Wednesday, March 27, 2019


ЛИЛЛИГ ЧИ ҮНССЭН БИЗ ДЭЭ
Чарльз Буковски

      Лхагва гарагийн шөнө. Зурагтаар олигтой нэвтрүүлэг гарсангүй. Теодор 56, эхнэр Маргарет нь 50 настай. Хорин жил хамт амьдрахдаа дундаасаа хүүхэд төрүүлээгүй аж. Тед гэрлээ унтраав. Харанхуйд хоёулаа орон дээрээ тэрийн хэвтэцгээлээ.
-          За яахав, ингэхэд чи намайг унтахын өмнө үнсэхгүй юм уу хэмээн Марги тунирхав.
      Тед санаа алдаад эхнэр рүүгээ эргээд ор нэр төдий үнссэн болов.
-          Энийг чинь үнсэлт гэх үү? Тэд хариу хэлсэнгүй.
-          Саяны нэвтрүүлгээр гарсан хүүхэн Лиллитэй хачин адилхан юм, тиймээ?
-          Мэдэхгүй ээ,
-          Чи мэдэж л байгаа шүү дээ.
-          За одоо эхэллээ – тэглээ гээд юу ч болохгүй.
-          Чи зүгээр л энэ тухай ярилцахыг хүсэхгүй байна. Хамаг бодлоо өөрөөсөө хүртэл нуудаг. Яг үнэнээр нь хэлээрэй. Сая зурагтаар гарсан хүүхэн Лиллитэй адилхан байсан биз дээ?
-          За яахав. Төстэй юм байсан.
-          Тэгээд л чи шууд Лиллиг бодсон уу?
-          Ээ бурхан минь...
-          Битгий яриа дүйвүүлээд бай! Чи бодсон биз дээ?
-          Түрхэн зуур л санагдсан...
-          Тэгээд чамд сайхан байна уу?
-          Үгүй дээ Марги, энэ чинь таван жилийн өмнө болоод өнгөрсөн явдал шүү дээ.
-          Цаг хугацаа ямар нэг юм өөрчлөх үү?
-          Би тэгэхэд уучлалт гуйсан шүү дээ.
-          Уучлалт гуйсан гэнээ! Надад ямар байсныг мэдэх үү? Хэрвээ   би ямар нэг хар юмтай явалдсан бол чамд ямар байх байсан бол?
-          Мэдэхгүй юм даа. Чи тэгээд үз л дээ – тэрний дараа л мэдэгдэнэ.
-          Одоо болохоор хүн доромжилж байх шив дээ.  Хөгийн амьтан шүү!
-          Марги, хоёулаа энэ тухай дөрөв таван зуун удаа ярьсан.
-          Лиллитэй энгэр зөрүүлж байхдаа намайг сая үнссэн шигээ үнсдэг байсан уу?
-          Үгүй байх аа...
-          Тэгвэл яаж үнсдэг байсан гэж?
-          Тэнгэр минь болиод өгөөч дээ!
-          Яаж?
-          За... өөр л байхгүй юу даа.
-          Юу нь өөр гэж?
-          Яахав дээ, өмнө нь учирч байгаагүй болоод л сэрэлтчихгүй юу даа.
      Марги орон дээрээ өндийн сууснаа чарлав. Тэгснээ дуугүй болчихлоо.
-          Намайг үнсэж байхдаа сэрэл чинь хөдөлдөггүй биз дээ?
-          Бид хоёр биенээсээ уйдчихсан.
-          Хамт амьдарч, цуг өтлөхийг хайр гэдэг.
-          За яахав.
-          “За яахав” гэнэ үү? “За яахав” гэдэг чинь юу гэсэн үг билээ?
-          Чиний зөвөө гэсэн ухаантай юм.
-          Чи надаас бултаад байна. Надтай ярихыг ч хүсэхгүй байна. Бид хэдэн жил хамт амьдарч байгаа билээ дээ? Яагаад тэгдэг юм бэ?
-          Өөрөө ч мэдэхгүй юм. Хүмүүс хоорондоо дасцгаадагягажилдаадасдагшиг. Хүмүүсзүгээр л дасцгаадаг. Ийм юм болдог шүү дээ.
