Monday, March 22, 2010

Хавар ирлээ



Амралт дөхөхөөр ирэх 14 хоног юу хийж, яах вэ гэсэн асуултаар толгой хар аяндаа дүүрээд байдаг гэжуайгаа. Баахан бизнэс төлөвлөгөөний санаанууд орж ирээл энэ тэр үү??? Зурагтаар гарч байгаа үзвэрийн зараас илүү шинэ угаалгын бодис, саван, аяга таваг угаадаг шингэн, шүдний оо өөр юу юу ч байдаг билээ бүгдийг нь аваад үнэхээр сайн юм уу эсвэл манийг мангартуулж хулхидаж байна уу гэдгийг шалгаж үзэх хүсэл төрөөд байдаг юм. Миний энэ хүслийг оросын ТВ сувгууд их хөдөлгөнөө. Ядаж байхад би өөрөө супер орос хэлтэй. Тирет гэж бөглөрсөн караанты бөглөө гаргадаг нэг сайхан юм байнаа. Тэрнийг авахаар шийдээд байгаа. Яг яаж бөглөө гаргадагийг нь мэдэх гээд аудио, видео тээхнэгээ хүртэл бэлдээд авсан.


Баасан гаригт очих болохоор орой нь баранд орж таарна. Тэр бол найдвартай. Харин аль баранд орох вэ вайз. Гэрийнхээ ойрхон орвол тэр хавийн барны хүмүүст нүдлэгдээд аюул болох байх. Шинэ газар нүүж очсон болохоор ядаж нэг жил нэр хүндтэйхэн шиг баймаар байна ш дээ. Хуучин байранд байхдаа хавийнхаа 36 ТҮЦ, найман зочид буудал, есийн есөн ширхэг 8 нэрийн барааны дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг айлгаж, ичээгээд сүүлд нь нөгөө газын эзэд нь ирж бизнесийн нэр хүндэд халдсан, ашиггүй ажиллуулсан юу юу ч билээ баахан мөнгө нэхсэн шиг юм болвол хар дараа. Ядаж байхад энд тэнд дэл сул эзэнтэй, эзэнгүй хамаагүй юм харагдвал хямгадчих гээд байдаг зан маань гай болоод байх юм. Эртээд яав? Нэг өвгөн бөөрөнхий чулуу барьж авч үнэрлээд байхаар нь нус хатаадаг чулуу юм байна, өөрөө дахиад нэгийг олоод авчих биз гэж бодоод ширээн дээрээс нь аваад хармайлж орхилоо. Тэгсэн чинь юу болов? Нөгөөдүүл чинь хуяг дуулгаа өмсөөд манай өвөөгийн хөөргийг өг гээд хариугүй барьж зодох нь ээ. Би яахав огт сандралгүй гутлынхаа түрийнээс шидэт дохиураа гаргаж ирээд нэг дохисон чинь бүгдээрээ халгай болоод хувирчихсан. Хүүхдүүдийг нь халгай болгочихсон юм чинь сандраад нөгөө үнэрлэдэг чулууг нь өвгөнд эргүүлээд өгчихсөн гэж байгаа. Харин халгай болсон хүнийг буцааж яаж хүн болгох арга мэдэхгүй болохоор байрныхаа ард хагдарсан халгайг бүгдийг нь шатаагаад хаясан. Гранд оффис гэж нэг байшингийн хажууд Тескома гээд нээх сайхан дэлгүүр байх юм. Яваад орсон чинь бараг хагас сая төгрөгний үнэтэй хар малгай харагдлаа. Мань тэр малгайг тийм их үнэтэй болохоор нь далдын хар малгай байх гэж бодож байгаам чинь. тэгээд худалдагчынх нь нүдийг хариулж байгаад худлаа нээх тоохгүй үзэж бхйгаа юм шиг болж байснаа гялс өвөртлөөд гараад л харайхгүй юу. Тэгсэн чинь яав нөгөө дэлгүүрийн үүдийг сахиад зогсож байсан хишигтэн торгон цэргүүд нь миний хойноос уухай хашгираад хөөлөө. Би явган баахан гүйж байгаад нисдэг бор морио унаад давхилаа гэсэн чинь нисдэггүй бор морио андуурч унаад хариугүй баригддагийн даваан дээр Бушхүүгийн үлгэрийн чөтгөр тааралдаж аминд орсон ш дээ. Дараа нь хуссан малгайгаа үнэхээр далдын хар малгай байна уу үгүй юу гээд үзсэн чинь энгийн л нэг малгай байсан. Тэгэнгүүт нь тэр малгайгаа өмсөөд Богдын музей орлоо. Болж өгвөл Богд хааны өмсөж байсан алтан жинстэй хутагтын малгайгаар тулах, солих болохгүй бол хусах ухааны юм бодлоо л доо. Очсон чинь харин надаас түрүүлээд 120 мянгат юмуу 19 хорооллын гарууд хуссан байх юм. Одоо нэг хар малгайтай тэрнийгээ яахаа мэдэхээ болчихоод л байна.
За энэ солиорох ч яахав. Амралтаараа болвол Скай ресорт явж цанаар гулгаж байгаа хүүхдэд мөргүүлчихгүйхэн шиг хэсэг байж байгаад ирнэ. Бас болж өгвөл живчихгүйхэн шиг бассейнд сэлнэ. Эрүүлжүүлэхэд орчихгүйхэн шиг тасартлаа архи ууж, агсам тавиад ДОХ тусчихгүйхэн шиг сээксдээд, солиорчихгүйхэн шиг ном уншаад, дээрэмдүүлчихгүйхэн шиг дэлгүүр хэсэж байгаад ирнээ...

Sunday, March 21, 2010

Үнэнхүү аз жаргалтай...



Би ажлынхаа өрөөнд үнэнхүү аз жаргалтай хүүхэдтэй хамт суудаг болоод 10 хоног болж байна. Намайг 9 ангид сурч байхад төрсөн болохоор хэрвээ би 8 төгсөөд ТМС-д ороод хамаагүй юмаараа тоглож байгаад нэг хүүхэдтэй болцон бол чи миний хүүхэд шиг болох байхгүй юу гэж мэцэн сууж байгаа юм чинь. Золигийн хүүхэд чинь чихрэнд ёстой нүгэлтэй дуртай юмаа. Хэдэн чихэр, шоколад авч ирсэн чинь надтай сэндвичээр наймаалалцаад дуусгасан гэж байгаа. Хамгийн марзан нь үнэн саваагүй. Хотоос ирэхдээ авч ирсэн ногоон цайнаас чинь ууж үзье гэж эхэлсэнээ одоо бүр донтоод орчихсон гэж байгаа. Бас миний өнжөөд уудаг тураадаг цайг ганцхан амсаад үзье гэхээр нэг пакетыг уучих гээд өгсөн чинь 2 удаа найруулж уучихаад бүтэн өдөржингөө чацга харваастай байсан. Нэг юм хэлээд л араас нь хихихи гээд алга болно. Ядаж байхад тэрнийг ирсэнээс хойш манай өрөөгөөр залуус холхих нь нэмэгдээд тамтай гэж жигтэйхэн. Огт шагайдаггүй байсан хүн хүртэл шал хамаагүй хадаас асууцан орж ирж ч байх шиг. Мань хэтээсээ ярдаг юм болохоороо шазав татав хийгээстэй байгаам чинь...
Жаргаж явах залуу насандаа жаргалтай яваарай.

