Sunday, October 27, 2013

Эх орон баатарлаг охид, хөвгүүдээ мартахгүй гэж бараг үнэн үг юм шиг байна. Гэхдээ эх орон гэдгээр хэсэг бүлэг хүмүүсийг хэлээд байгаа юмуу даа. Түүнээс биш төрсөн нутаг, уул, ус биш... Саяхан бараг 2000 шахам хүмүүсийг орон тооны цомхотголоор ажлаас нь халж гэнээ. Ердөө л цалин тавих мөнгөгүй болсон юм уу ер нь нэг тиймэрхүү мөнгөтэй холбоотой асуудлаар гэж  ойлгоод байгаа. Тэр олон хүн бөөнөөрөө зэрэг архидаад халагдана гэж байхгүй, бас хулгай зэлгий хийсэн юм байхгүй. Хамгийн сонирхолтой нь цомхотголоор халагдсан хүмүүст бөөн мөнгө өгдөг юм байна. Тэгээд тэр их мөнгөөрөө нөгөөдүүл чинь нийлээд гуанзанд хоол иддэг ёстой бололтой. Гэхдээ бүх мөнгөөрөө нэг дор гуанзанд ордоггүй байх л даа. Цомхотголд орсон хүмүүс фэйсбүүк дээрээ зураг хөргөө тавьсан болохоор нь би тэгж таагаад байгаа ухаантай. Тэр нь үнэхээр атаархмаараа... Өөрийгөө цомхотголоор халагдаасай гэж хэсэг хүслээ. Халдаггүй шүү. Тэгж тэгж нэг юм цомхотголоор халагдах мэдэгдлээ аваад ажил хийлгүй баахан мөнгөтэй болох нь гээд бөөн баяр боллоо. Нэгэнт бөөн мөнгө авах юм чинь яадгийн зус  гэж бодоод хамаатнаасаа баахан төгрөг хүүтэй зээлээд цомхотголд орсон хүн шиг тансаглаж гарлаа. Юун нөгөө бээжин нугас вэ? Шарсан алагтууны өндөг, лууны хавирга, динзаврын дал өөр юу юу ч билээ гачин гачин юм идээд байж байтал дампуурсан юм болж ажлаас эргүүлж дууудаад амьдрал жинхэнээрээ утгаа алдаад байна. Нөгөө зээлээ хүүтэй нь төлөх хугацаа нь ойртоод байдаг гэтэл өгөх мөнгө байхгүй ёстой хог болж байна. Удахгүй таны залгасан дугаар холбогдох боломжгүй гээд эхэлвэл намайг ээлжит хулхидалтаа хийгээд мурилтын байдалд оржээ гэж бодоорой.