бусдын дургүйцэн зугтаадаг, хамгийн аюултай, мэргэн санаа шаардсан ажлуудыг гайхалтай биелүүлж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэхэд амаргүй байсныг би мэдэхийн сайнаар мэднэ, бас таны хийсэн бүхэнд дарга нар чинь ч тэр хамт ажилладаг хүмүүс чинь ч тэр хангалттай талархал илэрхийлж байгаагүйг сайн мэднэ. Тэдний билгийн мэлмий таг сохорцгоосон. Хэдийгээр тэд таныг урамшуулж, танд талархаж байгаагүй ч та хэзээ ч гоншигнож байсан удаагүй.

-          Энд таны ажилтай хамаатай асуудал ярихгүй ээ. Та эцэг эхийгээ бурхан болсны дараа өсвөр насны хоёр дүүгээ ганцаараа өсгөж, их сургуульд сурган төгсгөн улмаар өөрийхөө цаг, мөнгө гэр бүлтэй болох боломж гээд асар их золиос гаргасан. Тэглээ гээд хоёр дүү чинь хариу талархал огт илэрхийлэлгүй таныг хөсөр хаясан. Үүгээр зогсохгүй танд хүндэтгэлгүй хандаж, хайр халамжийг чинь үл тоомсорлосон шүү дээ. Би хувьдаа тэднийг тун ухамсар дорой аашилсан гэж боддог. Яг үнэндээ би таны өмнөөс дүү нарыг чинь тасар татан хаяхыг хүсэж байгаагаа хэлье. Гэтэл та өдий болтол өчүүхэн төдий ч уурлаж бухимдсангүй.

-          Чухам үнэнийг хэлэхэд танд гаднаасаа гял цал харагдах юу ч байдаггүй, бас цэцэн цэлмэг үггүй учраас эргэн тойрныхон чинь дорд үзэх хандлагатай байдаг. Гэсэн ч би таныг хэр ухаалаг мөн зоригтой хүн болохыг чинь мэднэ. Олон сая хүн амьдардаг энэ том хотод миний хажууд тулалдах танаас өөр итгэх хүн байхгүй.

-          Тэгвэл ноён Мэлхий та хэмээн Катагириг хэлэнгүүт Мэлхий яриаг нь таслан:

-          Намайг зүгээр л Мэлхий гэж дууд гээд нөгөө сарвуугаа өргөлөө.

-          Намайг яаж ийм сайн мэддэг болсон тухайгаа хэлээч Мэлхий.

-          Би энэ олон жилийн турш намагт зүв зүгээр вааглаж суулгүй амьдралд чухал зүйлсүүдийг тасралтгүй харж байлаа.

-          Мэлхий гэхдээ би тийм хүч чадалтай хүн биш бас газар доор юу болж байгааг огт мэдэхгүй шүү дээ. Өттэй харанхуйд тулалдах булчин шөрмөс надад заяасангүй.  Надаас илүү хүч чадалтай, каратэ эсвэл өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний дайчин танд захаас аван олдох байлгүй дээ гэж хэлэхэд Мэлхий том нүдээ эргэлдүүлэн:

-          Чин үнэнийг хэлэхэд байна шүү дээ ноён Катагири, бүх тулааныг ганцхан би хийнэ. Гэхдээ би ганцаараа чадахгүй. Надад таны зориг, шударга ёсны төлөөх чин хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. Та миний ард зогсоод “Урагшаа Мэлхий минь давшицгаая! Чи дийлж байна! Чиний  ялалтанд итгэж байна! Чи сайн тулаанч, дайчин!” гэж намайг зоригжуулан урамшуулах болно.

Ийн өгүүлээд Мэлхий гараа нэгэнтээ алдалснаа хэлхээтэй сарвуугаа өвдгөн дээрээ дахин тавилаа.

-          Шударгаар хэлэхэд ноён Катагири, харанхуйд Өттөй тулалдана гэдэг намайг ч айлгаж байна. Би олон жилийн турш энхийг эрхэмлэн аж төрөхдөө урлагын гайхамшиг, байгалын сайхныг биширсээр ирсэн. Тулаан бол миний хийх зүйл биш. Даанч тэгэх хэрэгтэй учраас би аргагүй болоод байна. Энэ тулаан яалт ч үгүй ширүүн байх болно. Би амьд эргэж ирэхгүй ч байж магадгүй. Тулалдаж байхдаа би үе мөчөө таслуулж магадгүй. Ницше “Айхгүй байх нь дээд цэцэн ухаан” гэсэнчлэн тулаанаас би ухарч зугтахгүй. Ноён Катагири би таныг эр зориго надтай хуваалцаж, намайг анд нөхрөө гэж үзэн бүх сэтгэлээсээ дэмжээсэй гэж чин зүрхнээсээ гуйж байна. Миний юу хэлэх гээд оролдоод байгааг та ойлгов уу?