Saturday, March 20, 2010

INSOMNIA



Insomnia нь нойргүйдэл хэмээх нэгэн төрлийн өвчин билээ. Хажууд нь infantaism, workaholism бол кайф л гэсэн үг. Тодорхой цагт унтаж хэвшсэн хүмүүс тухайн цагтаа унтаж амжаагүй бол эсвэл унтаж байхад нь сэрээвэл буцаж унтаж чаддаггүй хүмүүс энэ өвчний хохирогч болдог.
Урд шөнө над руу нэг этгээд 22 цагийн үед залгаж байх юм. Би утсаа авалгүй тасаллаа. Дахиад залгахаар нь дахиад л тасаллаа. Энэ явдал 4 удаа давтагдаж эцэст нь би утсаа салгаж санаа амарлаа. Гар утас ашиглах ёс зүй гэж байдаг үгүйг мэдэхгүй. Гэхдээ оройн 20 цагаас өглөөний 10 цагийн хооронд залгахыг хамгийн тохирмжгүйд тооцдог юм билээ. Энэ мэтийн ахуйн соёлыг хүн болгон мэддэг баймаар юм. Гэтэл аюул үүгээр өнгөрсөнгүй. Нөгөө этгээд миний тэвчээрийг сорихоор шийдсэн бололтой 3:10 минутад "Bi erdeneted baina gevel yahuu hehehe" гэсэн тохуутай мессеж ирүүллээ. Тэр этгээдийг дахиж залгахгүй байх гэж бодоод шөнө нойрон дундаа 01:00 цагийн үед утсаа асаасан минь бурууджээ. БИ ямар түүнийг эрдэнэт яваад, очингуутаа хэлээрэй гэж гуйгаагүй болохоор үнэн утгагүй санагдаж "Мангартаад бай" гэж хариу бичтэл над руу эргүүлээд залгаж байх юм. Унтаж байна ш дээ гэж намайг ярдаглатал 3:14 минутанд " Nadtai yarix durgyi bgaa yum uu" гэсэн байцаалт мессежээр ирүүлж байх юм. Ямар сонин амьдралтай хүн гэхээрээ ийм байдаг юм бол??? Намайг түүнтэй харанхуй шөнөөр юу ярина гэж ямар төлгөнд нь буусан юм бол ёстой мэдэх юм алга. Эсвэл тэр этгээдийн амьдрал нь үргэлжийн адал явдал, гахайн ханиад, шоу, 11 сарын зугаалга байдаг юм болов уу??? Эртхэн түүнээс холдож санаагаа амраахсан...

Friday, March 19, 2010

Гамбинод тохиолдсон явдал (Украйн-2)



Хохолуудын байгаа байдал нь үнэн дээрэмчин төрхтэй. Нударга нь гэж лантуу шиг, толгой нь гэж дөш л гэсэн үг. тэдний нэг нь миний орж ирсэн хаалгыг халхлаад нээх бичиг үсэгтэй хүн болж харагдах гэснүү яасан хармаанаасаа "Радьянска Украйна" (Зөвлөлт Украйн) сонин гаргаад суучихлаа. Нөгөөдөх нь миний сууж байсан ширээнд өөдөөс минь хараад суулаа. Тэр намайг цоо ширтэж байнаа. Үнэн эвгүй санагдаж байгаа юм чинь. Надаас өөр амьтан байсан бол өмдөндөө шээс, баастайгаа холилдох байсан биз. Өөдөөс минь харж суусан дээрэмчин царайт, миний өмсөж байсан пулеметоор хэд ч буудсан цоорохооргүй хатуу савхины ханцуйнаас дээр өргөж байснаа ширээн дээр хаяж үзэж байх юм. Би эрх биш амь амьтан болохоороо гараа татаж байгаам. Тэгж тэгж байснаа нөгөөх чиэщнь чи яах гэж байгаа юм гэлээ. Мань ёстой хамаг эелдэг царайгаа гаргаж байгаад гөл харайгаад байгаагаа мэдэгдэхгүйг аль байдгаараа хичээн байж: нэг нүдэнд дулаахан ах надаас савхин хүрэм худалдаж аваад мөнгийг нь өгнө гээд, энд хүлээж бай гэсэн юм гэлээ. Тэгсэн чинь нөгөө дээрэмчин царайт: Эзэн хэн нэг хүнд мөнгө өгөөрэй гэж хэлээгүй. Чи одоо эндээс зайл гэж байна. Тэгэхээр нь: Би өөрийг чинь биш тэр хүнийг хүлээж байна гэлээ. Нөгөөх чинь нэг мушийснаа: хүлээ хүлээ, тэртэй тэргүй чи тэрэнтэйгээ дахиж уулзахгүй гэдэг юм байна. Би урдаас нь:За яахав би орой болтол хүлээнээ, өнөөдөр хичээлгүй гэх юм хэлээд суугаад байлаа. Тэгсэн чинь нөгөөдөх чинь: Чи хаанаас ирсийн гэж байна. Би урдаас нь: Монголоос ирсэн гэлээ. Нөгөө дээрэмчин царайт: Танайхан их анчин гэсэн чи савхин хүрэмнийхээ оронд өөр юм авах уу гэж байна. Юу өгөх юм бэ гэсэн чинь дагаад яв гэлээ. Мань дагаад явсан чинь нэг подвалд оруулж, ногоон модон хайрцаг нээж үзүүллээ. Тэр хайрцаганд нь АК, Макаров, ТТ, винтов гээд салаа цэрэг зэвсэглэж болмоор юм байж байдаг байгаа. Би: Өө наадуулыг чинь авч болж л байна. даанч хил гааль гээд бөөн ядаргаа болно, баригдвал шоронд ч сууж магадгүй гэсэн чинь. Нөгөө дээрэмчин чинь буу авахгүй юм бол манай энд цадатлаа идчихээд яв гэлээ. Маний ходоод хоржигнож байсан ч гэсэн өө би өлсөөгүй байна гэж гүрийв. Дээрэмчин царайт: Би тэгвэл чамд Киев хотын хамгийн сайхан хүүхнийг өгье, тэгээд чи тэрэнтэй нэг хоноод наймаа дуусгая гэнээ. Би тэгэхээр нь надад мөнгө хэрэгтэй байгаа юм аа. удахгүй гэртээ харина. Ээж, аавдаа бэлэг авч очмоор байгаа юм гэлээ. Дээрэмчиний хэлж байгаагаар бол мань гэгээн цагаан өдөр түм түжигнэж, бум бужигнасан Киев хотоор АК үүрээд явж байх нь байна ш дээ. Үнэн амар айн ??? Дээрэмчин бид хоёрыг подвалаас гараад ирэхэд бидний сууж байсан ширээн дээр хоол, унд, идээ будааг өрсөн байлаа. Үүдэнд сууж байсан дээрэмчин амаараа дүүрэн алтан шүд яралзуулан инээн: За дүү хүү, манай эзэн чиний гэдэс өлсөж байгааг мэдээд хоол унд идүүлээд явуулаарай гэсэн юм. Тэгээд бид хоёр чамаар жаахан дамшиглалаа. Эр хүн иймэрхүү юм үзэж байх нь дээр гэж хэлээд хармаанаасаа 1800 рубль гаргаж надад өгөөд ширээнд суулгав. Тэд ч өөрсдөө надтай хамт сууж идэж гарлаа. Тэр хоёр гал тогооноос зөөгч хүүхнээр 3 хундага авчруулаад архи аягалж бид тэр дороо ах дүүс боллоо. 2 Шил архи уусны дараа би халж нөгөөдүүлээ дайлна гэтэл тэр хоёр одоо бид ажилтай. Чи хэрэв архи уумаар байвал эндээс 2 архи аваад гэртээ аваачиж уу гэж хэлээд миний үүргэвчинд хийлээ. Идэж ууж дууссаны дараа надад буу үзүүлдэг дээрэмчин: чамайг дотуур байранд чинь хүргэж өгье гэснээ жижигхэн Запорожец машинд суулгаад өөрөө жолоодоод хөдөллөө. Замд явж байхдаа хадгалж байгаа буу зэвсгийн талаар ам ангайх юм бол хаа байгаа газраас чинь олж толгойг минь таслан гэдгээ эвтэйхэн хэлж байнаа.
Би зэвсгийн тухай ярилгүй болсон явдлаа нэг өрөөнд хамт амьдарч байсан Крымын татар оюутанд хэлэхэд тэр: украйны үндсэрхэг үзэлтнүүд гэсэн нэртэй дээрэмчид гараад байгаа юм. Тэд нартай тааралдсан байх. Ойртож нөхөрлөөд байраар дагуулж ирээд байх хэрэггүй гэж байж билээ.
За нэг ийм байдалтай л явж байсан юм байна. (Үргэлжлэл бий)

