Monday, November 30, 2009

Хэсүүл тэнүүл хэсэг бодол - 3


Аль халуун намраар л та минь ээ яаанаа ийнээ цаана чинь шинэ жил болох гээд байна гээд хөөрөөд байтал одоо бүр хариугүй болох гэж байна ш дээ. Өглөө календарь хараад хэвтэж байсан чинь яг сарын дараа буюу 2010 оны 1 сарын 1-ний өдөр би өөрийн хэсэг нөхдийнхөө хамт гэртээ харих ээлж тохиох юм байна. Уг нь энэ долоо хоногт ээлж буугаад 14 хоног хотод амрана л даа. Гэхдээ дээрх жишээнээс харах юм бол миний хэр их холч ухаантай болох нь харагдаж байгаа биз дээ??? Өөрөө өөрийгөө хааяа ингэж магтаж байхгүй бол намайг магтах хүн алга байх шиг байна. Оны сүүлийн өдрүүдийг тэртэй тэргүй Цэнгэлтэй хамт ориг өвлийн гэрт нь очихоор төлөвлөсөн болохоор тэр тухай дахиж яриад ч яахав. Харин бусад өдрүүдэд нь юу хийх тухайгаа сайн бодох хэрэгтэй. Нөгөө хөл хорио, баарны хаах цаг гээд миний төлөвлөгөөнд нөлөөлөх онцгой хүчин зүйлүүдийг харгалзан үзэхгүй бол болохгүй гэж байгаа. Амралтаараа ийш тийшээ явахдаа нэг шингэн дуутай юм дагуулахгүй бол болохгүй. Хийморь лундаанд муу гэж зурхайд бичсэн байна. Тэр шингэн дуут, богино жолоотод өмсөх торгон дамбаал, лакадсан эсгий гутал байна уу үгүй юу??? Өөрөө нэг их жигтэйхэн дах, дэгтий болсон хампаан дараад байдаг гэтэл хажуудах нь олигтой дамбаал, эсгий гуталгүй "Шороотын Цэвээн" шиг юм яваад байвал хүн муу хэлнэ ш дээ. Ядахдаа манай Жаргал, Туяа хоёр шиг адьяалаараа бөгсөө ороогоод явж байвал болж байгаа юм. Ер нь адоьялаараа бөгсөө ороож явах чинь их дажгүй юм байна. (Адьяаал гэхээр 4500 төгрөг төлөөд ам аймаар цангачихсан босож ирдэг эрэгтэйчүүдийн зочид буудлын үнэр танартай юмыг хэлээгүй шүү) Тэх тусмаа 2 аъдьяалтай бол бүр гараад өгнө ш дээ. Хүн харахад нэг их даарсан дүрийг Сэрэлт киноны Пүрэвжав, эсвэл ах лам шиг гаргаад л гол нь сиймхий гарвал нэг адьяллаа дэвсэж байгаад нөгөөгөөр нь хучаад хэсэг нак авахад яагаад болохгүй гэж. Адяаал (энэ гадаад үгийг хэдэн янзаар ч биччихэв дээ) гэж юу яриад байгааг ойлгохгүй орос - монгол толь бичгээс хараад хөнжил гэж байвал юу юугүй битгий шөнө нөмөрч унтдаг хөнжилөө цагаан даавуутай нь битгий аваад бөгсөө ороогоод унаарай. Бас ингээд хэлчихээр даавууг нь сугалж авчихаад бөгсөө ороож болохгүй шүү. Ер нь нөмөрч унтдаг адъяаалаар бөгсөө ороодоггүй юм. Ороодог нь ганган юм байх ёстой. Ингэж хэлэхээр битгий урдаас "Вай нот" гээд нүдээ бүлтийлгээд байв аа. Болохгүй л гэсэн бол болохгүй. Бодоод байсан чинь "Вай Нот" гэж хэлээд нүдээ нэг их том бүлтийлгэвэл их сүртэй англи асуулт болдог юм байна. Гол нь асуунгуутаа нүдээ бүлтийлгэсэн хэвээрээ эргэн тойрноо хэсэг тойруулж харах юм бол чи жинхэнэ "Вай нот" гэдгийнхээ хариултыг мэддэг лаг мэдлэгтэй гар болно. Ёоо юуу вэ шинэ жил, готод дагуулж явах хүүхнээ яаж гоёх тухай ярьж байснаа нэг мэдсэн чинь англиар асуулт сүртэй тавих тухай онол праагчикийн бага хурал хариугүй хийх гэж байх чинь. Бодол санаа дэмий тэнэдэг болсоноос хойш ийм "со" болоод байгаа юм даа. Сүүлийн үед надад, шинэ төрсөн хүүхдэд хэрхэн сэтгэлийн хөдлөлөөр нэр өгөх тухай нэг сэдэвт өгүүллэг бичих санаа төрөөд бүр зүгээр суулгадаггүй ээ. Монголчууд хүүхэд төрөнгүүт, лам багш, өвөө аав нь эсвэл аав нь нэр өгдөг уламжлалт консерватив аргатай байсан бол будаан дотор шинэ төрсөн хүүхдийн гэр бүл, төрөл төрөгсөд нь өөр өөрийн нэрээ цаасан дээр бичээд хуйлж хийгээд сугалдаг ардчилсан аргыг хаанаас ч юм олоод хэсэг давхисан байна. Харин миний шинээр санал болгож байгаа арга бол шинэ төрөх хүүхдийн эцэг, эх элгэн садангууд нь шинэ хүнтэй болсоныг дуулаад сэтгэлийн хөтлөлдөө автан гаргасан анхны авиагаар хүүхдийг нэрлэх асуудал байгаа юм. Жишээ нь Базарваань гэдэг нэртэй этгээд Хумпад гэж уулга алдсан бол их утга төгс нэр болно гэсэн үг. Тийм нэртэй хүн цагдаад баригдлаа гэж бодьё л доо. Нэг онгироо цагдаа овог нэр чинь гэж асуухад нь урдаас нь Базарваанийн Хумпад гэх юм бол саак сонсогдоно ш дээ. Дургүй нь хүрсэн цагдаа үсрээд л 2-3 шанаадана биз. Дараа нь ёс зүйн тасагт нь матаад өргөдөлийнхөө доор нь гомдол гаргасан Базарваанийн Хумпад гээд бичихэд догь харагдана. Би уулга алдахдаа ихэвчлэн "Аа лам минь" гэж хэлдэг. Би хүүхэдтэй боллоо гэж дуулах л юм бол амаа аймаар том ангайж байгаад "Аа лам минь" гэж хэлнэ. Тэгээд л миний хүүхэд эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан Аа лам минь болно гэж байгаа. Юун Золбоо молбоо, Би чамд хайртай киноны Үрлээ үнэн тэнэг нэр бодсон байгаа биз.... за одоо зогсохгүй бол Үрлээ, Золбоо, Баяраа, Болд Өөскө гээд явах нь байна.