-          Өөрөөр хэлбэл надтай амьдарна гэдэг чинийхээр бол ажил юм биз дээ? Одоо чи ажиллаж байгаа хэрэг үү?
-          Ажлыг товлосон хугацаанд хийдэг юм.
-          Дахиад эхэллээ! Би чамтай тоглоогүй байна!
-          За мэдлээ.
-          “За мэдлээ” ч гэх шиг. Тэнэг илжиг! Хараарай тэр хариугүй унтлаа!
-          Марги, чи надаас юу хүсээд байгаа юм бэ? Тэр явдал чинь олон жилийн өмнө болоод өнгөрсөн!
-          Би чамд юу хүсээд байгаагаа хэлье! Лиллиг үнссэн шиг чинь би чамд үнсүүлэхийг хүсэж байна! Лиллиг шаасан шиг чинь би чамд цохиулмаар байна!
-          Би тэгж чадахгүй ээ...
-          Яагаад? Би чиний сэрлийг Лилли шиг чинь хөдөлгөхгүй байна уу? Би хөгшин хуучирсан учраас тэр үү?
-          Тэр яриад байгаа Лиллиг чинь бараг санахгүй байна.
-          Чи хангалттай юм санаж л байгаа. За яаая гэхэв, намайг шаахгүй байж болно. Гэхдээ намайг яг Лиллиг үнссэн шигээ нэг үнсчих.
-          Ёо бурхан мннь, Маги больж үз би гуйж байна!
-          Яагаад энэ олон жилийн турш бид хамт амьдарч байгааг би мэдмээр байна!Би хамаг амьдралаа шал дэмий үрчихсэн хэрэг үү?
-          Бүгдээрээ л тэгдэг шүү дээ, бараг бүх хүмүүс.
-          Хамаг амьдралаа шал дэмий үрдэг гэж үү?
-          Тийм гэж бодож байна.
-          Чамайг ёстой алмаар байгааг мэддэг болоосой.
-          Салмаар байна уу?
-          Салмаар байна уу гэж үү? Тэнгэр минь чи ямар тайван хэлж байна вэ? миний хамаг амьдралыг үрэн таран хийчихээд одооо болохоор салах уу гэж асууж л байдаг! Би одоо тавин настай! Чиний сайн сайхны төлөө би бүх амьдралаа зориулсан! Одоо би хаачих юм бэ?
-          Хүссэн зүг рүүгээ тонил! Чамайг сонсож ханалаа. Ядаргаатай үглэх юм.
-          Би өөр хар юмтай явалдсан бол яах байсан юм бэ?
-          Явалдаж л байхгүй дээ. Банзалдсан ч болоосой.
      Теодор нүдээ анив. Маргарет цурхиран уйллаа. Гудамжинд нохой хуцна. Хаа ч юм нэг хүн машинаа асаах гэсэн боловч чадсангүй. Иллинойс мужийн бяцхан тосгонд фарангейтын 65 хэм, АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Картер байлаа.
      Теодор хурхиран унтана. Маргарет шүүгээ рүү очоод хамгийн доод нүднээс гар буу гаргалаа. Тэр нь хоринхоёр милиметрийн револьвер ажээ. Цэнэгтэй юм байна. Дараа нь ор руугаа, нөхрийнхээ дэргэд очоод сэгсэрснээ:
-          Тед хонгор минь чи хурхираад байна гэж хэлээд дахин нэг удаа түлхэхэд цаадах нь:
-          Юу гэнээ гэснээ дуугүй боллоо.
      Маргарет бууныхаа гал хамгаалагчийг булгаад, хошууг нь нөхрийнхөө цээжнийх нь нэг талд тулгаснаа гохыг дарав. Ор чичигнэн хөдөлж, тэр барьж байсан револьвероо цээжнээс нь авлаа. Теодорын амнаас унгаж байгаа юм шиг бүдэгхэн дуу гарав. Өвдөөгүй бололтой. Цонхоор саран мэлтийнэ. Буудсан газар руугаа хартал жижигхэн нүхнээс жаахан цус гарчээ. Маргарет буугаа нөгөө талд нь тулгалаа. Гохон дээр дахин дарав. Нөхөр нь дуугарсангүй. Гэхдээ амьсгалах ажээ. Бүсгүй хэсэг харж зогсов. Цус урсана. Өмхий ханх тавина.