Энэ бүхэн Катагирид үнэхээр утгагүй санагдана. Хэдийгээр үнэмшилгүй байсан ч Мэлхийн ярьсан зүйлд итгэмээр санагдаад явчихав. Мэлхийн нүүр царайны илэрхийлэл, энгийнээр ярьж байгаа нь түүний зүрхэнд шууд тусчээ. Олон жилийн турш банкины хамгийн ярвигтай хэлтэст ажиллаж байгаа Катагири энэ зэргийн юмыг мэдрэх чадвар  эзэмшсэн. Бараг л хоёрдахь чанар нь ч гэж болно.

-          Танд хэцүү байгаа гэдгийг би мэдэж байна ноён Катагири.  Нэг том Мэлхий гэрт чинь орж ирчихээд баахан хачин юм ярьснаа итгүүлэх гэж гуйгаад л.. Таны гаргаж буй хариу тэр чигээрээ бодитой байна. Тэгэхээр би танд өөрийгөө байгаа гэдгийг батлан үзүүлье. Танай банкны зээлдэгч “Дорнын долоон бурхан од” компани буцаан төлөлтөн дээрээ унжиж асуудал үүсгээд байгаа тийм үү ноён Катагири?

-          Тийм ээ, үнэн.

-          Энэ компанийн үйл ажиллагааг мафихантай холбоотой этгээдүүд хөшигний араас удирддаг. Тэд удахгүй өрөө төлөхгүйн тулд компаниа дампууруулахаар төлөвлөж байгаа. Танай зээлийн эдийн засагч хангалттай судалж үзэлгүй их хэмжээний мөнгө бэлнээр өгсөн, харин тэр их ноён Катагири танаас өөр хэн ч буцааж төлүүлж чадахгүй. Энэ компанийн хүмүүс тийм ч амар хоол биш учраас таны үйлийг үзэх шиг болно. Бас тэдний ард нэр нөлөөтэй улс төрч байдгийг та мэдэж байгаа. Эргэн төлөгдөх ёстой нийт дүн нь долоон зуун сая иен. Таны өмнө ийм нөхцөл тулгараад байна, би зөв ярьж байна уу?

-          Бүгд үнэн байна гэхээс өөр үг Катагири хэлсэнгүй.

Мэлхийг гараа алдлан алгаа дэлгэн суниахад хуруунуудыг нь холбосон ногоон сарьс өлөн цагаан болж хувирлаа.

-          Ажилдаа санаа зовох хэрэггүй ноён Катагири. Бүхнийг надад даатгачих. Маргааш өглөө гэхэд таны асуудлуудыг Мэлхий миний бие шийдчихсэн байх болно. Одоо сайхан тайвшираад унтаж амар даа гэж хэлээд тэр маасайтал инээмсэглэн өндийлөө. Тэгснээ хатаасан наймаалж шиг хавтгай юм болсноо Катагириг гав ганцааранг нь үлдээн хаалттай хаалганы завсраар гараад явчихлаа. Ширээн дээрх хос цайны аяга л хэзээ нэгэн цагт Катагиригийн гэрт Мэлхий ирснийг илэрхийлнэ.

Маргааш өглөө нь есөн цагт Катагириг ажилдаа дөнгөж ирэнгүүт ширээн дээрх утас нь жингэнэн дуугарлаа. Харилцуурыг нь аваад чихэндээ барьтал ажил хэрэгч, хүйтэн хоолойтой эр:

-          Ноён Катагири, намайг Сираока гэдэг. “Дорнын долоон бурхан” компанийн хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч байна. Өнөө өглөө би үйлчлүүлэгчээсээ хүлээгдэж байгаа зээлийн тухай мэдээлэл хүлээн авсан юм. Үйлчлүүлэгч маань товлосон хугацаанд зээлийн эргэн төлөлтийг  бүрэн хариуцах болсноо  танд мэдэгдэхийг хүссэн юм. Баталгаа болгож итгэлцэлийн меморандумд гарын үсэг зурах болно. Дээр нь тэр эрхэм Мэлхийг гэр рүүгээ битгий явуулаарай гэж аминчлан гуйсан юм. Би давтан хэлье тэр танаас Мэлхийг битгий дахин ирүүлээрэй гэж хичээнгүйлэн гуйсан юм шүү. Чухам юун тухай яригдаж байгааг би мэдэхгүй ч энэ бүхэн ноён Катагири танд ойлгомжтой байгаа гэж би найдаж байна. Би зөв ойлгож байна уу?

-          Та зөв ойлгожээ гэж Катагири хариуллаа.

-          Та сая сонссон зүйлээ цаг алдалгүй эрхэм Мэлхийд дамжуулна гэдэгт би итгэж байна.

-          Тэгнээ. Таны үйлчлүүлэгч дахиж хэзээч Мэлхийтэй уулзахгүй.

-          Маш их баярлалаа. Би итгэлцэлийн меморандумыг маргааш гэхэд танд хүргүүлье.

-          Тун их талархаж байна.

Ингээд утас тасарлаа.

