Thursday, June 15, 2017

Овоо ухаан суух гэж байгаа Гамбино

өнөөдөр ёстой өлзий буян нь бүрдсэн өдөр байна. 2009 онд хамт ажилладаг байсан Оюукагийн зааснаар анх энэ чамайг бичиж эхлээд дундаас нь чамайгаа хаяад, сүүлдээ бүүр тас мартаад, хааяа нэг санахаараа хайгаад олохгүй байсан хөөрхий муу чамайгаа нэг юм оллоо. Бид анх нийлснээс хойш 7-8 жил болсон байна. чи хэрвээ ажил хийдэг байсан бол ээлжийн амралтын хоног чинь ажлын 15 хоног байснаа 18 хоног болчихсон байх нь байна. чамаасаа холдоод үйлээ үзэж, зовсон гэхгүй ээ. бас дандаа ялан дийлсэн ч гэхгүй. тэгэхээр одоо тоймтойхон юмнуудаас нь эхлэе. 
2012 онд нэг гятад гаралтай америк хүүхний бичсэн зохиол уншаад орчуулмаар санагдаад болдоггүй. ажлынхаа завсар зайгаар нухаад л байлаа. болмоор шинжтэй. зохиолын үйл явдал Шанхайд өрнөөд байдаг. ер нь явдаг хэрэг гэж бодоод гараад гишгэчихлээ. шанхай мангар олон хүнтэй хот. даанч дэлгүүрт нь надад таарах цамц байгаагүй. намайг очихын өмнө лангууунаасаа татчихсан юм уу ойлгоогүй. ямар ч гэсэн 1 л пудволк тэндээс авч өмссөн. нөгөө зохиол өрнөдөг газраар нь явж үзээд санаа амраад орчуулж гарлаа. Шанхайгаас эргээд иртэл цомхотголд орчихсон байлаа. ном орчуулах гэж байгаа хүнд ёстой азны юм болж таарсан. орчуулга хийгээд завгүй болсон учраас чамайгаа бас сэгсэрч байгаагүй юм байна. тэгэхээр ном орчуулах, зохиох нь блогоо хаяхад нөлөөлдөг хөгийн юм болж таарч байна. гэртээ суугаад заримдаа 7-11 хоног гарахгүй орчуулаад л орчуулаад л байлаа. гэтэл нэг мэдсэн чинь дуусчихсан. хамаг цаг, хүч, оюунаа зориулж байсан зүйл дуусчихаар гэнэт сэтгэл хоосроод их эвгүй болдог юм билээ. аан нөгөөдөх үү? мэдээж уулгүй яахав. сониноос хүн ажилгүй болоод гэртээ суухаар нөгөө олон найз нөхөд чинь таг алга болдог юм билээ. би тэглээ гээд сэтгэл санаагаар унаагүй. "Найз нөхөд бол цагийн хулгайч" гэдэг англи ардын зүйр үг байдаг болохоор өөртөө зориулах цагтай болсондоо баярлаж байв. орчуулсан номоо нэг бичгийн хүнд үзүүлтэл дор нь шүүрч аваад болохоор юм байна гэснээ редакторлоод өглөө. нөгөө редактор маань надад "Борооноор уралдах урлаг" гэж ном байгаа тэрнийг орчуулвал зүгээр дээ гэхээр нь уншаад үзтэл хөөрхөн юмаа. бас бариад суусан чинь 2 сарын дотор дуусгачихсан. энэ хооронд випашня бясалгалд явсан юм байна. 10 хоног юм ярихгүй, цагаан хоол идээд, хоногт 17 цагаар сууна гэдэг анх бодоход амаргүй юм шиг санагдана. биеэр туулахаар амар юм билээ. бясалгал хийх нь архи ууж согтуурах, секс хийхээс илүү таашаалтай гэж мэдэрсэн. номнууд бэлэн болонгуут редактортойгоо нийлээд номоо хэвлүүлсэн. энэ бүхэн 2013-2014 онд болж өнгөрсөн юмдаа. овоо ухаан суухад ном орчуулах нэмэртэй юм билээ. 

Алтан тарваганы үлгэр

Эрт урдын цагт бус энэ цагийн үед эмгэн, өвгөн хоёр айл болон амьдарч, аж төрөн суудаг байжээ. Эмгэн гудамжинд тамхи ширхэглэн зарж, өвгөн нь энд тэндхийн хов сонсон, ноолуураар утас ээрдэг юмсан жээ. Нэг сайхан зуны тунгалаг өглөө эмгэн тарвагчилахаар шийдэн Дэнжийн 1000 дээрээс хавх худалдан аваад, хөдөөг зорьж гэнээ. Эмгэн явсаар байгаад тарвагатай байрын нэгэн хөндийд ирж тухалжээ. Өлссөн эмгэн хавхаа нэг дошин дээр зүүгээд маргааш нь иртэл хавханд нь хамхуул орсон байв гэнэ. Эмгэн урам хугаралгүй хавхаа дахин зүүгээд эргээд иртэл мөн л шарилж өвс хавхтай нь орооцолдсон байжээ. Хашир эмгэн хачин их өлссөндөө болоод хавхаа хаа хол чулуудаж бухимдал стрессээ нэг тайлж өгөөд дахин зүүгээд дараагийн өглөөг хүлээхээр болж гэнээ. Удалгүй үүр цайж өглөө болж өлссөн өвгөн хавхан дээрээ иртэл хачин жигтэй юм үзэж гэнээ. Тэр нь юу байсан бэ гэвэл хавханд нь алтан тарвага ороод хүний хэлээр :

