Sunday, September 11, 2011

Fitness-д явж байна



Хар нялхаасаа суудлын ажил хийсэн над шиг амьтны биеийн галбир ямар байдгийг таахад үнэн хялбархан билээ. Мэдээж гүзээ урагшаа хэвийн хэмжээнээс хэтэрч сунасан буюу унжсан байна. Өгзөг хавиараа арагшаа тонтойсон байх нь тодорхой. Заримдаа хөл их нарийхан байдаг боловч ихэвчлэн майга байдагт эргэлзэх хэрэггүй. Ийм хэлбэртэй этгээдүүд эртхэн хөдөлгөөнд орохгүй бол гэдэсний тойрог 100 см-ээс ихсэх юм бол балраа гэж мэд. Хорт хавдар шууд тусна гэнээ. Энэ айхтар юмыг дуулаад хөдөлгөөнд явахаар шийддэг юм байна. Хөдөлгөөн гэхээр элдэв нам, эвсэл хөдөлгөөн биш янз янзаар хөдөлж хөлсөө гаргахыг хэлж байгаа юм ш дээ. Хөдөлгөөнд явахын тулд эхлээд машинд суух хэрэгтэй. Машинд суухгүй бол хөдөлгөөний газар руу явган явах юм болно. Явган явах юм бол хөдөлгөөнд явах хэрэггүй ш дэээ. Хөдөлгөөн хийдэг газраас хамаарч хүмүүсийн зэрэг зиндааг тогтоодог юм байна. хэрвээ үнэ нь бага байвал их муу хөдөлгөөн юм гэж ойлгож болно. бас байр их чухал. подваалд байдаг хөдөлгөөн нь агаар муутай учраас тусгүй, харин давхар дээшлэх тутам чанартай гэж ойлгож болно. Миний явдаг хөдөлгөөн орон сууцны нэгдүгээр давхарт байдаг учраас подваалынхаас арай дээр. гэхдээ зөндөө олон юмнуудтай заримыг нь юу гэдгийг нь би мэдэхгүй. гэхдээ их гоё гялалздаг төмрөөр хийсэн. за тэр ч яахав. Гол нь яаж хөдөлдөг вэ гэхээр эхлээд баахан дугуй жиидэг юм. уг нь тэнд алхдаг замтай л даа. гадаа алхаж болох юм чинь тэнд алхаад хэрэггүй байх гэж бодоод би жиидэг гэж байгаа. жииж байхдаа гадаа дугуй унаад хүний цүнх булаагаад зугтаж байна гэж бодоод улам хурдалж өгнө ш дээ. 30 минут дугуй жийхээр хар аяндаа залхуу хүрээд эхлэж байгаа юм. тэгэнгүүт нь босоод хэвлий гэдэг дасгал хийнээ. тэр нь яадаг вэ гэхээр дээшээ харж хэвтэж байгаад тэр хэвээрээ өндийдэг юм. хэд хэдэн удаа хийвэл сайн гэхээр нь нэг оройжин хийсэн чинь байдаггүй ээ маргааш нь гэдэс гачин болоод үйлээ үзсэн. дараа нь өөр вандан сандал шиг юман дээр хэвтэж байгаад хөлөө өргөдөг юм. уг нь хэвлий гэдэг нэг нэртэй мөртлөө 2 юм хийгээд энэ фитнэсийн нөхөд дасгалын нэр бодохоосоо залхуурсан шиг байгаа юм. баахан хөдөлгөөний тухай бичсэн чинь гэнэт залхуу хүрээд уналаа. ер нь нэг иймэрхүү юм болдог гээд л бодчих... эцсийн эцэст саунд хэсэг сууснаар хөдөлгөөн дуусна даа