      Нөхрөө үхэхэд тэр хайрлахаа больчихов. Гэтэл Лилли – Лиллигийн тухай бодогдоод эхэллээ... Тед тэр хоёрын уруул ам, бас юмнууд нүднийх нь өмнө тодрон иртэл  нөхрөө дахиад буудмаар санагдав... Свитерээ өмсөх болгондоо Тед цоглог харагддаг, ногоон свитер нь бүүр илүү зохидог байсан юм, орондоо унгахаар бол эхлээд заавал буруу харж хэвтэнэ, хэзээ ч эхнэр рүүгээ бөгсөө харуулаад унгаж байсан нь санаанд орохгүй нь. Ажлаа огт тасалж байгаагүй юм байна шүү. Маргааш харин тасална...
      Маргарет жаахан уйлж байгаад унтахаар хэвтлээ.
      Теодор сэртэл цээжнийх нь хоёр тал руу хурц үзүүртэй урт зэгс шаачихсан мэт санагдах нь тэр. Өвдөх юм алга. Цээжин дээрээ дараад, сарны гэрэлд харав. Хоёр гар нь цус болжээ.
      Юу ч ойлгосонгүй. Маргарет руу нэг харлаа. Тэртээ нэгэн цагт биеэ хамгаал гэж буудахыг нь өөрөө зааж өгсөн гар бууг нь атган унтаж байв.
      Доош суутал цээжин дэх хоёр нүхнээс цус хурдан урслаа. Маргарет унтаж байхад нь буудсаныг тэр ойлгов. Лиллитэй шаалцлаа гэж тэр шүү дээ. Лиллитэй хурьцаж байхдаа үнэндээ тавьж чадаагүй.
      Би үхэх тодорхой, энэ эмэгтэйгээс зугтаж чадвал амьд гарах найдвар байна гэж бодогдож ч байх шиг.
      Теодор бууны гохноос Маргаретийн хурууг сэмээрхэн салгав. Гал хамгаалагч нь буусан хэвээр.
      Би чамайг алахгүй, ерөөсөө л зугтаж алга болох минь. Энэ тухай би арвантаван жилийн өмнөөс энэ тухай мөрөөдөж байсан юм байна гэж бодлоо.
      Тэр орноосоо арай гэж босов. Буугаа гартаа эвтэйхэн бариад Маргаретийн баруун ташаа руу чиглүүлэв. Тэгснээ буудаж орхилоо.
      Марги дуу тавин орилоход гараараа амыг нь дарчихав. Дуугүй болохыг нь хэдэн минут хүлээснээ гараа авлаа.
-          Теодор, чи юу хийж байгаа юм бэ?
      Тэр буугаа энэ удаа Маргаретийн зүүн ташаа руу чиглүүллээ. Буудав.  Дахиад гараараа амыг нь таглалаа. Хэдэн минутын дараа гараа авав.
-          Лиллиг чи үнссэн биз дээ.
      Хүхээнд хоёр сум үлджээ. Тэр эгцрэн зогсоод цээжин дээрх сумны хоёр нүхийг харлаа. Баруун талын нүхнээс цус гарч байгаад тогтжээ. Харин зүүн нүхнээс зүү шиг нарийн улаан цус нэгэн хэмээр урсана.
      Маргарет орноосоо:
-          Би чамайг алнаа гэх сонсогдлоо.
-          Чи тэгмээр байна уу?
-          Тиймээ яг тийм! Заавал ална!
      Тедийн толгой эргэж, дотор муухайрав. Цагдаа нар хаачиваа? Буу дуугарахыг сонссон байлгүй дээ?  Тэгээд хаачдаг новшнууд вэ? Буу дуугарч байхыг хэн ч сонсоогүй юм байх даа?
      Тед цонх байгааг анзаарлаа. Буугаа цонх руу харуулж байгаад гохыг нь дарав. Хамаг тамирнь барагджээ. Өвдөг дээрээ өөрийн мэдэлгүй уналаа. Тэр чигээрээ явсаар нөгөө цонх руу очив. Дахиад нэг удаа буудлаа. Цонхны шилэнд сум дугуй нүх гарган цоолсон боловч хагалсангүй. Нүднийх нь өмнүүр харанхуй сүүдэр татсанаа алга болчихлоо.