Wednesday, March 17, 2010

Гамбинод тохиолдсон явдал (Украйн)




Тээр жил оюутан болоод Украйны нийслэл Киев хотод нэг жил амьдардаг юм байна. Хот гэж үнэн том хамгийн гол нь украйн хүүхнүүд чинь байна ш дээ орос хүүхнүүдээс илүү хөөрхөн юм байна лээ. Тэгснээ орос хэл шиг мөртлөө арай өөр хэлээр ярьж инээлдээд л их жигтэйхэн. Намайг сурч байх үед Горбачевын "Сухой закон" гараад дэлгүүрийн лангуун дээрээс шүдний оо, үнэртэй ус, шил арчигч хуу алга болсон байв. Гэхдээ манай украйн ах дүүс самогон гэгч алдартай брендээрээ ах дүүсээ дайлаастай сайхан л байлаа. Гахайн давсалсан өөх (Сало), хар талх, сонгинотой холиод цохих ч бас л тансаг гэжийгаа. Хамгийн марзан нь украйнчууд, гудамжинд ургаж байгаа модноос жимс түүж идэхгүй харин хүмүүсийн зарж байгаагаас нь мөнгө төлөөд авч иддэгээрээ тэднийг сармагчингаас ялгарч харагдуулдаг юм билээ. За энэ ч яахав...
Одоо хамгийн ноцтой юмаа эхэлье. Нэг өдөр оюутны байран дахь өрөөндөө хэвтээд гиюүрээд сууж байсан чинь нутгаас чинь хүн утсаар ярья гэж байна гэнээ. Ярьсан чинь нэг Монгол авгай ээжийн чинь явуулсан юмыг авч ирлээ, буудлаас ирээд уулзаад авчих гэдэг юм байна. Яваад очтол тэр үед яам тамгын газрынхан сайн ажилтнуудаа шагналын журмаар түр курсэд явуулдаг байсан журмаар ирсэн нэг эгч авгай ээжийн явуулсан захиа, хатаасан 7.20-ын хиам, солонгос бэлтгэлийн хувцас гэх мэт юм өгч байх юмаа. Тэгснээ нөгөө эгч чинь өөрийнхөө савхин хүрмийг зараад өгөөч гэж байна. Би яахав дээ хэдэн цаас нэмээд унагачих санаатай нөгөө хүрмийг нь аваад гарлаа. Хэд хоногийн дараа гэнэт зах гармаар санагдахаар нь нөгөө хүрмийг нь аваад явлаа. тэр үед арьс ширний үйлдвэрийн нэгдлийн савхин эдлэлийн үйлдвэрт Югославын шинэ шугам нээгдээд торгон савхи гэдэг хачин сайхан юм хийдэг болоод байсан юм. Хүрэмний эзэн хэлэхдээ 500-700 рувльд өгчихөөрөө гэсэн байдаг гэтэл надад тэр хүрэм яагаад ч юм 1000 рубль байтугай 1500 рубль хүрч болмоор санагдаад болдоггүй ээ. Хүний совин гэж сонин шүү. Би мөнгөгүй ч юм уу авч чадмааргүй хүмүүсийг хараад л ялгаад байдаг чадвартай юм л даа. Хүмүүс надаас ирээд хэдээр өгөхийн л гээд байна. Би мөнгөгүй гэж санагдсан хүмүүст 1000 рубльд өгнө гээд арай чадалтай хүмүүст 1500-д өгнө гээд зогсож байлаа. Тэгсэн чинь яахын аргагүй социалист хөдөлмөрийн баатар баймаар царайны нэг нүдэнд дулаахан эр миний хажуугаар өнгөрлөө. Надад болохоор тэр хүн л миний зарж байгаа хүрмийг хэлсэн үнэнд маань шууд авмаар санагдаад байдаг. Мань угын сэргэлэн юм болохоороо нөгөө нөхрийн явж байгаа замыг нь тосоод өмнө нь гараад зогслоо. Яг энэ үед тэр намайг, намайг ч юу байхав дээ миний гартаа барьсан хүрмийг хараад над руу ирлээ. Наад хүрмээ хэдэд өгөх вэ гэж асуухад нь би 1500 рубль гэж хэлнэ дээ гэж бодож байсан чинь ягаад ч юм бэ хэл хальтраад 1800 рубльд өгнө гээд хэлчихлээ. Нөгөө хампаан тэгсэн чинь наадахаа цүнхэндээ хийчихээд намайг хүлээж бай гэснээ яваад өглөө. Би яахав олсон олзоо бүр мөсөн тавиад туучихгүйн тулд харааны газраас нөгөө хампаанаа бараадаад явж байв. Миний олз хэд хэдэн лангуун дээгүүр очоод юм зарж байсан бага ястан (армян, азербаджан, еврей) царайтай амьтадтай уулзаж мөнгө аваад л байна. Нээх удалгүй тэр над дээр эргээд ирлээ. Тэгснээ миний хүрмийг өмсөлгүй өөртөө тааруулж нэг барьж үзсэнээ, миний мөнгө жаахан дутаад байна, чи надтай хамт яваад манай ажил дээрээс очоод авчих гэнээ. Би за тэгье гээд дагалаа. Тэр хампаан хав хар өнгөтэй Волга машинтай юм байна. Өөрөө жолооддог бололтой. Намайг суу гэж байна. Замдаа намайг хаанаас ирсэн, ямар сургуульд сурдаг гээд асууж байнаа. Тэр өглөө би зах гарна гээд өглөө юм идээгүй байсан болохоор түүний машинаар явж байхад миний гэдэс 2-3 удаа хоржигнож байв. Удалгүй бид нийтийн зогсоолд машинаа тавиад "Едальная" (Д үсгийг нь Б болгох юм бол шал өөр утга болно) гэж украйнаар бичсэн хоолны газарт алхан ирлээ. Тэр хаалга түлхүүрдэж орсноо 50 орчим суудалтай зааланд намайг үлдээгээд Одоохон гэж хэлээд алга боллоо. Төдөлгүй цаанаас надтай адил 2 хүн зэрэгцүүлээд, дээрээс нь 3 хүн давхарласан юм шиг том биетэй 2 хохол (украйнчуудыг хохол гэнэ) гараад ирлээ...