Monday, September 5, 2011

Онгоц

Онгоцоор ажилдаа явдаг байснаа больсон чинь сүүлийн үед нисдэг байсан маань үгүйлэгдээд байх боллоо. Оочерлож зогсож байгаад ачаагаа хэллүүлж бүртгүүлээд дараа нь өмссөн хувцас, малгай, төмөр юмнууд, тэлээ мэлээгээ тайлж зад шалгуулаад хэсэг 00 өрөөгүй том өрөөнд сууж байснаа онгоцонд суугаад нисэх ч бас л догь гэж байгаа. Хамгийн сонирхолтой нь онгоц нисэх гээд хар хурдаараа давхиж байхад хүмүүсийн царайг харах байдаг юм. Зарим нэг зүрх муутай хүмүүсийн нүдэнд ингээд л дууслаа гэсэн бичиг байдаг бол, овоо зоригтой гаруудын духан дээр дугуй нь хага явчихгүй байгаа даа энэ одоо гэх мэтийн дүрслэл харагддаг. Хүмүүсийг энэ мэтийн хувиа хичээсэн бодолдоо автаад байж байхад би цонхон талд суусан бол тэнгэрт байдаг "Бурхан"-ыг харах, дотор эгнээнд суусан бол онгоцны үйлчлэгч хүүхний төрөлхийн согогыг олох ажил хийдэг байлаа. Хэрвээ үйлчлэгч нь эрэгтэй бол хийх юм олдохгүй жаахан уйтгартай. Орон нутгийн нислэгээр нисэх үед хамгийн гоё юм бол хоол. Өгсөн хоолыг нь хусчихаад дахиад нэгийг гуйж аваад бас хажуудаа сууж байгаа хүнийг нэг хоол аваад өг гэж нэг хэлж үзээд тэр хүн ичээд байх юм бол энэ хүн дахиад хоол идье гэж өмнөөс нь авч идэх гоё байдгийн. Тэгээд кола мола-г нь уулгүй хармаандаа хийгээд буусныхаа дараа нээх дуутайгаар онгойлгосоноо уухгүй худлаа барьж явж тэнэгтдэг гэж байгаа. Хүн өөдөөс нэг балгуулчих гэсэн харцаар харах юм бол шууд хөөстэй юутай хээтэй нь бүгдийг нь залгиад хамраараа хийг нь гаргангаа хэхрүүлэх үү ёстой янзтай. Энэ бол хүний онгоцоор нисэхдээ хийдэг юм. Хувьдаа онгоцтой бол нисэхгүй ч байсан гэсэн өдөрт нэг удаа нисэх орж онгоцоо хэсэг харна, тоосыг нь арчина, дугуйг нь өшиглөж үзнэ. Ойрхон хүн явах юм бол харцаараа хажиглана. Бензин хийдэг савыг нь нээгээд доторх бензиныг нь хэмжиж үзнэ. Тэгж болдог ч юмуу бүү мэд. За тэгээд нисэх болвол утас, мэссэнжэртээ байгаа хүмүүс рүү би маргааш тэдэн цагт ниснэ, намайг хараарай гэж баахан какарна. За тэгээд ниснэ дээ. Нисэхдээ дүрэм журам хамаагүй шууд хотын дээгүүр нисээд нөгөө Чинбат шиг "Аав аа, Магсар гуай, Бурам-аа", "Би" гэнгүүтээ эгц дээшээ ниснэ... Хамгийн сонин нь Чинбат гэртээ орж ирж хэлчихээд цонхон дээр очингуутаа онгоцоо дээшээ нисгэдэгт л нууц нь байгаа юм. Би харин тэгж какарч чадах болов уу???

Sunday, September 4, 2011

Харанхуйд усанд орсон нь буюу усанд орж байхад гэрэл шатсан нь - 2




Шампуньд хорссон нүдээ усаар зайлахаар эргээд ухартал байдаггүй ээ арагшаагаа дагзаараа тас хийтэл уналаа. Нүдээ аньсан хэвээрээ зүтгэсээр байгаад крантандаа арай хийж хүрээд угааж хараа оров. Тэгэнгүүтээ өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж бодоод толинд хартал "Ээ бурхан зүг орой минь" үнэн хөгийн амьтан харагдаж байх юмаа. Бөөн хөөс болсон, тарган, гүзээ нь урагшаа сунаад унжчихсан, жаахан алцандуу, үс нь өрвийчихсөн, тэгээд майга, бас тэгээд бөгс нь тэрүүхэндээ тонтгор наацан, хамгийн марзан нь тог тасралт, хальтарч уналтны шок нүүрнээс нь бүрэн арилаагүй амьтан байж нтр. хахахахахахаха бодсон чинь дахиад инээд хүрээд уналаа.

