Яг ийм юм бодоод хэвтэж байтал цоожтой хаалга тогшилгүй тэр ороод ирлээ. Тэр гэдэг маань сүүлийн 4 жил намайг байнга тойрдог болсон хий сүг. Хүмүүс л хий сүг гэдэг болохоос бид хоёр уг нь маш их найзууд. Би түүнийг амьтай, сэтгэлтэй гэдгийг нь мэдэрдэг юм.
Тэр орж ирэх болгондоо миний толгойг заавал илдэг. Тэгээд өдөржин явсан газраа ярьж гарна. Даанч надаас өөр хэн ч түүний үгийг сонсдоггүй. Амин ах маань сонсдог байх гэж би боддог. Амин ахынхаа тухай би та нарт хэлэхгүй л дээ. Тэр чинь миний амин ах шүү дээ.
Хий сүгэн найздаа би Тэр эсвэл Энэ биш гэж нэр өгсөн. Өөрт нь таалагддаг гэж тэр хоёр удаа хэлсэн юм. Тэрбиш болж ирэхдээ өдөр явсан үзсэн газраа нэгд нэгэнгүй тоочдог бол Энэбиш болж ирэхдээ харанхуйн оронд үзсэн бүхнээ намайг айлгахгүй юмсан гэж бодоод бараг дурсдаггүй.
Тэгэх тусам нь надад харанхуйн орон их сонирхолтой санагддаг. Тэндхийн хүмүүс юу ч иддэггүй, харин урд насандаа ханахаас илүү болтло идсэн юмаараа гулгиж байдаг гэсэн. Бас тэдний гулигадасыг байнга хувааж иддэг зүсэн зүйлсийн адгууснууд хажуухан талд нь байдаг гэнээ.
Зургаан амтай, үүдэн шүднүүд нь унасан хэсэгтээ онгойно, ногоон арьстай, улаан нүдтэй, хав халзан толгойтой амьтан ахлагч нь юм шиг харагдах боловч үнэн хэрэгтээ чавганцын царайтай ч сэлдий унжуулсан нь тэдний тэргүүн нь юм байна. Өнгө зүс гялалзах тусмаа худал хуурмаг нь их ажгуу. Тэдний дундаас нар, сар, од харсан нь нэг ч үгүй, толгой өндийлгөж, тэнгэр хур, гашуун бороо хүйтэн шамаргыг нүдээр үзсэн нь нэг үгүй. Жаргал гэж тэдэнд надад зовлон гэж харагдах бүхнийг уншина.
Найз гэж тэд их ярина. Найз үнэндээ цагийн хулгайч нар. Найзаас хол, огт найзгүй байх жинхэнэ жаргал... найз чиний зовлонг хуваалцах мэт болох ч үнэндээ түүгээр чинь ходоодоо цатгана.
Ходоодонд хуралдсан хий нэг бол амаар хэхрүүдэс болж эс бөгөөс унгас болон хойгуур гадагшилна. Харанхуй ходоодноос ялгаран гарах гэсэн болгоныг дүл, шах, хэхэр, хүмүүс өөрсдөө хийдэг хэрнээ нуудаг бүх аргаар гадагшлуул. Ганцаард... ганцаардалдаа жарга. Умба, түүндээ жив. Гарсан бүх сүвээрээ гэрэл оруул, гэгээр.
Аялгууг сонс! Хайрыг бүү зарла. Гэхдээ зарлаад л бай. Ханатал нь цутга бас цатга. Тэд түүгээр өлссөн... өлссөн хүнд хөөсөн гурил ам руу чих! Хагарахыг нь л хар. Аз жаргалтай үхлийн нэг жишээ нь. Нөхрөөс бүү урва. Өмнө нь урвасан хүн эргэж ирэхэд нь бүү хүлээж ав. Тэр урвасан шигээ л урвана. Чамаас урвахгүй ч хожим нэгнээс урваж л таарна.
Үгээ хэлэхээс бүү ай. Айхаар зүрх чинь үнхэлцэг болно. үнхэлцэг бол цул цул чихсэн мах. Түүгээр цус үл цутгана. Цус амьдрал тэтгэгч.
No comments:
Post a Comment