
Нөгөө авсан номоо ёстой эхнээс нь дуустал нэг уншаад дараа нь араас нь урагш нь, голоос нь хоёр тийш нь гээд ном уншиж болох бүх аргаар нухлаа. Намайг хичээл зүтгэл гарган англи хэл судалж байгааг маань аав овоо үнэлсэн юм уу яасын Их сургуулийн англи хэлний нэртэй багшид шавь оруулж өглөө. Би багштайгаа 7 хоногт 1 цаг хичээллэж, гэрийн даалгавар авдаг байв. Гэтэл багшийн маань ухаан булингартсан уу яасан нэг удаа хичээлдээ очсон чинь танихгүй царайлаад хичээл дээрээсээ хөөгөөд гаргаж алдаг байна ш дээ. Гэхдээ аз болоход нөгөө багш чинь 1969 онд гаргасан номоо надад өгсөн байснаа хурааж аваагүй юм. Тэгээд 2 ном, орос англи хэлний 5000 үгтэй хармааны толь бичигтэй бүтэн хоёр жил үзэж тарлаа.
Ид хорхой хөдөлж байх үедээ Битлзийн моно бичлэгтэй пянзыг элэгдтэл нь сонсож сонсголын дасгал хийдэг байлаа. Гэтэл нэгэн удаа J.Lennon -ний японд хэвлэгдсэн Imagine пянз олоод задалсан чинь дууных нь үг нь дотор хавтсан дээр нь ирийтэлнь бичээтэй байдаг байгаа. Хэсэгтээ караоке болж энэ тэр...
10 ангид ордог жилийн намар боллоо. Манай ангийн шилмэл үүлдрийн азрага шиг хоёр сайхан залуу нийтийн бүжгийн дугуйланд орно гэх ухааны юм яриад намайг дагуулаад МҮЭСТ ордонг зорилоо. Тэгсэн чинь нөгөө дугуйлангийн багш нь намайг голоод манай хоёрыг чинь аваад үлддэг юм байна. Мань яахав дээ гологдол царайлаад гэртээ очих замдаа төв шуудангаар орсон чинь нэг гадаад хампаан шуудангийн марк авах гээд худалдагчтай нь хэл амаа ололцохгүй ядаж байх юм аа. Зайлуул муу худалдагч нь хамаг байдаг орос хэлээ гаргаж "Восемь тугрик, сорок мунгу" (найман төгрөг, дөчин мөнгө) гэж хэлээд байхад нь хэлээ мэддэггүй "орос" урдаас нь юм яриад байх юм. Би тэр үед хажууд нь очоод яриаг нь сонссон чинь орос биш хэлээр шулганаад байх юмаа. Гэхдээ би заримыгнь ойлгоод ч байх шиг... Тэгэнгүүт нь мань гэнэт зориг гарган "May I help you" гэсэн чинь над руу нээх том харснаа урдаас "Sure" гэж ирээд л баахан юм ярьж гарлаа. Анхааралтай сонсоод байвал ойлгоод байх юмаа. Тэгэхээр нь эргээд"Do you want to buy post stamps?" гээд асуугаадахсан чинь -Тиймээ гэхдээ үнийг нь мэдэхгүй байна гэж байнаа. Би тэр дороо сэтгэж 8 төгрөг 40 мөнгө гэсэн тооны нэрийг алдаагүй хичээж хэлээд Goodbye гээд хэлтэл нөгөө гадаад чинь "I have present for you" гэдэг юм байна. Present гэдэг үгийг нь ойлгоогүй ч надад нэг юм өгөх нь гэж ойлголоо. төв шуудангаас нөгөө гадаад хампааныг дагаад Улаанбаатар зочид буудалд очлоо. Орох гэсэн чинь үүднийх нь хүн оруулахгүй хөөж туугаад нэг өдрийн дотор хоёр ч удаа гологдол болдог байна ш дээ. Тэгтэл нөгөө гадаад хүн одоохон гэж хэлэх шиг болоод шат алгасан харайсаар алга боллоо. Нэг их удалгүй гартаа гялгар ууттай юм барьсаар хүрч ирснээ надад өгснөө гараараа даллаад буцаад орлоо. Би яахав "Thank you very much, Goodbye" гээд л хоцорлоо. Буудлаас холдож байгаад уутаа нээгээд үзтэл ёооё тэр үед идэх битгий хэл харж байгаагүй "Mars", Sneakers", "Coca-Cola", дээрээс нь Big-ийн тосон бал, Idaho мужын байгалын байдлыг харуулсан ил захидал байна. Лаазтай кола-аа арай гэж задлаад нэг хоёр балган, амандаа марс хүлхсэн шиг зогсож байтал ганган гэгч нь хувцасласан хоёр ах над дээр ирлээ. Тэр хоёрын нэг нь ахын дүү англиар ярьдаг уу гэж байнаа. Сая яриад үзсэн хүн чинь ярьдаг гэж урдаас нь какарлаа. Тэгтэл 2 ах нь энэ буудалд буусан хүнээс доллар авах гэсэн юм миний дүү хэл болж туслаач гэдэг байгаа. Нэг өдөр хоёр удаа гологдож, хөөгдөж туугдсан хүн чинь бас нэг хүн тоогоод эхлэхээр баярлаж л таарна ш дээ. Тэгье гээд нөгөө хоёрыг чинь дагасаар буудал руу орсон чинь байдаггүй ээ. НАХЯ-ны төлөөлөгч гэсэн үнэмлэх гаргаж үзүүлснээ буудлын цагдаагийн хэсгийн өрөө рүү дагуулан орлоо. (Үргэлжлэл бий)
Ta ch yor n torool kararaastaigaan bsaaar bgain bna. Haril ene suuld n Ee simwuaaaaaaaaaaaaa yu boloh n we za huleej baiy daraagiinhiig n...
ReplyDeleteSonirholtoi urnul heseg deeree orood l.... Hampaan bichih argaa oltson bna shyy. Yag l serial kino shig ain? Sedel turyylj bnaa. Tsaash yrgeljlyylen biheerei.
ReplyDelete