Thursday, November 26, 2009

Энэ оны шинэ жил

Юу гэнэ үү? Готод ёлка хийлгэхгүй гэсэн гэнэ үү??? Юу болж солирохоороо тэгдэг байна аа??? Нөгөө орон бүхний өвлийн өвгөн, цасан охидуудыг ан амьтадтай нь насаар нь гомдоох гэж байгаа юм тэгж байгаад. Тэрнээс болоод 2010 гарахгүй, өвлийн өвгөн, цасан охидын гомдлыг арилтал тэр чигээрээ 2009 он хэвээрээ байгаад байх юм болуул яаана? Тэр чигээрээ гомдуул бусад улсуудад 2010, 2011, 2012 гээд он яваад байдаг, манайд болохоор гаднаас нь харахад 2010, 2011, 2012 он гарсан юм шиг мөртлөө 2009 хэвээрээ хэдэн жил ч яваа билээ. 2009 оны 1-р хэсэг, 2-р хэсэг, 15-р хэсэг гэж нэр өгөөд бүр хачин юм болох байхдаа. Хүмүүс яахав тэр шийдвэр гаргасан дарга нарынхаа амаар ёлко хийхгүй бол хийхгүй л байна биз, харин би санаа нийлсэн хэдэн гаруудаа цуглуулж байгаад өвлийн өвгөний гэрт нь очиж шинэ жилээ хийнээ. Ориг өвлийн өвгөний гэрт гэнэт оронгуут жилдээ ганцхан шоуддаг өвлийн өвгөн гуниг зарлаад сууж байсан бол год үсэрч босож ирээд л нөгөө олон цасан охидуудаа дэлгүүр гүйлгэж идэж уух юм авчруулаад, тарган хонины мах хөргөгчнөөсөө гаргаад л шууд бууз хийж жигнээд л лайтай авна ш дээ. Тэгэнгүүт маниус өөрсдийн авч ирсэн пиав, архи чихэр михрээ гаргаад л ширээг нь дүүргээд за болий болий ер нь л какрах нь ойлгомжтой. Мэдээж ориг өвлийн өвгөний гэрт явган явж очихгүй. Машинаар явна. Тэгэхдээ харин халимаг Цэнгэлийгээ дагуулаад явнаа. Бид 2 хамт явж байхад цасан охид нураад, хуйлраад аймаар юм болно л доо. Би нөгөө өө дарагч бил үү нүүр өнгөлөгч билүү нэг юмаа аваад нүүрэндээ түрхэнгүүд шууд 15 насаар залуу болж харагдаад, Цэнгэлийн халимаг цасан шуурганд сагсалзахаар цасан охид өөрийн эрхгүй өмнө маань унах нь тодорхой. Тэр золигнуудыг тэврэвэл хөлдөөх бол уу яадаг бол??? Авгайгаа болгоод зууханд гал түлүүлж боорцог хайруулах гэсэн биш бүр хайлж урсаад гай болж ч магадгүй. Энэ жил өвлийн өвгөний гэрт нь очиж байгаа юм чинь та гэртээ байгаа юм чинь яадгийн ингээд л унтаад өгнө ш дээ энэ тэр гэж байгаад таслах хэрэгтэй байгаа юм. Би жил болгон түрүүлээд тасраад байдаг зантай. Тэр жил нэг л даа өвлийн өвгөнтэй халуураад хүмүүс заалнаас гарсаны дараа илүү дутуу уух юм хайгаад явж байсан тал бий. Гэхдээ ер нь надтай тааралдсан өвлийн өвгөд овоо санаа нийлээд байдаг гэж байгаа. Харин цасан охид намайг тоохгүй арай залуу юмнууд руу хандраад, дургүй хүргээд, тэдэнэд агсан тавилтай биш. Энэ жил ер нь олон хүн дагуулалгүй ганц Цэнгэлтэйгээ явах нь дээр юм байна. Тэгээд л жаахан халвал Өвгөн, эмгэн, цасан охид, ан амьтадтай нь бүгдээрээ нийлж байгаад Намайг дагаад Цэнгэ гэдэг дууг Цэнгэлээр дуулуулнаааа....