Хөөрхий муу Гамбино англи хэл сурсан нь - 3

НАХЯ-ны төлөөлөгч гэдэг бол кинуугаар хэлэх юм бол "Хаврын 17 учрал" дээр гардаг тагнуулууд юм байна л даа. дугуйланд бүртгүүлэхэд хэрэг болж магадгүй гэж бодоод иргэний паспортоо аваад явж байсныг маань тэр дор нь төлөөлөгч тагнуулууд аваад хураачихдаг юм байна. Тэгээд нөгөө хоёр чинь надаас байцаалт авч эхэллээ. Яах гэж гадаад хүнтэй уулзсан? тэр хүнд юу ярьсан? чамаас юу асуусан бэ? Дахиж хэзээ уулзах вэ? Манай социалист сайхан эх оронд маань яах гэж ирсэн хүн бэ? Капиталист Mars, Sneakers-ийн амт нь социалист чихрээс өөр амттай байна уу? Кока -Кола уух нь төгрөг хорийн нимбэгний ундаа уухаас ямар байна вэ??? АНУ-ын түрэмгий ерөнхийлөгчөөс ямар даалгавартай ирсэн гэж байна вэ гээд ёстой хүний санаанд ормооргүй асуулт тавьдаг гэж байгаа. Тэгснээ нөгөө 2 гятнуулууд, тэр хүн чинь чамайг доллар зараач гэж гуйсан гэж байна гээд гөрддөг байна ш дээ. Мань тэгэнгүүт нь тэгвэл тэр муу гадаадтай чинь нүүрэлдий гэх ухааны юм хэлсэн чинь гадны зочин унтаж байна гээд болдоггүй ээ. Бодсон чинь өдрийн 14-15 цагийн оронд хувцсаа тайлаад, орондоо ороод унтаж байна гэдэг нь итгэлгүй санагдаад болдоггүй ээ. Би болсон явдлаа лав 15 удаа ярьсан байх, ярих тусам итгэхгүй болдог шиг байгаа юм. Тэгээд нөгөө хоёр чинь ядарсан уу яасан эсвэл гарч ээлжит тагналтаа хийх гэсэн үү гараад явлаа. Тэр өрөөнд хоёр Штирлицээс гадна эрэлхэг цагдаа Щвейк сууж ажилладаг юм байна л даа. Мань нөгөө эрэлхэг цагдаа Щвейкийн хяналтан доор муухай царайлаад сууж байтал гаднаас цагдаагийн нэг хошууч орж ирснээ над руу муухай харснаа энэ яасан гэмт хэрэгтэн бэ гээд Щвейкээс асуулаа. Щвейк тэгж байгаад их өөдгүй, Кола ууж марс идсэн манийг шууд долларын наймаачин гээд гөрж байгаа юм даа. Нөгөө хошууч нь харсаар байтал дунд сургуулийн хүүхдийг баригддашгүй өшөө авагч байгаа юм шиг сүрхий харснаа, чухал царайлан " Найрамдлын районд нэг хулгайч хүргэж өгчихөөл буцахдаа наадахыг чинь авч явнаа" гэдэг байгаа. Би хошуучыг гарангуут нь Щвейкээс- энэ намайг хааш нь аваачих гэж байгаа юм бол гэсэн чинь байдаг газарт чинь гэж хуцдагийн. Би гэрээ олноо, одоо явчихья тэгвэл гэсэн чинь урдаас тэнэг үү чи? Чамайг ганц худаг руу явуулна гэдэг байгаа. Би тэнд чинь байдаггүй юм чинь яахаараа миний байдаг газар болдогийн гээд би бас урдаас нь ярдаглаад авлаа. Тэгээд сууж байсан чинь тархинд гялс гээд л бодол ороод ирдэг байгаа. Тэгэнгүүт нь би Щвейкэд: Одоо 17 цаг болж байна дүүгээ цэцэрлэгээс авах ёстой байдаг утсаар чинь ганц ярьж болох уу гэлээ. Нөгөө Щвейк бас гэнэн гэж жигтэйхэн тэг тэг гэлээ. Би утас авангуутаа аав руугаа залгаад болсон явдлаа 6 хан үгэнд (Намайг Улаанбаатар буудалд баривчиллаа. Ирж ав.) багтаагаад хэлтэл утас торхийгээд таг. Түүнээс хойш 3 минутын дараа Щвейкийн утас дуугарлаа. Нөгөөх чинь үнэн пээдгэр утсаа авснаа гэнэт сандал дээрээсээ год үсрэн босоод Тиймээ нөхөр генералаа, мэдлээ гүйцэтгье нөхөр генералаа гэж хэлээд утсаа тавьж хөлсөө арчиж хэсэг суув. Дараа нь надаас уучлал гуйснаа, сейфнээсээ миний Марс, Сникерснүүдийг өгөөд буудлаас гаргаж өгөв.Би нөгөө Щвейкээс паспортоо авья гэсэн чинь маргааш ангийн багштай ирж ав гэж новширдог байгаа...
8 төгсөхөд манай анги тарж, намайг ёстой жинхэнэ үзэн яддаг хөгийн багшийн ангид хуваарилсан байлаа. Эсвэл тэр багш намайг тамлах гэж өөрөө ангидаа авсан ч байж магадгүй. Тийм аюултай багшийг дагуулаад цагдаа дээр очвол намайг суллуулах биш харин ч алж магадгүй. Тийм болохоор тархиа ажиллуулж гарлаа. Тэр өдрийн сүүлийн цагийн хичээл Цэрэгжилт гэж нэг сайхан юм орлоо. Багш нь- ардын армийн ахмад. Би эр хүн эр хүндээ хайртай гэгчээр шууд цэрэгжилийн багш ахмадад болсон явдлаа ярьлаа. Нөгөө хампаан чинь чи өөрийнхөө ангийн багшийг дагуулаад явахгүй яасын гэж байна. Тэр хүнд миний ярьж байгаа юмыг ойлгох оюуны потенциал байхгүй гэдгийг хэрдээ эвтэйхэн тайлбарллаа. Багш за яахав яваад өгье гэж байнаа.
Тэр жилийн зун манайхан гэрээрээ аавын төрсөн нутагт очиж амрах үед хамаатан саднууд надад овоо хэдэн төгрөг өгсөнийг нь би өөрийнхөө цуглуулга дээр нэмээд бараг 1000 гаруй болоод байсанаасаа 300 төгрөг цүнхээ гэртээ оруулахдаа сугаллаа. Домогт Улаанбаатар зочид буудалд иртэл 2 Штирлиц, 1 Щвейк бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж байнаа. Намайг хараад гэм хийсэн юм шиг гөлөлзөөд жигтэйхээн. Аргагүй ш дээ тэд нарын хамгийн томын том даргыг нь манай аав зад хангинаад баасыг ньшавхаад, хосыг нь шувтарсан юм чинь. Багш очингуутаа манай энэ хүүхэд номын сайн нөхөр, таван онцын эзэн, эвлэлийн гишүүн, удахгүй намын орлогч гишүүн болох гэж байгаа. Тэгээд 5 жилийн дараа сансарт нисэж ч магадгүй, ер нь бол их ирээдүйтэй хүүхэд гэх ухааны юм ярьж байгаад миний паспортыг салгаад авлаа. Буудлаас гарах замдаа би багш -ахмадаас та пиав уух уу гэж асуулаа. Тэгсэн урдаас ёстой багш хүн хамгийн муу сурагчаа ч ингэж хардаггүй байх гэмээр харцаар цоо ширтэхэд нь буцаагаад Щтирлиц, Щвейкуудад хүргэж өгөх гэж байгаа юм болов уу гэж бодож энэ тэр үү. Тэгсэн чинь дараа нь мэдэх нь ээ багш - ахмад маань над руу энэ хүүхэд намайг согтоох мөнгөтэй болов уу гэж харсан юм билээ зайлуул. За багш бид 2-ийн идэж уусан асуудал тусдаа нэг бүлэг болох тул энэ хүргээд зогсьё.
Энэ явдлаас хойш англи хэл бол дайсны хэл юм байна. Мэддэг байсан ч мэдэж байгаагаа бусдад хэлж болохгүй юм байна гэж мах цусандаа шингэтлээ боддог боллоо.
Аравдугаар ангиа төгслөө. Гэгээн Зөвлөлт оронд эрдэм сурахаар явлаа. Гуравдугаар курсэд сурч байхад маань Монгол орон ардчилал, зах зээлийн харилцаанд орж, гадаад ертөнцөд үүдээ нээж эхлэхэд баахан орос хэлний багш нарыг англи хэлний багш болгон хувиргах ажил өрнөж тэр үед сэтгэл судлаачаар суралцаж байсан намайг аав маань эрхүүгийн иняз (Институт иностраных языков) гэдэг сургуулийн англи, итали хэлний орчуулагч референтийн ангид эчнээгээр оруулсан билээ хэмээн энэ бичлэгээ өндөрлөе.