      Хогийн бууг гаргаад хаячихдаг хэрэг гэсэн бодол түүнд төрөв.
      Теодор хамгийн сүүлийн хүчээ хуримтлуулав. Барьж байсан буугаа цонх руу чиглүүлэн шидлээ. Шил хагарсан боловч револьвер өрөөнд нь унажээ...
      Ухаан ортол эхнэр нь түүний дээр зогсож байх нь тэр. Өөрийх нь буудсан хоёр хөл дээр яах аргагүй зогсож юмаа. Револьвероо ч дахиад цэнэгэлчихэж.
-          Одоо чамайг алнаа.
-          Марги, бурханыг бодож сонсооч! Би чамдаа хайртай!
-          Цаашаа мөлх, муу худалч нохой!
-                      Марги, болиоч би гуйя чамаас... Теодорыг нөгөө өрөө рүүгээ мөлхөхөд Маргарет араас нь дагалаа.
-          Лиллиг үнсэж байхад чиний сэрэл хөдөлсөн биз дээ?
-          Үгүй ээ, ёстой үгүй! Надад огт таалагдаагүй! Муухай байсан!
-          Чиний тэр үнсээд байдаг уруулыг чинь сэтэртэл буудаад өгье дөө!
-          Марги, бурхан минь!
      Бүсгүй бууныхаа хошууг нөхрийнхөө урууланд тулгаж байгаад:
-          Май ингээд үнс гэснээ гохоо дарлаа.
      Сум нөхрийх нь доод уруул, эрүүний талыг тасчаад хаяв. Гэсэн ч тэр ухаан алдсангүй. Өрөөсөн гутал нь хажууд нь байхыг харлаа. Дахин нэг удаа хамаг хүчээ шавхаж байгаад нөгөө цонх руу гутлаа чулуудав. Шил бут үсэргэн гутал гудамжинд уналаа.
      Маргарет зүүн хөх рүүгээ бууныхаа амыг чиглүүлж байгаад гохыг нь дарчихав...
      Хаалга эвдэн цагдаа нарыг орж ирэхэд, Маргарет өрөөний голд револьвероо барьсан чигээрээ зогсож байлаа.
-          Хатагтай, та буугаа хая! Хэмээн тэдний нэг нь хашгирав.
      Теодор мөлхсөн хэвээр. Маргарет буугаа нөхөр рүүгээ чиглүүлж байгаад гох дарсан ч алдчихав. Тэгснээ нил ягаан шөнийн даашинзтайгаа шалан дээр түсхийтэл уналаа.
-    Энд юу болоод байгаа юм бэ гэж асуунгаа цагдаа нарын нэг Теодорын дээрээс тонгойв.
   Теодор түүн рүү толгойгоо эргүүллээ. Амных нь оронд салбайсан улаан юм үлджээ.
-    Шкрррр, шкррр гэхээс өөр юм түүнээс сонсогдсонгүй.
-    Гэр бүлийн хэрүүлийг ёстой үзэж чадахгүй юмаа. Заваан юм шүү гэж нөгөө цагдааг хэлэхэд эхний цагдаа:
-    Харин тиймээ гэлээ.
-    Би өнөө өглөө эхнэртэйгээ алалцах шахсан. Ярих юм биш.
-    Шкирр гэхээс өөр юм Теодер дуугарсангүй.
   Энэ хооронд Лилли гэртээ суугаад Малон Брандогийн гол дүрд тоглосон хуучин кино зурагтаар үзэж байв.  Mэр ганцаараа ажээ. Хар багаасаа Марлонд тэр дурласан.
   Бараг чимээгүй унгачихаад халатаа сөхөн гар хангалга хийлээ.