Үдийн цайны цагаар Катагиригийн ажил дээр Мэлхий ирээд:

-          “Дорнын долоон бурхан” компанийн асуудал нааштай шийдэгдсэн үү? хэмээн асууснаа Катагириг эргэн тойрноо хавчигнан харахад:

-          Битгий санаа зов. Намайг ганцхан та л харж байгаа. Намайг үнэхээр оршин байдаг гэдгийг та одоо мэдсэн гэдэгт найдаж байна. Би таны төсөөллийн бүтээл биш шүү. Би үр дүн нь ил харагдах зүйл хийдэг. Би бодитой бас амьд биет гэлээ.

-          Ноён Мэлхий та...

-          Зүгээр л мэлхий гэж дууд, гуйж байна гээд мөнөөх нэг хуруугаа гозойлгов.

-          Мэлхий, та тэднийг яаж ийм дуулгавартай болгочихов оо?

-          Бараг яагаа ч үгүй дээ. Брюссель маягаар байцаа чанахаас ч хялбар байлаа. Жозеф Конрад нэгэнтээ “жинхэнэ хүчирхийлэл нь эрчүүдийн төсөөлөлд чиглэсэн мэдрэмж төрүүлэх явдал юм” гэж  бичсэнчлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл болгож жаахан сүрдүүлсэн төдий. Энэ тэгтлээ анхаараад байх зүйл биш л дээ ноён Катагири. Харин надад “Дорнын долоон бурхан” компанийн асуудал илүү сонирхолтой байна. Дажгүй юу?

      Катагири толгой дохиод тамхиа асааснаа:

-          Тэгж таарлаа.

-          Тэгэхээр би өнгөрсөн шөнө тавыг чинь алдуулж ярьсан зүйлдээ таны итгэлийг олжээ дээ?  Та надтай хамт Өтний эсрэг тулалдах уу?

      Катагири санаа алдснаа нүдний шилээ авч арчаад:

-          Үнэнийг хэлэхэд би таныг дагаад тулалдахдаа хүртэл “галзуураагүй” ч энэ бүхэн зайлшгүй гэдгийг мэдэж байна.

-          Үгүй ээ. Энэ бол хариуцлага, хүндэтгэлийн асуудал. Таны “галзуурсан” үгүй энд ямар ч хамаагүй, гэхдээ бидэнд өөр сонголт байхгүй. Та бид хоёр хамт газар доор орж Өттэй нүүр тулан тулалдах болно. Тулааны явцад бид амь насаа алдлаа гэхэд хэн ч биднийг өрөвдөхгүй. Өтийг ялсан тохиолдолд мөн хэн ч биднийг магтахгүй. Энэ тухай зөвхөн та бид хоёр л мэдэх болно ноён Катагири. Юм яаж ч эргэсэн энэ тулаан зөвхөн биднийх л байх болно.

      Катагири гараа харж байснаа янжуурнаасаа уугих утааг дагуулан харлаа. Эцэст нь тэр ам нээж:

-          Ноён Мэлхий би энгийн хүн шүү дээ гэхэд цаадахынхаа:

-          Зүгээр Мэлхий гэж залруулахыг чихнийхээ хажуугаар тоохгүй  өнгөрүүлээд цаш нь:

-          Би энгийн нэг хүн. Бүр энгийнээс ч доор. Миний үс унаж, гүзээ сууж байна, өнгөрсөн сард дөчин нас хүрсэн. Хөлийн тавхай хавтгай, саяхан эмчид үзүүлэхэд чихрийн шижинтэй болох хандлага харагдлаа гэсэн. Хамгийн сүүлд эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлж хоносноос хойш гурван сар илүү өнгөрөөд байгаа, ясны мэргэжилтэй байсан учраас бас төлөх ёстой. Хамт жилладаг хүмүүс маань миний зээл буцаан төлүүлдэг чадварыг мэддэг гэхдээ үүнийг хүндлэл гэж болохгүй. Ажил дээр ч аминдаа ч намайг тоох хүн байдаггүй. Би хүмүүстэй хэрхэн харьцахаа сайн мэддэггүй учраас гадны хүмүүстэй танилцдаггүй, тэгээд хэзээ ч дотносож нөхөрлөж байсангүй. Спортоор хичээллэж байгаагүй учраас бие бялдрын өсөлт тэг, таг дүлий шахуу, харалган дээрээ өнгө ялгадаггүй, ойрын хараа муутай. Аймшигтай гэмээр амьдардаг хүн дээ. Идэж, унтаж, баас алдахаас өөр шидгүй гэж болно. Юуны төлөө амьд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна. Яахаараа над шиг хөгийн амьтан Токио хотыг сүйрлээс аврах юм бэ?

-          Яагаад гэвэл Токио хотыг яг тань шиг хүн л аврах ёстой юм. Бас тань шиг хүмүүсийн төлөө би Токио хотыг аврахаар Өттэй тулалдах ёстой гэж Мэлхий чичирсэн хоолойгоор хэллээ. Катагири энэ удаа гүнзгий санаа алдаад:

-          Тэгвэл би юу хийх ёстой вэ?