- Хүндэт эмгэн эгч минь ээ, өчүүхэн намайг өршөө. Өөдсийн чинээ махыг минь идээд та цадахгүй. Харин та намайг тавих юм бол би таны хүссэн болгоныг чинь биелүүлнэ гэжээ. Эмгэн баахан дүнхүү юм болохоороо алтан тарвагыг нухаад махыг нь идэлгүй алтыг авч зараад, имижээ өөрчлөөд мистер нөхөртэй болно гэж сэтгэхгүй зүгээр л хэлсэн үгэнд нь итгээд нөгөө алтан тарвагыг чинь тавиад явуулчихаж гэнээ. Донгио эмгэн өлсөхийн эрхэнд дахин тарвагачилах хүсэлгүй болж хавхаа хээр хаяад гэртээ "Сити такси" хулхидан иржээ. Гэртээ ирж гэдэс гарсан эмгэн тамхи ширхэглэн зарахаар гарах гэж байснаа гэнэт хүний хэлээр ярьдаг алтан тарваганы тухай өвгөндөө ярьсан чинь гай болж өвгөний шука нь хөдлөөд мань эмгэний эргүү тэнэгийг дуудан: Мулгуу муу хөгшин чи алтан тарваган дээр очоод ядахдаа паалантай шар түмпэн гуйгаад ирэхгүй гэж гэнээ. Муу эмгэн яахав онгироо өвгөнөөсөө гөл харайгаад алтан тарваган дээр хар гүйхээрээ очоод: Хүний хэлээр ярьдаг алтан тарвага минээ хөөрхий муу эмгэн чинь хүрээд ирлээ. Өөдгүй муу өвгөн маань өөрөө гарч хоол олохгүй хөөрхий намайг хөөн явууллаа. Ховдог муу өвгөний хоолны аяга нь багадаад паалантай шар түмпэн авч ирэхгүй бол хонодог гэрт минь оруулахгүй нь гэлээ. Алтан тарвага дошин дээрээ зогсож байснаа: - Хоолны сав боддог хөгийн өвгөн бэ тэр чинь. Хороо, дүүргийн дарга больё гэсэн бол хормын дотор бүтээх байлаа гэснээ дорхноо нүх рүүгээ оржээ. Мэл гайхсан эмгэн гэртээ эргээд иртэл ховдог өвгөн нь паалантай шар түмпэн дүүрэн хоол идээд хамар дээгүүрээ хөлсөө бурзайлгачихсан сууж байна гэнээ. Эмгэн ядарч зүдэрснээ ор мартаад алтан тарваганы хэлсэн үгийг тэсэхгүй хэлж өөртөө гай дуудлаа. Цадсан өвгөн босож ирээд: - Хороо, дүүргийн дарга болохгүй, хотын мээр ч бас болохгүй. Төрийн сайд гуйж болохгүй, гуядаж болно. УИХ-д суудалтай улс төрийн намын дарга болно гэж гэнээ. Гөл эмгэн айсандаа алтан тарваган дээр очоод өвгөнийхөө үгийг хэлтэл олон юм ярилгүй дош руугаа эргээд оржээ. Эмгэн баахан эргүүтсээр гэртээ очтол өвгөн нь Пеер Кардины пиджак өмсөөд, Жоорж Армааны гуайн зангиа зүүж, Саламандр углаастай амьтан янцаглахын ихээр янцаглаад завгүй дүрийг исгэн ихэмсэг аргагүй сууж байх юм гэнээ...


Ийм гачин юм өөрөө бичсэн юм уу эсвэл хүний бичсэн юм хуссан байх юмаа. Бас болоогүй Драфт дотроо дарчихсан энэ тэр энэ нээрээ бүтэхгүй ээ....

Шилдэг бичлэг шалгаруулав.