   Орчуулсан Гамбино


АГУУ НАЙРАГЧ
Чарльз Буковски
Би түүнтэй уулзахаар явлаа. Тэр агуу найрагч байсан юм. Жефферсээс хойш төрсөн хүүрнэл яруу найргийн хамгийн шилдэг зохиолч тэрбээр далан нас арай хүрээгүй ч дэлхий даяар нэгэнт алдаршжээ. Хүмүүс түүний бичсэн “Миний уй гашуу чинийхээс ч их, ха!, “Талийгаач нар залхуутайя бохь зажилна” хэмээх хоёр номоор нь илүү сайн мэддэг байх. Энэ хүн маш олон их дээд сургуулиудадхичээл заадаг байсан мөн Нобелийн шагналаас авахуулаад утга зохиолын бүх шагналуудыг хүртсэн билээ. Энэ бол Бернард Стахман.

Христид итгэгч залуучуудын дотуур байрны шатаар би өгсөн, ноён Стахманы амьдардаг 223 тоот өрөөний хаалган дээр ирлээ. Намайг тогшиход дотроос “НОВШ МИНЬ, ОРООД ИР”  гэж хашгирав. Хаалга нээн ороход ноён Бернард Стахман орондоо хэвтэж байлаа. Өрөөнөөс бөөлжис, дарс, шээс, баас, муудсан хоолны үнэр холилдон ханх тавина. Миний дотор хутгалдаж эхлэхэд ариун цэврийн өрөө рүү харайлган орж бөөлжөөд гарав.
-          Эрхэмсэг ноён Стахман, та яагаад цонхоо нээдэггүй юм бэ?
-     Санадаг л санаа байна. Дахиад намайг битгий ноён Стахман гэж дуудаарай, пизда гэж. Барни гэхэд л болно.
      Хазгар хөлтэй тэрбээр ихээхэн хүч гарган байж орныхоо хажуудах зөөлөн сандалд суугаад:
-          Одоо ч ярьж өгдөг хэрэг. Бас ч удаан хүлээлээ шүү гэв.
      Тохойных нь дэргэдэх ширээн дээр янжуурын үнс, цагаан эрвээхий дүүрсэн улаавтар шавар домбо харагдахад би нүд буруулснаа дахин нэгэнтээ харав. Бернард Стахман лонхтойгоо ам руугаа хөнтөрсөн ч ихэнх дарсаа энгэр, өмд рүүгээ гоожуулж орхилоо. Гар дахаа тэр байранд нь тавиад:
-          Ганц балгах хэрэгтэй байсан юм гэхэд нь би:
-          Хундагаар уувал амар байхсан гэлээ.
-          Тийм байх шүү гэснээ мань эр эргэн тойрноо харав. Хажууд нь бохир хундаганууд байсан бөгөөд алийг нь авах бол?  Тэр хамгийн ойр байсан хундагыг авлаа. Ёроолд нь ямар нэг шар юм хатжээ. Тахианы махтай гоймонтой шөлний үлдэгдэл бололтой. Мань эр дээрээс нь дарс хундгалаад дээш нь өргөсөнөө явуулчихав.
-          Нээрээ дээр юм байна. Чи зургийн аппарат авч ирсэн байх чинь, миний зургийг авах уу?
-          Тэгнээ гэж бй хэлээд цонх нээн цэвэр агаар амьсгалав. Бороо хэд хоног тасралтгүй орсон болохоор агаар цэвэрхэн, сэрүүвтэр байлаа. Тэр:
-          Чи байж бай. Түрүүнээс хойш миний шээс хүрээд байсан юм. Чи наанаасаа нэг хоосон лонх аваад өг дө
Хаа сайгүй хөглөрөххоосон лонхнуудаас би нэгийг авч өглөө. Өмд нь урдаа цахилгаангүй, товчтой бөгөөд давсаг нь цүндийтэл томорсон учраас хамгийн доодох нь товчлоостой ажээ. Тэр бомбоогоо гаргаж лонхны амсар дээр нүхийг нь тааруулан барилаа. Дөнгөж шээж эхэлтэл бомбоо нь хатууран савлахад өмд, цамц, нүүр рүү нь шээс цацран, хамгийн сүүлийн дүлэлтээр гарсан шээс зүүн чих рүү нь орсон нь итгэмээргүй явдал боллоо. 
-          Доголон байна гэдэг ч новш шүү дээ.
-          Юунаас болоод ингэчихсэн юм бэ?
-          Юунаас болоод гэнээ?
-          Та яаж яваад доголон болчихсон юм бэ?
-          Эхнэр. Машинаараа дайрчихсан юмаа.