Tuesday, March 16, 2010

Хөөрхий муу Гамбино хэрхэн англи хэл сурсан бэ? (2)

Миний толгойд энэ орос хэлнээс өөр олон хүн ярьдаг хэл байдаг юм байна. Тэрнийг хэрвээ сурах юм бол хэнтэй, юу ч хамаагүй ярьж болох юм байна гэсэн бодол харван орж ирлээ. Артекын амралтын өдрүүд дуусаж гэртээ ирлээ. Хичээл ч эхэллээ. Нэг өдөр циркийн хажуугаар балайраад явж байгаад одоогийн Их монгол баарны оронд байсан номын дэлгүүр орж дэл сул мөнгө зөнгөө хүн унагаасан бол олж 50 мөнгөний гөөхий авч идье гэх ухааны юм бодоод орлоо. Тэгсэн чинь З.Батсүх гэсэн зохиолчтой "Англи хэл өөрөө сурах бичиг" гэсэн ногоон хавтастай нимгэн ном харагдлаа. Аваад харсан чинь ойлгомжтой санагдаж байнаа. Үнэ нь 5 төгрөг 15 мөнгө гэж байх юм. Орой нь ааваасаа ном авах гэсэн юм гээд мөнгө шалж гарлаа. Аз болоход манай хоёр хөгшин номонд мөнгө хайрладаггүй хүмүүс байсан юм, тэр зан нь надад ч байдаг. Гай болоод ном авах мөнгө харамлаад, архи авах гэхээр мөнгө өгдөг авгай авч балрахгүй юмсан. За тэр ч яахав ...
Нөгөө авсан номоо ёстой эхнээс нь дуустал нэг уншаад дараа нь араас нь урагш нь, голоос нь хоёр тийш нь гээд ном уншиж болох бүх аргаар нухлаа. Намайг хичээл зүтгэл гарган англи хэл судалж байгааг маань аав овоо үнэлсэн юм уу яасын Их сургуулийн англи хэлний нэртэй багшид шавь оруулж өглөө. Би багштайгаа 7 хоногт 1 цаг хичээллэж, гэрийн даалгавар авдаг байв. Гэтэл багшийн маань ухаан булингартсан уу яасан нэг удаа хичээлдээ очсон чинь танихгүй царайлаад хичээл дээрээсээ хөөгөөд гаргаж алдаг байна ш дээ. Гэхдээ аз болоход нөгөө багш чинь 1969 онд гаргасан номоо надад өгсөн байснаа хурааж аваагүй юм. Тэгээд 2 ном, орос англи хэлний 5000 үгтэй хармааны толь бичигтэй бүтэн хоёр жил үзэж тарлаа.
Ид хорхой хөдөлж байх үедээ Битлзийн моно бичлэгтэй пянзыг элэгдтэл нь сонсож сонсголын дасгал хийдэг байлаа. Гэтэл нэгэн удаа J.Lennon -ний японд хэвлэгдсэн Imagine пянз олоод задалсан чинь дууных нь үг нь дотор хавтсан дээр нь ирийтэлнь бичээтэй байдаг байгаа. Хэсэгтээ караоке болж энэ тэр...
10 ангид ордог жилийн намар боллоо. Манай ангийн шилмэл үүлдрийн азрага шиг хоёр сайхан залуу нийтийн бүжгийн дугуйланд орно гэх ухааны юм яриад намайг дагуулаад МҮЭСТ ордонг зорилоо. Тэгсэн чинь нөгөө дугуйлангийн багш нь намайг голоод манай хоёрыг чинь аваад үлддэг юм байна. Мань яахав дээ гологдол царайлаад гэртээ очих замдаа төв шуудангаар орсон чинь нэг гадаад хампаан шуудангийн марк авах гээд худалдагчтай нь хэл амаа ололцохгүй ядаж байх юм аа. Зайлуул муу худалдагч нь хамаг байдаг орос хэлээ гаргаж "Восемь тугрик, сорок мунгу" (найман төгрөг, дөчин мөнгө) гэж хэлээд байхад нь хэлээ мэддэггүй "орос" урдаас нь юм яриад байх юм. Би тэр үед хажууд нь очоод яриаг нь сонссон чинь орос биш хэлээр шулганаад байх юмаа. Гэхдээ би заримыгнь ойлгоод ч байх шиг... Тэгэнгүүт нь мань гэнэт зориг гарган "May I help you" гэсэн чинь над руу нээх том харснаа урдаас "Sure" гэж ирээд л баахан юм ярьж гарлаа. Анхааралтай сонсоод байвал ойлгоод байх юмаа. Тэгэхээр нь эргээд"Do you want to buy post stamps?" гээд асуугаадахсан чинь -Тиймээ гэхдээ үнийг нь мэдэхгүй байна гэж байнаа. Би тэр дороо сэтгэж 8 төгрөг 40 мөнгө гэсэн тооны нэрийг алдаагүй хичээж хэлээд Goodbye гээд хэлтэл нөгөө гадаад чинь "I have present for you" гэдэг юм байна. Present гэдэг үгийг нь ойлгоогүй ч надад нэг юм өгөх нь гэж ойлголоо. төв шуудангаас нөгөө гадаад хампааныг дагаад Улаанбаатар зочид буудалд очлоо. Орох гэсэн чинь үүднийх нь хүн оруулахгүй хөөж туугаад нэг өдрийн дотор хоёр ч удаа гологдол болдог байна ш дээ. Тэгтэл нөгөө гадаад хүн одоохон гэж хэлэх шиг болоод шат алгасан харайсаар алга боллоо. Нэг их удалгүй гартаа гялгар ууттай юм барьсаар хүрч ирснээ надад өгснөө гараараа даллаад буцаад орлоо. Би яахав "Thank you very much, Goodbye" гээд л хоцорлоо. Буудлаас холдож байгаад уутаа нээгээд үзтэл ёооё тэр үед идэх битгий хэл харж байгаагүй "Mars", Sneakers", "Coca-Cola", дээрээс нь Big-ийн тосон бал, Idaho мужын байгалын байдлыг харуулсан ил захидал байна. Лаазтай кола-аа арай гэж задлаад нэг хоёр балган, амандаа марс хүлхсэн шиг зогсож байтал ганган гэгч нь хувцасласан хоёр ах над дээр ирлээ. Тэр хоёрын нэг нь ахын дүү англиар ярьдаг уу гэж байнаа. Сая яриад үзсэн хүн чинь ярьдаг гэж урдаас нь какарлаа. Тэгтэл 2 ах нь энэ буудалд буусан хүнээс доллар авах гэсэн юм миний дүү хэл болж туслаач гэдэг байгаа. Нэг өдөр хоёр удаа гологдож, хөөгдөж туугдсан хүн чинь бас нэг хүн тоогоод эхлэхээр баярлаж л таарна ш дээ. Тэгье гээд нөгөө хоёрыг чинь дагасаар буудал руу орсон чинь байдаггүй ээ. НАХЯ-ны төлөөлөгч гэсэн үнэмлэх гаргаж үзүүлснээ буудлын цагдаагийн хэсгийн өрөө рүү дагуулан орлоо. (Үргэлжлэл бий)



