Tuesday, May 10, 2016

Удсан хүнийг та нар яах гэсэн юм бэ?

Хэдэн онд билээ байз сайн санадаггүй ээ. Ямар ч гэсэн нэг мундаг хүн "ажилдаа угаасаа хоцордог юм..." гэж зурагтаар какарч байсныг та нар мартаагүй байх. Би яг тэр хүн шиг "блогоо бичилгүй удсан хүнийг та нар яах гэсэн юм бэ" гээд какармаар санагдчихлаа. Ер нь хаа явсан газраа какарч байх хэрэгтэй л дээ. Жишээ нь эмэгтэйчүүдийн нийтийн 00-д нүүрний хувиралгүй ороод цатгалан боохой шиг гарч чадаж байвал какарч байгаагийн нэг шинж. Эсвэл хэл үггүй ажлаа хагас сар тасалчихаад юу ч болоогүй юм шиг ширэн нүүрлээд ирэх ч бас нэг какралтын хэлбэр. Хогоо асгаад ирье гэж гэрээсээ гарчихаад, тасартлаа согтоод гэртээ орох нь какралтын шилдэг жишээ. Хашдаг ажлынхаа давуу талын амтыг мэдэрсэн цэвэрлэгч ч какарч болдог юм билээ. Цэвэрлэгч какарч болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Хорвоо дээр хүн болж төрсөн хэн ч какарч болно. Какралт өөрийн гэсэн дүрэм, журамгүй учир түүний  хэр хэмжээг тогтоох боломжгүй. Өөрийгөө олонд  таниулж чадаагүй байж концертоо хийгээд шатсан уран бүтээлч, зүй ёсны шаардлага тавьсан байгууллагынхантай хэл ам хийж байгаа нь бас нэгэн төрлийн какралт. Какардаг хүмүүсийн жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Тэдний дараалалд багтаж чадахгүй маань миний хохь. Тийм учраас чадлынхаа хэрээр, гарсан бүх боломжийг алдалгүй какрахын төлөө мачийгаад байж дээ.