"Some One In My Head But It Is Not Me" блогийн 2009 оны шилдэг бичлэг шалгаруулах үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээний улаан хивсний ёслолд гадаад, дотоодын нэр хүндтэй олон зочид төлөөлөгчид уригдаж оролцоогүй. Оролцох ч боломжгүй. 2009 онд би фэйсбууктэй болоогүй байсан. Хай5 гэж нэг юмтай байсан ч идэвхитэй гишүүн нь байгаагүй. Үнэндээ яаж ч чатлаж матлахыг нь мэддэггүй байлаа. Гэхдээ яаж ийж байгаад оны шилдэг мэлдэг болох амбиц 2009 онд маш их төрдөг байлаа (одоо 2017 он. Драфт доторх бичвэрүүдээ нөхөж бичиж байгаа юм). Одоо юун амбиц мамбиц суга байхгүй. Тэгсэн мөртлөө залуучуудад амбиц бол гоё юм, сайхан амьдрахад их чухал гэж мэгээд байгаа юмаа. Дөнгөж 39 настай байхдаа нэг удаа 108 кг болоод зүрхний цохилт 2 болж байсан тухайгаа дээр үед бичсэн билүү үгүй билүү. Уг нь тэр тухай бичсэн бол 2009 оны шилдэг авах байсан байх. Тэрнээс өөр санаанд орох юм алгаа. Миний блогийг уншиж байгаа та бүхэн он оноор нь оны шилдэгүүдийг тодруулаад бичсэн хүнд нь юм уу эсвэл бичвэрт нэр орсон хүнийг шагнахыг бодоорой. 

Нэг мэдсэн чинь 2011

Амьдрал ямар сонин байнаа. Дэлхий хүртэл хар хурдаараа эргэлдээд ч байх шиг. Саяхан л би гэж нэг юм Хавараа гэж ирээд л гайхсан юм шиг дуу алдаад бичиж эхэлсэн блогоо дуусгаж амжаагүй байтал шинэ он гарах гэж байна ш дээ. Одоо яаая гэхэв. Өнгөрсөн онд миний бүтээлч байдал эрс унасан гэж хэл болно. Гэхдээ өөр юм сэргэсэн. За тэр ч яахав. Энэ бичвэрийн нэр "Нэг мэдсэн чинь 2011" гэж байгаа бол одоо 2017 оны 6 сар гарчээ. Хайнга гэж үүнийг хэлэх үү??? 

Архи уухгүй байна гэдэг

Архи уухгүй амьдарна гэдэг амьдын там ажээ. Хахаха нээрээ шүү. Уудаггүй хүмүүсийн хувьд энэ сэдэв өрийг нь өвтгөж байж болох юм. Олон жил согтуурсан хүнд  чухам үнэн үг болж сонсогдох нь тодорхой. Нэг хэсэг өдөрт 200 гр цагаан архи, 2 шил Боргио уудаг нормтой байлаа. Мангуураад байж байхад элдэв сонин бодлууд орж ирнэ гэж жигтэйхэн. Пуужингүйгээр сансарт нисэж болдог болов уу? Болдог бол би нисэх байсан болов уу? Нислэгт бэлдэж байхдаа архи уувал яах бол? Ер нь сансарт нисэж байхдаа архи уучихвал халуураад сар мар руу нисчих болов уу энэ тэр гээд үнэн лэнсий юмнууд бодолд орно. Хамгийн сүүлд хэзээ блог бичихээс өмнө 2012 онд сонгууль болсон санагдаж байна. Тэрнээс хойш 2016 онд болсон энэ жил арай цөөхөн хүн дарга болгох сонгууль болох юм гэнээ. Сонгууль их утгагүй зүйл л дээ. Дэлгүүрүүд мөрөөрөө архи, пияв зарж байхад нь болиулаад тасгийх нь урдуур "Өнөөдөр Согтууруулах ундаа зарахгүй" гэсэн бичиг хадуулдаг. Гэхдээ бидний төлөө чин сэтгэлээ зориулдаг зарим дэлгүүрийн худалдагч нар ажлаа таслахгүй хийдэг нь бахархалтай.  Тэднийг хор зардаг гэж хэзээ ч дүгнэж болохгүй. Тэд бол баяр баясгалан бэлэглэгчид гэж би боддог. Эцсийн бөлөгт хэлэхэд архи уух нь бол хоол боловсруулахад их чухал юмаа...

Байлдааны даалгавар

Энэ бичвэрийн нэрийг өгчихөөд 2 жил болжээ. Тэр хооронд зөндөө олон юм болсон учраас эхнээс нь бичих гэхээр санахгүй нь. Гэхдээ санаанд орсоныгоо бичнээ. Эхлээд ямар учраас энэ бичвэртээ "Байлдааны даалгавар" гэдэг нэр өгөхөөр шийдсэнээ санах гээд үзье. Санах юм нэг алга. Ямар ч гэсэн атамануудын зараалаар архинд явдаг байсан үе маань өнгөрсөн болохоор шил архи, ширхэг тамхи олох явдлыг байлдааны даалгавар гэж тооцохоо болилоо. Эсвэл би гөөнгө олох ёстой байсан байж магадгүй. За за санахгүй юм байна, хаялаа. Тэгэхээр байлдааны даалгавар Cancel болжээ. "Charlie 1, Charlie 1! Eagle has landed, Eagle has landed!"