Хөөрхий Гамбино англи хэл анх яаж сурсан бэ???



Багадаа сайн эцэг эхийн буянаар улаан Москвад хэдэн жил болоод яг сургуульд ордогийн даваан дээр манай гэр улсын нийслэл Улаанбаатартаа эргээд ирлээ. Орос сургуульд орох гэсэн чинь орон тоо байхгүй гээд байхаар нь нөгөө оросжиж гүйцсэн намайг монгол сургуульд оруулаад хаялаа. Угын багаасаа ухаан сэргэлэн байсан болохоор тэр дороо төрлөө олж, дорхноо монголжоод, чулуу, шилний хагархай, тэвэг, шөвөг, чавх хармайлаад гараа сайртуулж, уруулаа хагалаад (уруулаа хагална гэдэг нь гадаа тэнээд л байвал уруул хатаад хагарахыг хэлнэ ) гудамжны хампаан болж хувирлаа. Гэхдээ л орос хэл мартагддаггүй салахгүй хамт яваад л байнаа. Тэгсээр байтал 4 ангид орж орос хэлний хичээл ордог болж би гэдэг амьтан чинь ёстой цоорч эхэллээ. Бараг 10 төгстлөө орос хэлний хичээл дээр цоорхой байлаа. Нөгөө тоо геомэтэр, физик, хими бол хөмөрсөн тогоо л гэсэн үг. хамгийн сайн багшаар хэдэн жил ч заалгаад ойлгохгүй ш дээ. Ялангуяа гэомэтэр гэдэг хичээл дээр багш нь "Огторгуйд дурын цэг авья" гэнгүүт л нүдэнд Гагарин, Жанибеков, Гүррагчаа нар пуужинтайгаа цэг булаацалдаад хөөцөлдөж нисэх ухааны юм харагдаад эхэлдэг гэж байгаа. хадуурах гэж байна. 7 ангид байж байсан чинь орос хэлний хэдэн багш авгай нар анги ангийн орос хэлний акулуудыг цуглуулаад дуу дуулуулж, шүлэг уншуулж, цээжээр бичүүлж бөөн юм болоод эхэллээ. Тэгсэн чинь мань бас хэдэн юмнуудтай тэр сонгон шалгаруулалтанд нь тэнцдэг юм байна. Тэр дундаас нь шигшсээр байгаад эцэст нь надтай нийлээд 4 хачин юм үлдлээ. Нөгөө үлдсэн 4 юмыг чинь олимпод оролцох шигшээгийн тамирчид шиг хичээлээс чөлөөлөөд дуу заагаад, ном мом уншуулаад алж байна аа. Сүүлд нь бүр монгол царайтай орос хүүхэд болгох гээд байгаа юм болов уу гэж хүртэл бодож байгаа юм чинь. Өглөө 9 цагаас орой 18-20 цаг хүртэл сургууль дээр хадаастай гээд л бодчих. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр "Мы поедем в Артек" гэдэг ТВ тэмцээнд оруулах гэж байгаа юм гэнээ. За тэр ч яахав болдог юм болдогоороо болж манай баг жил гаруй үргэлжилсэн тулаанд ялж Артек явлаа. Артект очингуутаа тааралдсан болгонтойгоо оросоор амаа хаттал чалчиж гарна даа гэсэн чинь байдаггүй ээ. Уг нь дэлхийн бүх орны орос хэлний тэмцээнд орж ялсан хүүхдүүд цугларах юм байх гэж бодож байлаа л даа. Оросоор маньтай ярьж байгаа нь Польш, Болгар, тэгээд Вьетнам, Лаос гээд гарын 5 хуруунд багтмаар орны хүүхдүүд байнаа. Бусад нь герман, англи, франц гээд бүр нэг муу Гана (Ганаа биш шүү) улсаас ирсэн модноосоо саяхан буусан хар хүүхэд (maybe Monkey) хүртэл АНУ Англи хүүхэдтэй чаг чаг гэж юм яриад их байнаа. тэгэнгүүт миний тархин дотор нэг бодол эргэлдээд эхэллээ. (Үргэлжлэл бий)