Wednesday, November 25, 2009

Хэсүүл тэнүүл хэсэг бодол -2



Сүүлийн үед бодлууд маань хүртэл олон ангит кино шиг үргэлжилдэг болоод байх юм. Ертөнцийн эзэн өөрийн цорын ганц хүү Назар хотын мужаан Есүс Христийг энэ дэлхийд онгон Мариягаас төрүүлэхээс бараг 1500 жилийн өмнө бас нэгэн айхтар хүүхэд төрсөн нь Сидарта гэдэг нэртэй байсан юм гэнээ. Тэр хүүхэд багадаа хачин тансаг ордонд амьдраад л Сникерс, Марс идээд л ам нь цангавал кола ууж муугаад л хэсэг догь байж л дээ. Аав нь нилээн том компанийн захирал байсан юм уу яасан бас хэдэн хүн хөлслөөд ажилуулаад байсан юм шиг байгаа юм. Нөгөө Сидарта чинь нэг өглөө сэрээд эхнэрийнхээ өврөөс сэмхэн босоод аяга ус буцалгаад Нескофе гэж нэг амнаас унасан юм байх юм аа гэсэн шүү юм бодоод цонхоороо хараад зогсож байсан чинь хачин үзлийн царайтай, за бараг л өвгөнтийн нэг баагий шил, лааз цуглуулаад явж байхыг харж л дээ. Тэгэнгүүтээ ажлаасаа хэлэлгүй гараад, авгайдаа мэдэгдэлгүй оргоод нэг модны доор очоод яагаад хүн хөгширдөг, яагаад хүн үхдэг юм бол доо гээд бодоод суусан юм байна л даа. Нэг жил бодоод олдоггүй, хоёр жил бодлоо бас байдаггүй тэгж тэгж зургаан жил болсны дараа л арай гэж нэг юм үйлийн үр гэж нэг байдаг, тэр үйлийнхээ үрийг хүн эдлэх ёстой бас бусад хүмүүсийн үйлдсэн үйлийн үрийг эдлэхгүй гэж олсон юм байх. Яг энэ шиг юм надад тохиолдоод байна. Би ёстой хачин хачин юм боддог болоод байгаа. Онцлог нь миний бодол хувиа хичээсэн бус нилээн глобал шинжтэй байгаагаараа бусад хүмүүсийн бодлоос өөр харин нөгөө Сидартагийн бодолтой төстэй байгаа юм. Гэхдээ миний бодол үйлийн үрээ эдлэх гэсэн ойлгоход хүнд үг хэллэг ашиглахгүй зөвхөн өөрийнхөөрөө л боддогт цэвэр агуулга нь оршино. Нэг их олон юм ярилгүй юу юу бодож байна вэ гэхээр их олон юм зэрэг зэрэг пар хийгээд л толгойд ороод ирнэ ш дээ. Хамгийн эхлээд өглөө босонгуутаа өвөл бол гадаа хүйтэн байгаа бол уу цас орж байгаа бол уу, зун бол бороо ороогүй байгаасай, эсвэл битгий шатааж алчих гээд байгаасай гэсэн дэлхийн дулааралтай холбоотой юм бодож эхэлж байгаа юм. Байгал цаг уурын асуудалтай холбоотой энэ асуудлаас чинь эхлээд л далай лам Христийн шашинд орох болов уу? Ромын Пап лам манайд ирвэл хэдэн хүн адис хүртэх бол гэж бодож байгаа юм. За тэгээд гудамжинд гараад явж байхдаа хамгийн анх тааралдсан хүний өмссөн хувцас, гутал, нүүр ам царай зүс гээд л бүр түрхсэн үнэртэй ус нь хүртэл ханхалвал бодож байгаа юм. Энэ тухай бодохдоо бас учиртай бодноо. Олон талаас нь нухацтай бодож байгаа юм чинь. Жишээ нь дэрэвгэр малгай өмсөөд, урт хормойтой палааж өмссөн хүүхэн тааралдвал энэ хүүхэн саравчтай малгай өмсвөл ямар харагдах бол? Хэрэв өмд өмссөн бол хэр нарийн шилбэтэй бол аягүй бол майга байхдаа, Чааваас ямар сонин хуруу нь гарсан гутал өмсдөг юм бэ? Даардаггүй юм байх даа гэсэн хүний төлөө гэсэн нинжин сэтгэлийн агуулгатай бодлууд ар араасаа ороод ирэнгүүт толгой тэр чигээрээ даагдахаа байгаад ирж байгаа юм. Та нар аягүй бол манай орцны погжийгийханыг хараагүй байх. Уг нь харсан бол тэдний тухай орцноос гараад 10 минут болоод л шууд боддог болно. Погжийгийхан (бичих гэж лаг удлаа ш д) 9 давхарт амьдардаг юм. Аав нь погжгор, ээж нь погжымаа, охидууд нь погжийская, ганц хүү нь погжиймор гэдэг нэр өгвөл таарсан хүмүүс байдаг юм. Тэд миний хажууд зогсох юм бол би Өсөхбаяр аваргын хажууд зогсож байгаа юм шиг харагдана гэхээр ямар хүмүүсийн тухай бодоод байгаа нь тодорхой байгаа биз дээ??? За тэдний өндөр нам ч ямар хамаа байхав. Хамгийн сонин нь Погжийская охидууд нь жил болгон нөхөргүй, ядаж найз залуугүй мөртлөө хүүхэд төрүүлээд байдаг байхгүй юу. Нөгөө нууц товчоон дээр тооноор нь шар туяа татуулж ирээд л Алунгоо эхийн гэдсийг илэнгүүт жил дараалаад хүүхэд гарлаа гэдэг шиг л 9 давхарт байдаг болохоор нь поорчикоор нь шар туяа татуулаад нэг амьтан ороод ирдэг юм болов уу гэсэн таамаглал төрөөд байдаг юм. Эсвэл мань Ертөнцийн эзэн ч байх болно ш дээ. Ер нь хүнд хүн илүүддэгүй болохоор Погжийгийхоны тэр бутархай мөнгө шиг багачууд ээж, эмээ өвөө байтугай даян дэлхийг аврах ч юм билүү хэн мэдлээ.
Цааш нь намайг ямар бодол эзэлдэг вэ гэхээр хажуу сургуулийн биеийн тамирын талбай дээр спорт миспорт хийж байгаа хүүхдүүдтэй холбоотойгоор би ямар дасгал хийж чадах вэ гэсэн бодол эзлээд байдаг юм. Би бол биеийн тамирын дасгалуудыг хайнга байдлаар зэрэмдэглэж, заримдаглаж хийдэг улсуудын эсрэг тэмцдэг гэж байгаа. Хүмүүс өглөөний дасгал гээд янз янзын юм хийгээд байдаг бол би нэг өглөө зөвхөн толгойны дасгал дараагийн өглөө нь хүзүүний дасгал гэсээр байгаад хамгийн сүүлд нь амьсгалын дасгал гэх мэтээр бүтэн өдрийг дасгал хийхэд зориулах нь илүү дээр байх гэж боддог. Гэхдээ өөрөө тэгж хийж үзээгүй л дээ. За тэгээд миний хамгийн сайн хийдэг дасгал бол бол пиавны грүүжигдэх, пиав ширээнээс амруугаа ойртуулах төдийгөөр дуусаж байсын байхын.
Тэхдээ эдгээр дасгалыг байнгын давтамжтай, үл шантрах чин зоригтой, шантралгүй хийхийн болуул шүдний зуулт, хоолойны залгилт, гэдэсний урагшаа бөөрөнхий хэлбэр, ширээ ам 2-ын дундах зайг тодорхойлох орон зайн мэдрэмж, тухайн зайнд хэрхэн пиав ширээнээс амруу явуулах хурдны тооцоолол, гарны хоёр толгойт булчин гээд олон зүйлд нөлөөлдөг болох нь миний амьдарлын нөр их туршлагаас харагдаж байна. Мөн дам нөлөө үзүүлдэг зүйлс нь гэхээр жоодгойд ямар хурдаар шээхэв, шээлтийг ямар хэмжээнд барьж тэвчиж гаргаж байвал пиавтайгаа удаан суухав гээд олон зүйлд нөлөө үзүүлдэг гэдгийг ч мэдэж байна. За ингээд бодоод байх юм бол бодол ч дуусахгүй байгаа биз...
Дараагийн бодолд орох хүртэл түр баяртай...