-          Яаж? Юунаас болоод?
-          Намайг тэсэх аргагүй боллоо гэсэн шүү дээ.
      Хэлэх үг олдоогүй болохоор аппаратаа гарган дэмий нэг хоёр удаа дарлаа.
-          Надад зурагнууд нь байгаа. Чи миний эхнэрийн зургийг үзэх үү?
-          Тэгье л дээ.
-          Тэр хөргөгчин дээр зургийн цомог байгаа аваад ир.
      Хөргөгчин дээрээс зургийн цомгийг нь авч өгөөд би эргэн суулаа. Өндөр өсгийтэй гуталнууд, эмэгтэй хүний дэгжин шагайнууд, татуурга зүүсэн урт нейлон оймстой хөлнүүд, трикотой хөлнүүдийн зурагнууд байх аж. Өөр хэдэн хуудснууд дээр хагас кило үхрийн далны шарсан мах 89 центээр зарж байна гэсэн хүнсний захын сурталчилгааны цаас наажээ.
-          Биднийг салах үед эхнэр надад эднийг үлдээсэн юм гэж Бернард хэлээд дэрэн доогуураа гараа  шургуулснаа урт нарийхан өсгийтэй зузаан ултай гутал гаргаад ирлээ. Гялалзсан сайхан эд юм. Мань эр мөнөөх гутлаа орныхоо дэргэдэх шүүгээн дээр тавьчихлаа. Тэгснээ өөртөө дахин дарснаасаа хундгалав.
-          Би энэ шаахайнуудыг өвөртөлж унтдаг. Заримдаа эднийг шаачихаад дараа нь угаадаг.
      Би дахин зураг дарлаа.
-          Дахиад зураг авах уу? Одоо бүүр ч дажгүй зураг гарна даа гэснээ өмднийхөө ганц товчийг тайлав. Дотуураа юу ч өмсөөгүй аж. Нөгөө гутлаа авснаа өсгийг нь бөгснийхөө нүх рүү чихэх зуураа:
-          За алив дараарай гэхэд нь би аппаратаа хэдэнтээ шажигнууллаа.
      Зогсох түүнд төвөгтэй ч мань эр шүүгээгээ барин хоёр хөл дээрээ тогтож байв.
-          Барни, та зохиолоо бичсээр байгаа юу?
-          Лалар гэж би тасралтгүй бичнэ шүү дээ.
-          Таны шүтэн бишрэгчид чинь садаа болдоггүй юм уу?
-          Заримдаа хүүхнүүд намайг олоод ирдэг л дээ, гэхдээ пизда нарч ниь энд удаан тэсэхгүй явчихдаг юм.
-          Таны номнууд сайн борлогддог уу?
-          Надад мөнгө шилжүүлсэн баримт хангалттай ирдэг.
-          Та залуу зохиолчдод юу гэж захих вэ?
-          Архи уу, зад шаалц, тамхи их тат.
-          Тэгвэл гастай зохиолч нарт?
-          Амьд арзайжгаач байгаа бол хэлээд байх юм алга даа.
-          Таныг шүлгээ бичихэд юу өдөөдөг вэ?
-          Чи тэгвэл юунаас болж баадаг вэ?
-          Та ерөнхийлөгч Рейган, ажилгүйдлийн тухай юу гэж үзэж байна вэ?
-          Би ажилгүйдэл эсвэл Рейганы тухай юу ч гэж үздэггүй. Бүгдээрээ уйтгартай санагддаг. Сансарын нислэг хөл бөмөгийн тэнцээн ч гэсэн яг адилхан.
-          Таны сэтгэлийн хамгийн ихээр юу зовоодог вэ?
-          Одооны хүүхнүүд их зовоодог.
-          Одооны хүүхнүүд ээ?
-          Тэд олигтой хувцаслаж чадахгүй байна. Шаахай биш жинхэнэ аймшиг хөлдөө углаж байгаагаа мэддэггүй юм.
-          Эмэгтэйчүүдийн эрхийн талаар та юу боддог вэ?