Үнэгүй архи уух гарзгүй арга



Бодоод байхнээ би дандаа мөнгөөрөө архи авч уусан байх юм. Хүн мөнгө гаргах гэхээр нь яахын яахын гэж байгаад л өөрөө авч өгөөд байсан нь хүнээр авахуулсанаасаа олон болж таараад байна шүү. Ганц нэг хүнээр 1-3 шил архи авахуулж уухыг бол ядах юмгүй чадна л даа. Харин өргөн олныг хамарсан архидалтыг мөнгө гаргахгүй яаж зохион байгуулах вэ гэж бодож бодож байгаад нэг арга оллоо.

Яах вэ гэхээр ид халуун дурлал дээрээ явж байгаа залуу эр юмуу эм хүнийг сайн мэдээд авах хэрэгтэй. Тэгээд хэд хоног энэ тэр гэж балай юм ярьж байгаад чи хуримаа хийх үү гээд л асуух хэрэгтэй. Мэдээж нөгөөдөх чинь хуримын даашинз өмсвөл төрсөн эх нь ч танихааргүй гачин аймаар царай зүстэй ч байсан гэсэн хуримаа хийнээ л гэж хэлнэ. Тэгэнгүүт нь хэрвээ чамайг энэ зун хийх юм бол ах нь чамд 1000000 төгрөг гээд аль болох их мөнгө өгнө, гэхдээ гэр бүл болж байгаа хүний чинь нэрийг оруулалгүй зөвхөн чиний нэр дээр хадгаламжын данс нээгээд өгчихнө гээд л болоо. Нөгөө хүн чинь та яаж тийм их мөнгө өгөх юм бэ гэж асуух юм бол чиний шидсэн дэгээг зуулаа гэсэн үг. Тэгэнгүүт нь улам лавшруулаад чи хуримын урилгаа хүн болгонд нэр нэрээр нь өгвөл их сайн, харин хамт олонд гээд дунд нь өгвөл очих амьтан олдохгүй шүү гэж зөвлөнө гэжийгаа. Дараа нь нөгөө хурим хийхийг хүсэн буй нөхөрт харин бэлгийн мөнгө яаж босгох аргаа итгэл үнэмшил төртөл нь хэлнэ.
Юу гэх вэ гэхээр: хуримын урилга авангуутаа л бусад хүмүүст сонсогдохоор за энэ хүүхдийг сайхан дэмжих хэрэгтэй тийм болохоор би хувиасаа 100US$ өгнө гэхээр манайхан нэр нүүрээ бодоод, нэрэлхүү зандаа дийлдээд, дээрээс нь бас барицалдаад бүгд 100$ өгнө гэнэ. Яг тэгж ам ангайсан дээр нь нэр усыг нь бичиж аваад, гарын үсэг зуруулаад авахаар чи тэр дороо баяжина ш дээ гэнгүүт нөгөө ахуримаа хийхийг хүсэмжлэгч ок ок болоод л чихэн дээрээ ургасан сарнайг усалж, тордоод эхлэнэ гэж байгаа. Бас уух архиа захиалахаа мартаж болохгүй. Чи ажлынхаа хүн болгоноос 100$авах юм чинь аятайхан архи авч дайлахаа мартаж болохгүй шүү. Алтан түрүү хар, шар, мөнгөн, морьтой чингис архинуудыг дэлгүүрээс аваад уучих болохоор арай чанартай гадаад архи мархи байхад зүгээр ш дээ гээд л хэлэхэд болоод явчихна. Гэхдээ энэ үгээ олон давтаад байвал мөн чанар, утга нь алдагдана.
За за Намрын эхэн сарын 17 өдөр болтол лай ч байна зай ч байна. Энийг уншсан бол арга техникээ сайн боловсруулаарай...

Monday, March 15, 2010

Хавар ирлээ ш дээ юу бодож байна даа???



Саяхан л цагаан сар болоод амьтан хүмүүс айл майл хэсээд, хахаж унатлаа бууз хусаад, архи гудраад авгай, хүүхнүүдийг амиа яаая гэтэл нь гал тогоотой холилдуулаад эрчүүд хоймор гарч бурхан царайлж жигтэйхэн байсан чинь Март 8 гэдэг өдөр боллоо.
Тэгэнгүүт нь би эмэгтэйчүүдийн баярын өдрийг, эр хүн яаж өөртөө ашигтайгаар өнгөрөөх вэ гэдэг таагчиг боловсрууллаа.
Мартын 8 -ний битүүний (3 сарын 7 өдөр ш дээ) өглөө босоод л эмээ, ээж, эгч, эмэгтэй дүү, эхнэр, бэргэн, бэр дүү, найз охин, нууц амраг, явалддаг хүүхэн, хамт ажилладаг эмэгтэйчүүд, хөрш айлын эхнэр, охин гээд эм хүйстэй, урт үстэй богино жолоот бүхнийг заавал баярлуулна гэдгээ чанга дуугаар зарлах хэрэгтэй гэж байгаа. Яаж баярлуулахын гээд жарваганасан нэг нь асуух юм бол урд өмнө байгаагүй, маш шинэлэг байдлаар гэж анхааруулахаа мартаж болохгүй. Тэгэнгүүт нөгөөдүүлд чинь лаг их горьдлого төрөөд ирнэ. Харин мань яахав гэхээр ийш тийшээ рэстранд захиалга өгөх гэсийн гээд л хамгийн том том рестраны нэр хэлээд л залгаад л яриад байх хэрэгтэй. Гэхдээ үнэнгээсээ ярьж болохгүй ш дээ утасны чинь төлбөр болохоо болино. Зүгээр л ярьж байгаа юм шиг царай гаргаад л сүүлд нь заавал ч үгүй "үнэ ч яахав бломжийн л юм гэхдээ даанч арга алга уу " гэсэн шүү юм хэлээд л байх хэрэгтэй. Ер нь бол өдрийн талыг ингэж өнгөрөөхөөр нөгөө хүүхнүүд чинь манийг ямар сайхан сэтгэлтэй юм бэ? эмэгтэйчүүдээ баярлуулах гээд үнэн сэтгэлээсээ зүтгэж байна ш дээ гэж бодно гэжийгаа. Тэгээд цонхоор харж байтал нөгөө Жэм интернэйшнлийн жил болгон 10000 сарнай тараадаг хүн явж байвал шууд дагуулаад хүүхнүүд хүлээж байгаа оффис, гэр орон, орц рэстраан бааранд дагуулж ороод цэцэгнээс авч байгаад өөрөө өгч байгаам шиг царайлаад тараа. Нөгөө цэцэг тарааж байгаа хүнээс нэмээд өгөх хүн байгаа одоо арай ирээгүй байна гэж гөрж байгаад 100 гаруй сарнай аваад цааш нь сожжих яадгийн. Тэгэнгүүтээ нөгөө хүнээ гараад явангуут 1 сарнайг 1000 төгрөгөөр зарчихангуут мань тэр дороо 100.000.00 төгрөгтэй болоод ирж байгаам. Тэгснээ нөгөө мөнгөөрөө хүүхнүүдээ дайлаад эхлэ. Дайлахад бас их учир бий. Юу хүссэнийг нь авч өгч байгаа хүн болж харагдахын тулд цөөхөн сонголттой газарт орох хэрэгтэй. Ганц хоёр төрлийн хямд дарс, хямд архи, боргио моргио зардаг, тогоочгүй юмуу эсвэл гал тогоогүй газарт орвол болж байгаам. Архи, боргио, архиа даруулах цэвэр ус аваарай. Гол нь цэвэр ус шүү. Яаж байгаам бэ гэвэл баарнаас үнэтэй архи авч байснаас дэлгүүрээс гарч архи аваад цэвэр усныхаа саванд хийгээд буцаж бааранд оруулж уух гээж байгаам. Лаг сэтгэж байна уу??? Тэгээд байж байтал гэнэт халж, өөр тийшээ салгалмаар санагдвал утас руу чиннь гаднаас дуудлага орж байгаа юм шиг дуугаргасанаа авангуутаа " өө яанаа тийм үү ..." гэнгүүтээ утсаа салгангуутаа чухал царайлаад явахгүй бол болохгүй нь ээ гээд тооцоог нь хийгээд байгаа газраасаа гараарай. Гарахдаа яах билээ??? Яг зөв, усны саванд хийсэн архиа андууралгүй авч гарна.
Тэгээд л март 8 тэмдэглээ. болоо ш дээ яадгийн тэ???