Tuesday, November 24, 2009

Хэсүүл тэнүүл хэсэг бодол



Сая хэд хоног өөрийгөө хэсэг ажиглалаа. Тэгсэн чинь би хүмүүжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон бололтой. Та нар хэрэв санаж байгаа бол би өмнө нь өглөө босоод яаж нэг юу уух вэ гэж бодоод хэрвээ уух юм бол яаж 2, 3 юм болгох вэ гээд л тархиа тасартал нь ажилуулдаг гэж хэлж байсан даа. Харин тэгсэн чинь сүүлийн үед миний толгойд орж ирдэг байсан тэр бодол бүр ор тас алга болсон байх юм. Тэгэхээр нь би гэдэг хүн чинь тэр бодлоо хайж өглөө. Тархины хамаг эд эс, нуглааг ухаж гүйцээд, дараа нь өмд, цамцныхаа хамаг хармай хотыг сөхөөд бүр аргаа бараад авдар саваа онгичоод олдоггүй. За яахав явж байгаад хүрээд ирэх биз гээд хэсэг харлаа. Нөгөө золигийн бодол чинь бас байдаггүй шүү. Үгүй та нар бодоод үз дээ. Би урд нь өөрөө сэдэл гаргаж амьтан хүн өддөг байсан чинь сая яав? Хайрт найз Марк А-аа хотод байгааг мэдсэн мөртлөө өөрөө эхэлж залгахгүй үсчин мүсчин дотор явж байна ш дээ. Тэгээд мань Марк А-г залгахад нь дуртай дургүй очиж энэ тэр гээд л... За за худлаа тоглосон юм. Гэхдээ хампааныгаа залгахад нь гүйж очсон мөртлөө уух хүсэл төрөөгүй ш дээ. Энийг одоо хөгжил дэвшил гэх үү эсвэл жанжин шугамаасаа ухарсан явдал гэх үү гэсэн бодол төрөөд байдаг боллоо...
Нээрээ хүмүүс утас шөрмөсөөр лаг ярьдаг болжээ. Эртээд нэг хампаан утсаар ярьсан чинь намайг асуугаагүй байхад манай тэр тийм хүүхэд гаргасан гээд л баахан хүүхнүүдийн төрөлтийн асуудлыг тайлагнаад эхэлдэг юм байна. Мань тэгэнгүүт нөгөө хампааныг чинь төрөх эмнэлэгийн лавлахад ажилд орсон юм байх гэж бодонгуутаа эргүүлээд: Баянзүрх дүүргийн 7-р хорооны иргэн Цэцгээ төрсөн үү гэж асуусан чинь: -Тийм хүүхэн төрөөгүй байна, харин тэр хорооны сая охин төрүүлсэн нэг ээж хүүхэддээ Цэцгээ ггэж нэр өгөх магадлал өндөр байна гэж байгаа юм даа???
Архи уухаа болиод удаагүй байтал би гэдэг амьтан зүгээр л зөнгөөрөө хүнийг удирддаг болоод байгаа ш дээ. Яаж байна гэхээр ингэж байгаа юм. Дэгдэгтэй юм ярьж дуусаад одоо хариултыг нь англиар биш герман хэлээр "ундештанд" гэж хэлнэ гэж бодоод харангуут яг тэгж хэлж байгаа юм даа. Бас огт мэндэлдэггүй Бамбайн харуулыг намайг харангуутаа ёслоод мэндэлнэ гэж бодонгуут урдаас: Та сайхан амарсан уу гэж асууж байсан.
За ер нь сүүлийн үед янз янзын далд авьяасууд маань тодроод байх болж. Тухайлбал өглөө сэрэнгүүтээ год гээд босдог байсан бол нойрмоглоод байх болсон байна. Өөрчлөлт л байгаа биз дээ??? Бас хүмүүсийн атаархал төртөл их иддэг байсан чинь юу вэ бүр бараг юм идлээ гэж хэлэх аргагүй бага хоол иддэг болсон байна. Хамгийн гол нь сонгодог гэсэн юм болгон руу делитант бус байдлаар ханддаг болоод байгаа нь их сонион. За одоо үг олдож, үхэр холдлоо. Холдоод байх үхэртэй ч юм шиг авлаа даа хахахаха

Saturday, November 21, 2009

Эмчилгээ тэжээлийн цэгт дахин очив



Миний биеийн зүүн тал дайрлагт өртсөн тухай би өгүүлсэн билээ. Өнөөдөр би эмнэлэгт очиж зүүн чихээ янзлууллаа. Бараг 2 литр шахуу шингэнээр чихээ угаалгатал дотроос нь та бүхний харж байгаа энэ том хулхи бүлт үсрээд гараад ирсэн. Яаая тэгсэн чинь миний чих тэр дороо онгойгоод л хаа байсан ангараг гариг руу нисэж байсан пуужингийн моторт гажиг орсон нь хүртэл сонсогдоод ирж байгаа юм чинь. Тэгэхээр бөглөрөхөөс нь өмнө баруун чихээ үзүүлсэн чинь таван толгойн нүүрсний орд газар тэр чигээрээ байна гэх юм. Яадаг золиг вэ наадахаа дахиад шүршээд орхи гэв. Эмч залуу ханцуй шамлан миний баруун чих рүү шингэн шүршиж байтал гэнэт толгой эргээд ирлээ. Дотор муухайрч байна гэсэн чинь харин чихэн дотор тэнцвэрийн байдаг аппаратанд чинь шингэн хүрэхээр ингэдэг юм гэнээ. Надад л лав тийм аппарат байдаг юм байна та нарт байна уу үгүй юу мэдэхгүй. Ер нь завандаа нэг чих михээ шингэнээр шүршүүлж байх хэрэгтэй юм байна. За тэгээд ах шүршүүл гэсэн гээд хоорондоо усаар байлдаад унав даа. Та нар бас тэгж байгаад хэлж байхгүй бол хачин шүү. Цогцог чи миний чихнээс ийм юм гаргаж чадах байсан уу???