-          Хэзээ нэг цагт тэд машин угаалгын газарт эсвэл анжисны ард газар хагалах ч юмуу, дөнгөж сая архины дэлгүүр дээрэмдсэн хоёр залуугийн араас хөөцөлдөн үгүй бол бохирын хоолой цэвэрлэн, цэрэгт татагдаж мөөм рүүгээ буудуулдаг босон цагт би гэртээ суугаад, аяга таваг угааж, уйдахаараа хивсний тоос соруулдаг болно доо.
-          Тэдний тавьдаг шаардлаанд ямар ч логик алга байна шүү дээ.
-          Тэгэлгүй яахав.
      Стахман дахин дарс хундгаллаа. Хундганаас уусан ч дарснаа асгаж тэр нь хоолойгнь даган цамцыг нь норгов. Түүнээс хэдэн сар усанд ороогүй хүний үнэр ханхална.
-          Би эхнэртээ хайртай хэвээрээ. Алив тэр утас аваад өг дөө.
      Намайг утас авч өгөхөд тэр дугаар залгав.
-          Клейр, байна уу Клейр гэснээ тэр утсаа тавилаа.
-          Юу болов?
-          Юу болохов дээ. Утсаа тасалчихлаа. Дандаа тэгдэг юм. Алив хоёулаа гарч баранд сууя. Би эндээс гаралгүй зөндөө удсан байна. Гарахгүй бол болохгүй нь.
-          Гадаа бороо орж байна шүү дээ. Хэдэн долоо хоног цутгаж байна. Гудамжинд үер бууж нил ус.
-          Хамаагүй ээ, би гармаар байна. Эхнэр маань нэг гартай шаалцаж байгаа байх. Аягүй бол өндөр өсгийттэйгөө байгаа даа. Би өндөр өсгийтийг нь өмсүүлж байгаад шаалцдаг байсан юм.
      Бернард Стахманыг хуучин хүрэн цуваа өмсөхөд нь би дэм боллоо. бүх товчнууд нь тасарч унажээ. Хир буртагт дарагдан хатуурсан эд байлаа. Ийм хүнд, хайнга цувыг Лос-Анжелест өмсдөггүй, гучаад оны үед Чикаго юмуу Денверт л өмсдөг байсан байх.
      Дараа нь бид түүний таягийг авч Христэд итгэгч залуусын дотуур байрны шатаар зовлонтойгоор уруудлаа. Тал шил усан үзмийн дарс Бернард халаасалжээ. Орцны хаалган дээр ирээд тэр ганцаараа явж хэний ч дэмгүйгээр машин суухаар болов. Би  машинаа хашлаганаас зайтай  зогсоосон байлаа.
      Намайг жолооныхоо ард суутал хүн хашгирч, ус цацрах нь тэр. Ширүүн бороо шаагин цутгасаар. Машинаа тойрон очиход Бернард машин, явган хүний замын хашлаганы завсраар хэвтэж байлаа. Түүний эргэн тойрон нил ус,өндийгөөд суухад нь ус түүнийг бүрхэн, өмдийг нь даган урсаж, хоёр талаас нь балбахад таяг нь яруу найрагчийн алгад удаан хөвнө.
-          Зүгээрээ, намайг орхиод явж үз.
-          Ээ новш гэж Барни.
-          Яв гэж байна шүү. Намайг орхи. Энхэр маань намайг хайрлаж байсан биш.
-          Барни тэр чиний эхнэр биш. Та хоёр салчихсан шүү дээ.
-          Наадахаа чи өөрийнхөө эмгэнд хэл за юу.
-          Больж үз дээ Барни, алив туслая.
-          Үгүй ээ үгүй. Зүгээр гэж байна шүү. Би яах ч үгүй. явж үз. Ганцаараа гудар.
      Би түүнийг түшин, машиныхаа хаалгыг нээгээд урд суудалдаа өргөн суулгалаа. Тэр дэндүү гэмээр норжээ. Машины шалны дэвсгэр дээгүүр ус нилийтэл урсана. Жолоочийн талаар би машиндаа суулаа.  Барни дарстай лонхны тагийг авч нэг балгаад надад өгөхөд би бас балгав. Машинаа асаан урд шилээ таг ширтэн, өмхий шээлтүүрийн үнэрт  бөөлжихөөргүй онгорхой бар хайн бороон дундуур анх удаа давхилаа.  

Орчуулсан Н.Ганбат (Гамбино)