Saturday, September 28, 2019


УУРШИЛТ
Ус цельсийн 100 хэмд буцалж улмаар ууршдаг гэдгийг хэн ч андахгүй мэднэ. Харин империал систем хэрэглэдэг орнууд усыг фарангейтын 212 хэмд буцлан ууршдаг гэлцэнэ.

***

Хориод жилийн өмнө надаар хичээл заалгаж явсан тэр нэгэн охин арав гаруй жилийн өмнө амиа алдсныг саяхан сонслоо. Мөрөө давсан өтгөн хар гэзэг, зуйван бор царай, давхраатай буган нүд, гоолиг бие гээд байгаль түүнээс гоо үзэсгэлэнг харамгүй хайрласан гэлтэй. Ажилд орчихсон гээд бөөн баяр болоод явж байхтай нь тааралдсанаас хойш дахиж уулзаагүй юм байна. Нэг ангийнх нь хүүтэй хожим таарахад түүнийг гадаад хүнтэй гэр бүл болоод явсан гэж билээ. Ингээд л тэр уурших замдаа орсон юм.  

***

Шинэ мянганы босгон дээр хятадын Нанжин хотын радио хорооны нэвтрүүлэгч Шинран хэмээгчид нэрээ нууцалсан нэг эрээс өөрийн гацааны 60 настай хазгар иргэн олон насны зөрүүтэй эмэгтэйг худалдан авч, хүчээр эхнэрээ болгоод, оргон зугтахаас нь сэргийлж гинжлэн гэрээсээ гаргадаггүй, мөнхүү арванхоёр настай “эхнэрийн” бэлхүүсээр ороосон гинж биенд нь шигдэн шархлуулж, хувцсыг нь цус нэвтлэн гарч байдаг тухай дурьдсан захиа ирүүлжээ.
            Хөөрхий охины эцэг, эх охиноо олох гэж бусдаас 10000 юань зээлж өрөнд ороод байх үед сонины газрынхан хүчний байгууллагатай хамтран гацааны иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан охиныг чөлөөлж эцэг эхэд нь хүргэсэн гэнэ. Азтай охин ууршаагүй.
            Бэр богтлох эсвэл хулгайлах явдал феодализмын үед манайд байсан тухай ардын дуу, уран зохиолд гардаг. Энэ бурангуй явдал ардын хувьсгалын дараа устсан. Тиймээс ч манай эмэгтэйчүүдэд доминант шинж байнга биш юм гэхэд үе үе илэрдэг.
            Харин энэхүү охид бүсгүйчүүдийг хулгайлан гэрлэх явдал эртний Ромд байсныг түүхчид нотолдог. Тэдний үзэж байгаагаар дан эрчүүдээс бүрдсэн Ромчууд ядуугийн туйл байсан тул хөрш овог аймгууд охидоо хадамд гаргадаггүй байж. Энэ шалтгааны улмаас Ромул асар том найр наадам зохиож хөршүүдээ уриад ид үед нь зэвсэггүй зочид руугаа халдаж охид бүсгүйчүүдийг нь булаан авсан гэдэг.
Эртний Славянчууд түүдэг галын наадмын үед таалагдсан бүсгүйгээ зөвшөөрүүлсэн тохиолдолд өөрийн гэртээ аваачдаг байсан гэнэ. Арай хүнлэг гэмээр юмуу.
Кавказ, Киргиз, Казахстан, Эфиоп зэрэг орнуудад бэр хулгайлах явдал өдий хүртэл бугшсаар байна. Соёл иргэншилт орнуудад уг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Манайд ч мөн нэг адил.

***

Гэр бүл болох хүнээ биет болон билгийн мэлмийгээрээ таашааж, оюун бодол санаагаараа тунгааж, сэтгэл зүрхээрээ (зүрх уг нь цус шахах үүрэгтэй эрхтэн) мэдэрч шийдвэр гаргадаг. Гэтэл арчаагүй эрчүүд биднээс болдог уу, тарчиг амьдралаас болсон уу эсвэл бүр биеийн амрыг харснаас болов уу охидууд маань гадаад иргэдтэй гэрлэх нь улам нэмэгдсээр байгаа нь нүдний өмнө илт.
Хэдэн жилийн өмнө намайг иргэний бүртгэл мэдээллийн төвд “ээлжит” гэрлэлтээ цуцлуулахаар (гадаад иргэний гэрлэлтийг тэнд цуцладаг байсан) явж байхад 20 нас хүрсэн болов уу гэмээр хөдөөний жаахан охин үеийнхээ шоохуузтай бүртгүүлэх гээд дугаарлаж байхыг харж билээ. Тэрхэн үед “чааваас даа үүнээс өөр олигтой юм даанч олдсонгүй юу!” гэж хэлмээр санагдсан ч “хүний сонголт юм даа” гэсэн бодолд дарагдаад өнгөрсөн юм. Хөөрхий охин ууршчихаагүй байгаасай.
Бас нэг тохиолдол санаанд оров байна. Гадаадад сургууль төгссөн дажгүй эмэгтэй. Сингл ээж. Гэм нь гэнэн гэж тамтаггүй. Нэг хэсэг Малайз, Нигерээс э-мэйлээр ирдэг байсан спам захиануудад итгэчихнэ. Цаана нь байгаа зальт этгээдэд хамаг мэдээллээ явуулна, амьдрал ахуйгаа тоочно. Хэлэхээр итгэхгүй хэрнээ мэхлэгчид хамаг итгэлээ сэтгэлтэйгээ алдчихсан байж билээ. Азаар түүний санхүүгийн боломжгүй, гадаад хэлний мэдлэггүй байдлууд нь хаа нэгтээ ууршихаас “аварсан” байх.   
Үнэндээ гадаад эрчүүд бурхад биш. Бидний л өрөөсөн дугуйнууд. Адилхан иддэг, уудаг, ялгадсаа гадагшлуулдаг. Хүсдэг тэмүүлдэг бас тачааддаг. Баярлаж, хөөрдөг. Шаналж гуньдаг, уурлаж бухимддаг. Зарим нь амиа хорлодог бол нөгөө хэсэг нь бусдын амийг тоохгүй хөнөөдөг. Огт ялгаагүй...