Wednesday, November 18, 2009

Зүүн тал дайрлагт өртөв


Хэл амаа билүүдээд хэнийг цаашлуулдаг юм билээ гэж бодсоор суутал олигтой юм орж ирэхгүй хэд хонолоо. Муу гахайн ханиадыг хэд хэдэн удаа гоочилсон чинь золиг чинь бас мэдчихээд намайгаа эргүүлээд шоглочих гээд болдоггүй ээ. Гэхдээ би гэтээсээ хийморь лундаатай юм чинь арай гахайн томуу тусчихаагүй ч бага сага өвчинд өөрийн биеийнхээ зүүн талаар эзлэгдээд байнаа. Яасан гэхээр ингэлээ: нэг өглөө босоод "Уулын нугад чамтайгаа, уруул шиг навчаар" гэнгүүтээ "үнсэлцээд" гэж хэлэх гэсэн чинь зүүн нүд рүү аймаар том юм нисэж ирээд орлоо. Тэгэхээр нь онц юм бодсон ч үгүй гарынхаа араар нүдээ нухчихаад таг мартлаа. Тэгсэн чинь хэд хоногийн дараа гэнэт нөгөө нүдний чинь доод зовхи бүлцийгээд, унжаад эхэлдэг юм байна. Би яахав дээ "...Хөгшрөлт чи чимээгүй ирэх юм, зовхио татуулах цаг минь болж дээ..." гэсэн шүү юм аяархан гувганаад, хөнгөн санаа алдсан шүү сууж байснаа зориглож босоод доод зовхио эргүүлээд харсан чинь Оу тэнгэр минь зовхин дотор минь тэр чигээрээ Наран туул зах хажуу хавийнхаа ТҮЦ-нүүд, наймаачид, өвгөнтийнхөнтэйгөө орсон юм шиг болсон байнаа. Ингээд л хорвоо ертөнцийг хос бус ганц нүдээрээ тольдох хэрэг болждээ гэж бодож байтал "нэг толгойд нэг нүд хаваажид (хватить)" гэсэн тэрс бодол орлоо. Орой байсан болохоор эмнэлэг явья гэж бодсонгүй өглөөг хүлээхээр унтлаа. Гэтэл шүлэг нойрон дунд минь миний мочевин хэмээгч шингэн агуулах сав дүүрч өөрийн эрхгүй босохдоо нүдээ нухаад орхисон чинь нил цус. Аз болоход урд өдөр нь мэдсэн тулдаа цус харваагүй байх. Нүд яахав тэгээд зүгээр боллоо гэж бодож байтал зүүн талыг минь дарлах гэсэн дайсны оролдлого дуусаагүй байсан бололтой. Зүүн талын дээд араа зүв зүгээр байсан мөртлөө гол тасартал өвдлөө. Аналгин, баралгин энэ тэр ч гэсэнгүй шууд шүдний эмчид үзүүлсэн чинь баахан ломбо, гомбо, момбо болж байснаа наадахыг чинь ер аваад хаявал яадгийн гэж байна. Би ч гэсэн өдөр болгон шүдний эмч залууд амаа чилтэл ангайж харуулаад сууж байхаар тэгье тэгье л гэлээ. Нөгөө эмч тэгсэн чинь зохиолын дууны улаан фээн юм уу хаашааын баахан нялуун үгтэй дуу дуулж байхдаа миний тагнай руу төө хэрийн зүүтэй шиприцээ нэг шааж өгснөө бахь гэхэд бахь биш бахь биш юм уу гэхээр бахь шиг юмаар нөгөө заяа муутай арааг минь суга татлаа. Би уг нь авахуулсан шүдээ гуйж аваад хадгалья, дараа хэрэг болж магадгүй гэж бодож байсан чинь тэрүүхэн хугацаанд өвчин намдаах тарианд нь болсон уу яасан нэг мэдсэн чинь амандаа тампон шиг юм зуучихсан "Миний зах" дотор дэмий тэнэсэн шиг алхаж байгаа юм даа. Гэтэл гай бас үүгээр дууссангүй. Юу болсон гэхээр усанд орж байхдаа зүүн чихэндээ ус оруулаад гаргаагүйгээс болоод чихний хулхи нороод хатахдаа чих бөглөж орхижээ. Аажмаар зүүн чих битүүрээд, том онгоцоор нисэж байгаа юм шиг дүнгэнээд ирдэг юм байна. Тэрүүхэн хэд хоногийн дотор чих минь дүлийрлээ гэсэн аймшигт бодол намайг эзэмдэж үс минь санчигнаасаа цайж, духанд минь нимгэн үрчлээ харагдах шиг болж нтр. Гэхдээ шууд дүлийрэлтэнд бууж өгөхгүй шүү, ядахдаа 2 ээмэг зүүсэн ганган чих дүлий явах ёсонд нийцэхгүй гэсэн бодол төрөөд эмчийг зорилоо. Таваг шиг хавтгай нүүртэй эмч хүүхэн яасан бэ ийсэн бэ? Ээмэг зүүдэг хөөрхөн чих нь ёо ёо болсон юм уу гэснээ нэг сонин гэрэлтэй багаж гаргаад ирэхээр нь за яг лазерийн туяагаар чихийг минь огтлох нь гэж бодсон чинь харин шагайж нэг харснаа нөгөө тавган царайт чинь "Үхсэн хойноо чихээ ухаж байхад яадгийн" гэж нэг хангинан алдаад дусаалга өгөөд 4 хоногийн дараа ир гэсэн. Тийм болохоор би одоогоор зүүн чихээрээ та нарт ямар нэг байдлаар хичнээн хүсээд ч тусламж үзүүлж чадахгүй нь... Харин яг 3 хоногийн дараа чихээ ухуулсаны дараа юу болсон тухайгаа заавал хэлнээ. За пока явж баруун талаараа ажил хийлээ... Үгүй ингэхэд гахайн ханиад туссан муу Мантуухай яаж өвдсөн юм бол??? Хэлээд өгдөггүй юм байх даа...

Monday, November 16, 2009

Өвлийн гангараа "Дамбаал" шүү




Хайрт хүүхнүүд минь ээ, өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр билээ. Билэгт сайн өдөр гэнгүүт үс мүсээ засуулах, хусуулах гээд хэрэггүй. Ер нь бол шинийн 8 өдрийг хүртэл үсээрээ оролдох нь төдийлөн сайн биш гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Харин энэ удаа би та нарын өвлийн хувцаслалтын талаар илүү үг хэлэхгүй бол санаа зовоод унтаж чадахгүй бөөн юм боллоо.