Угаасаа ухаант хүн төрлийг олж төрсөний хэрэг юу билээ гээд галын өрөөний ширээн дээрээ байдаг 3 ширхэг лааг авч асаагаад угаалгын ажлаа төгсгөсөнөөр асуудлыг бүрэн шийдсэн билээ.

За нэг иймэрхүү юм боллоо.

Харанхуйд усанд орсон нь буюу усанд орж байхад гэрэл шатсан тухай


Ойрдоо нээх сайхан урт нэртэй юм бичээгүй санагдахаар нь ийм туульсын нэр бодож олов. Улам сонирхолтой болгох гэсэн ч юм биш яг ийм явдал боллоо. Бүтэн сайныг бүтнээр нь сайхан үр ашигтай өнгөрөөмөөр санагдлаа. Тэгэхээр нь гэрээр дүүрэн вок саван байгаа хэрэг юу билээ гээд хэсэг гар, саван, нидрүүлэгээр зэвсэглэж аваад хэдэн цамцаа угаалаа. Угаасаа ариун цэвэрч юм болохоор зах, ханцуй нь гайгүй байнаа. Харин гүзээ байдаг хэсгээр ширээнд тулдаг юм уу яадгийн бага зэрэг борлосон байх юм. Бас яаж зүгээр байхав энгэр хавиараа кетчуп, соус энэ тэр байнаа. Хүмүүс хоол идэхдээ сэрээгээрээ идэх гэсэн юмаа их чанга дарж, нэвт сүлбэдэг шиг байгаа юм. Би угаасаа зөөлөн сэтгэлтэй болохоор хөөрхий тэр талийгаач болсон үхэр, хонийг өрөвдөөд сэрээгээ аяархан зоодог юм уу яадгийн тавагнаас өргөөд ам хүрэх замд мултарч унаад зарим нь тавганд, зарим нь ширээн дээр буудаг. Ширээн дээр буусныг нь яс юман дээр дотроо харамсаж байгаа ч өнгөн дээрээ юм үзсэн хүн шиг тоохгүй царайлж байгаад явдаг. Харин тэр тавганд буцаж унасан нь их хорлонтой, нөгөө соус, кетчуп дээр унаад цамцны энгэр баллаад хаяж байгаа юм даа. Энэ мэтийн хөгийн юмнаас болоод сүүлдээ дандаа хуушуур, пирожки авч иддэг болсоор нүүр харлаад, ходоод эвгүйтээд байх болжээ. За тэр ч яахав. Одоо гол юмандаа...
Угаалга хийсээр байгаад өөрийгөө угаахаа хариугаа мартжээ. Тэгэнгүүт нөгөө орос дэлгүүрээс авсан шилмүүсний үнэрт далайн давснаасаа онгоцонд хэдэн атга хийж байгаад усныхаа халуун, хүйтнийг термометр барьж тохируулж нээгээд овоо ихсээд ирэнгүүт нь ороод суучихлаа. Эртхэн орж суухгүй бол ус нь их болчихвол ванн давж сагаад дараа нь арчих гэж ядаргаа болдог юм. Хэсэг давстай усанд сууж өөрийгөө шөл болоод байна уу эсвэл ариун цэвэр сахиж сууна уу? гэдгээ олж мэдэх гээд оролдож байхдаа толгойгоо шампуниар хөөсрүүлээд дөнгөж дуустал дуустал дуустал
Тэр бүр хүмүүст тохиолдоод байдаггүй хувь тавилан надад тохиож манай ванны өрөөний гэрэл шатжээ. Усаа хаагаагүй хэр их болсоныг бүү мэд, саван, алчуур, таавчиг хаалга хаана байна мэдэх юм байхгүй. Гэхдээ эр хүн зоригтой бол чоно яадаг билээ... Шууд босоод онгоцноос усаа савируулсаар гарлаа. Нойтон хөлөөр плитан шалан дээр хөл орж буй хөөрхөн унага шиг тэнцэж ядсаар хаалгаа баримжаагаар олж нээлээ. Хаалга нээхдээ нүдээ зэрэг хартал хөөс нүд рүү шуугин орж ирлээ. (үргэлжлэл буй)