Мэлхий өөрийнхөө төлөвлөгөөг Катагирид танилцууллаа. Хоёрдугаар сарын арвандолоон (газар хөдлөлт болохоос нэг хоногийн өмнө)-ы шөнө тэд газар дор, Токиогийн үнэт цаасны банкны Шинжуку салбарын хонгил дахь халаагуурын өрөөгөөр дамжин орох ажээ. Катагири тэр өдөр илүү цаг ажиллана гэдэг шалтгаанаар үлдэж шөнө болсон хойно Мэлхийтэй уулзана. Халаагуурын өрөөний ханыг нэвтлэхэд цооног таарах агаад хорлонт Өтийг олохоор зуун тавин алд гүн рүү олсон шатаар буухаар болов.

-          Танд тулааны төлөвлөгөө бий юу гэж Катагириг асуухад Мэлхий:

-          Мэдээж байлгүй яахав. Байхгүй бол тулааны төлөвлөгөөгүй Өт шиг дайсантай тулалдах найдвар бидэнд үгүй болно шүү дээ. Нялцгар биетэй хаана ам, ац нь хаана байгаа нь мэдэгдэхгүй эвгүй золиг. Бас болоогүй метроны вагон шиг том гэж байгаа.

-          Тэгээд тэр төлөвлөгөө чинь юу юм бэ?

Мэлхий хэсэг бодол болон дуугүй байснаа:

-          Хүмүүс та нар Дуугүй байх нь АЛТ гэдэг билүү? гэхэд Катагири:

-          Асуухгүй байсан нь дээр гэж үү?

-          Тэгж хэлж бас болноо.

-          Хэрвээ би гэнэт айгаад хамгийн сүүлийн мөчид зугтаачихвал ноён Мэлхий та яах бол?

-          Мэлхий гээч.

-          Тэгвэл та яах вэ Мэлхий?

Мэлхий хэсэгхэн зуур бодол болсноо:

-          Ганцаараа тулалдана даа. Ямар ч гэсэн ганцаараа тулалдаад миний ялах боломж хурдтай яваа уурын тэрэгтэй мөргөлдсөн Анна Каренинаг бодвол жаахан илүү л дээ. ингэхэд та” Анна Каренина”-г уншсан уу, ноён Катагири?

-          Уншаагүй юм байна гэж Катагириг хэлэхэд Мэлхий түүн рүү “иш чааваас даа, ичээсэй” гэх шиг харлаа. “Анна Каренина” түүнд их таалагддаг бололтой юмаа.

-          Ноён Катагири, хичнээн ингэж ярьсан ч намайг ганцаараа тулалд гээд хаяад зугтаана гэдэгт чинь би итгэхгүй байна. Харин ч нэг хэлнэ шүү. Бидний яг энэ яриа надад харамсалтай нь даанч заяагаагүй төмсөг шиг хоосон яриа боллоо. Хахахаха хэмээн Мэлхий амаа том ангайлган хөхөрлөө. Мэлхийнд төмсөг үнэхээр байсангүй. Бас шүд ч байдаггүй аж.

Гэнэт урьдчилан тооцоогүй зүйл тохиолдлоо.

Катагири хоёрдугаар сарын арвандолооны орой буудуулчихав. Үйлчлүүлэгч нараас өр нэхэх ажлаа  дуусгачихаад Токиогийн үнэт цаасны банкны Шинжуку салбар руу буцаж явтал түүний өмнө савхин хүрэмтэй залуу гараад иржээ. Нүүрэндээ баг, амны хаалт зүүгээгүй ч гартаа жижигхэн, хар гар буу атгасан байлаа.  Гар буу нь жижигхэн гэж жигтэйхэн, гялалзсан хар бараг тоглоом гэмээр ажээ. Мөнөөх залуу буугаа өөр рүү нь чиглүүлээд гохоо дартал нь Катагири гар дахь бууг нь гөлөрсөөр байсан юм. Бүх зүйлс нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн тул чухам юу болсныг тэр анзаарсангүй. Гэтэл буун дуу тас хийлээ.

Катагири бууны гол төмөрт агаарт доргихыг харахын зэрэгцээ хэн нэгэн этгээд баруун мөрийг нь хар хүчээрээ лантуугаар цохих шиг болохыг мэдрэв. Өвдөлт огт мэдрээгүй ч явган хүний зам дээр тэрийн хадан уналаа. Баруун гартаа барьсан арьсан цүнх нь хаа нэг тийшээ нисэн одов. Мөнөөх залуу мань эр рүү дахин буугаа чиглүүлтэл хоёр дахь удаа буу дуу тас хийгээд  явчихлаа. Замын дэргэдэх жижигхэн хоолны газрын хаяг нүднийх нь өмнө нэг тодров. Хүмүүс хашгиралдаад явчихыг тэр сонслоо. Нүдний шил нь сугаран шидэгдсэн болохоор хамаг юмс бүрийн үзэгдэнэ. Савхин хүрэмт буугаа өөр рүү нь чиглүүлсээр дөхөөд ирэхийг тэр бүүр түүрхэн анзаарав. “Жинхэнэ хүчирхийлэл нь эрчүүдийн төсөөлөлд чиглэсэн мэдрэмж төрүүлэх явдал юм” гэж Мэлхий хэлж байсан билээ. Катагири төсөөллөө таслан ямар ч жингүй нам гүмд умбав.