Хүүхнүүд та нар өвлийн улиралыг хэзээ ч хавар, зун, намартай хольж болохгүй. Өвөл гэдэг чинь кимчинээс шал өөр зүйл шүү дээ. Яагаад гэвэл өвөл нимгэн хувцас, ялангуяа доогуураа нимгэн өмдтэй явах юм бол эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй юм гэнээ. Хэрвээ орцноосоо гарангуутаа л дороосоо халдаг суудалтай машинд ороод тухлахгүй юм бол хэт их эрсдэл үүрч, шилэн трикотой гарч огт болохгүй. Ялангуяа бөгснөөс нь гал гарч байдаг юм шиг дан шилэн трикотойгоо явдаг залуу хүүхнүүд, охидууд автобусанд суудаг бол хавар болтол энэ зуршлаасаа түр салах хэрэгтэй гэж байгаан. Ер нь өвөл хэнд сайхан харагдах гэж нимгэн, нүцгэн явах гэсэн юм бэ??? Өглөө нь нар мөд гарахгүй, үдэш яагаа ч үгүй байхад тас харанхуй болдог болохоор харчууд бид чинь хальтарч унахгүйг бодоод л өмнөх газраа харж явна уу гэхээс биш нөгөө хавар, зуных шиг хүүхэн болгон руу нүд, чихээ бэлчээх нь багасдаг юм ш дээ. Ядаж байхад машин тэрэгнүүдийн цонхны шил цантаад юун хүүхэн харах манатай замаа ч харах аргагүй болж байгаа болохоор та нар өөрсдийг чинь хүн харж байгаа гэж нэг их том юм бодоод бол бараг хэрэггүй дээ. Тийм учраас миний та нарт өгөх алтан зөвлөгөө бол Нарантуул, Хархорин захуудыг дөнгөж нээгдэнгүүт давхиж очоод дамбаал өмд аваад өмс. Нэгдүгээрт дулаахан, хоёрт хальтарч унахад зөөлөн байх болно. Хэрвээ хийсэн материал нь таалагдахгүй бол торго, дурдангаар хийж ч бас болно ш дээ.
Бас гутал гэж нэг асуудал байгаа. Уг нь хүв хүйтэн хөлөө хүний гэдсэнд нааж дулаацуулах ч сайхан л даа. Гэтэл хүйтэн хөлөөр хайруулж байгаа хүн, хайрч байгаа хүнд дулаан гутал авч өгөх тухай бодохын оронд яаж энэ хүйтэн хөлтэй "там"-аас хурдан ангижрах вэ гэж боддог байхгүй юу!!! Тийм болохоор тайлж, өмсөхөд амраар нь зүгээр л эсгий гутал өмссөн нь дээр. Эсгий гутал чинь тэгж байгаад дотроо олон өнгөтэй байдаг юм. Цагаан, бор, хар эсгий гутал байхаас гадна цагаан эсгий гутлыг дуртай өнгөөрөө будаад өнгөнд оруулсан ч болно ш дээ. за тэгээд эцсийн шийдвэрийг та нар гаргах болохоор дамбаалаа өмсөөд дулаан явна уу, шилэн трикотой ниснэ үү, ширэн ултай гуталтай хальтарч унана уу, эсгий гуталтай намбайна уу та нар л мэдэх хэрэг дээ...