Saturday, March 13, 2010

Нэг мэдсэн чинь 2010-16 (Эмоци)



Саяны өнгөрдөг хэдэн хоног нар гараад, намайг нозооруулаад үнэн тамтай байлаа. Тархи хүртэл ажиллахгүй, эмоци хөдлөхгүй утгагүй байв. Гэтэл өнөө өглөө нүүр, нүдгүй шороогоор шуурч сэтгэл санааг минь сэргээж сайхан байнаа. нэг өрөөнд хамт ажилладаг охин маань говийн нэг сонин өвчин тусаад, ширээгээ дэрлэж унтаад амар ч юм уу??? Ер нь бодоод байсан чинь би их муухай амьтан юм байна. Цаг агаар сайхан байхаар хамаг хийморь лундаа маань унаад, салхи шуурга, ган, зуд болохоор сэргэлэн цовоо болох гэж жигтэйхэн. Өнгөрдөг өвөл 11 сараас хойш хичнээн цоглог байв. Үр дүнд нь хэдэн мал хорогдсон байх жишээтэй. Заримдаа би тэнгэр муухайраасай, онгоц битгий нисээсэй гэж аягүй их хүсдэг. Ноднин хавар намайг тэгээд хүсээд эхлэнгүүт онгоц саатаж байсан удаатай. Худлаа гэвэл манай Цогцог мэднэ. Тэр бас юмтай юм болохоор тэнгэр муудаасай гэж над шиг хүсдэг байсан юм. Цогцог Канад яваад бараг жил болох гэж байна. Ванкуверийн Олимпийн үед тэнгэр муухайраад байсан бодвол Цогцог тэгж хүссэн байх. Хүсээд бай хүсээд бай...

Monday, March 8, 2010


За гэж байгаад эхэлнээ. Энэ 3 сар гарснаас хойш ууж согтуурсангүй, ухаан санаа эрүүл байнаа. Үгүй худлаа, хуссан юм байна. 3 сарын 2-3 өдрүүдэд. Гэхдээ сайн нөхөдтэйгээ нийлж хуссан юм байна нээрээ. Замаасаа урвадаг, завсрын юмнууд мессеж бичээд л байсан тэд юу гэх нь ямар хамаатай юм. Би л найзуудтайгаа хусаж байвал болоо ш дээ. Мартын баяр боллоо. Зурагтаар ээжийн тухай нэвтрүүлэг гараад л, мань нь муу ээжийгээ санаад л чанга дугарвал хоолой сааралтах гээд л... Цонхоор харсан чинь саяхан цагаан сараар хэсэж амжаагүй айлуудаараа хүмүүс хэсээд л. Нээрээ баярлах завтай улс байх юм аа. Нөгөө хэдэн тогооч, зөөгч охидуудаа дагуулж Жүр үрд тоорт идэж, жүүс уулаа. Дараа нь дисконд хамт орлоо. Найман залуу охин дагуулсан бүдүүн баагий үнэн догь харагдаж байх шиг байсан. Нөгөө охидууд чинь тэгсэн чинь ДЖ дээр очоод "Хайрт ах Г....-даа маш их хайртай..." гээд зарлуулж байгаад сууж байсан ширээ рүү прожектор тусгаж алдаг юм даа. Тэгсэн чинь би нөгөө Ipod-оо чихэндээ залгачихсан шал өөр дуу сонсцон сууж таарч энэ тэр. За тэр ч яахав. Хэнийгээ энэ баяраар баярлуулдаг юм билээ гэж бодож бодож байгаад гэрээсээ гарахгүй байхаар шийдсэн минь хүн болсноор гаргасан цөөхөн зөв шийдвэрүүдийн маань нэг байлаа. Харин гаднаас зочид хүлээж авсаан. Муу дүү охиноо хоёр зээтэйгээ урьлаа. Ирлээ, идлээ. Тэгээд явууллаа. Хүргэн нэг шил архи авч ирж байна. САнаа нь хувааж хусах юм бололтой. Тэгэхээр нь тэрнийг нь аваад хөргөгчиндөө хийгээд унгасан хятад шиг юу ч болоогүй юм шиг суусаар байгаад гаргав. Нөхөрт нь архи уулгах юм бол миний дүү эмэгтэйчүүдийн баяраар гүйцэд баярлаж чадахгүй юм шиг санагдаад байсан юм л даа. Сүүлийн үед айхтар гэгээлэг болж ирээд байнаа. Ингэсээр байгаад бүр цоорч бурханы хутаг олох юм биш байгаа. Харсан үзсэн болгоноо энэрэн нигүүлссэн харцаар харж, бодож тунгаагаад болох юм биш ээ. Бас хоол хийдэг төрөлхийн авьяас маань дахин тодроод айхтар юм болж байна. Түмэн янзын сүмс бэлдээд л... Карри сүмстэй тахианы мах, цагаан будаа, Пиканте лечо ер нь тоолоод байсан чинь 40 янзын хоол хийхээр байна шүү гээд жаахан онгирчихоё. За За хоол хиймээр санагдлаа. Тэгээд 220 тоотын гавьяат хүүхнийг урьдаг хэргээ.