Эмнэлгийн орон дээр мань эр ухаан орлоо. Нэг нүдээ нээж эргэн тойрноо харснаа нөгөө нүдээ нээв. Хамгийн түрүүнд тэр орны хажуугийн төмөр шонд тогтоосон дуслын тариаг харлаа. Дэргэд нь цагаан халаттай сувилагч үзэгдэв. Нүцгэн биеэн дээрээ хувцас гэхэд хэцүү юм углаад хатуу орон дээр дээшээ харан хэвтэж байгаагаа тэр мэдлээ.

Нээрээ тийм, намайг замаар алхаж байхад нэг залуу буудсан шүү дээ гэж тэр бодов. Мөр рүү буудсан байх шүү. Яг тэгсэн. Тэр болсон явдлыг ухаан санаандаа сэргээн санав. Мөнөөх залуугийн гартаа атгаастай байсан жижиг хар өнгөтэй гар бууг санангууд зүрхээр нь хатгуулаад явчихлаа. Муусайн нохойн гөлөгнүүд намайг алах гэсэн байна шүү! Гэж тэр бодоод амжив. Гэхдээ би алзахгүй ээ. Ухаан санаа минь саруул байна. Өвдөх юм алга. Ганц өвдөлт ч биш юмаа, надад мэдрэгдэх юм алга байна шүү дээ. Ингэхэд би гараа өргөж чадахгүй байна...

Эмнэлгийн палат цонхгүй ажээ. Яг одоо өдөр, шөнийн аль нь болохыг тэр хэлж чадахгүй шинжтэй. Тэр арвандолоон цаг хараахан болоогүй байхад буудуулсан. Түүнээс хойш хэдэн цаг өнгөрсөн бол? Мэлхийтэй уулзахаар болзсон цаг өнгөрчихөөгүй байгаа даа? Катагири хэвтэж байгаа палатныхаа хананд цаг байгаа эсэхийг хайсан боловч нүдний шилгүй болохоор ролын юмс үзэгдсэнгүй.

-          Өршөөгөөрэй сувилагчаа.

-          Өө ашгүй та ухаан орлоо.

-          Хэдэн цаг болж байна вэ?

Сувилагч бугуйн цагаа хялахийн хараад:

-          Ес арвантав.

-          Оройны юу?

-          Та тоглоогүй биз дээ. Өглөөний ес арван тав болж байна.

-          Өглөөний ес арвантав болж байгаа юм уу? гэж Катагири хоолойгоо хэржигнүүлэн асууснаа дэрэн дээрээсээ толгойгоо өргөв. Түүний хоолойноос хэржигнэн гарсан чимээ өөр хүний дуу шиг сонсогдов.

-          Хоёрдугаар сарын 18 өдрийн өглөөний есөн цаг арвантаван минут уу гэж асуувал сувилагч ахин нэгэнтээ магадлах мэт гараа өргөн цахим цагныхаа он сарыг харснаа:

-          Яг тийм. Өнөөдөр 1995 оны хоёрдугаар сарын 18 өдөр гэв.

-          Өнөө өглөө Токиод их хэмжээний газар хөдлөлт болсон уу?

-          Токиод уу?

-          Тиймээ, Токиод.

Сувилагч толгойгоо сэгсрээд:

-          Их, бага ямар ч газар хөдлөлт Токиод болоогүй гэдгийг л би мэдэж байна гэлээ.

Катагири тайвширч санаа алдлаа. Юутай ч гэсэн сүйрэл болоогүй ажээ.

-          Би хэр хүнд шархадсан бэ?

-          Таны шархаа? Юун шарх билээ?

-          Би хаанаа буудуулсан бэ?

-          Та буудуулсан гэж үү?

-          Тиймээ, үнэт цаасны банкны хаалганы ойролцоо буудуулсан шүү дээ. Нэг залуу намайг буудсандаа. Баруун мөр рүү буудах шиг болсон.

Сувилагч сандрангуй инээмсэглээд:

-          Өршөөгөөрэй ноён Катагири, гэхдээ та огт буудуулаагүй шүү дээ.

-          Буудуулаагүй гэнээ? Та үнэн хэлж байгаа биз?

-          Өнөө өглөө Токиод газар хөдлөөгүйтэй адил үнэн шүү. Катагири мэлэрч орхилоо.

-          Тэгвэл би яагаад танай эмнэлэгт байгаа билээ?

-          Таных ухаангүй гудамжинд хэвтэж байхыг хүн олосн. Шинжукугийн хажууханд Кабукичод. Таны биенд ил шарх байхгүй. Та зүгээр л даарсан байсан. Юунаас болсныг манай эмч нар одоо болтол мэдээгүй байна. Удахгүй эмч нар ирнэ. Та тэдэнтэй аоьсан нь дээр байх.

Гудамжинд ухаангүй хэвтэж байсан гэнээ? Өөр рүү нь буу чиглүүлж байхыг Катагири яах аргагүй харсан даа. Тэр гүнзгий амьсгаа аваад ухаан бодлоо цэгцлэхээр шамдав. Юуны өмнө бүх баримтуудыг дараалалд оруулах ёстой.