Sunday, November 15, 2009

Улаанбаатарт өнгөрөөсөн 10 хоног



Зиак гэж байгаад л эхэлнээ. Улсын нийслэл Улаанбаатарт 10 хонолоо. Тэгэхээр одоо би яаж 10 хоног амарсан тухайгаа бичих гээд байна ш дээ. Ойлгож байгаа биз дээ??? Онгоцоор нисээд л, олон юм бодоод л, дөнгөж газардангуут гар утас минь жингэнэн дуугарч би гэдэг амьтан мэл гайхлаа. Миний гар утас гэдэг юм утас гэхээсээ илүү цагний үүрэг их гүйцэтгэдэг болохоор мэл гайхаад автал Мантуухай байх юм. Мань Мантуухай тэгсэн чинь Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт энэ тэр газраар сургалтанд явлаа гэж байх юм. Би хичнээн мангар ч гэсэн хөл хорио тогтоогоод байхад сургалт зохиож байдаг энэ сэтгүүлч нар гэж гачин амьтад байх юм гэсэн шүү юм бодож байгаа юм чинь. Гэртээ очоод ээжийнхээ гарын хоолыг хийлгэж идэж аваад, хэсэг дуг хийгээд оройхон гараад үсчинд сууж байтал бас дахиад гар утас жин жин... Хэн байсан гээч??? Хэн л байв гэж дээ Марк А байхгүй бол өөр хэн байх юм бэ??? Мань хампаан утасны цаанаас шууд л hellohoware you? comeonmyfriendto Springshotel. WegotoIkhsar ...гэх ухааны юм ярьж байнаа. За тэгээд яахав дээ бид нийлж байгаад баруун гарын дасгалыг ерөөлөөр дүүргэж байгаад л хийгээд байлаа хийгээд байлаа. Үгүй тэгээд хүн гэдэг сонин юм шүү манай хампаан маргааш нь динхуа цохиод гэртээ сайн харьсан уу гэж асууж байсан. Би лав хүмүүстэй баруун гарын дасгал хийснийхээ маргааш заавал утас цохиж асуудаг тэгсэн чинь манай хампаан бас тэгж байсан. Бидэнд нийтлэг юм их байлаа...
Өө нөгөө шинэ байранд орох гээд тавилга мавилга гэж баахан давхилаа. 3 жилийн өмнө Хонг-Конг-оос авсан тавилга гэнэт гологддог юм байна. Уг нь давгүй эд л дээ. Тэгсэн хэрнээ зээл аваад компани байгуулсан гаруудын гял цал болсон оффис шиг санагдаад болдоггүй. Тэгэнгүүт нь Мишээл төвөөр бүтэн 4 цаг хэсэж авах тавилгуудаа сонголоо. Ганцаараа ч хоёулаа ч унтаж болохоор нэг сайхан орос диван хамгийн түрүүн сонголоо. Дараа нь тойроод сууж болох нэг явган ширээ, ширээгээ тойруулж тавих 1-3 хүний буйдангууд, хамгийн үнэтэй цуглуулга болох DVD, CD, номнуудаа хийх асар том багтаамжтай тавиуруудыг өнгө юуг нь тохируулан авахаар боллоо. Жирийн үед ажлын ширээ болгомоор, нэг мэдэхэд цагаан сар мар хийдэг болоод ирэхийн үед ууц тавьж болохоор сунадаг ширээ авахаар тогтоод байна. Ийм маягаар өөртөө хөрөнгө оруулах нэг том ажил хийсэн юм байна...
Хөөцөлдсөн зугаа цэнгэл гээд байх юм бараг байхгүйтэй адил. Амрахаар очсон өдрөө Марк А, Бадрах хоёртой бас дараа нь Мулу дүүтэй нийлж гадуур хэсэг какрав. Хэсэг какрах гэснээс банкны зээлийн эдийн засагч нар гэдэг чинь яасан ч сайхан улс байдаг юм бэ??? Эсвэл маний бяр чадал тийм муу болсон юм уу бүр гайхаад бардаггүй. Уг нь 3 шил 0,75 водка цохиод яадаг ч үгүй байсан чинь сая 4-үүлээ (түүнээс 2 нь банкны зээлийн эдийн засагч гэж байгаа) нийлж байгаад 1 шил Мартини, 1 шил Алтан түрүү (0.5л) бага зэрэг пиавтай уусан чинь би гэж хариугүй амьтан муудаад, хамт байсан гарууд зүв зүгээр... Зарим нь бүр од модтой нийлчихсэн маньдаа зориулж гитарын концерт ч тоглож өгч байх шиг нтр. Гитарын сургуулийн хэд дүгээр курсын ч юм бэ дээ тэр оюутан тун удахгүй толгой дээр цахиур хагалж мэдэх нь байна. Гэхдээ зохиолын дууг рок ритмтэй гитар дээр тоглож болдоггүй гэдгийг сайн хэлж өгөхгүй бол тэр оюутан аягүй бол "Жонон хонгор морь", "Арван тавны сар" гээд гитар балбаад байж магадгүй шүү. та нар ч гэсэн тааралдвал тэр хампаанд хэлээрэй...
Амралтаараа Инглиш Инн орохгүй бол амарсан болоогүй юм шиг санагдаад болдоггүй ээ бүр. Тэгэнгүүт нь хармаандаа хэдэн задгай төгрөг хийж аваад гарлаа. Дөнгөж өдрийн 15 цаг болж байсан болохоор олон хүн байсангүй. Гэхдээ ижил сүргээ хайсан байдалтай Кола уусан хүүхнүүд л дүүрэн байх юмаа. Би гэж бөөн "Au" болсон амьтан яваад орсон чинь нөгөө хүүхнүүдийн чинь нүднүүд ухархайнаасаа бүлт бүлт үсрээд шалаар нэг болж байнаа. Яанаа ийнээ хүний нүдэн дээр няц гишгэж балрах вий гэж өлмий дээрээ аяархан алхаж байгаад хүнгүй нэг суудал олж суугаад Ирланд стейк нэгийг 2 пиавтай захиад суулаа. Өө лайтай өөдөөс харсан ширээнд сууж байсан хүүхэн тэгсэн чинь энгэрээ ярж үзүүлж нтр... Эхлээд ярангуут нь намайг анзааралгүй санамсаргүй ярлаа даа гэх ухааны юм бодсон чинь харин үгүй ээ. Бүр над руу нүд ирмэх шиг болсоноо дахиад за за баахан худлаа гөрлөө(гэхдээ оргүй биш шүү). Нөгөө Ирланд стейкээ гөвчихөөд сууж байтал Спаггети идмээр гэнэт санагдлаа. Хүний ходоод гэдэг чинь чихээд байвал ороод л байдаг сав бололтой. Бүтэн порц стейкны араас дахиад нэг порц спаггети ороод л явж байна ш дээ...
Үгүй ингээд блог дээрээсээ хараад байсан чинь би дандаа л идсэн уусан тухайгаа бичсэн байх юм. Муу хүн юм байх даа би ??? Муу хүн болмооргүй санагдсан учраас уншсан ном, ядахдаа унших гээд авсан номнуудынхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол бас болохгүй нь.
Лед Зеппелин анхааран сонсдог болсоноос хойш гэнэт Ф.Достоевскийн зохиолуудыг унших хүсэл гэнэт оргилох боллоо. Тэгээд мань Марк А-тай уулзахаас яг нэг цагийн өмнө Билэг их дэлгүүрээс "Гэм зэм", "Карамазовын хөвгүүд" гэдэг 2 том романыг нь авлаа. "Гэм зэм"-ийг нь уншаад эхэлсэн дуусгалгүй орхисон. Классик бол классик л байдаг л юм байна. та нар ч гэсэн уншаад үзээрэй. Нөгөө Га яамны сайд байсан Ц.Гомбосүрэн гуайн орчуулга гэхээр ланзгар ш дээ.
Нэг их олон юм бичээгүй болохоор та нар намайг худлаа лаг амьтан болох гээд энэ тэндээс дуулсан номныхоо нэрийг бичсэн байна гэж бодоод хэрэггүй. та нарыг яг тэгж бодож байгаа гэдгийг би мэдэж л байна.
За энэ ч яахав. Эцэст нь хэлэхэд тэр Цэнгэл нөхөр ажил дээрээ байгаа юм бол байх шиг байж үзээрэй. 2-3 удаа очиход малгай, залгайгаа ширээн дээрээ орхиод л өөрөө нөгөө сайхан халимагаа салхинд хийсгэж сагсалзуулаад алга болсон байсан шүү...

Wednesday, November 4, 2009

Мантуухай алга болоод хаясан



Хэд хоногийн өмнө Цокцок алга болсон. Тэгээд таг болж болж байгаад гэнэт Монтреал хотын төвд гараад ирсэн гэж байгаа. Гэтэл өнөөдөр Мантуухай баллуурдуулсан юм шиг алга болжээ. Яаралтай үед залгаарай гэсэн утас руу нь залгасан чинь урдаас нэг тасалж үзэж байна. Дахиад залгасан чинь авахгүй гүрийж байна. Үгүй ер нь энэ Мантуухай хаашаа алга болов оо? За хаашаа ч алга болсон 11 сарын 11 өдрийн 11 цагт сим мим ээ салгалгүй өөрийнхөө утсан дээр байж байгаарай. Цээгийгийн утас ч Цээгий өөрөө ч найдваргүй холбооны хэрэгсэл юм байна. Хэрэв энэ чигээрээ алга болмоор байгаа бол элдэв коммент бичилгүй, утсаа ч залгалгүй энэ чигээрээ таг болоорой.