***

1996 онд дэлгэцэнд гарсан “The Rock” киноны төгсгөлд ХМТ-ны дарга, доктор Гуудспид (Nicolas Cage)-ээс английн тагнуул Мэйсон (Sean Connory)-ийг асуухад      VAPORIZED (ууршчихсан) хэмээн хариулдаг. Цэцэг шиг охидоо УУРШУУЛЖ АЛДМААРГҮЙ...

Гамбино
2019 оны 9 сарын 29


 
             

Friday, September 27, 2019

Үнсэлт



ҮНСЭЛТ  хэдэн янз байдгийг судлаачид тогтоосон байдаг биз. Харин одоогоос 40 гаруйхан жилийн өмнө “үнсэлт” эцэг, эх хүүхдүүдийн дунд, эсвэл амраг хосуудын хөнжил дотор өрнөдөг үйл гэж хүлээн зөвшөөрөгддөг байжээ. Соц реалист дэлгэцийн бүтээлүүдэд духан дээр үнэрлэх эсвэл наалинхай харцаар голдуу илэрхийлж үзүүлнэ. Иймэрхүү бүрхэг зүйлс гарах болгонд ухаан суусан хүүхдүүдийн ам гэнэт цангадаг байсан бол эцэг, эхчүүд огт өөр юм хийгээд эхэлдэг байлаа.
Гэтэл 1986 онд Ленинград, Бостон хотуудын хооронд зохион байгуулсан телегүүр нэвтрүүлгээр Зөвлөлтийн нэгэн оролцогч эмэгтэй “Секс у нас есть, у нас нет рекламы!” хэмээснээр энэ сэдэв арай нээлттэй болсон юм.
Гэвчиг энэхүү үнэ цэнэтэй эрхэм зүйл цагийн аяс дулаарахтай зэрэгцэн мөн чанараа алдсан мэт.
Одоогоос 10 шахуу жилийн өмнө танил маань 50 нас хүрч бидний хэдэн дүү найз нараа урьсан юм. Уусан ундаандаа хөөрсөн бид тамхилцгаах зуураа дүрсгүйтэхээр шийдэцгээж тэнд байсан эмэгтэйчүүдээс хамгийн тод өнгөтэй уруулын будгийг нь гуйж аваад уруул амандаа нялцгаав. Дараа нь төрсөн өдрийн эзэнд ээлж дараалан мэнд хүргэцгээхдээ хацар, дух, хүзүү, цамцны зах гээд хаа таарсан газраа уруулын будагны мөр үлдээцгээлээ.
Зочдоос хэн ч түүнд энэ тухай хэлсэнгүй, мань эр ч мэдсэнгүй. Түүнийг ариун цэврийн өрөө рүү явах замд таарсан танихгүй хүмүүс жоготой жуумалзаж байсан ч тэр анзаарсангүй. Харин толинд өөрийгөө харангуутаа нулимсаа гартал хөхөрч гарав.
Хэдэн хормын дараа тэр нүдэндээ нулимс тунаруулсаар ирлээ. Удтал баахан дуугүй сууж байснаа:
-                      Намайг үнссэн, үнсээгүй хамаагүй та нарыгаа би бүгдийг нь үнсье. Одоо миний ээлж гэж хэлээд ирсэн бүх зочдыг нэг нэгээр нь зүрхнийхээ гүнээс ундарсан асар их талархал, хайраар үнэрлэж билээ.
***
            Гэтэл өмнөд хөршийн 19 настай Шиао Юү хэмээгч охиныг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлж байхыг хөрш нь харжээ. Хараад зогссонгүй таарсан болгондоо хөөрхий охиныг элдвээр ярьж, ээж, аавыг нь ичгүүртэй байдалд оруулсан гэнэ.
            Охин эцэг, эхдээ хайртай. Хүүгүй учраас цорын ганц итгэл найдвар нь байсан нь ойлгомжтой.  Харин өөрт нь гар хүрэхээс ч зүрхшээдэг дурлалт хар хүүдээ духан дээрээ үнэрлүүлснээс болж зовлонт охин хамгийн ойрын хүмүүсийнхээ итгэл, нэр нүүрийг баржээ. Үнэндээ тэр ямар буруутай юм бэ?
            Харамсалтай нь охин ховын үгнээс болж амиа егүүтгэжээ.
***
            Бусдын дамшиглалыг хайр хүндэтгэл болгон хардаг нэгэн байхад, чин сэтгэлийн илэрхийлэлийг хов болгон цаддаг өөр нэгэн бас байх аж.
            Та энэ хоёрын хэн нь вэ?

Гамбино

2019 оны 9 сарын 27