-          Та намайг өчигдөр оройноос хойш эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байгаа гэсэн байхаа?

-          Тиймээ ноён Катагири. Таны бие шөнө их муудсан. Хар дарж зүүдлээд байх шиг санагдсан. “Мэлхий! Хүүе Мэлхий!” гэж орилохыг бинь би сонссон. Та их олон удаа тэгж дуудсан. Танд лав Мэлхий гэдэг нэртэй найз байдаг байх аа?

Катагири нүдээ аниад өөрийх нь амьдралын хором бүрийг хэмжих мэт зөөлөн нэгэн хэмээр цохилох зүрхээ сонсов. Энэ бодит байдал хэзээ болтол үргэлжлэх хийгээд хэдийнээс уран сэтгэмж эхлэх юм бол? Мэлхий үнэхээр байсан уу? Мэлхий нөгөө гайхал Өттөй тулалдаж газар хөдлөлтийг зогсоосон болов уу?  Эсвэл асар удаан зүүдний хэсэг байсан юм болов уу? Энэ бүхний аль нь чухам үнэн болохыг Катагири огт ойлгохгүй зүдрэнэ.

Тэр шөнө эмнэлэг дээр Мэлхий ирлээ.  Катагириг нүдээ нээтэл эвхдэг төмөр сандал дээр хана налаад сууж байх нь бүдэг гэрэлд харагдах нь тэрээ. Мэлхий бүлтгэр, том нүднийхээ ногоон зовхийг нарийн зураас гарган анижээ. Катагири:

-          Мэлхий! хэмээн чангаар дуудлаа.

Мэлхий нүдээ алгуурхан нээв. Түүний том цайвар өехий амьсгалах тоолонд нь нэг томорч бас жижгэрнэ.

-          Би тэр шөнө амласан ёсоороо халаагуурын өрөө рүү очих гэж байтал орой нь гайтой юм шиг ёстой санамсаргүй зүйл болж хүмүүс намайг ийш нь авч ирсэн байна билээ.

Мэлхий үл ялиг толгой дохиод:

-          Би мэднээ. Бүх зүйл сайхан болсон. Санаа зовох хэрэггүй. Намайг ид алалцан тулалдаж байхад маш их тусалсандаа ноён Катагири.

-          Би байсан юм уу?

-          Тиймээ та байсанэ та зүүдэндээ маш их ажил хийсэн. Боломжтой бүхнээ хийсний чинь хүчээр би Өттэй тулалдаж ялсан шүү дээ. Намайг ялуулсанд би танд талархах ёстой.

-          Ойлгохгүй байна шүү. Би энэ хугацаанд ухааншй байсан. Эмнэлгийнхэн надад байнга тариа залгаастай байлгасан шүү дээ.  Зүүдэндээ юу хийснээ санахгүй байна.

-          Зүгээрээ ноён Катагири.  Санахгүй байсан нь дээр. Хамгийн аймшигт тулаан төсөөллийн ертөнцөд болсон. Тэр чинь манай тулааны талбар шүү дээ. Тэнд л бид ялж бас ялагддаг. Бидний хэн хэнд маант хязгаарлагдсан хугацаатай, тэгээд бүгдээрээ эцэст нь ялагдаад зайлдаг. Эрнест Хемингуэй үүнийг маш тодорхой харсан тул бидний амьдралын эцсийн үнэ цэнэ хэрхэн яаж ялахаас бус яаж ялагдахаас л шийдэгддэг.  Та бид хоёр хамтдаа ноён Катагири, Токио хотыг сүйрлээс аварсан шүү дээ. Зуун тавин мянган хүн үхлийн аманд ороогүй.  Гэсэн хэдий ч бидний хийснийг хэн ч мэдээгүй.

-          Ингэхэд та яаж Өтийг ялсан бэ? Би чухам юу хийж тусалсан юм бол?

-          Ялахын төлөө бид байгаа бүхнээ зориулсан. Гартаа олдсон бүх зэр зэвсгүүдээ ашигласан ноён Катагири гэж хэлээд Мэлхий чимээгүй болж гүнзгий амьсгаа авлаа. Тэгснээ цааш нь:

-          Бид хамтдаа хамаг хүч чадал, эр зоригоо гаргасан. Өөдгүй муу Өт харанхуйг талдаа татсан байлаа. Та механик ажиллагаатай гар чийдэн авчирч асаасан нь бүх орон зайг гэрэлтүүлсэн. Өт таныг айлган зайлуулах гэж харанхуйн хий үзэгдлүүдээ явуулсан ч та байрнаасаа хөдлөөгүй. Харанхуй, гэрлийн дунд тэмцэл өрнөж, таны гаргасан гэрлийн хүчинд би аймшигт Өттэй тулалдсан. Өт намайг хөдөлгөөнгүй болгох гэж биеэрээ ороогоод, хортой шүлсээрээ булж гарсан. Арайхийн түүнийг хэдэн хэсэг хуваахад амь нь тасрахгүй их удсан. Тэд улам олуулаа болон миний эсрэг нэгдэн тэмцэлдсэн. Тэгтэл...