November



Паа 11 сар болсон байна ш дээ. Уг нь арай болоогүй байсан юмсан. Үнэн дураараа байна уу? Болдог юм болдогоороо явж байхад арай болоогүй ч гэх шиг. 10 сар дөнгөж эхэлж байхад л удахгүй ёлка болох гээд байх шиг санагдаж байсан чинь өнөөдөр харин Наадам болох гэж байгаа юм шиг санагддаг байна ш дээ. Үнэн цаг хугацааны баримжаагүй дарж өгч байх чинь. 11 сарын 4 болоод 3 дахь өдөр болж байхад 10 сарын 29-ны Баасан гараг байгаа юм шиг санагдаад болдоггүй ээ. Үнэн зугаа цэнгээнд дуртай гар юм уу хаашаа юм бэ? Би нээрээ "...чоно махнаас гарах..."-ын үлгэрийг биеэрээ үзүүлэх шиг болж байна. Сүүлийн 3 долоо хоногт нэг ч лааз пиав уугаагүй. Архийг бол бараг харсан ч танихгүй болтлоо төсөөрцөн байгаа яанаа. Өдөр нэг хампаантайгаа буу халаад сууж байсан чинь нөгөө шарил шатаадаг газарт тэр хампаан маань ажиллах шахсан тухайгаа ярьлаа. Тэгсэн чинь миний толгойд шал донгио бодол харван орж ирлээ. Хэрвээ би тэндэхийн дарга нь болох юм бол аймаар хэнхэг гар болноо. Зурагтын хүн ирвэл малийж байгаад л "...манай хамт олон энэ оныхоо төлөвлөгөөг 130 хувиар давуулан биелүүлж төсөвт баахан төгрөг төлсөн амжилттайгаар шинэ оноо угтаж байна...". Хүний амьд явах хүртэл төлөвлөөд наацан гар болох нь байна ш дээ. За маргааш нэг өдөр ажлаад нөгөөдөр гот гараад гишгэнээ. Уг нь ниснэ л дээ. Гэхдээ далавч байхгүй юм чинь гишгэнэ л гэж ярихаас. Хэрвээ далавчтай байсан бол гот гараад дэвнээ гэх нь байна ш дээ. Гот ороод шууд 2 хоног ойд унтана. Тэгээд сэрж босож ирээд баахан гэр хоол идэж байснаа, шүдээ чигчилж дуусаад хаагуур тэнэхээ тооцоолно. Гол нь гахайн ханиадны тэнэмэл вирустай тааралдаж болохгүй. 14 хоног хөл хорино гэсэн болохоор хорионд орж болохгүй, 21 цагаас баар савнууд хаадаг болсон гэсэн болохоор эртхэн орж хурдтай татаж аваад замаараа халуурч, толгой нь өвдсөн хүнтэй тааралдахгүйг хичээж явж байгаад гэртээ орох хэрэгтэй. Хэд хоногийн өмнө гадаад доктороор вакцин тариулсан. Яг монгол сувилагч шиг тарьдаг юм билээ. Вакцин нь 33 $ үнэтэй мөртлөө аягүй жаахан савтай, бас пенницелин шиг үнэргүй байсан. Амралтаараа Ф.Достоевскийн "Гэм зэм"-ийг авч уншина. Ном уншихаар нойр сайн хүрээд байдаг юм. Гэрт хүн амьтан ирвэл нэг их ном уншсан гар харагдах санаатай. Бас сонин уншиж байгаа юм шиг харагдвал цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг гар шиг харагддаг юм. За тэгээд болж өгвөл гадаад сэтгүүл олдвол гамтай үзэж байгаад энэ тэнд машинтайгаа түгжрээнд орох юм бол лаг гаргаад аймаар мэддэг хүн шиг дэлгэж байгаад дүрийг ид исгээд өгвөл үнэн какарч байгаа хэрэг болно ш дээ. Гэхдээ навсайж салбарсан юм гаргавал какрах биш бүр баларсан юм болно шүү. Тийм болохоор л гамтай гэж хэлээд байгаа юм. Гэхдээ бас бүр 1999-2007 он хүртэлх дугаарын сэтгүүл бол хамаагүй гаргаад хэрэггүй. За та нарт хэрхэн ном, сонин, сэтгүүл барьж какрахыг зах зухаас нь хэлж өглөө. Би аймаар чанга найтаадаг болохоороо хүмүүсээс ичдэг байлаа. Тэгсэн чинь гахайн ханиад хүрсэн хүн найтаахаа больдог гэдгийг дуулаад хаа явсан газраа хамаагүй найтааж гайхуулж байгаа ш дээ. Гахайн ханиадтай гарууд хүртэл надаас жаахан найтаалганаасаа өгөөч гэж гуйсан, хүссэн, заналхийлсэн захидлууд э майл дүүртэл ирүүлж байна. Тэднийг өрөвдөөд найталгаанаасаа өгөх юм бол өөрөө хоосон хоцрох гээд байдаг. Ер нь хот орж байгаад хүн амьтнаас далдхан найтааж байхаас. Нээрээ африк гарууд багадсан хувцас өмсөөд чихэлдсэн юмнууд яваад байдгийн учрыг эртээд ориг африк хүнээс асуулаа. Юу гэж байна вэ гэсэн чинь ДОХтой хүмүүс турж эцээд нүднээс гардаг бол тэднээс ялгарч эрүүл хүн гэдгээ олонд мэдүүлэх гэж багадсан хувцас өмсдөг гэнээ. Би ч гэсэн тэд нар шиг найталгаж ялгарнаааа.

Sunday, November 1, 2009

Донтон донтоно, донтож байна, донтсоор байх болно, бусдыг ч бас донтуулна



Зиак, би сүүлийн үед энэ өвсөнд асар их донтоод байх боллоо. Уг нь хэзээ ч өвсөнд донтохгүй харин архи уусаар байх болно гэж, яг коммунист хүн шиг эргэлтгүй шийдээд байтал том Туяа гэж нэг гайхал Хятадаас оруулж ирсэн өвсөөр намайг дайлаад би тэрэнд нь дороо донтоод эхэлдэг юм байна. Юун архи, юун виски хавьгүй илүү. Хичнээн ч хэрэглэсэн шартахгүй, маргааш нь босоход толгой сэргэлэн, талинол нтр хүнээс сураад гүйгээд байх хэрэггүй гэж байгаа. Бас хаана ч хэрэглэсэн болно. Хүн амьтнаас айж, нуух ямар ч шаардлагагүй. Бүр боссынхоо өөдөөс харж байгаад хэрэглэсэн ч босс чинь боль моль гэж хэлж чадахгүй ш дээ. Өдөрт хэдийг л бол хэдийг хэрэглэж болдог давуу талтай. Нэг удаагийн цэнэгээр хоёр удаа угзарахад хангалттай болдог юм билээ. Гэхдээ хэрэглэх хүний өөрийн онцлог бас хамаарна. Би өглөөнөөс өдрийн 14 цаг хүртэл тасралтгүй угзардаг. Орой угзараад үзвэл юу болохыг хэлж мэдэхгүй байна. Аягүй бол кайф авсаар байгаад унтаж чадахгүй юм болох байх. Бас энэ өвс их хямдхан үнэтэй. Ердөө л 4000 төгрөгөөр 100 граммыг нь Номин их дэлгүүрээс авч болно. Мэдээж энэ бол ногоон цай ...