Мэлхий дахин хэсэг дуугүй болсноо эцсийн хүчээ шавхан:

-          Феодор Достоевский зохиолууддаа Бурханд хаягдсан хүмүүсийн тухай хэзээ ч зүйрлэж байгаагүй зөөлөн сэтгэлээр өгүүлсэн байдаг. Өөрийгөө бий болгосон хүн төрөлхтний оршин тогтнох үнэ цэнэтэй чанарыг огт хайхралгүй Бурхан орхисон аймшигтай гаж явдлыг тэр олж харсан байгаа юм. Өттэй тулалдаж байхдаа би Достоевскийн “Цагаан шөнө” туужийг бодож байлаа гэхэд Мэлхийн дуу улам цаашаа орлоо. Гэсэн ч тэр үргэлжлүүлэн:

-          Ноён Катагири, би түр дуг хийвэл болох уу? Би маш их ядарч байна.

-          Тэг дээ. Сайхан унтаад амарчих.

Мэлхий нүдээ анин суудлаа зассаныхаа дараа:

-          Сүүлдээ миний хүч барагдаж Өтийг дийлэхээргүй болж ирлээ. Газар хөдлөлтийг хэдийгээр зогсоосон ч Өттэй хийсэн тулаан тэнцэж дууссан даа. Би түүнийг шархдуулсан тэр надаас хариугаа авсан. Ноён Катагири, үнэндээ бол...

-          Үнэндээ бол юу гэж?

-          Үнэндээ бол би жирийн нэг Мэлхий шүү дээ, гэхдээ би мэлхий бус төрөлтний төлөө тэмцсэн.

-          Би наадахыг чинь ойлгохгүй байгаа юм даа хэмээн Катагириг хэлэхэд Мэлхий нүдээ аньсан хэвээр:

-          Би өөрөө ч ойлгохгүй байна. Энэ зүгээр л миний мэдрэмж. Нүдээрээ харж байгаа бүхэн чинь бүгд бодитой байх албагүй.  Миний дайсан миний дотор л байдаг, түүнийг өөр хаанаас ч хайгаад олохгүй. Миний дотор надаас өөр хэн нэгэн байна. Толгой тархи ч манантаад ирлээ. Цаанаас чинь галт тэрэг ирж байна. Ноён Катагири, та миний ярьж байгааг ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-          Та их ядарчээ Мэлхий. Унтаад ав. Зүгээр болчихоод сэрнэ.

-          Ноён Катагири, миний толгой улам ихээр манантаж байна. Хэрвээ намайг...

Мэлхий хэлж буй үгнийхээ утгыг олохоо байж ухаан алдан муужирлаа. Өөрийн мэдэлгүй урт гараа  шаланд хүртэл унжуулж, дарваан амаа ангайлгажээ. Хамаг бие нь шарх, сорви болсныг нь Катагири хараа муутай нүднийхээ харцыг төвлөрүүлэн харлаа. Арьс нь шархадсан хэсгээрээ өнгө алдан цайж, толгойноос нь хэсэг мах оргүй алга болжээ...

Суудал дээрээ гүн нойронд автах Мэлхийг, Катагири удаан бас анхааралтайгаар ширтлээ. Эмнэлгээс гарангуутаа “Анна Каренина”, “Цагаан шөнө” хоёрыг авч унших юм шүү. Дараа нь уншсан зохиолын тухай Мэлхийтэй хэлэлцэх юм хуна гэж бодов.

Хэсэг хугацааны дараа Мэлхийний хамаг бие татвалзаад эхэллээ. Катагири зүүдэндээ санаандгүй хөдөлж байна гэж бодсон ч удалгүй үгүй болохыг нь анзаарчээ. Аварга хүүхэлдэйн араас хүн хөдөлгөөд байгаа юм шиг Мэлхийний хамаг бие хэвийн биш байдалтай жигтэй татганана. Катагири амьсгаагаа түгжин түүнийг харсаар байв. Хэдийгээр тэр Мэлхүү рүү гүйн очиж сэрээмээр байсан өөрийх нь бие бусдын мэдлийх болсон мэт хөдөлгөөнгүй болоод нэг хоножээ.

Мэлхийний баруун нүд нь хавдснаа удалгүй томорлоо. Мөрөн дээр нь бас хоёр суганых нь дотор хавдар үүсэж улмаар хамаг бие нь шарханд баригдав. Мэлхийнд юу тохиолдоод байгааг Катагири төсөөлж чадсангүй. Тэр арай ядан амьсгалж болж буй явдлыг гөлөрсөөр.

Гэнэт нэг хавдар чанга дуугаран хагарлаа. Арьс нь тэрүүхэн хэсэгтээ тасран унаж, цаанаас нь зунгааралдсан идээ бээр өмхий ханхалуулан шүүрэв. Бусад хавдрууд ч гэсэн араас нь ээлж дараалан хагарсаар нийтдээ хорь бишээ гучид хүрч, Мэлхийний тасарч салбайн өнгөгүй болсон арьс, идээ бээр эмнэлгийн хананд наалдана. Тэсэхийн аргагүй өмхий эмнэлгийн палатыг дүүргэв. Мэлхийний бие дээрх шархнуудаас идээ бээр шавхагдан гарсны дараа хар нүхнүүд болон хоцроход цаанаас нь янз бүрийн хэлбэр хэмжээнүүдтэй өт шиг зүйлс гарч эхэллээ. Бэлцийсэн цагаан өтнүүд. Тэдний араас үй олон хөлтэй хорхой шавьжнууд шажигнасан зэвүүн дуу гарган цувралдав. Арвайж сарвайсан эдгээр шавьжнууд шархны нүхнээс төсгөлгүй урсана. Мэлхийний бие эсвэл хэзээ нэгэн цагт Мэлхий байсан тэр биеийг эдгээр бузар амьтас бүхэлд нь бүрхэв. Мэлхийний хоёр нүд гэв гэнэт ухархайнаасаа сугаран шалан дээр унан өнхрөхөд өнөөх зэвүүн амьтад хүчирхэг завьжаараа тасчин идэх нь эгдүүцэл төрөм харагдана. Бэлцгэр цагаан өтнүүд хана, таазан дээгүүр уралдан мөлхсөөр сүүн гэрлийн бүрхүүлийг бүчиж улмаар галын дохиоллыг эзэгнэв.

Өт, хорхойнууд шалыг ч бас бүрхжээ. Хорхой шавьжнууд гэрлийн бүрхүүлийг бүчиж палат тэр чигээрээ бүүдийгээд ирлээ, мэдээжийн хэрэг тэд Катагиригийн хэвтэж байсан орыг зүгээр орхисонгүй бөөнөөрөө хучаад авлаа. Тэд хэдэн зуугаараа хөнжил дотор нь оржээ. Эмнэлгээс өмсгөсөн хувцасны завсраар шургасан өтнүүд хөл рүү авиран бэлхүүсэнд нь туллаа. Хамгийн жаахан өт, хорхойнууд анусны нүх, чих, хамар руу нь чихэлдэн зүтгэцгээнэ. Жаран хөлтүүд Катагиригийн амыг нээж ар араасаа ам руу нь цутган орцгооно. Цөхөрч бахардсандаа Катагири чанга хашгирав.

Унтраалга чадхийн дуугарахад эмнэлгийн палатанд гэрэл мэлсхийн аслаа.

-          Ноён Катагири гэж сувилагчийг дуудахад тэр нүдээ нээн гэрэл харав. Хамаг бие нь хөлсөндөө нэвт норжээ. Зэвүүн өт хорхойнууд харагдсангүй. Дотор хутгалдуулсан мэдрэмж үлдээгээд алга болцгоожээ.

-          Дахиад л хар дарж зүүдлэв үү? Хөөрхий амьтан гэснээ сувилагч бүсгүй сурамгай хөдөлгөөнөөр тарилга бэлдээд бугуйнд нь зүүгээ зоон тарив. Катагири уртаар гүнзгий амьсгаа авснаа буцаан гаргалаа. Зүрхээр нь хүчтэй хатгуулан хөндүүрлэв. Сувилагч:

-          Та юу зүүдэлсэн бэ?

Катагири зүүдээ бодит байдлаас ялгах гэж хэсэгтээ зүйлгэртэв. Тэгснээ зөвхөн өөртөө сонсогдох төдий:

-          Нүдээрээ харж байгаа бүхэн бодитой байх албагүй хэмээн шивнэлээ.

-          Үнэн үг шүү. Ялангуяа зүүдний тухай бүүр ч үнэн гээд сувилагч инээмсэглэв.

-          Мэлхий, Мэлхий хэмээн Катагириг бувтанахад  сувилагч:

-          Танай найз Мэлхий юу хийж орхио вэ?

-          Токио хотыг газар хөдлөлтийн сүйрлээс гав ганцаараа аварсан юм.

-          Ёстой мундаг юмаа. Бид муу муухай зүйлсийг хангалттай үзсэн болохоор манай хотод зэвүүн, заваан юмнууд дахиад хэрэггүй гэж хэлэх зуураа сувилагч хүүхэн мөн л дадал болсон хөдөлгөөнөөр яах ийхийн зуургүй хоосорсон дуслын тариаг шинээр солив.

-          Мэлхий амь насаараа дэнчин тавьсан даа. Одоо тэр байхгүй. Бодвол намаг руугаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан байх.

-          Ноён Катагири, та Мэлхий найздаа их хайртай юм тийм үү? гэснээ сувилагч бүсгүй Катагиригийн хэзээ ч харж байгаагүй инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар духан дээрх хөлсийг нь арчлаа. Катагири:

-          Галт тэрэг... хэнээс ч илүү хайртай гэж аяархан бувтнав.

Тэгээд нүдээ анин зүүдгүй, амгалан нойронд гүн автжээ.

 

2020 оны 11 сарын 8 Ням гараг

10:50 минут

 

Гамбино

No comments:

Post a Comment